“Гоби Эксплорэйшн” компанийн ерөнхий захирал Б.Гандөш: Эдийн засгийг өсөлтөнд хүргэх геологийн салбарт буруу бодлого явуулж байгаа учраас Монгол Улс хүнд нөхцөлд байгаа юм


Монголын геологийн салбарт жинтэй хувь нэмэр оруулжбайр суурь, орон зайгаа бэхжүүлж чадсан “Гоби эксплорэйшн” компани 2003 онд гарын таван хуруунд багтах хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан түүхтэй.Тус компанийн Ерөнхий захирал Б.Гандөш нь нийгмийн шилжилтийн үед Францад боловсрол эзэмшсэн геологич. Тэрээр Монголын геологийн салбарт анх удаа Канадын компани хөрөнгө оруулж, хувийн компаниуд байгуулагдаж эхэлсэн 2000 оны эхэн үеийнсаад бэрхшээл бүрийг даван туулж өнөөгийн амжилтандаа хүрсэн. Тиймээс тухайн цаг үед болж байсан үйл явдал, лицензийн наймаа, үндэсний компаниудийн өмнө тулгардаг хүндрэл, түүнийг даван гарах гарцын талаар ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?


-Намайг Батмөнхийн Гандөш гэдэг. Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн. Миний хувьд дунд сургуулийн тавдугаар ангид сурч байхаасаа геологич болохоор шийдсэн. Миний өвөө нутаг орноо алган дээрээ тавьсан мэт сайн мэддэг, ховор сонин тогтоцтой эрдэс, чулуу цуглуулдаг, орон нутгийг судлах музейн идэвхтэн гишүүн, малчин, анчин хүн байсан юм. Өвөөгийн минь тамхины уутанд геологич хүний “нүд” болсон галт шил байдаг байлаа. Би зуны амралтаараа хөдөө өвөөгийндөө очиж мал ахуйд нь туслахдаа галт шилээр нь юм тодруулан харж, гал гаргаж тоглох их дуртай байж билээ. 1957 онд манай нутагт Зөвлөлтийн геодезийн баг газрын зураг зохиох ажлаар ирэхдээ орос хэл мэддэг өвөөгөөр минь газарчлуулсан гэдэг. Тус экспедицийн дарга нь буцахдаа өвөөд минь тэрхүү галт шилийг дурсгасан юм. Хязгаар нутагт амьдарч байсан өвөө минь дэлхийн II дайны төгсгөлд Монголчууд Япончуудтай тулалдсан “Чөлөөлөх дайн”-д оролцсон юм. Улмаар олзны Япончуудыг Зөвлөлтийн цэргүүдийн хамтаар тууж авч ирсэн аж. Ингэж явах үедээ ойр зуурын орос хэл сурсан нь хэрэг болж геодезийн багт хэлмэрч болсон түүхтэй. Бэлэгний галт шил нь надад геологич болох хүсэл мөрөөдлийг төрүүлсэн. Намайг долдугаар ангид байхад “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт зохион бичлэгийн уралдаан болсон юм. 300 гаруй хүүхдээс би ганцаараа геологич болно хэмээн бичсэнийг хараад захирал маань их гайхсан гэдэг.

-Тэгвэл таны хувьд багаасаа л энэ мэргэжилд дурласан юм байна. Геологийн боловсролыг хэрхэн эзэмшиж, ажлынхаа гарааг эхэлж байсан үеэ эргэн дурсвал?

