МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ШУТИС-ИЙН ПРОФЕССОР П.ОЧИРБАТ: МАНАЙД ҮҮССЭН ДОТООДЫН ХҮНДРЭЛ БОЛ ТӨР ЗАСГИЙН БУРУУ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДСЭН ЗОХИОМОЛ ЗҮЙЛ

Гадны өндөр хөгжилтэй ямар ч оронд цэлмэг хөх тэнгэр, тааваараа тайван амьдралыг харах боломжгүй. Ядуу атлаа ард түмэн нь жаргалтай амьдарч болдог дэлхий дээр ганцхан улс байдаг нь Монгол. Хэдэн зуун мал хотлуулж, “жийп” автомашины дайны үнэтэй хурдан угшлын морь унаад, хэдэн мянган ам.доллараар үнэлэгдэх хаш хөөрөг өвөртөлж, мөнгөн тоногтой эмээл, гаанс, хэт хутгатай ч хуулийн үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгөгүй, ажил эрхэлдэггүй, тогтмол орлогогүй гэсэн бүртгэлээр ядуу гэх ангиллын тоог нэмдэг хүнийг ядуу гэж хэлж болох уу. Тиймээс амьжиргааны хувьд ядуу хэмээн тодорхойлогдож буй Монгол иргэдийн үзүүлэлт харьцангуй ойлголт байгаа биз. Манай улсын хүн амын 40 хувь нь ядуу зүдүү амьдарч байна гэж ярих юм. Бид сүүлийн 70, 80 жилийн турш К.Марксын “Орон бүхний үгээгүйчүүд нэгдэхтүн” гэсэн лоозонтой явж ирлээ. Тэгэхээр бид ядуу улсуудын нэгдэл болж таараад байна. Африкийн ядуучууд болоод манай орны ядуу гэх ангилалд хамаарч буй хүмүүсийн ялгааг олж харж чадаж байна уу бид. Бид мал сүрэгтэй, газар нутагтай ард түмэн. Дэлхий нийтийн хямрал төвлөрсөн суурин газруудад ихээхэн мэдрэгдэнэ үү гэхээс малчин ард түмэн маань сүү цагаан идээгээ боловсруулан, малынхаа ашиг шимийг хүртээд амьдарч болж байна. Төвлөрсөн хот газрын оршин суугчид хэрэглээний хүрээнд эргэлдэж буй бүх юмыг өндөр өртгөөр худалдаж авдаг. Харин манайхан харьцангуй гайгүй. Тиймээс ядуу ард түмэн гэдэг энэ нэг үгийг аль болох цөөн хэрэглэх хэрэгтэй байна. Төв суурин газрын хүмүүсийн хувьд дутуу дулимаг зүйл байгаа ч Монгол Улсын амьдрал, Монголын ард түмнийг зөвхөн Улаанбаатараар төлөөлүүлж болохгүй шүү дээ. Залхуу нөхдүүд ядуу амьдардаг. Тиймээс ядуу ард түмэн гэж өөрсдийгөө нэрлэж, доош нь хийдэг сэтгэхүйг арилгаж чадвал өөртөө итгэх итгэлтэй болно биз дээ, бид. Үүнийг тунгааж бодоорой” хэмээн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, ШУТИС-ийн профессор П.Очирбат гуай хэлснээр бидний ярилцлага эхэлсэн юм.  

-Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хүрээг тэлэхэд “Дисковер Монголиа” чуулга уулзалт чухал хувь нэмэр оруулдаг. Таны хувьд тус чуулга уулзалтын зохион байгуулах хорооны даргаар сүүлийн жилүүдэд ажиллаж буй. Тэгэхээр энэ удаагийн чуулган урьд өмнөх жилүүдийнхээс ямар онцлог, ач холбогдолтой болох вэ?

-Манай улс социалист орнуудын хүрээнд л харилцаатай байснаас дэлхийн зах зээл, олон улсын харилцаанд хаалттай байж ирсэн. Ардчиллын жилүүдэд Монгол Улс улстөр болоод эдийн засгийн хувьд дэлхийд нээлттэй орон боллоо. Тиймээс бид эх орноо дэлхий дахинд олон талаас нь нээж таниулах үүднээс “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Монгол юутай юм, юу хэрэгтэй байна, бид байгаа боломжиндоо тулгуурлан хэрэгцээгээ хангахын зэрэгцээ гадныхан Монголоос ямар үр ашиг хүртэх боломжтой вэ гэдгийг харилцан ашигтай харилцааны үндсэн дээр эрж олъё гэсэн зарчмаар Монголд хамтарч ажиллацгаая гэсэн санаагаар тус чуулган зохион байгуулагдаж эхэлсэн. “Дисковер Монголиа-2013” чуулга уулзалт “Итгэлцлийг бэхжүүлж хамтдаа хөгжье” гэсэн сэдвийн дор явагдана. Бид ямар учраас ийм зорилтыг дэвшүүлэх болсон бэ гэхээр энэ жилийн хувьд тал талдаа байдал амаргүй, хүнд байна. Үүнд нэг талаас дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа. Даяарчлагдсан энэ цаг үед бид дэлхий нийтийн асуудал бидэнд хамаагүй гэж үзэх үндэсгүй болж. Улс орнууд бие биедээ тусалж байж дэлхийн эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Уул уурхайн бүтээгдэхүүний хэрэгцээ тодорхой хэмжээгээр хумигдаж, үнэ нь буурч байна. Ийм олон талын хүнд сорилтууд тулгарч байхад бид хэрхэх ёстой вэ гэдгийг энэ удаагийн чуулга уулзалтаар ярихаар төлөвлөж байна.      

