1972 он гэдэг манай үеийнхний буюу 80 онд сургуульд орж, 90 онд төгсөгчдийн төрж байсан үе юм. Тэр үед АНУ бол төмөр хөшигний цаадах заналт дайсан маань байж. АНУ ч биднийг мэдээж бас найзаа хэмээн харж байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь зөвхөн улс төрийн хүрээнд юм л даа. Харин АНУ –ын монгол судлаачдын хувьд Монгол улсад элэгтэй байж, харилцаа холбоо тогтоохыг хүсэн, төр засагтаа хүсэлт тавьж, Монгол улсаас ирэх мэдээг чих тавин хүлээдэг байж. Үүний жишээ болгон АНУ-д хэвлэгддэг  “Монгол нийгэмлэгийн бюллетин” сэтгүүлийн 1972 оны дугаараас та бүхэндээ толилуулъя. Биднийг төрж байхад АНУ дахь Монгол судлалын хүрээнд юу болж байсан, тэд гадаад дахь монгол судлалаас ямар мэдээг илүү сонирхдог байсан зэрэг нь эндээс тодрох буй заа.

М.Саруул-Эрдэнэ.

Монгол судлалын мэдээ мэдээлэл.

1972 оны Намрын дугаар

Латтимор Хятадад

“Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, профессор Оуэн Латтимор 1972 оны 9 сарын 10-ны өдөр, Бээжингээс Хятадын хойд хил рүү хөдөллөө. Хятадын хойд хил орчимд Барууны зочдыг тэр бүр оруулаад байдаггүй юм. Латтимор Ерөнхий сайд Жоу Эн-Лайгийн урилгаар Хятадад 9 сарын эхээр ирсэн бөгөөд Хятадын хойд хязгаарт, тухайлбал Өвөр Монгол, Шинжаанд хоёроос гурван долоо хоног саатах юм.

Английн Лийдсийн Их Сургуулийн Хятад Судлалын Салбарын захирлын ажлаасаа дөнгөж тэттгэвэрт гарч  байгаа профессор Латтимор айлчлалынхаа дараа цуврал өгүүлэл бичиж, ном болгох санаатай байгаа билээ. Мөн Хятад улс болон Лийдсийн Их Сургуулийн хооронд харилцаа тогтоох боломжийн талаар ярилцана.

“Монгол нийгэмлэг”-ийн тэтгэлэг

“Монгол нийгэмлэг” анхныхаа тэтгэлгийг Оклахомад сурч буй Тайваны монгол оюутан Питер Ю-Лин Тэ-д олголоо. Тэрбээр 200 долларын тэтгэлэг, 300 долларын урт хугацааны зээл хүртэж байгаа юм. Питерийн аав Жиргалан манай нийгэмлэгийг анх байгуулагдсан жил ихэд туслан дэмжиж, Тайван дахь монголчуудаас хөрөнгө мөнгө босгон ирүүлэх ажлын голыг нугалж байсан билээ.

Лийдсийн их сургууль

Индианагийн их сургуулийн судлаач Томас Юинг Англи дахь Лийдсийн их сургуулиас ирүүлсэн багшлах  саналыг хүлээн зөвшөөрчээ.  Тэрбээр 1972 оны намрын улирлаас эхлэн тэнд Монгол хэл, Монголын түүх заахаас гадна Монгол судлалын хөтөлбөрийг нь боловсруулах, өргөжүүлэх ажил хийх юм.

Брихэм Янг их сургууль

Тайвань дахь Үндэсний Ченчи их сургуулийн Хятадын Хил Орчмыг Судлах Хүрээлэнгийн захирал Сэчин Жагчид 1972 – 1973 оны хичээлийн жилд Брихам Янг их сургуульд зочин багшаар ажиллана.

Дунд шатны монгол хэл

Индианагийн их сургуулийн багш Хангин Гомбожав Боловсрол Эрүүл Мэндийн Яамнаас “Дунд шатны монгол хэлний сурах бичиг” бичих тэтгэлэг хүлээн авлаа.  Энэ нь түүний өмнө нь амжилттай бичиж хэвлүүлсэн “Анхан шатны монгол хэл” сурах бичгийн үргэлжлэл болох юм. Шинэ сурах бичиг нь 20-24 хичээлтэй, өмнөх шигээ дасгал, дадлагын ажилтай байх юм. Агуулгын хувьд ардын аман зохиол, оньсого, зүйр цэцэн үг, аман ярианы хэллэгүүдэд үндэслэж буйгийн гол учир нь овутнуудыг жинхэнэ ард олны яриатай танилцуулахад оршиж байгаа аж. Сурах бичгийн хэл шинжлэлийн зөвлөхөөр профессор Н. Поппе, Ж. Крюгер нар ажиллана.  Гар бичмэл нооргоо 1973 оны дундуур дуусгах, дараа нь хэвлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Монголын монгол судлаачид