-Миний хувьд сонирхолдоо хөтлөгдөн 1983 онд Политехникийн дээд сургуулийн геологийн ангид элсэн суралцаад 1988 онд төгсөж байлаа. Тэгээд Мөрөнгийн зураглалын экспедицийн харьяа Бүлэгчилсэн зураглалын ангид Монгол Улсын анхны гавьяат геологич Д.Тогтох гуайн удирдлаган доор ажлынхаа гарааг эхэлж байснаа их азтай хувь тавилан гэж боддог юм. Тухайн үедГовь-Алтай аймгийн баруун тал тэр чигээрээ, Ховд аймгийн зүүн захыг хамарсан нэлээд том зураглалын ажилд оролцосон. Тэр үед Монгол, Зөвлөлтийн геологичид хамтарч ажилладаг байсан юм. Харин биднийг сургууль төгссөн жил буюу 1988 онд Монгол геологичдоор дагнасан зураглалын ангиуд шинээр зохион байгуулагдсан. Тиймээс манай төгсөлтийн Энхжин, Ганбаатар, Ганзориг бид дөрөв нэг ангид хуваарилагдан очиж байлаа. Тэнд Баатархуяг, Жанчив, Гансүх гээд олон мундаг геологичдоос их зүйл сурах боломж тохиосон. Геологич гэх бахархмаар сайхан мэргэжлээрээ ажиллаад 25 жил болоход, миний дурлаж байсан зүйл яг л мөн байсан. Сайн геологич агсан Гүрцоо бол миний хамаатны ах л даа. Тэрээр Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж байхдаа намайг морь баригчаар ажиллуулж, багаас минь бэлдсэн. Оюутан болоод дадлагын ажилд гарахдаа Гүрцоо ахынхаа алхыг гуйж аваад л явж байлаа.

-Геологич бүр ямар нэг ашигт малтмалын төрлийг дагнан судалдаг. Таны хувьд ямар эрдсийг голчлон судалдаг вэ?