-Дэлхий нийтийн эдийн засгийн хямралтай зэрэгцээд манай улсын эрх баригчдын гаргасан шийдвэрийн үр дүндуул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин таатай бус боллоо. Улмаар манайд ажиллаж байсан гадны хөрөнгө оруулагчдын ихэнх нь хөрөнгө оруулалтаа татлаа. Энэ хүнд цаг үед болж буй “Дисковер Монголиа” чуулга уулзалтаас ямар дэвшил, сэргэлт, гарц авч ирнэ гэж таны хувьд найдаж байгаа вэ?

-Сонирхож буй талууд өнөөгийн тулгамдаж буй нөхцөл байдал, уул уурхайн салбарт учирсан хүндрэл зөвхөн Монголынх бус, дэлхий нийтийн асуудал гэдгийг ойлгож энэ сорилтыг хамтын хүчээр даван туулах арга зам, ирээдүйн их боломжийн талаар илэн далангүй, чөлөөтэй ярилцаасай гэж миний хувьд хүсч байгаа. Бид өнөөдрийн бэрхшээлээс болж тавьсан зорилтоосоо ухарч болохгүй. Цаашид шинэ арга зам, зах зээл, бүтээгдэхүүний эрэлд хамтдаа гарах хэрэгтэй байна. Монгол Улсын газар нутгийн 20 гаруйхан хувь нь тойм маягаар судлагдсан ч түүнээс цаадах газар нутаг огт судлагдаагүй. Үүнийг геологийн судалгаа талаас нь харвал маш их боломж байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс эрдэс баялгийнхаа салбарын эрэл хайгуулыг тууштай үргэлжлүүлснээр зөвхөн манай улс бус уг үйл ажиллагаанд оролцож буй бүх талууд амжилтанд хүрэх өндөр магадлалтай. Энэ нь зөвхөн Монголын эрдэс баялгийн салбарт ажиллаж буй талуудын ашиг сонирхлын асуудал биш. Манай улс дэлхийн эдийн засгийн эрдэс баялгийн салбарын хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн суурь бааз болох газрын нэг мөн. Тиймээс ирээдүйн боломжоо харгалзан үзэж өнөөгийн тулгамдсан асуудлыг хамтын хүчээр давая гэсэн санааг тус чуулганаар илэрхийлнэ.     

-Чуулга уулзалтанд урьдчилсан байдлаар хичнээн орны хэдэн төлөөлөгчид оролцох саналаа өгсөн бэ. Өмнөх жилүүдэд оролцож байсан оролцогчдын тоонд өөрчлөлт орсон уу?

-Ер нь ямар нэг бэрхшээл гарч байдаг ч оролцогчдын тоо нэг их буурдаггүй. Энэ жилийн тухайд гутрангуй үзлээр хандах юм бол чуулганд оролцогчдын тоо буурч магадгүй гэсэн хүлээлт байгааг үгүйсгэхгүй. Уг хүлээлтэнд миний түрүүний хэлсэн шалтгаануудаас гадна Монголын эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого тогтворгүй байгаа нь ихээхэн нөлөөлж болзошгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой төрийн хууль шийдвэрүүд ойлгомжгүй, тэднийг урамшуулах зүйл нь бага хэрнээ эргэлзээ төрүүлэхүйц зохицуулт нь их байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлуулах, зарим талаараа үйл ажиллагаагаа зогсоох нөхцлийг бий болгожээ. Дайнаасаа илүү дажин гэдэг шиг дэлхий нийтийн хямралтай зэрэгцээд бид төрийн бодлогоороо эрдэс баялгийн салбарын хөгжлийг дотроосоо дэмжиж чадахгүй байна. Өнөөгийн төрийн гаргаж буй шийдвэрүүд нь гадны хөрөнгө оруулагчдыг нэг талаараа дэмжээд ч байгаа юм шиг хэрнээ бас хориод ч байгаа юм шиг ерөөсөө тууштай биш байна. Тиймээс энэ байдал чуулга уулзалтанд оролцогч гадныханы сонирхолд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бидэнд байгаа. Нөгөө талаараа “Оюутолгой” бол зөвхөн Монгол Улс, “Рио Тинто” компанид хамааралтай асуудал биш, дэлхийн том төсөл. “Оюутолгой” шиг төсөл Ази тивд ганцхан, дэлхийн эрдэс баялгийн салбарт хуруу дарам цөөн бий. Гэтэл уг төслийн гол амин сүнс болсон гүний уурхайн барилга байгууламжийн ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоочихлоо. Энэ бол дэлхийн уул уурхайн салбарт учирч байгаа “аймшигтай” үзэгдэл. Монголын төр дэлхийн хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлэхэд саад тотгор тавьж, тогтворгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм чинь дунд зэргийн төслүүдийг бол огт тоохгүй юм байна л даа гэх болгоомжлолыг дэлхийн хөрөнгө оруулагчдад төрүүлж, сөрөг үр дагавар дагуулах вий. Тиймээс Монголын эрдэс баялгийн салбарт учирч байгаа хүндрэлүүдийг зөвхөн дэлхийн эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж, буруу ойлгож болохгүй. Манай төрийн буруу бодлогоос болж гарч байгаа юм гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтай байна.

