Өнөөдөр Ардчилсан Намын төрсөн өдөр, Ардчиллын баярын өдөр...

1989 оны 12-р сарын 10-нд ардчиллын залуус Монгол Улсад ардчилсан шинэчлэлт, өөрчлөлтийг эхлүүлэхээр Монголын Ардчилсан Холбоог байгуулж, ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгосноос хойш дөрвөн сарын дараа, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар Их хурал хуралдаж, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар шаардсанаас хойш 50 хоногийн дараа, мөн 1990 оны гуравдугаар сарын 7-нд Монголын түүхэнд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлаж, нийт 22 хоног үргэлжилсэн өлсгөлөнгийн эцэст МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдхүүнээрээ огцорсноос хойш найм хоногийн дараа МАН анхдугаар Их хурлаа хийж, намын даргаараа Э.Бат-Үүлийг сонгож байв. Тэр үед С.Зориг 28-хан настай, Э.Бат-Үүл 33 настай байлаа. 

Ардчилсан нам байгуулагдсаны дараа БНМАУ-ын Үндсэн хуулийн оршил хэсгээс “БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” гэдэг заалтыг хасч, олон намын тогтолцоог хуульчилснаар 1990 оны долдугаар сарын 29-нд Монгол Улс анх удаа ардчилсан чөлөөт сонгуулийг явуулсан юм.

Өнөөдөр 34 жилийн дараа бас нэгэн “ардчилсан чөлөөт” сонгуулийн мөчлөг дээр ирээд байна. МАН үнэмлэхүй олонхиор засаг барьсан найман жилийн дараах сонгууль. Ардчилал ялагдаж, улс төрийн ганц намын дарангуй дэглэмд шилжсэн найман жилийн дараах сонгууль. Урьд өмнө 2000-2004 онд бид яг ийм харанхуй дөрвөн жилийн үдэж байлаа. Буцаад нэг намын дарангуйлалд орчихсон, парламент нь сөрөг хүчингүй, иргэд нь итгэл найдваргүй. Гэхдээ хагас дутуу ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө гэж юм байлаа. Өнөөдөр тэр нь ч гэсэн алдагдчхсан.

Үүний дараах 12 жил /2004-2016 он/ гурван удаагийн парламентад ард түмэн сонголтоороо хүчний тэнцвэрийг хадгалж, АН, МАН хамтран засаг барьсан жилүүд үргэлжилсэн. АН засаг барьсан, барилцсан жилүүдэд нийгэмд үргэлж эерэг өөрчлөлтүүд бий болдог. Алдаатай, бартаатай ч гэлээ ардчилсан шилжилтүүд хийгдсээр ирсэн. Уул уурхайн баялгаа эргэлтэд оруулсан, татварыг бууруулсан, эдийн засгийг либералчлах, төрийн оролцоог багасгах, төсвийн зардлыг бууруулах, төрийг цомхон чадварлаг болгох нь Ардчилсан намын үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөр байсаар ирсэн. Нам төвтэй төр биш, иргэн төвтэй төрийг байгуулна гэж хэлж ярьж, зорьж зүтгэж, заримдаа ялагдаж, мухардаж ирсэн.

Ардчиллын жилүүдэд монголчууд юутай ч хувьдаа малтай, өмчлөлийн газартай болсон, орон сууцуудаа үнэгүй хувьчилсан. Атал тэр үед МАХН, МАХН-аас сонгогдсон гишүүд “Малыг хувьчилбал наад өлөн зэлмэн малчид чинь ганцхан зуны дотор нядлаад идчихнэ, болохгүй” гэж эсэргүүцэж байсан юм шүү дээ. Гэтэл одоо мал нь 80 сая хүрчихсэн, бэлчээр, ус нь малынхаа тоо толгойд хүрэлцэхгүй болчихсон байна.

“Хашааны газрыг өмчлүүлбэл хужаа нарт зарчихаад гараад явчихна шүү. Орон сууцыг хувьчилбал Улаанбаатараар дүүрэн хятадууд болно оо. Гадаад паспорттой болгочихвол Монголд хүн үлдэх үү” хэмээн эсэргүүцэж байсан юм шүү дээ. Яагаад гэвэл соц нийгмийн үед “Хөрөнгөтөн нийгэм шиг баба юм байхгүй” гэж ярьдаг, “хөрөнгөтний үзлийг түгээлээ” хэмээн бие биенээ барьж шийтгэдэг, матдаг байсан МАХН-ын кадрууд, соц үеийн шилдэг сэхээтнүүд нь өөрсдөө “баруун бол эрх чөлөө юм” гэдгийг мэддэг байсан.

Тэгэхээр бидэнд ардчилал их зүйлийг өгсөн байна, алдаж, оносон ч гэсэн зөв чигтэй явсан байна. Алдаа гарсан бол тэр нь ардиллын биш, тэрнийг хэрэгжүүлсэн хүмүүсийн буруу байна. Ардчиллын нэр барьсан, нүүрээ нуусан коммунистуудын буруу байна. МАН (МАХН) хэзээ ч “Социализмыг сэргээн байгуулна, коммунист дэглэмд шилжинэ” гэж ил тод хэлдэггүй юм. Харин “Ардчиллын алдааг засна” гэж ярих, хийх тоолондоо нүдийг нь сохолж ирсэн.

Өнөөдөр Монголд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл уланд гишгэгдсэн. Улс төрийн эрх буюу иргэдийн сонгох, сонгогдох эрх “улны” гэдэг ангилал руу шилжсэн. Иргэдээ “улны” байлгах нь МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр болж, халамжийн хэдэн төгрөг, авилгын мөнгөөрөө саналыг нь худалдаж авдаг болсон. Өөрсдөө хамгийн баян, хамгийн их өмч хөрөнгөтэй “ардчилсан социалистууд” болсон. Энэ мөнгөө бизнес эрхэлж, гахай үүрч, оймс зарж олоогүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ.

Төр нь иргэдээсээ баян болсон. Төрийн өмчийн компаниуд нь эрх баригч намын халаасанд орж, авилгын уурхай болсон. ЖДҮ хулгай, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай гарсан. Авилгатай тэмцэх нэрээр нэг хулгайгаар нөгөө хулгайгаа дардаг, далдалдаг болсон. Авилгатай тэмцэж буй арга барил нь өөрөө авилгынхаа эх сурвалж болсон. Авилгачид ковидоор мөнгө хийсэн, утаагаар, түгжрэлээр мөнгө хийсэн. Авилгын индексээр, Арчиллын индексээр Монгол Улс арагшаа ухарч, уралдсан найман жил байлаа. Иргэдийн амьдрал тартагтаа тулж, туйлдаа хүрсэн найман жил...

Ийм л эгзэгтэй мөчлөг дээр энэ удаагийн “ардчилсан сонгууль” болох гэж байна. Авилгачдын мөнгө ялах уу, ардчилал ялах уу? гэдэг сонголтын өмнө ирээд байна. Сонголт хийх эрх нь иргэдэд байна. Ганцхан удаа. Энэ удаагийн сонголтоо алдаж хийвэл, дутуу дулимаг хийвэл дараагийн удаа "сонголт" гэх зүйл байхгүй л болов уу. 

inews.mn