-Миний хувьд хээрийн үйлдвэрлэлээр нэг их удаан ажиллаагүй ч геологиосоо салаагүй. Ажлынхаа гарааг эхэлсэн Бүлэгчилсэн зураглалын ангид 1991 он хүртэл ажилласан. Учир нь 1990-ээд оны эхээр манай улс зах зээлийн нийгэмд шилжин бүх зүйл хөдөлгөөнд орж, мэргэжилтэн бэлтгэхээр барууны орнууд руу залуусыг явуулж эхэлсэн. Тухайн үед хоёр Герман нэгдээгүй байлаа. Гадаад Явдлын Яамаар дамжуулан баруун Германы Академийн солилцооны албанаас хоёр хүнийг тоон зургийн боловсруулалтын чиглэлээр сургах болсон юм. Тиймээс яамны коллеги хуралдаад насны хувьд хөгшин, залуу хоёр хүнийг явуулах шийдвэр гарч талийгаач Баадай гуай бид хоёрыг сонгосон. Гэтэл Боловсролын яамнаас геодезийн багш Гүнчинсүрэн агсаныг хамт явуулж сургая гэсний дагуу ажлаасаа чөлөөлөгдөн герман хэлний курст сураад бичиг баримт бүх зүйлээ бүрдүүлсэн ч системийн ялгааны улмаас бид ганцхан зүйл дээр гацдаг байгаа. Манайд бол яамнаас үүрэг өгөөд л сургадаг байтал барууны орнуудад тухайн улсын их сургуулийн профессор багш сургах хүндээ өөрөө урилга явуулах ёстой байдаг аж. Тийм урилгагүй бол хичнээн мөнгө нь бэлэн, яамны зөвшөөрөлтэй байлаа ч нэмэргүй. Гэтэл манай улсын хувьд зүүн Германтай холбоотой байснаас баруун Германы нэг ч сургуультай холбоо тогтоогоогүй, интернэт бүү хэл факс ч гэж мэдэхгүй байлаа шүү дээ. Ингээд яахаа мэдэхгүй, шийдэж чадахгүй байсаар нэг жил өнгөрөв. Тэгээд нэг өдөр яаман дээр явж байгаад зураглалын Санжаадорж гуайтай таарч түүнд учир байдлаа хэлтэл “Геофизикийн экспедицид Франц руу хүмүүс явуулж сургах төсөл хэрэгжиж байгаа, хэрэв чи франц хэл сураад шалгалт өгөөд эхний гуравт багтвал тэр төсөлд хамруулая” гэсэн юм. Ингээд би гэдэг хүн дахиад л ажлаасаа чөлөөлөгдөөд 1991 оны гуравдугаар сард франц хэлний курст сурав. Шалгалтандаа тэнцээд Франц явах гэж бас их юм болсон. 1990-ээд оны эхээр зоригтой шинэчлэлүүд хийгдэж байсан үе л дээ. Тэр үед Геофизикийн экспедицид Саандар гуай Сансрын тоон зургийг боловсруулах төв байгуулна хэмээн сансрын хиймэл дагуул хөөргөдөг Францын СПОТ Имаж (SPOT Image) байгууллагатай очиж гэрээ байгуулсаны дагуу тус төслийг Парисын үндэсний банк 2.5 сая ам.доллараар санхүүжүүлэх болов. Манай улс тус арилжааны банкнаас зээл авахын тулд баталгаа болгож 145 мянган ам.доллар шилжүүлэх болзол тогтоосон юм билээ. Нэгэнт уг төсөл хэрэгжих нь тодорхой байсанучраас Францын СПОТ Имаж болон БРЖМ (BRGM) гэх уул уурхайн төрийн захиргааны байгууллагаас дөрвөн геологич Монголд ирж Улаанбаатарын эргэн тойронд хийгдэж байсан 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажилд түшиглэн СПОТ хиймэл дагуулын зургийг ашиглах төслийн ажил эхэлсэн. Одоогийн “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат, “Геосан” компанийн захирал Г.Ихбаяр бид гурав уг төсөлд хамрагдахаар болж тэдгээр Франц мэргэжилтнүүдтэй хамт ажилласан юм. Ажил дуусч Франц мэргэжилтнүүд нутаг буцсан ч Францаас урилга ирэхгүй байсаар 10 сар гарлаа. Уг нь хичээл есдүгээр сард эхэлсэн. Тиймээс бид Геофизикийн экспедицийн дарга асан А.Гүррагчаа гуайтай уулзахад манайд Францын Элчин Сайдын Яам байгаагүй учраас бидэнд Москва явах галт тэрэгний билет авч өглөө. Москвад очоод урилгаа хүлээсээр ахин нэг сар өнгөрөв. Тухайн үед электрон шуудан, факс гээч зүйл гараагүй байсан учраас Франц руу телекс явуулна. Тэр нь илгээгч болоод хүлээн авагч хоёр хоёулаа телексийн аппаратын ард сууж байгаад мэдээ явуулдаг зарчимтай багаж юм л даа. Нэг телекс явуулахад таван ам.долларын үнэтэй. Бид гурав олон удаа Франц руу телекс явуулсан даа. Тэгээд ч урилга ирдэггүй ээ. Учир нь тухайн үед манай улсад “алт, диллерийн хэрэг” мандаж Парисын үндэсний банк руу илгээх өнөөх 145 мянган ам.доллараа шилжүүлээгүй байсан юм билээ. Гэсэн ч болох л байлгүй гэж бодсон уу Францаас урилга ирж бидний гурван нөхөр Францын урд зүгт байрлах Тулуз хотыг зорилоо. Тулуз хотод 80 мянга гаруй оюутан суралцдаг, агаар сансрын чиглэлийн бүх сургуулиуд байрладаг олон улсын оюутны хотхон байдаг юм. Тэнд бид Парисын үндэсний их сургуулийн Пьер ба Мари Кюрийн нэрэмжит 6-р салбарын 5-р курсын программаар хичээллэж эхлэв. Тэнд он гартал сураад Парис хот руу шилжин суралцсан. Суралцах хугацаанд хэрэглэх бүх зардлыг цаанаас нь гаргадаг байсан учраас элчин сайдынхаа яаманд орлого оруулж байрладаг байлаа. Гэтэл бидний суралцаж байсан төслийн санхүүжилт зогсож, хичээл эхэлсний дараа хоцорч очсон бид гурав сургуулиа төгсч чадахааргүй болдог юм байна. Тухайн үед Монгол, Францын хооронд жилд цөөн тооны хүнийг хоёр улсын их сургуулиудад соёлын солилцооны шугамаар сургадаг байлаа. Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Мундагбаатар гуай биднийг уг солилцоонд хамруулах гэсэн юм билээ. Яг тэр үед манай улс зах зээлийн нийгэмд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараагүй болсон тухай ар гэрийнхнээсээ ирсэн захианаас уншиж мэдсэн. Ингээд Л.Чинбат, Г.Ихбаяр бид гурав одоохондоо манай улсад тандан судалгааны ажил тийм ч чухал биш, бид гурав сургуулиа төссөн ч очоод ажиллах нөхцөл бүрдээгүй. Тиймээс биднийг буцаагаад оронд нь нэг хүнийг нэг жилийн хугацаанд сургасан нь манай улсад илүү ашигтай юм байна гэж ярилцаж тохирсноо Мундагбаатар гуайд хэлсэн юм. Тэрээр биднийг үнэлсэн юм шиг байгаа юм, хөөцөлдөж байгаад өөр хөтөлбөрөөр Францын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж сургасан. Ингэж л бид гурав сургуулиа төгсөж 1992 онд нутагтаа ирсэн дээ.

