Хар хүний өмнөөс
”Хар хүний өмнөөс шар хүн...” хэмээн өвөг дээдэс сургажээ. Шарын тухайд гэвэл бид нар угаасаа шар арьстан.
Өгүүлбэрийн төгсгөл нь алга болчихсон учраас хүмүүс түүнийг янз янзаар тайлж иржээ. Нэг хэсэг нь "харынхаа хоолыг өмнөөс нь идэж бай" гэсэн үг гэж ташаа ойлгосон явдал ч гарсан байдаг. Уул нь өгүүлбэр бүтэн байхдаа "Хар хүний өмнөөс шар хүн нь гүйж бай" гэсэн үг байж. Аз болоход ихэнх сайн шар арьстнууд сургаалыг үнэн зөвөөр ойлгосон байдаг.
Жинхэнэ тэмцэгч буюу монгол хүн хэзээ ч өөрийнхөө төлөө явж байсангүй. Дандаа дүүрчихсэн "хар"-уудынхаа өмнөөс л нэр нүүрээ барж яваа хэрэг шүү дээ. Одоо энэ жагсаал цуглаан хийж байгаа улс чинь дандаа хэн нэгэн харынхаа төлөө явж байгаа юм. Тэрнээс биш өөрт нь мөнгө, төгрөг, эрх мэдэл дутсанаас тэгж байгаа юм биш. Би ч гэсэн хэдэн хар юмны өмнөөс л юм бичиж ирлээ. Бичлэгийн шагналаа ч тэр харуудынхаа өмнөөс авч байна гэж боддог шүү.
Саяын "Анод банк"-ийг тойрсон явдлууд намайг хэд хэдэн "хар"-ыг өмөөрч нэрээ бататгах сайхан боломж өглөө л дөө. Хадгаламжийн хоршооныхон хэлж байна лээ. Банкны хадгаламж эзэмшигчийн мөнгийг төр хамгаалах атлаа Хадгаламжийн хоршоонд залилуулагчдын мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр хагасласан нь буруу байна гэж. Ард түмнээ ингэж ялгаж болохгүй. Иймд хоршоонд залилуулсан иргэдийн алдагдлыг татвар төлөгчдөөр бүрэн төлүүлэх хэрэгтэй хэмээн тэдний шаардаж байгаа нь зөв. Ер нь бол төр хохирсон иргэн болгоноо тэгш ивээн тэтгэх ёстой.
Саяхан манай "хар" Хэн гадаадад явж байгаад казино тоглосон байна. Монгол төрийн хийморь тэр үед доройтсоноос болсон уу яасан иргэнийх нь хийморь доройтжээ. Болсон уу гэх юу байхав, болсон л хэрэг. Ингээд хар Хэн маань харийн улсын казинод зуун мянган доллар алдав. Төр засаг нь олигтой хийморьтой байсан бол иргэн нь юу л боллоо гэж мөнгөө алдах билээ дээ. Иймд иргэн хар Хэний казинод алдсан мөнгөнд Монголын төр хадгаламжийн хоршооныхны нэгэн адил хандах үүрэгтэйг сануулах гэж үүнийг бичиж байна. Сануулгыг тоохгүй бол цаашдаа улам хүчтэй тэмцэнэ. Монгол хүн, монгол хүний мөнгө хаана байсан, хэрхэн үрэгдсэнээсээ үл хамааран тэгш эрхтэй билээ. Иймд иргэн Хэний казинод алдсан мөнгийг Монголын төр нөхөн олгох үүрэгтэй. Ер нь тэгш эрхийн зарчим алдагдаж байгаа жишээ ганц энэ биш. Хаа сайгүй тэгш байдал алдагдаж харагдана. Жишээлэхэд, манай шүүх хохирогч, хариуцагч нарыг адилхан шоронд хийхийн оронд нэгийг нь чөлөөтэй орхиж байгаа нь тэгш шийтгэлийн зарчим алдагдсны жишээ гэж шүүмжлэх хүн ч байна. Хоёуланг нь шийтгэхгүй юмаа гэхэд ав адилхан нөхөн төлбөр олгох замаар тэгшитгэж болно оо доо, ядаж.
