“Долоон зуу” нэртэй 500 шахам үгийг цэгцэлсэн тогтоолын талаар хэн хүнгүй л шуугьж (“шуугиж” биш шүү) байна. Харин хамгийн жигтэй нь мэдээллийн технологи хөгжсөн, дэлхий хавтгай болчихсон 21-р зуун гэхэд дан цуурхал мэдээ тарах юм.  Ийм үгийг ингэж бичдэг болсон гэнэ гээд л бичсэнийг нь харахаар угаасаа л тэгж бичдэг байсан үг байх, “цаана чинь ингэж журамласан гэнэ шүү” гээд заримдаа өнөөх 700 –д огт ороогүй үгийг бичсэн байх нь энүүхэнд. Цааш нь “сүүлийн үед дүрэм маш олон өөрчлөгдсөн болохоор” гэж ирээд цуурах хүн маш олон болж. “Хаана, хэрхэн өөрчилсөн дүрэм байна вэ, сонин юм байна, гаргаад ир, үзье” гэхээр гаргаад ирдэг хүн нэг ч байхгүй. Хамгийн муу юм нь цуурхалдаа өөрсдөө итгээд маш их бухимдаж байна.

700 үгийг цэгцэлснийг сайшааж байгаа хүн бараг харсангүй, ер нь бол шүүмжлэх талдаа. Уг нь бол хүмүүсийн өөр өөрөөр бичээд байгаа үгсийг цэгцэлж, журамлана гэдэг бол зөв л санаа юм. Харамсалтай нь цэгцлэхдээ гаргасан ганц хоёр алдаа, бас тараан түгээсэн техник, механик ажиллагааны хайнгаас болж хөөрхий 700 үгийн нэр хүнд навс унаад байна. Тиймээс энэ талаар хэд гурван үг хэлэлгүй горьгүй нь.

1. Зөв хандлага

Юуны өмнө 700 үгийг цэгцлэх гэсэн нь, албан тогтоолд байгаа үгээр бол “кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох” гэсэн нь бол маш зөв ажил гэдгийг дурдах хэрэгтэй. Зарим нь “дуртгал” гэж бичээд, зарим нь “дурдатгал” гэж яриад байж боломгүй. За яриа ч дүүрч гэж бодъё, зөв бичих дүрэм, монгол хэлний шалгалт дээр аль нэгийг нь баримталж засах хэрэгтэй болно оо доо. Тиймээс аль нэгийг нь “стандарт бичлэг” хэмээн сонгож байгаа нь бол маш зөв юм. “Дуртгал”-ыг нь сонговол “дурдатгал”-аар нь бичээд хэвшчихсэн улс “хэл шинжээчид гэж хийх юмгүй улс” хэмээн шүүмжлэх байх, “дурдатгал”-ыг нь сонгосон ч нөгөөдүүл бас тийм яриа гаргах тул ичих айх хэрэггүй, аль нэгээр нь шийдээд явах нь чухал юм.

2.       Гучин жилийн өмнөх шийдэл

Зүгээр сайхан бичээд ирсэн 700 үгийг хийх юмгүй нөхөд гэнэт өөрчилчихлөө гэсэн яриа бас их. Үнэн хэрэгтээ бол энэ 700 гээд байгаа 500-аад үгсийн ихэнх нь, бараг 90-ээс илүү хувь нь аль 1983 онд, Ц.Дамдинсүрэн, Б. Осор нарын цэгцлэн шийдсэн үгс байна.  “Дэгдээхий, эрвээхий” гэж, бас “ойрх, доорх, дээрх, идэвх, чадавх” гэж бүр аль 31 жилийн өмнө нэг мөр болгон жигдэлсэн үгс билээ. 1983 оны тэр толь бичиг ч тэр, үнэндээ бол үсгийн дүрмийг бас солиогүй л юм. Да багш “Бид энэхүү үсгийн дүрмийн толь бичгийг зохиохдоо үсгийн дүрмийг өөрчлөхгүй, олон янз бичдэг үгийг толь бичгээр зохицуулна гэж дээд байгууллагаас өгсөн гол зарчмыг баримтлаж хийлээ” хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр үнэн хэрэгтээ бол бид 1951 онд анх гарсан тэр л зөв бичгийн дүрмээрээ яваа, хэн ч үүнийг солиогүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Хэрвээ дүрэм олон өөрчлөгдсөн гэж байгаа бол тэр дүрмээ гаргаад харуулах хэрэгтэй. Цуурхлаар яваад баймааргүй байна. Өөр өөрөөр бичээд байгаа үгсийг аль нэг хэлбэрээр нь журамлана гэдэг бол дүрэм сольж байгаа хэрэг биш билээ