-Их адал явдал туулж Францад боловсрол эзэмшжээ. Нутагтаа ирээд хаана ажилласан бэ?

-Биднийг Монголд ирэхэд манай яам татан буугдаж геологи, уул уурхай хоёрыг салгасан байсан учир би Геологийн төвд ажилласан. Тэр үед Германаас төсөл хэрэгжүүлснийг миний бие хариуцаж ажиллаж байлаа. Удалгүй засаг солигдож бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр Эрдэс Баялгийн Яам байгуулагдсан. Улмаар Геологийн фонд, Эрдэм шинжилгээний хүрээлэн, Геологийн төв лаборатори гурвыг нэгтгэн “Монголын Геологийн алба”-ыг байгуулж доктор Ж.Бямба гуай даргаар нь ажилласан юм. Мөн мэдээллийн фондын нэр “Гео мэдээлэл, тандан судалгааны үндэсний төв” болон өөрчлөгдөхөд геологич Д.Жаргалсайханы удирдлаган дор ажилласан. Тухайн үед олон шинэчлэл хийгдсэний нэг нь геологийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор компьютерт материал шивж оруулах ажлыг эхлүүлсэн явдал юм.

Миний хувьд 1995 оноос “Газар холдинг” компанийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр нэг жил гаруйн хугацаанд ажилласан. Улмаар 1996 оны дөрөвдүгээр сард Монголд хамгийн анх орж ирсэн Канадын “Каскадиа” компанийн анхны Монгол ажилтан болж зургаан жил ажиллаж байлаа. Тэр үеэс л Канадын компаниуд манайд орж ирж, Монголын олон геологичдийг ажилтай болгосон юм шүү дээ. Тухайн үед “Каскадиа” компани олон талбай авснаас гол орд нь Гацууртын алтны үндсэн ордбайсан юм. “Каскадиа” бол одоогийн “Сентерра Гоулд” компани юм. 1997 оны гуравдугаар сард “Каскадиа” компанид ажилладаг 10 Монгол геологич Канад, АНУ-ын алтны ордуудтай очиж танилцаж байлаа. Мөн 1997 оны сүүлээр би ажлаар Чили, Аргентин зэрэг орноор явж хайгуулын ажлын туршлага судлахдаа Андын нуруунд зураглалын маршрут хийж, Аргентиний Пампас, Патагонийн талаар машинаар аялан зэрлэг гуанако буюу лам гөрөөс харж хүүхэд ахуй цагтаа шимтэн уншдаг байсан “Капитан Грантын хүүхдүүд” романы баатруудын мөрөөр явж үзсэн маань мэргэжлийн маань л ач буян юм даа.

1997 онд дэлхий нийтийг доргиосон “Бре-Х” компанийн луйвар дэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх. Уг дуулианы уршгаар уул уурхайн салбар уналтанд орж, хөрөнгө оруулалт зогсон, шаардлага нь ч чангарсан. Үүний нөлөөгөөр “Каскадиа” компани олон геологичоо цомхотгосон харамсалтай үйл явдал тохиосон юм. 2002 онд “Каскадиа” компани “Сентерра гоулд” компани болон өөрчлөгдөхөд би хувийн компани байгуулая гэж шийдсэн юм. Нэг жилийн хугацаанд “Геосан” компанид Г.Ихбаяртайгаа хамт ажиллаж байгаад 2003 оны зургадугаар сард найз Ганзоригтой хамтарч “Гоби эксплорэйшн” компаниа байгуулсан. Бид “Каскадиа” компанид хамт ажиллаж байсан найз Дарамбазарыг “Сентерра гоулд” компаниас, “Mine Info” компаниас мэргэжил нэгт дүү Батболдыг компанидаа “урвуулсан” түүхтэй.

