Энэ жилийн  наадмын  хурдан  морины  уралдааны  талаар  таатай биш  зүйлийг  өгүүлэх  гэж байгаадаа  хүлцэл  өчсү. Учир нь наадмын  бөхийн барилдаанд  болж өнгөрсөн нэгэн шившгийн  талаар  бичээдэхсэн биш цөөн биш хүмүүсийн аазгайг  хөдөлгөчихөж. Тэд  дархан аварга  цолтой  эрчүүд  гэж байгаам ш дээ  уг нь.

Төрийн наадмынхаа дэвжээн  дээр  хоорондоо авгай, хүүхний хэрүүл хийгээд, нус  нулимстайгаа хутгалдаад  арчаагаа алдаж байсан  нь  үнэхээр  шившигтэй   гэхээс өөрөөр төсөөлөгдөөгүй  юм. За  нэг  аймаг, сумын  цолтой хоёр бөх  хоорондоо ийн  алийгаа  алдсан  бол дүүрч  гэхсэн. Хоёр  аваргыг  онцоллоо, бусдынх нь “фаактыг” орхилоо гэсэн  барьцсан ноцсон зүйлийг  зарим нэгнээс  дургүйцэж  хаягласан  байсан. Нөгөө  бүхний  манлай, түмнээс  төгөлдөр, хийморь  жавхланг  бадруулсан  хэмээгддэг   аваргууд  нь  ийм хойно  тэднээс  доош  цолтой бөхчүүдийн  зодоон, хэрүүл маргааныг  дурдахыг ч  хүсээгүй билээ.Хөгийн  хөгийн  юм  бол зөндөө  болоод  өнгөрсөн. Бөхийн холбоо ч  гэж холбоо. Бүүр нэг найгүй болчихсон  газар. Эрийн  гурван  наадмын  маань нэг төрөл нь нэг иймэрхүү  байсан бол хурдан морины  уралдаан бас  л дүрэм журмаа  зөрчсөн, цаашдаа  ужиг   маргаан  үүсгэсэн  будлиантай болсныг  олон хүн  бухимдан ярьж  сууна.

Ямар ч байсан  наадам шудрага байхаа  байжээ хэмээн олноо  алдартай уяач  нэгэн  цөхрөнгүй өнгөөр хэлээд санаа  алдана  билээ. Үндэсний  бөхөд  анхлан  үндэслэсэн  авилга, аваа  өгөө, найраа, хуйвалдаан,  талцал, хэрүүл  маргаан  моринд  халдварлачихаж. Моринд  юу  байхав  моринынхонд  л доо. Цаашдаа тэгээд  сур, шагайн  харваанд  тархан  нялзах  биз ээ.  Хурдан  морины  комисс гэж  бүлэг  хүмүүс  байдаг.Энэ бүлэг  хүмүүсийг  урьд  өмнө ахалж  байсан  ахлагч  нарын  зангарагыг  энэ жил үгүйлэн  дурссан  уяач  олон  байсан. Ямар ч байсан  Баасанхүү хэмээх  генералын  дүрэм  журмаа  яс  барьж, үүссэн  будлиан  маргааныг  тас, яс  шийдвэрлэдэг  байсныг  нь энэ  жилийн  комиссыг  ахалсан  бүрэг  ноомой, бөөрөнхий атлаа  “но”-той нөхдүүдээс  нэхээд барсангүйгээ  уяачид  гомдоллож  байх  юм.

Хариуцсан  ажлаа  хийхээсээ  илүү   хөөрцөглөсөн  нөхдүүд  наадмын  өмнөх  өдрүүдэд  телевиз, сонины  дэлгэц, талбайг  эзэгнээд  жинхэнэ  монгол  наадмыг  чухам л зохион байгуулаад  өгдөг  хүмүүс  болчихсон дарцаглаад  давхиад  байсан  нь  хаачив  аа?



Нөгөө  тус тусдаа  гээд  байсан  монгол, эрлийз  морьд  холилдож  уралдсан  наадам болоод өнгөрлөө.  Хурдан  морины  салбар  комиссын  дарга хурандаа  Ж.Болдбаатар гэдэг  нөхөр долоодугаар сарын  10-ны өдөр манай сонины  сурвалжлагчид  өгсөн ярилцлагадаа  “Хурдан морины  уралдаан ямар  ч  будлиангүй  болно.