3.       Эшлэл, хэчнээн, бөжин... зэрэг зөв шийдэл

Ганц хоёр үгийг эс тооцвол ер нь тун боломжийн, зөв хэлбэрүүдийг нь сонгоод шийдчихсэн харагдаад байгаа юм. Гагцхүү тэр бүхнийгээ ийм учраас энэ хэлбэр нь буруу, энэ хэлбэр нь зөв гэж сурталчлах, ойлгуулах ажил араас нь огт хийсэнгүй. Тухайлбал “иш”, “эш” гэж хоёр өөр үг монгол хэлэнд буй. “Хүрзний иш”, “эш онол” гэж ялгарна. Үүнийг ялгалгүй аль алиныг нь “иш” хэмээн бичсээр ирснийг журамлан, ялгааг нь зааж өгч байгаа нь бол зөв юм. “Хэчнээн” ч мөн адил, “хэд” хэмээх үгтэй нэг язгууртай учраас “хичнээн” гэж бичихгүй.  Туулайн үр төлийн тухайд бол анх кирил үсэг авч байхад “бүжин -бөжин” гэж хоёр янзаар бичиж байснаа сүүл рүүгээ “бүжин” хэлбэр нь дийлээд ирж байх шиг байна. Үгийн гарлын хувьд хөөвөл “бүжиг бүждэг” амьтан биш “бөнжийсөн, бөндийсөн, бөөцгөр, бөөрөнхий” хөөрхөн амьтан гэдэг нь тодорхой, тиймээс “бөжин” хэмээн шийдсэн нь буруу биш билээ. Ингээд цэгцэлчхэж байгаа нь сайн, одоо харин тэрийг нь уг нь хүмүүс дагаад явчихвал болчихмоор байгаа юм. Гэвч хоёр асуудал байна. Ардчилал нөгөө тал руугаа хэт хөгжчихсөн манай улсад хүн бүр өөр өөрийнхөө зоргоор байх ёстой гэсэн дүрэм үйлчилж байх шиг. Би “хичнээн” гэж бичиж сурсан, тэрүүгээрээ л дуусна, ер нь ямар санаатай “хэчнээн” болгоод байна, улс төрийн өөр асуудал ард нь байж таараа” гэх мэтээр гоочлоод байх.

Нөгөө талаас яам тамгын газрын улс гэж бүтэлгүй нөхөд байх юм. Тэдний хайнгаас болоод энэхүү 700 үг санаа нь зөв боловч түмний толгойг эргүүлэх ажил болчхоод байна. Энэ тухай одоо өгүүлье.

4.   700 үг чинь хоёр өөр хувилбараар тарчихжээ, сайд аа.

Хамгийн том асуудал энэ болоод байна. Нүүр ном дахь “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн файлын санд .пдф өргөтгөлтэйгөөр хадгалсан нэг баримт буй. БСШУЯ-ны сайд Ё. Отгонбаярын гарын үсэг, “Төрийн хэлний зөвлөл”-ийн тамга бүхий тогтоол, үгсийн жагсаалт (2011 оны 10 сарын 5-ны огноотой) гэхээр яах аргагүй анх гарсан, албан баримт энэ мөн болох нь тодорхой байна. Тиймээс энэхүү баримтыг цаашид “уг эх” хэмээн нэрийдье.