-“Гоби эксплорэйшн” компани байгуулагдаад 11 жилийн нүүрийг үзжээ. Өнгөрсөн хугацаанд амжилттай ажиллаж үндэсний шилдэг компаниудийн тоонд зүй ёсоор багтсан. Тэгэхээр үзүүлсэн амжилтаасаа товчхон сонирхуулвал?


-Бид компанийнхаа үйл ажиллагааг анх үйлчилгээгээр эхэлсэн. Тухайн үед одоогийн “Айвенхоу майнз” компанийн охин компани болох “MX Capital” буюу сүүлд нэрээ “Asia gold” хэмээн өөрчилсөн компани Монголд дөнгөж орж ирж байсан юм. Бид тус компанийн үйлчилгээний ажлыг аваад нэг УАЗ фургон, нэг пажеро жийп автомашин, гурван гэртэйгээр ажлаа эхэлж байлаа. Манай нэг салбар компанийн захирал, олон улсын шатрын холбооны мастер, ангийн анд Төвсанаа, Ганзориг хоёр маань геологийн ажлаа хариуцан,  жолооч, тогооч, орчуулагч гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр Өмнөговь аймгийн “Зүүн буйлсан” гэдэг газарт “Asia gold” компанийн геологийн ажил болоод үйлчилгээг нь хариуцан ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед лиценз авахад хялбар байсан ч газар нутгаа тэр чигт нь хамарчихаагүй байсан юм шүү. Харин сүүлд лицензийн наймаа өргөжиж байна, хээл хахууль их байна гэж зарим хүмүүс шуугисаар байгаад ийм хэмжээнд хүргэсэн.

Тухайн үед манайхан нүүрсийг огт сонирхдоггүй байсан. Ганзориг бид хоёр “Asia gold” компанид хайгуулын лицензийн талбай ялгаж өгөхдөө нүүрснээс өөр юмгүй хоосон газар гээд маш их талбайг ялгаж орхиж байсан юм. Гэтэл өнөөдөр нүүрснээс үнэтэй зүйл үгүй болжээ. Өнөөгийн “МАК” компанийн ашигладаг “Нарийн сухайт” чинь ашиглалтын хоёр жижигхэн талбайтай, одоо ашиглаж буй “SGS” компанийн “Овоотын орд” нээгдээгүй, талбай нь сул байсан. Уг нь тэр үед тус талбайг авах боломж бидэнд бүрэн байсан ч нүүрс сонин биш гээд ялгасан хэрэг. Гэтэл хэдэн сарын дараа “Айвенхоу майнз” компани Өмнөговийг лицензээр битүү бүрхсэн. “Asia gold”, “Айвенхоу майнз” компанитай гэрээ байгуулж салбар нь болоод хөрөнгө оруулалт нь тогтворжиж, манай компани ч “Asia gold” компанитай олон жил хамтарч ажиллах хугацаандаа нэлээд бэхжиж авсан. Улмаар 2004 онд бид геологи, аж ахуйн үйлчилгээгээ салгаж “Гоби Кейтеринг” нэртэй охин компаниа байгуулсан нь одоо ч амжилттай ажиллаж байна. Түүнээс хойш геологийн чиглэлээр дагнан ажиллаж байна. 2005 оноос бид 1:50 000–ны масштабтай геологийн зураглалын тендерт оролцож эхэлсэн. Манай компани зураглалын ажил явуулдаг гурван багтай. Бид зураглалын ажилд оролцож эхэлснээс хойш гурван тайлан хамгаалж дөрөв дэх төсөл дээрээ ажиллаж байна. Мөн “ГОС 200” төслийн нэг ажил хийсэн. Түүнчлэн өөрсдийн хайгуулын талбай дээр ажилладаг геофизикийн багтай болсон. Геодезийн хэмжилт, гидрогеологи, шороон ордын хайгуул болоод бусад ашигт малтмалын хайгуулыг өөрсдөө хийж байна.