Ялангуяа  англи, арабын эрлийз  адууг  монгол морьдтой  хамт  уралдуулахыг  үл  зөвшөөрнө. Хэрэв  ийм  явдал  гарвал уралдаанаас  шууд  хасна. Амжилтыг  нь  тооцохгүй  байхаар  Наадмын  комиссын  шийдвэр  гарсан ” хэмээн  тодорхой  өгүүлсэн  атлаа  ам,  ажлаа  зөрүүлчихэв. Телевизүүдээр  ч  энэ  талаар  хангалттай  яриад  байсан  шүү дээ.

Хамгийн гол  нь  хот, хөдөөгийн олон уяачдын  хөдөлмөрийг  үгүйсгэн,  Монгол наадмын  дэвжээн дээр  уясан хүлгээ  шударгаар  уралдуулан  цэнгэх  хүсэл,  эрмэлзэл, мөрөөдлийг  нь  арчаад  хаячихаж байгаагаа  үл тоосон “махан  толгойтнууд” дараа  дараагийн  наадмаа хэсээд зохион байгуулалттай будлианаа  хутгаад  явж  л  байгаа.

Эрлийз  морь, монгол адуутай хамт уралдаж  яагаад болдоггүй юм  хэмээн адарч  байгаа хүмүүс  бас  байна.

 Зүйрлэвээс  мэргэжлийн тамирчин, сонирхогчтой өрсөлдөж  буйтай  агаар  нэг шударга бус  тэнцвэргүй, үр дүн нь тодорхой  тэмцэл болж  буй учир  хэмээн маниас  илүү  морь  мэддэг монгол  хүмүүс дургүйцэж  байгааг  бодоод  үзэх  хэрэгтэй юм. Энэ  наадмаар “Хүй долоогийн хөндийд дахиж ирээд  хэрэггүй  болж, мөнгөтэй  нь бяралхаж  дээрлэхээд  наадуулахгүй  юм  байна” хэмээн    гунигтайгаар  гомдоллохыг  олон  уяачаас  сонслоо.

Монгол  хүн  л  болсон  хойно  төрийн наадмын  түрүү, магнай  зүүдлэн, гайгүй  хурдаа шилэн, цаг  зав  гарган,  хөлс, хүчээ  зарцуулан  байж  газар  газраас  ирсэн  хэчнээн  олон  хүний хүсэл мөрөөдлийг  эрлийз  морьд  хийсгэн, наадмаас  наадамд монгол  морьдыг  шахан  үлдэж  байгааг зөвтгөх  аваас  ярих юм  алга. Энэ байдлаар үргэлжилвээс  улсын  наадамд  монгол морь лав уралдахгүй  болно.  Хэдэн арван  саяын  үнэтэй  цэвэр  араб, англи  үүлдрийн  нэг, хоёрдугаар  үеийн  эрлийз  адуутай  уралдаад  түрүүлэх  монгол  морь  бараг  байхгүй гэдгийг  уяачид  өөрсдөө  хүлээн  зөвшөөрч  байна билээ. Амгалан  төрийн  алдарт  ажнай шарга  гэхэд  л  Морин тойруулгын угшилтай,  өөрөөр  хэлбэл  цэвэр  монгол адуу  биш. Хурд сайтай Сүхбаатар аймаг, Галшарын адуу ч тэднийг  дийлэхгүй  гэж  байна. Эрлийз  адууг  долоодугаар сарын  13-ны  өдөр тусад  нь  уралдуулан, бай  шагналыг нь  монгол  адууны  бай  шагналтай адилхан  олгодог  хэдий  ч, дархлагдсан  цөөн тооны  хүмүүс  зөвхөн  нэр  алдрын  төлөө монгол наадмын  утгыг  алдуулан байгааг нөгөө наадмын  комиссын “номой”-чууд  мэдэн будилж  өөгшүүлсээр байгааг  энэ жилийн  наадам  харууллаа.