Гэтэл “Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг долоон зуун үгийг нэг мөр болголоо” гэсэн гарчигтайгаар Монгол улсын вэб хуудсуудаар тарсан үгсийн жагсаалт дээрхээс зөрөх аж. Анх “зөвлөгөө” хэмээх үгийг “зөвлөлгөө” гэж журамласан гэж вэб хуудас дахь жагсаалтад бичсэн байхыг хараад эргэлзээ төрсөн билээ. Яаж ч бодсон “зөв + л + гөө” гэсэн бүтэцтэй үгийг Хэлний зөвлөлөөс илүү нэг “Л” үсэгтэйгээр шийднэ гэж баймааргүй санагдаад, шалгаж үзвэл олон нийтэд буруу хувилбар тарсан нь тодорхой болсон билээ. Вэб сайтуудыг хуулахдаа буруу бичиж хэмээн анхандаа бодсон юм. Гэтэл “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн гишүүд дотор вэб сайтын эрхлэгчид бас байдаг, тэд БСШУЯ-наас ирүүлсэн бичгийг шууд тавьсан, огт хуулан бичээгүй гэдгээ тус бүлгэмийн хэлэлцүүлэг дээр батлан өгүүлсэн билээ. Маш олон вэб сайтад алдсан орхисон мэдээлэл нь яг адил байгаагаас харахад үнэхээр аль нэг сайтын хуулахдаа гаргасан техник алдаа биш, яамнаас нэг л буруу эхийг тараасан нь тодорхой байна. Иймээс цаашид энэ эхийг “тараасан эх” хэмээн нэрийдье. Хэн гэж бичээч буруу бичээд вэб хуудсуудаар тараачхав гэдэг асуудал одоо бол сонин биш.

5. Уг эх, тараасан эх хоёрын ялгаа

5.1. Буруу бичсэн үгс

Уг эхэд “бодгаль” хэмээн шийдсэнийг тараасан эхэд “бодьгал” хэмээн эндүүрснээс эхлээд:

“бүлэг” - “бөлөг”,

“зөвлөгөө”  “зөвлөлгөө”

“зөвлөгөөн” - “зөвлөлгөөн”

“өшиглөх” - “өшгөлөх”

“хааш яаш” - “хайш яаш”

“хашхирах” - “хашгирах”

“хөшингө” - “хөшинги”

зэрэг үгсийг хоёр өөр эхэд хоёр өөрөөр “журамлачихжээ”.

5.2. Орхисон үгс

Уг эхэд “вандан/бандан” хэмээх хоёр үгийн тухайд “вандан хадаг, бандан ширээ” хэмээн тодорхой ялган зааж өгсөн бол тараасан эхэд ямар ч тайлбаргүйгээр “вандан” хэмээн бичсэн нь зөвхөн тэрхүү хэлбэр нь зөв гэсэн санаа болчихжээ. Яг энэ мэтээр уг эхдээ

“иш (хүрзний) - эш (онол)” гэж ялгасны “эш онол”-ыг,

“маани унших - тэр маань” гэсэн хоёр хэлбэрийн сүүлийнхийг,

“хир буртаг - хэр хэмжээ” хэмээн ялгасны “хир буртаг”-ийг тараасан эхэд огт дурдалгүйгээр орхин бичсэн нь тэгж ялган хэрэглэх биш ганцхан хэлбэрээр нь л шийдсэн гэсэн ойлголтыг олонд хүргэж байна.

5.3. Тайлбарыг нь орхигдуулсан нь

Тараасан эхэд маш олон үгийн тайлбарыг хассаны зарим нь тийм ноцтой биш боловч зарим нь олныг нэн төөрөлдүүлэхээр болжээ. Тухайлбал “гулзгар” -ыг хатуу биеийн мурийсан байдал, “гулжгар”-ыг зөөлөн биеийн мурийсан байдал хэмээн тайлбарласныг орхигдуулсан байгааг нэг их ноцтойд тооцохгүй байж болох юм. “Ирвэгэнэх- эрвэгэнэх” “нисэгч - нисгэгч” зэргийн ялгамжааг тайлбарласан хэсэг ч алга. Харин зарим нэг нэн чухал тайлбарыг орхисон нь тун ноцтой явдал болжээ. Тухайлбал “хунтайж, хуантайж, хуантайз” гэсэн гурван хэлбэрийг журамласан хэсгийг харвал тараасан эхэд “хунтайж, хуантайж” гэсэн хоёр хэлбэрийг бичсэн байна. Үүнийг хүмүүс аль аль хэлбэрийг нь хэрэглэж болно хэмээн ойлгох нь лав. Гэтэл уг эхийг нь сөхөн үзвэл “хуантайж” хэмээх үгийн ард хаалтан дотор ХЭРЭГЛЭХГҮЙ хэмээн тодорхойёо тайлбарласан байх ажээ. Ийм алдаа хэд хэд буй.