-2011 онд болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр та “Манай улс эдийн засгийн хөгжлийнхөө таатай үед ирсэн” гэж ам бардам, итгэл төгс хэлж байсан. Харин өнөөгийн нөхцөл байдлыг дүгнээд төр засгийн бодлого, шийдвэрт харамсах сэтгэл төрж байгаа байна уу?

-Тэгэлгүй яахав, 2011 онд “Ашигт малтмалын тухай хууль” болон “Газрын тосны хууль”-ийг шинэчлэхэд дорвитой зүйл хийгдээгүй, тодорхойгүй асуудал их байсан ч гадаадын хөрөнгө оруулагчдын урмыг хугалахаар өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсээгүй байсан. Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг зоригжуулж, өөрсдөө их өөдрөг үзэл бодолтой байсан үе. Харин өнөөгийн нөхцөл байдал тэр үед хэлж байснаас арай өөр байгаа ч бидэнд ухрах шалтгаан байхгүй. Тиймээс өнөөгийн тулгамдаж буй асуудлыг даван туулна гэсэн итгэл найдвар байна.

-Дэлхий нийтийн хямралтай зэрэгцээд манай төр засгийн удирдлагуудын буруу шийдвэрийн үрээр дээрх хүндрэлүүд учраад байна. Өнгөрсөн долоо хоногт /наймдугаар сарын 15-ны өдөр/ ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүс хуралдаж одоогийн төр засгийн удирдлагуудыг нэлээд зэмлэсэн байх. Ер нь өнөөгийн тулгамдсан хүндрэлүүдийг бид хэрхэн даван туулах боломжтой гэж таны хувьд бодож байна вэ?

-Манайд үүссэн дотоодын хүндрэл бол төр засгийн буруу бодлого, үйл ажиллагаанаас үүдсэн зохиомол зүйл. Өөрийнхөө хийх ёсгүй ажилд УИХ оролцож, Засгийн газар хийх ёстой ажлаасаа ухралгүй үүрэгт ажлаа дор бүрнээ хийх хэрэгтэй байна. “Оюутолгой” төсөлд Монголын талаас оролцогч нь Засгийн газар шүү дээ. Тиймээс “Оюутолгой”-н гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх ёстой атал ямар учраас УИХ шийднэ гэж яриад байгаа юм бэ, парламентад энэ асуудал ямар хамаатай юм бэ. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулахгүй цаг алдсанаас “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын зээлийг зогсоолоо. Уг гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоож консервацид тавихын тулд 100 гаруй сая ам.долларын зардал гаргах хэрэгтэй болдог. Тодорхой хугацааны дараа хаалтаас нээлтийн горимд шилжүүлэхийн тулд үүнээс гурав дахин их буюу 300 гаруй сая ам.долларын зардал гарна. Ингэж үргүй зардал гаргах ямар хэрэг байсан юм. Засгийн газар “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын мөнгөөр Улаанбаатар хотын сая хүний тарьсан хогийг цэвэрлүүлчихээд зардал, хөрөнгө оруулалт нь нэмэгдэж буйд бухимдаад, эргэлзэж тээнэгэлзээд гайхаад байх юм. Хэрэгтэй, хэрэггүй зардлыг “Оюутолгой”-гоос нэхэж тулгах ямар шалтгаан байсан юм гэх зэргээр ярих юм бол асар их зүйл бий. “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын ажил зогссоноор эдийн засгийн төдийгүй нийгмийн асар их уршиг дагуулж байна. Тус гүний уурхайн барилга байгууламжийн бүтээн байгуулалтанд оролцдог 2000 орчим хүн тодорхойгүй хугацаагаар ажилгүй боллоо. Монголын төр ажлаа хийж чадахгүй байгаагаас нийгэмд уршиг дагуулж байгааг миний хувьд ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлсэн. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн хэлэлцээрт таван удаа өөрчлөлт оруулж байж өдийг хүрсэн. Тиймээс “Оюутолгой”-г барьж байгуулаад ашиглалтыг нь зүй ёсоор эхлүүлсний дараа болохгүй байгаа зүйлийг нь явцын дунд засч залруулж болно шүү дээ.

-Хувь хүн алдаа гаргаж болох ч төр буруу шийдвэр гаргаж алдаа гаргах учиргүй гэж миний хувьд ойлгодог. Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр зохиомол хүндрэлүүдийг бий болгоод буй төр засагт ямар харицлага тооцох вэ. Харамсалтай нь эрх мэдэлтнүүдийг эргүүлэн татах хууль эрхзүйн орчин манайд бүрэлдээгүй учраас удаа дараа алдаатай шийдвэр гаргаж буй улстөрчдийг яавал зохистой вэ. Энэ хүндрэлээс бид яаж гарч болох вэ?   

-Гаргасан алдаанаасаа суралцаж хөрөнгө оруулалттай холбоотой буруу шийдвэрээ залруулж, хөрөнгө оруулалтын зээлийг нь нээж “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээч ээ. Экспортынх нь хэмжээг нэмэгдүүлэх боломжийг саатуулахгүй байх арга хэмжээг авч, нүүрсний тээврийг таван жил саатуулсан ноцтой хохирлоо даруй өөрчилж төмөр замын ажлыг эрчимжүүлээч, энэ бүхнийг ойлгож ухамсарлаач гэж бид хэлсэн.

-“Эрдэнэс Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар тус компанийн захирал Ц.Сэдваанчигийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Да.Ганболдыг томилсон. Ингэснээр Засгийн газар хэлсэн үгнээсээ буцаж нааштайгаар шийдэгдэх байсан хэлэлцээрийг улам гацаанд орууллаа гэх юм. Үүнтэй та санал нийлэх үү?