Жишээ  гэхэд  л  энэ  жилийн  соёолон  насны  түрүү, аман хүзүү, гутгаар, дөтгөөр байранд орж айрагдсан  морьд  бүгд эрлийз  байлаа. Даага, шүдлэн  насанд  ч  ялгаагүй эрлийз  морьд  хүч түрчихлээ. Түрүү  магнай  болсон  халтар  соёолон  гэхэд л даагандаа  эрлийз морьдын  уралдаанд  уралдан  түрүүлж  байсан  алдартай хүлэг. Гэтэл  энэ  жил  цэвэр  монгол  адуу  “болчихсон”  уралдаж  байх.  Нас  нэмэх  болгонд  цус  нь цэвэршчихдэггүй л юм  бол үзэж, дуулдаагүй  гайхмаар эволюц  энд явагдсан байж  таарах нь.

Монгол  наадам, монгол ёс  заншлаа  яриад  суудаг  Онон, Эрдэнэчулуун уяачид  тэргүүлэн  эрлийз  морьдоор  дагнан  наадах болсон  нь харамсалтай. Өнөөдөр  өнгөтэй, мөнгөтэй нэгний хүсэл  эрмэлзэлийн төлөөнөө  тэднээс  ийм  аяг  гарахаар  бусад нь яах  билээ. Уяач хүний хүрч болох  бүхий л алдар цолд  хүрсэн атлаа монгол наадмаа бусниулах хэмжээнд тэдний хүсэл шуналыг  юу ингэтлээ өдөөнө  вэ?

Шуудхан  хэлэхэд  морины  комисс  энэ  жил  эрлийз  морийг  монгол  адуу  хэмээн  бүртгэж  уралдуулахдаа  тохиолдол  бүрийг  500 мянгаас  нэг  сая  хүртэл  төгрөгөөр  үнэлсэн  гэлцэж  байна. Яг  бөхийн  цолны  давааг  үнэлэн найраа  хийдэг  шиг  хуйвалдаан  морины  уралдаанд  нэвтэрч, өвөр, түрүүдээ мөнгө  өгөлцөж  авалцах  болчихлоо  гэдгийг  уяачид  сүүлийн  жилүүдэд   байнга  ярих  болсон.

Эрлийз  морьд  уралдаад  эхэлснээр  нөгөө  бидний  монгол наадам  маань  мөнгөтэй  хэдхэн  хүний  наадам  болон  хувирч  байна. Тэд  дүрэм  журмынхаа  дагуу  тусдаа  уралдаж  болох  шүү дээ. 

Эрлийз  морьд  монгол  морьдтой  уралдаж  болохыг  зөвшөөрөх  аваас  бөхийн барилдаандаа  ч гэсэн гадаад бөхчүүдийг  барилдахыг  зөвшөөрч  яагаад болохгүй  гэж.  200 кг жинтэй  нэг  орос ч юмуу, нэг  тас хар  африк  нөхөр  наадамд  түрүүлээд  эхлэх  биз. Тэртэй тэргүй  уран  мэх  хийж  барилдах нь  чухал  биш  барьж  зогссоор барьц  сонгуулан  жинтэй, бяртай  нь  давдаг  дүрэмтэй  болсон  хойно бие  том, жин  нүсэр гаднын  бөхчүүдэд  түрүүлэх бол юу  ч  биш. Нум  сумын харваанд  ч ялгаагүй  гаднын  олимп,  тив, дэлхийн  аврага  байт харвааны  тамирчид  ирж оролцоод  дархан  мэргэн  болцгоогоод  эхлэг л  дээ. Тэд  сурын  харваагаар  нэг  хоёр  жил  хичээллээд  л  бидэнтэй  өрсөлдөх  хэмжээнд  хүрч  чадаж  л  таараа.

 Эцсийн  эцэст  монгол  наадам  үгүй  болно. Тусгаар тогтнолын бэлгэ  тэмдэг, үндэсний  зан  заншил, соёл  уламжлалыг  хадгалсан  наадам  нь  үгүй  болвол  монгол  гэх үндэстэнг  дэлхий  дахин  мартах   нь  мөдхөн болно  биз  дээ.