6. Угаасаа буруу шийдсэн үгс

Сая миний бие “Төрийн Хэлний Зөвлөл”--өөс зөв шийдсэн үгсийг хэн нэгэн этгээд буруу тараасан тухай, вэб сайтуудаар алдаатай эх тарж, олон түмэнд хүрсэн тухай өгүүллээ. Одоо харин хоёрын зэрэг угаас буруу журамласан үг уг эхэд байгааг хэлье.

6.1. Цээж - Чээж

Монгол бичгээр “чэгэжи” хэмээн “Ч”-ийн ард “Э” эгшигтэй байгаа энэхүү үг орчин цагийн нийслэл төвтэй аялгуунд “Цээж” болон хувьссан нь зүй тогтлоо чухам дагасан хэрэг билээ. “Чилагу” жишээ нь “Ч”-ийн ард “И”-тэй байсан учраас Ч хэвээрээ үлдсэн хэрэг. Гэтэл үүнийг “Чээж” хэмээн тогтоосон нь буруу юм. Зүгээр тааварлахад хүний бие эрхтнийг “цээж”, ой тогтоолтыг “чээж, чээжлэх” хэмээн ялгах гэсэн нэг оролдлого байсан байж болох юм. Гэвч монголчууд ой ухаанаа цээжин биедээ байдаг гэсэн үзлээс гаралтай үг учраас гарлаа хадгалаад энэ хэвээрээ байхдаа гэмгүй юм.

6.2. Жижгэрэх-жижигрэх-жижгирэх

Энэ гурван хэлбэрээс “жижгирэх” гэдгийг нь сонгосон юм байна. Үгийнхээ бүтцийг задалж үзье. “Жижиг” гэсэн үндэс дээр үйл үг бүтээх “-Р” дагавар залгана. Р гийгүүлэгч “монгол баавар” буюу эгшигт гийгүүлэгч учраас өмнө нь заавал эгшиг бичих шаардлагатай. Р урдаа эгшигтэй болно оо гэдэг нь “жижиг” гэдгийн сүүлийн Г ардаа эгшигтэй болно гэсэн үг. Г ардаа эгшигтэй болсноор өмнөх И нь хэрэггүй болж буй учраас гээгдэх нь тодорхой. “Жижг---р”... Гагцхүү Г, Р хоёрын дунд ямар балархай эгшиг нэмэгдэх вэ гэдэг л асуудал. Балархай И-г хаана хэзээ бичих вэ гэсэн тодорхой заалтууд буй, бусад тохиолдолд И гарч ирэхгүй. Тиймээс “жижгэр - жижгэрэх” байх ёстой юм. Зөвхөн саармаг эгшигтэй бусад үгсээ бодсон ч тодорхой. “Тийр-” гэсэн үйл үндэс дээр эгшиг шаардах өөр өөр залгавар залгахад “тийрэх, тийрэлт” гэж Э жийрэглэдэг биз. “Их” гэсэн нэр үндэс ч тэр, “ихид” хэмээн хувирдаггүй “ихэд” гэдэг дээ. “Бич - бичилт” гэж И жийрэглэдэг биз дээ хэмээн маргах гэж болох юм. тэр чинь харин ёстой нөгөө балgрхай И гарч ирэх тохиолдуудын нэг, Ж, Ч, Ш-ийн дараа балархай эгшиг бичих болбол зөвхөн И бичнэ гэсэн дүрэм юм. Тэгэхээр “жижгэрэх” гэж журамлах ёстой байсан нь тодорхой байна.

6.3. “Эмхэтгэ-номхотго-цомхотго” гурав буюу С, Х-ийн араас орсон Т, Ч.

“Чээж, жижгирэх” хоёрыг буруу болсон гэдгийг бол би хаана ч хэлнэ. Харин “эмхэтгэ, цомхотго, номхотго” гурвын хувьд Зөвлөлийн саналыг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийнхөө саналыг бас дэвшүүлмээр байна. Дөрвөн гийгүүлэгч дараалан орох нь үнэхээр асуудал мөн үү гэвэл мөн. Муухай юу гэвэл муухай. Тиймээс эгшгээр амилуулж өгсөн нь өнгөц харахад бол бол сайшаалтай л юм. Гэвч энэ “муухай” үгс чинь өнөөх алдартай “С,Х-ийн араас Т,Ч эгшиггүй бичигдэнэ” хэмээх дүрмийг дагаж яваа “царай муутнууд” шүү дээ. Цаад дүрэм нь хэвээр байхад үг сонгон түүж, ингэж журамлах маань хэр оновчтой юм бол оо? “Төрөлхтний, эрхтний” хоёр дүрмээ дагаад “муухай” хэвээрээ үлдэх үү?