Бас өмнөөс нь дуугарч байхгүй бол болдоггүй өөр нэг "хар" болох хар толгой Жалбууд төрийн нөхөн олговор хэрэг болоод байна. Тэрээр гонио хийж олсон чамгүй мөнгөө оймсондоо хадгалж байсан юм. Монгол Улсын иргэний бүхий л хадгаламж арилжааны банк, зээлийн хоршоо, оймсонд байршсанаараа үл хамааран тэгш эрхтэй билээ. Мөн оймсыг шинэ хуучин, шивэртэй, ариун хэмээн төрийн зүгээс ялгаварлахыг олон улсын конвенциор хатуу хориглодог. Гэтэл нэрт гониоч хар толгой Жалбуу маань оймсоо алдчихсан байна. Траншейд нь үер ороод урсгаад явсан болтой байдаг. Үер бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Иймд иргэн Жалбуу "байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр оймсон хэлбэрийн мөнгөн хадгаламжаа алдсан" байна. Монголын төр иргэн Жалбуугийн энэ алдагдлыг төсвөөс нөхөж өгөх үүрэгтэй. Мөн Жалбуу шиг мянга мянган хохирогч эрхээ мэдэхгүйн улмаас хохирсон хэвээр байгаа нь нууц биш ээ. Төрийн энэ үүргийг сануулах зорилготой "Монголын оймсон хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах ассоциаци" байгуулснаа сонордуулж байна.
Мөн Монгол Улсын тэгш эрхт иргэн хар нүдэн Балбийтай холбоотой асуудлыг тойрох арга даанч алга. Түүнд ерөөсөө хадгаламж байхгүй. Гэтэл төрөөс хадгаламж бүхий иргэддээ туслаад, алдсаныг нөхөөд байгаа нь түүний эрх ашгийг ноцтой зөрчиж эхэлжээ. Хүн хадгаламжтай, хадгаламжгүйгээс үл хамааран тэгш эрхтэй. Тийм болохоор хадгаламжтай байснаасаа үл хамааран Монгол улсын иргэн нөхөн олговор авах эрхтэй юм. Иргэн "хар нүдэн" Балбий гуайд хадгаламжаа алдагсдад олгож байгаагийн нэгэн адил нөхөн олговор өгснөөр сая шударга ёс хэрэгжинэ. Энэ шударга ёсыг сэргээх үүднээс бид "Хадгаламжгүй иргэдийн хохирлыг барагдуулах консерциум" байгуулж Хууль зүйн яамнаас 5200000 тоот гэрчилгээ аваад байна аа. Манай Монголын төрийн бус байгууллагуудын тоо хүн амаасаа хоёр дахин олон байгаа нь дээрх дугаараас харагдана.
Бас хадгаламжийн хоршооны хохирлыг барагдуулах явцад муухай алагчлал гарсан байна. Тухайлбал, их хадгаламжтай байсанд нь их мөнгө, бага хадгаламжтай байсанд нь бага мөнгө өгч ялгаварласан нь төрөлхийн ардчилсан үзэлтэй олон хүний дургүйг хүргэжээ. Энэ чинь "их мөнгөтэй хүн сайн, бага мөнгөтэй хүн муу" гэснээс ямар ч ялгаагүй, хүн ардаа хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхсан, алагчилсан бузар муухай явдал биш гэж үү? Бага хадгаламжтайд нь их нөхвөр, их хадгаламжтайд бага нөхвөр олгох замаар тэгшитгэн ардчилаагүй чинь ариун явдал уу? Энэ чинь ариун явдал уу... ариун явдал уу?.. аан, аан цэг коом гэж.