-Засгийн газар ямар шалтгааны улмаас ямар хүлээлттэйгээр уг өөрчлөлтийг хийсэн, түүнийхээ үр дүнг үзэх хэрэгтэй л дээ. Түүнээс энэ бол буруу, зөрүү томилгоо гэж ярих хэрэггүй.

-Дэлхийд данстай “Рио Тинто” компанийн шийдвэрийн үр дүнд манай улсын хөгжил хэдэн жилээр ухарлаа гэж үзэх хүмүүс байна. Энэ хэр үнэний ортой зүйл гэж та бодож байна вэ?

-“Рио Тинто” компани ямар буруутайг би хэлж мэдэхгүй.

-Ер нь геологи, уул уурхайн салбараа хөгжүүлж, чадамжтай болгохын тулд гадны хөрөнгө оруулагчдад түшиглэхээс өөр гарц боломж бий болов уу?

-Монгол Улсын хувьд их хэмжээний хөрөнгө мөнгө, маш нарийн технологи, менежментийн өндөр түвшний ур чадвар шаарддаг ийм хэмжээний төслийг бие даан хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Манайд хөрөнгийн багтаамж ихтэй салбарыг хөгжүүлэх хөрөнгө болоод техник технологи, менежмент байхгүй. Олон улсын зах зээл ч биднийг мэдэхгүй. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулалтыг түшихээс өөр арга алга.

-Та Ерөнхийлөгчийн тавьсан ашигт малтмалын лицензийн хоригийн талаар ямар бодолтой байдаг вэ. Урт хугацаанд хориг тавьснаар геологичдийг ажилгүй болгох аюул дагуулж байна. Энэ ер нь хэр зөв шийдвэр вэ?

-Манай УИХ, Засгийн газар алтан дээр тавьсан “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”, “Стратегийн орд газруудын тухай хууль”, урт нэртэй хууль зэрэг сөрөг үр дагавартай, аюул учруулсан хэд хэдэн ноцтой буруу шийдвэр гаргасан. Зарим хуулийн агуулга нь зөв хэдийч судалгаа шинжилгээнд үндэслэгдээгүй. Тухайлбал, урт нэртэй хуулийг боловсруулахдаа эдийн засгийн судалгаа хийгээгүй, учирч болох сөрөг үр дагаврыг урьдчилан тооцоогүй нь алдаа болсон. Тус хууль нь Монголд, тэр дундаа геологичдийн хийж байсан ажлыг нь саатуулж, ажлын байргүй болгож хор уршгаа тарьсан. Нөгөө талаараа хөрөнгө оруулагчдын хайгуулын ажил үр дүнгүй болсон ч өөрсдөө эрсдэлээ үүрээд гарахыг гэрээгээрээ зохицуулаад өгсөн байсан. Гэтэл эрсдэлээ өөрсдөө үүрч буй хөрөнгө оруулагчдын ажлыг дуусч байх үед нь Засгийн газрын санаачлагаар зогсоочихоор тэд эргээд төрөөс нөхөн төлбөр нэхээд сууж байх жишээтэй. Мөн хайгуул хийгээд ашигт малтмал олсон хөрөнгө оруулагчдад хэрхэн хандах, үр дүнд хүрэхэд ойрхон болсон хэсэгтэй нь яаж харилцах гэх зэргээр ялгаа заагийг нь гаргаж өгөх ёстой байсан ч харамсалтай нь ташраар нь хорьж, зогсоосон нь урт нэртэй хуулийн дутагдалтай тал. Ашигт малтмалын лицензийг геологи хайгуулын ажлыг өөрсдөө бие дааж хийх бус цааш нь дамлаж зарах зорилготой мэргэжлийн бус хүмүүс олноор нь авсан зүйл байсан. Үүнийг хүчингүй болгосон нь зөв шийдвэр байсан ч яг геологийн ажлаа хийж буй мэргэжлийн хүмүүсийн лицензийг хүчингүй болгосон нь буруу шийдвэр болсон. Үүнийг тунгаан бодож, ойлгож шийдвэрээ гаргахдаа ялгавартай хандах хэрэгтэй байсан юм. Түүнээс хавтгайруулж лиценз хорьсон нь төрийн буруу шийдвэрүүдийн нэг. 

-Тэгэхээр энэ бүхэн эрх мэдэлтнүүдийн хийсэн ажил, гаргасан шийдвэртээ хариуцлагатай ханддаггүй, буруугаа хүлээж сураагүйтэй холбоотой болов уу. Бид олон жил хариуцлагатай байх тухай ярилаа. Нэн ялангуяа хариуцлагатай уул уурхайн асуудал бүх Засгийн газрын үед гол сэдэв болсоор ирсэн ч харамсалтай нь одоо хэр нь амжилтанд хүрсэнгүй. Ийм үед бид хэрхэн хариуцлагатай уул уурхайг бий болгож болох вэ?