7. Санал дүгнэлт

Дүнэлт санаагаа одоо хэлье, өмнө хэлснээ давтаж байгаа бол уучлаарай.

7.1. 700 үг хоёр янзаар тарсан байгаа нь, өөрөөр хэлбэл нэг мөр болох биш, харин ч бүр “хоёр мөр” болчихсон байгаа нь зүгээр нэг санаа зовоод өнгөрөх асуудал биш, Монгол хэлний улсын болоод их дээд сургуульд элсэх шалгалт, цаашлаад хүний амьдрал, ажил мэргэжилд нөлөөлөх зүйл учраас эрхэм Боловсрол, Шинжлэх ухааны сайд та анхааран болгооно уу? Одоо хэлэлцэж буй Монгол хэлний хууль батлагдвал хэн юу хариуцах ёстой нь тодорхой болж, энэ мэт ээдрээтэй асуудлууд шийдэгдэх янзтай харагдаж байна билээ. Тэр болтол таны гарын үсэг, тамга л Монгол хэлний зөв бичих дүрэмтэй холбоотой асуудлыг шийдэж байх тул ялангуяа энэ жилийн шалгалтын тухайд санаа тавина биз ээ. Дунд сургуулиудад уг эх, тараасан эх хоёрын аль нь хүрснийг мэдэхгүй, ямартай ч Гүүгл хайлтын системээр 700 үг гэж хайхад дан буруу эх нь гарч ирж байгаа юм шүү. Буруу мэдээллээс болж хүн хохирох вий. (Жич: Нүүр ном дахь “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн файдын сан дотор гарын үсэг, тамга бүхий уг эх бий)

7.2. 700 хэмээгдэж байгаа 500 шахам үгээс хоёр үгийг л буруу шийдсэн, бас гурван үгийн хувьд мэтгэлцэж болохоор, бусад нь бол дагачихад асуудалгүй харагдаж байгаа юм. Бараг 97-98 хувь нь тэгтлээ шүүмжлээд байхаар үгс биш гэсэн үг. Тиймээс хэлийг хэрэглэгч иргэд, сэтгүүлч, идэвхтэн бичигч нараасаа хүсэхэд нэг мөр болгоё хэмээн шийдсэн үгсийг нь дагачих л эн тэргүүнд чухал байна. Монгол хэлнийхээ төлөө санаа зовж л байгаа бол, эх хэлээ мөхөөхгүй л гэж байгаа бол эхний ээлжинд бид бүх нийтээрээ нэг үгийг нэг л янзаар бичдэг болох ёстой. Тиймээс өөр өөрөөр бичээд байгаа үгсээс нэг хэлбэрийг нь сонгоод “стандарт” хэмээж байгаа нь зөв хандлага юм шүү. Таны хэрэглэж хэвшсэн тэр хэлбэрийг биш, нөгөөхийг нь сонгочихсон байж мэднэ, тэрэнд уцаарлаж уурлалгүй журамласныг нь дагаад явчихвал эх хэлнийхээ хөгжилд оруулж буй хувь нэмэр тань болох юм даа. Одоогийн баримталж байгаа дүрэм 1951 онд анх гарсан, толь бичиг нь 1983 онд хэвлэгдсэн гэж байгаа. Тэр дүрмээс өөрөөр бичиж хэвшсэн бол таны л буруу, мөн таны буруу бичиж хэвшсэн нь дүрэм өөрчлөгдсөн гэсэн үг огт биш билээ.


Зураг 1. Уг эх


Зураг 2. Тараасан эх

Доорх хоёр зургийг харьцуулан үзвэл вэб сайтуудаар тараасан эхэд “зөвлөгөөн”-ийг “зөвлөлгөөн” болгон бичсэн, “эрвэгэнэх, ирвэгэнэх” хоёрын ялгааг тодруулсан тайлбарыг орхисон, “иржигнэх, иржгэнэх” хоёрын ялгааг тодруулсан тайлбарыг ч хаясан, нэг хэлбэрийг нь тэр чигээр нь орхисон дээрээ үлдсэн хэлбэрийг нь ч буруугаар бичсэн, “иш - эш” хоёрын хувьд “онол эш” гэсэн хэлбэрийг орхигдуулсан нь харагдана.