Чой. Лувсанжав

Монголын залуу хэл шинжээч, Будапештийн Их Сургуульд эрдмийнхээ ажлыг хийсэн Чой. Лувсанжав 1971 оны эхээр Москвагийн Их Сургуульд диссертациа хамгааллаа. Диссертацийнх нь хураангуй 675 дугаартай, 88 хуудас, орос хэлээр “Сопоставительный анализ морфологической структуры слова в монгольском и английском языках” (Монгол англи хэлний үгийн үгзүйн бүтцийн зэрэгцүүлсэн анализ) нэртэй, бүтээлдээ хожим бас англи хэлээр “A Contrastive Analysis of the Morphological Structure of Words in the Mongolian and English Languages” хэмээн дурдсан буй. Доктор Лувсанжав холбогдох судалгааны бүтээлтэй сайтар танилцсан нь Поппе, Стрийт, Глизон, Блок, Трагер нараас эш татсанаас нь харагдана.

Тэрбээр мөн хэлзүйн бусад олон өөр бүтээлийн зохиогч болох нь диссертацийн төгсгөл дэх номзүйд нь бичээтэй байна. Лувсанжаваас бид бас харилцаа холбоо, радио электроникийн чиглэлийн нэр томьёоны орос-англи-монгол толь хүлээн авлаа. Энэ нь Улсын нэр Томьёоны Комиссын мэдээний 85-86 дугаар юм байна.

Д. Төмөртогоо

Энэтхэгийн Шинэ Дели хотоос ирсэн мэдээгээр залуу монголч Д. Төмөртогоо Жавахарлал Неругийн Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуульд монгол хэл зааж байгаа юм байна. Тэрбээр 1973 оныг хүртэл багшлах юм байна. Д. Төмөртогоо хэл шинжлэл, хэлзүйн олон өгүүлэл бичсэнээс ганц жишээг дурдахад Студиа Монголика-гийн сүүлчийн боть болох Наймдугаарт нь дунд үеийн монгол хэлний эгшиг зохицох ёсны талаар бичсэн буй. Энэтхэгт, монгол хэлийг их сургуулийн түвшинд үзэж эхэлсэн нь сайшаалтай байна.

Хангин Гомбожавын эрдмийн ажлын чөлөө

Доктор Хангин Гомбожав Индианагийн Их Сургуулиас чөлөө авч, Боннын Их Сургуулийн Төв Азийн Семинарт ажиллаж байна. Тэнд Хангин Гомбожав доктор Хайссигтай хамтран ажиллах юм. Тэрбээр гол нь 19-р зууны Өвөр Монголын яруу найрагч, “Хөх судар”-ыг бичсэн Инжинаашийн талаарх диссертациа хэвлүүлэх тал дээр ажиллах бөгөөд судалгааны бусад төсөлд ч оролцоно. Тэрбээр бидэнд бичсэн захиандаа Мюнхений Олимпийг очиж сонирхсон, монгол бөхчүүдийн барилдааныг үзсэн тухайгаа бичжээ. Сур харваа эхэлж байхад тэрбээр Бонндоо буцсан байна. Хангин Гомбожавын хийж буй бусад ажлуудын дотор ардын аман зохиолын томоохон цуглуулга хийх болон профессор Латтиморт зориулсан боть гаргах ажил буй.

Жон Крюгерийн эрдмийн ажлын чөлөө

Жон Крюгер анх удаагаа авсан эрдмийн ажлын чөлөөгөө дуусгаад эргэн ирлээ. Тэрбээр Копенхагенд, Төв Азийн Хүрээлэнд ажилласан юм. Нэлээд завгүй хөдөлмөрлөж, Тува хэлний сурах бичиг, Ойрад-Монгол толины судалгаа болон 1730 оны Страленбергийн Халимаг үгсийн судалгаан дээрээ үргэлжлүүлэн ажиллажээ. Тэнд байхдаа мөн В. Хайссиг, Ч.Р. Бауден нарын хийсэн Вангийн Номын Сангийн Монгол номын товьёогийг олж авсан байна. Ихэд удаж байж гарсан тэрхүү бүтээл нь тус номын санд хадгалагдаж буй Монгол ховор хуучин ном, гайхамшигт бүтээлүүдийг эрдмийн ертөнцөд танилцуулах болно.