-Хариуцлагатай уул уурхай гэдэг маш том ойлголт. Зөвхөн хууль дүрмийн хүрээнд байгаль орчноо дээдэлж хор хөнөөлгүй амьдрах, нутгийн иргэдийн ахуй амьдралын ая тухыг алдагдуулахгүй, нутаг орны хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэвийн явуулахад саад учруулахгүй, тахиж шүтдэг уул овоог нь хөндөхгүй байхаас эхлээд нарийн ширийн зүйл их бий. Энэ бүгдийг дээдлэх хэрэгтэй. Манай улс олборлох үйлдвэрийн ил тод байдлын тухай олон улсын зарчимд нэгдсэн учраас үйлдвэрлэлийн тайлан тооцоо зэрэг мэдээллийг нийтэд ил болгож, татвараа цаг хугацаанд нь үнэн зөв өгч байх ёстой. Хариуцлагатай уул уурхайн асуудалд геологич, уурхайчдаас гадна төр засгийн бодлогын хариуцлага бас багтдаг. Тиймээс Засгийн газар хариуцлагатай шийдвэр гаргаж байж хариуцлагатай уул уурхай бий болох нөхцөл хангагддаг. Түүнээс зөвхөн геологич, уурхайчдыг хариуцлагатай бай гэж шахаж шаардаад төр өөрөө хариуцлагагүй байх юм бол Монголд хариуцлагатай уул уурхай оршин тогтнох нөхцөл бүрдэхгүй гэсэн үг. Миний хувьд уул уурхайн ажил хийж буй хүмүүс хариуцлагагүй байна гэхээсээ илүү төр засгийн бодлого хариуцлагагүй байна гэж үздэг.   

-Гадны улс орнуудад ашигт малтмалын арвин нөөцтэй ч хууль эрхзүйн тогтворгүй байдлын улмаас гадны хөрөнгө оруулалт нь дайжиж, дахин итгэх итгэлгүй болсон жишээ олон бий. Манай улсын хувьд одоогийн нөхцөл байдал цаашид үргэлжилвэл дээрх жишээний нэг хувилбар болох аюултай. Ер нь хууль эрхзүйн орчинг хэрхэн тогтвортой болгох вэ?

-Зөвхөн Монгол Улс байгалийн баялагтайдаа уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг юм биш, энэ бол дэлхий нийтийн асуудал. Дэлхийн уул уурхайн технологийн менежмент зах зээлийн хуулиар зохицуулагддаг учраас тоглоомын дүрэм ижил. Тиймээс манай улс уул уурхайн моодыг гаргадаг юм шиг ганцаараа солгой хоолойгоор орилж, гаж буруу зүйл ярьж болохгүй. Бид олон улсын дүрмийг баримтлах ёстой. Монгол Улсын хууль эрхзүйн ерөнхий баримтлал нь олон улсын уул уурхайн ерөнхий зарчмыг дагаж хөгжвөл биднийг хүн ойлгож бид ч бусдыг ойлгоно. Нэг хэл дээр ярьж ойлголцох хэрэгтэй юм. Тэрнээс өөр өөр зүйл яриад байхаар ойлголцоход хүндрэл гарна. Дэлхийн эрдэс баялгийн салбарын тоглоомын дүрэм нэг хэдий ч мэдээж улс орон бүрийн өвөрмөц зүйл байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, манай улсын баруун аймгуудад Хүннүгийн үеийн түүхийн өв соёлын дурсгалт зүйлс их байдаг. Бид түүх дурсгалаа хайрлан хамгаалж судлах ёстой. Түүнээс тэр хамаагүй ээ гээд ухаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид энэ мэт өвөрмөц зүйлээ хуулиндаа тусгаж өгөх учиртай.    

-Зарим геологич, уул уурхайн инженерүүдийн хувьд улстөрчид геологи, уул уурхайн салбарыг сайн ойлгоогүй цагт байдал хэзээ ч дээрдэхгүй. Эрх мэдэлтнүүдийн болчимгүй шийдвэр, иргэдийн ташаа ойлголтыг өөрчилж зөв голдрилд нь оруулахад урт удаан цаг хугацаа шаардагдана гэх юм. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Боломжгүй зүйл гэж байдаггүй. Үүний тулд нэгдүгээрт, төр эрдэс баялгийн салбартаа урт хугацаанд баримтлах бодлогоо тодорхой болгох ёстой. Хоёрдугаарт, төрийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл бий. Энэ нь юу гэхээр УИХ эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлж баталлаа гэхэд түүнийг нь дараагийн парламент үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстойг хэлж байгаа юм. Гэтэл өмнөх парламентийнхаа гаргасан бодлогыг үндсээр нь өөрчлөөд байх юм бол Монголд хэзээ ч тогтвортой төрийн бодлого хэрэгжихгүй. Монгол Улсад төрийн бодлого, хууль эрхзүйн тогтвортой байдал гэдэг зүйл тогтоогүй учраас урт хугацаанд манайд итгэх дэлхийн итгэл алдрах аюултай. Тиймээс аль болох үүнээс л болгоомжлох ёстой юм.

-Тэгэхээр урт хугацаанд баримтлах төрийн бодлогыг боловсруулахдаа ямар зүйлийг анхаарах ёстой гэж та хэлэх вэ?

-Бүхэл бүтэн төрийн бодлогыг цөөн хэдэн үгээр илэрхийлэх боломжгүй асар том зүйл шүү дээ. УУЯ-аас УИХ-д Төрийн бодлогын баримт бичгийн төслийг өргөн барьсан. Гэтэл тус төсөлд хүний нөөцийн асуудлыг тун товчхон оруулж, шинжлэх ухааны асуудлыг бүр орхигдуулсан байна лээ. Орчин үед аль ч салбарын хөгжлийн төрийн бодлогод хүний хөгжил, шинжлэх ухааны технологийн хөгжлийг гол тулгуур болгодог. Дэлхийн бизнесийн гол зарчимд хөрөнгийн капитал цуглуулахаасаа илүүтэй хүний капиталд зарцуулах зардлаа нэмж хөгжүүлье гэсэн байдаг. Мөн шинжлэх ухааны технологийн дэвшилгүйгээр аль ч салбарыг хөгжүүлэх боломжгүй гэж үздэг. Гэтэл энэ хоёр чухал асуудал УУЯ-ны өргөн барьсан төрийн бодлогын төсөлд тусгагдаагүй л байна. Тэгэхээр ямар хэмжээний бодлого боловсруулан дэвшүүлж УИХ хэлэлцэх гэж байгаа нь ойлгомжтой. Амин сүнсийг нь олоогүй байж энд нэг тийм юм байгуулж, тэнд нэг тийм юм судлая гэсэн төсөл бол төрийн бодлого бус энгийн нэг бизнес төлөвлөгөө юм шүү дээ. Уг нь аливаа салбарын төрийн бодлого гэдэг нь алсыг харж цаашид уг салбарыг Монгол Улсын хөгжлийн ямар түвшинд хэрхэн аваачих юм, эдийн засгийн хөгжлийн гол салбар болгох уу, эсвэл туслах салбар байх юм уу, энэ салбар байгаагүй дээ ч яах вэ гэж үзэж байгаа юм уу гэдгийг тодорхойлдог. Гэтэл уг зүйл тус төсөлд бүрэн тусгагдаагүй юм билээ.

-Хууль санаачлагчид төрийн бодлогоосоо эхлээд дутуу дулимаг зүйл их хийх юм аа?

-За тийм л болж таарч байна даа.    

-“Ашигт малтмалын тухай хууль”-ийг шинэчлэн сайжруулсан нэрээр тодорхой өөрчлөлт орохгүй байгаад геологичид сэтгэл дундуур байдаг. Таны бодлоор энэ хууль хэр зөв зүйтэй болж байгаа вэ. Алдаа дутагдал байгаа бол тэр нь юундаа байна гэж боддог вэ?

-“Ашигт малтмалын тухай хууль”-уудаас олон улсын уул уурхайн ерөнхий хуулийн зарчмыг баримталж хамгийн зөв зүйтэй болсон нь 1997 оны хууль юм шүү дээ. Харин 2006 оны “Ашигт малтмалын тухай хууль” нь зарим нэг зүйл заалтыг цэгцэлсэн ч сайн хууль болж шинэчлэгдэж чадаагүй. Гэтэл одоо тэр хуулийг дахин шинэчилнэ хэмээн Ерөнхийлөгч төсөл санаачлан хэсэг хугацаанд олон нийтээр хэлэлцүүлсэн ч удалгүй эргүүлэн татаж авсан. Тиймээс одоогоор шинэчилсэн хуулийн төсөл гар дээр байхгүй учраас сайн, муу болсон гэж хэлэх баримжаа алга. Мэдээж “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчилсэн төсөл дахин орж ирэх байх, гэхдээ чухам ямар болж гарч ирэхийг нь хэлж мэдэхгүй юм. Ер нь “Эвдрээгүй зүйлийг засах гэж битгий оролд” гэдэг барууны нэг үг бий. Харин манайхан “Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг, эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг” гэж хэлдэг. Тиймээс миний хувьд эвдрээгүй зүйлийг засах гэж оролдох шаардлагагүй гэж боддог. Гэхдээ нэгэнт тус хуульд засч сайжруулах зүйл байгаа гэж үзэж байгаа бол түүнийгээ оновчтой, зөв зүйтэй өөрчлөх хэрэгтэй. Харин УИХ-аар хэлэлцэгдэж буй “Газрын тосны тухай хууль”-ийн төсөлд нэлээд нэмэлт өөрчлөлт, тодруулга оруулах гэж байгаа юм билээ. 1990-ээд оны эхээр гарсан хууль учраас өөрчлөлт оруулах шаардлага бий болсон байх. Үүний нэг нь шатдаг занарын хайгуул, олборлолтын асуудал. Хэдийгээр шинэ соргог зүйл биш ч уламжлалт нефть, байгалийн хийг орлож чадах занарын хий, занарын тос үйлдвэрлэх асуудал дэлхийн эрчим хүчний шинэ чиг хандлага болжээ. Тиймээс ч дэлхийн томоохон орнууд шатдаг занарын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх арга замыг эрэлхийлж байна. Манайханд байдаг нэг том дутагдал бол ерөөсөө шинэ зүйлд их хачин хандах юм. Юмны учрыг олоогүй байж л шатдаг занарын олборлолтыг эсэргүүцэж бослого тэмцэл хийгээд хэрэггүй л дээ. Үнэхээр шатдаг занарыг олборлоход хор уршиг учирдаг бол түүнийг нь байхгүй болгох арга замыг хамтын хүчээр эрж олъё л доо. Бид шинэ зүйлд халгаатай хандсаар байгаад дэлхийн хөгжлөөс хоцорчихоод хойноос нь сүүл мэт дагах шаардлага байхгүй биз дээ. Дэлхий нийтийн өмнө түрүүлж давхихгүй юм аа гэхэд ядаж мөр зэрэгцэн хамт явж болно шүү дээ.

-Шатдаг занарын үйлдвэрээс эхлээд уул уурхайн салбарыг байнга дагаж явдаг нэг сөрөг хандлага бол байгаль, экологийн сүйрэл. Техник технологи хөгжиж буй энэ цаг үед аюулыг хохирол багатай даван гарах арга зам бишгүй бий. Харин манайхан үйлдвэрлэлийн дараах нөхөн сэргээлт гэдэг зүйлийг орхигдуулснаар орон нутгийн иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлдэг. Уг нь геологи, уул уурхайнханы ажлыг төрийн байгууллага хянах ётой ч тэд ажлаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна. Тэгэхээр төрийн байгууллагуудын хяналтын ажлыг хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Нөхөн сэргээлтийн асуудал бол маш чухал. Уул уурхайнхан нөхөн сэргээлтийг дутуу дулимаг хийдэг дутагдал бий. Түүний дээр орон нутаг дахь төрийн хяналт маш муу байна. Баг, сумын дарга засаг захиргаанаасаа эхлээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нутаг дэвсгэр дээр нь геологи, уул уурхайн ажил эрхэлж буй байгууллагын байгаль орчинтой харьцаж буй байдал, зөрчил дутагдалд хяналт тавьж байх үүрэгтэй. Гэтэл тэд энэхүү үүргээ биелүүлэхгүй байна. Уг нь манайд уул уурхайн салбарын болоод мэргэжлийн хяналт зэрэг хяналтын олон механизм, давхарга бүхий байгууллагууд байдаг ч бүгд ажлаа хангалтгүй хийдэг. Түүнчлэн төрийн зохицуулалт маш муугаас болж “Нинжа” нар буюу гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Тэд ямар ч хяналт, зөвшөөрөлгүйгээр “Ашигт малтмалын тухай хууль”-аас эхлээд олон хууль тогтоомжийг зөрчиж байна. Хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж тэдний үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагууд зохицуулахын оронд манай энд “Нинжа” нар дайраад байна, цагдаа явуулаарай гэсэн юм ярина. Уг нь гар аргаар ашигт малтмал олборлогчид чинь байдаг л үзэгдэл. Ихэнх орнууд уг асуудлыг хуулиараа зохицуулаад иргэд нь хууль дүрмээ хатуу баримтлаад гар аргаар ашигт малтмалаа олборлоод хэвшчихсэн зүйл. Харин манайд байгаа “Нинжа” нар их зэрлэг, дайрч довтолно, эд юмсыг эвдэж сүйтгэнэ, байгаль орчинг бохирдуулна. Орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага хүчээ нэгтгэж иргэдтэйгээ ойлголцож нарийн зохицуулалттай ажиллаж байж уг асуудлыг цэгцэлнэ үү гэхээс шууд хатуу хориг тавиад шийдэгдчих асуудал биш л дээ.    

-Та 1993 онд “Алт” хөтөлбөрийг боловсруулж, ард иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд эдийн засгийн чадамжтай болсон нь үнэн. Дахин тэр хэмжээний томоохон хөтөлбөр боловсруулж улс орны эдийн засаг, мөнгөн урсгалыг сэргээх боломж байгаа юу?

-1990-ээд оны эхээр манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжиж харилцан туслалцаж байсан улс орнуудын зээл тусламж зогсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байдал хүнд байсан. Тэр цаг үед өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж эдийн засгаа босгож, хамгийн хялбар аргаар валют олох эх үүсвэр бол алт л байсан. Алтыг олборлоход харьцангуй хялбар, баяжуулалтын олон дамжлага шаардагдахгүй учраас эдийн засгийн тэр хүнд үеийг даван туулахад “Алт” хөтөлбөр үр өгөөжөө өгсөн. Ер нь социализмийн үед ч бай зах зээлийн нийгэмд ч гэсэн эдийн засгийг зорилтот аргаар удирдах хэлбэр бол алт, зэс, уран, нүүрс зэрэг том хөтөлбөрүүд хэрэгжүүлэх явдал юм. Урт хугацаанд дээрх ашигт малтмалыг хэрхэн хайж олж боловсруулах уу, ямар аргаар ашиглаж зах зээл дээр боловсруулж хэр хэмжээний ашиг олох вэ гэдгийг боддог зорилтод программын арга гэж байдаг. Бид үүний дагуу “Алт” хөтөлбөрийг боловсруулсан. Өнөө үед энэ зорилтод программуудыг цаг үедээ нийцүүлэн шинэчлэх зүйл бий. Төр геологи хайгуулын ажлын зураглал, эрэл үнэлгээний ажлыг өөрийн хөрөнгөөр хийх ёстой. Манай улс газар нутгийнхаа 23 хувьд нь л геологийн судалгаа хийжээ. Тиймээс үлдсэн дийлэнх газар нутагтаа төр засаг хөрөнгө гаргаж эрэл үнэлгээний ажил хийх ёстой. Монголын геологичид уг ажлыг өөрсдөө бие даан амжилттай хийдэг, хийж ч байсан. Судалгааны ажил ямар ч ашиггүй учраас гадны хөрөнгө оруулагчид Монголын ерөнхий региональ судалгаа, зураглал, эрэл үнэлгээний ажлыг тэр бүр хийж өгөхгүй. Тиймээс манай улс геологичдийнхоо мэдлэг боловсрол, ажлын туршлагад тулгуурлан өөрийн хөрөнгөөр геологийн судалгааны ажлаа хийх юм бол Монголын геологийн салбарын судалгааны ажлын хөгжилд маш чухал хувь нэмэр болно. Манайхан геологийн судалгааг гадныхан хийж өгч байна гэж ярих юм. Үнэн хэрэгтээ тэд хөрөнгө гаргаж тоног төхөөрөмж нийлүүлж байгаагаас биш Монголын мэргэжилтнүүд, геологичид хайгуулын ажлаа өөрсдөө хийж байгаа шүү дээ. Геофизикийн хоёр, гурван хэмжээст судалгааг манай геофизикчид маш сайн хийж чаддаг, хийсээр ч ирсэн. Ер нь геологийн ажлуудыг гадаадын Ли, Жон хийгээд байгаа юм биш, харин манай Бат, Дорж нар хийж байна. Ер нь манай геологичид чадвартай шүү дээ, даан ч тэдэнд хөрөнгө болоод техник технологи алга. Тиймээс Монголын геологи хайгуулын ажил хийдэг аж ахуй нэгжүүдийн тоог нэмэгдүүлж гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээгээр ажилладаг энэ системийг улам өргөжүүлж хөгжүүлвэл бидэнд асар их боломж бий.  Манай улс геологийн биеэ даасан хайгуул, өрөмдлөгийн компаниудаа санхүүжүүлэх боломжгүйгээс хойш гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулан ажиллах нөхцлийг нь хангаж өгвөл Монголын геологичид ажилтай болно. Гэтэл манайхан үүнийгээ үгүйсгээд гадныханы үйл ажиллагааг хорьж хөөж туугаад байна аа гэдэг нь эргээд Монголын мэргэжилтнүүдээ ажилгүй болгож, тэднийг хөөж байгаатай бараг утга ижил учраас ялгаа заагийг нь харж, ойлгох хэрэгтэй байна. Монгол Улсын геологи, уул уурхайн хөгжилд монголчууд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Харин хөрөнгө бол хүнийх, тэгээд өөрсдөө санхүүгийн чадамжгүй байж гадны хөрөнгө оруулагчаа хөөгөөд явуулчихаар хүнийх ч үгүй, өөрийнх ч үгүй хоцорно биз. Үүнийг төр засаг ойлгохыг хүсэхгүй байгаа учраас өнөөдөр манай геологичид, уурхайчид нэг юмны сүүдэрт байгаа үгүй нь мэдэгдэхгүй бүрхэг, бүүдгэр янзтай яваад байна.

-Манай улс бие даан геологи, уул уурхайн салбараа өөд нь татаж, уурхайгаа ажиллуулах хөрөнгөгүй. Тиймээс гаднаас зээл тусламж авдаг. Харамсалтай нь эргээд өр болох мөнгөнд хамаа замбараагүй үрэлгэн хандах юм. Үүний нэг жишээ бол “Чингис бонд”. “Чингис бонд”-ын мөнгийг зарцуулах ёстой салбарт нь зориулалгүй дэмий зүйлд хаяж байгаад та ямар бодолтой байдаг вэ?

-“Чингис бонд” бол хөгжлийн бонд болохоос тавьсан өр төлбөрөө нөхөхөд зориулах зүйл биш. “Чингис бонд”-ыг авч чадсан нь сайшаалтай хэдий ч хамаагүй үрэх юм бол ердийн зээлийг бодвол асар их төлбөрт унаж мэдэхээр зүйл. Эргээд төлөх ёстой өр учраас зарцуулсан салбар бүрээсээ мөнгө олж байж төлөх учиртай. Тиймээс уг бондыг зарцуулахын тулд эхлээд томоохон төслүүдээ төлөвлөх хэрэгтэй байсан. Харамсалтай нь одоогоор тийм оновчтой төсөл олон биш байна.

-Сүүлийн үед олны гайхшралыг төрүүлж буй нэг явдал бол яахын аргагүй Олон Овоотын орд. 2005 онд тус ордыг ЭБМЗ 18 тн алтны нөөцтэй гэж үнэлсэн бол Канадын “Вордроп инженеринг” компани 25 тн нөөцтэй хэмээн баталсан. Харин “Жаст групп”-ийн захирал асан Ш.Батхүү дөрөвхөн тонны нөөцтэй байна хэмээн алдагдалтай ажиллаж буйгаа хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэж тус ордоо Г.Алтанд шилжүүлсэн тухай амтай олгон ярьж буй. “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкуудыг дампууралд хүргэсэн Олон Овоотын ордын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд “Олон Овоот” ордын нөөцийг судалж үзээгүй учраас мэдэхгүй. Нэгэнт уг ордын нөөцийг ЭБМЗ хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэчихсэн байхад бид үүнийг эрх бүхий байгууллагын албан ёсны үнэлгээ гэж авч үзэхээс биш бие биенээ буруутган маргаж буй талуудын тоог баримтлах аргагүй.

-Үнэтэй цагаасаа хуваалцсанд баярлалаа. Та манай сэтгүүлийн уншигч геологичдод хандаж юу гэж хэлэх вэ?

-Монголын эрдэс баялгийн хөгжилд манай геологичдийн оруулсан хувь нэмэр их. Монголын эдийн засгийн хөгжил энэ зууны 50-аад оныг дуустал эрдэс баялгийн салбартаа тулгуурлах учраас цаашид ч геологичдийн маань хөдөлмөрийн үр шим, ач холбогдол асар их байх болно. Өрсөлдөөд гарч ирэх альтернатив байхгүй. Тиймээс геологичид минь арвин ихийг нээн олж, байгаа баялгаа улам арвижуулахын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж ажиллаарай. Тийм боломж, шаардлага эх оронд чинь байна шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлье.

Д.Оюунжаргал
2013.05 сар