-Та одоо эзэмшиж буй лицензүүдээ хэрхэн авч байсан бэ?

-1996 онд “Каскадиа” компани 17 талбайд хайгуулын лиценз авч ажилласан юм. Сүүлд гол хөрөнгө оруулагч нь болох “Камеко Гоулд” компани тухайн талбайгаас зөвхөн алттайг нь сонирхоно гээд хойд Хэнтийн бүсийн гурван том лицензийг л авч үлдсэн. Тиймээс бид ирээдүйтэй гэж сонгосон талбайнууддаа лиценз авчөөрсдөө хайгуулын ажил хийхийн тулд 2005 онд нэлээд хэдэн лиценз авсан. Түүний дотор Хөвсгөлийн Цагаан-Уул, Баянхонгорын Хул морьт болон Говь-Алтай аймгийн Балин толгойн талбайнууд багтдаг. Тухайн үед нүүрс ч олны анхаарлыг татаж эхэлсэн учир Говь-Алтай аймгийн Төгрөг, Цээл сумдын заагт оршдог Хүрэн голын нүүрсний сав газарт хайгуулын лиценз авч тус талбайд ажиллаж эхэлсэн. Биднийг ажиллаж байхад “Рио Тинто” компани санал тавьснаар “Рио говь” нэртэй хамтарсан компаниа байгуулж, тус компанийн хөрөнгө оруулалтаар 2006 оноос өнөөг хүртэл хайгуулын ажил явуулж байна. Манай төсөл “Рио Тинто”-д арай жижигдсэн учир тэд 2011 онд өөрсдийнхөө хувийг Австралийн “Хүннү Коул” компанид худалдсан. Уг талбай нэлээд хэцүү тогтоцтой л доо. Одоо “Хүннү Говь-Алтай” нэртэй компанийнхаа нэр дээр хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна. Хэзээ нэгэн цагт уурхай болох байх. Энэ бол бидний нэг амжилт. Бидний бас нэг амжилт бол Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт олж илрүүлэн хайгуул хийсэн “Мандал”-ын молибдений орд юм. 2005 оноос хойш бид санхүүгийн боломжиндоо тулгуурлан зөвхөн гадаргуугийн судалгаа хийж байгаад 2010 онд “Ордгео” компанийн өрмөөр 1000 метр өрөмдөх төсөвтэйгөөр ажиллаж эхэлсэн. Тухайн газар нь нэлээд уулархаг, хазгай, түүний дээр бид санхүүжилт багатайгаас талбай засах техникгүй гарсан учраас анх төлөвлөсөн цэгээсээ 150 метр хазайж дөрөв дэх цооног буюу бидний нэрлэдгээр 22 дугаар цооногийг өрөмдсөн юм. Сарын дараа дээжийн лабораторийн шинжилгээний хариугартал 22 дугаар цооног маань бараг тэр чигээрээ молибдений агуулгатай гарсан байлаа. Бидний хувьд тухайн үед молибдений үйлдвэрлэлийн агуулгын талаар сайн мэдэхгүй байсан учраас интернетээс энэ тухай мэдээллийг хайж үзсэн. Дэлхийн жишгээр молибдений үйлдвэрлэлийн агуулга нь 0.06 хувь байдаг юм байна. Гэтэл бидний олсон молибдений агуулга дунджаар 0.2 хувь байсан нь дэлхийн дундаж жишгээс 3-4 дахин их гэсэн үг л дээ. Уг 22 дугаар цооног өнөөг хүртэл манай хамгийн сайн агуулгатай нь хэвээрээ байгаа. Бид хөрөнгө босгоод долдугаар сараас хайгуулын ажилд гараад анх22 дугаар цооногийг өрөмдөхөөр төлөвлөж байсан цэгтээ 23 дугаар цооногийг өрөмдөхөд юу ч гараагүй. Хэрэв бид 22 дугаар цооногийг анх төлөвлөсөн цэгтээ өрөмдсөн бол бид энд юу ч алга гээд талбайгаа буцааж өгөөд “Мандал”-ыг хэзээ ч олохгүй байсан биз. Бид уг ордын нөөцийг Австралийн JORC стандартаар тогтоогоод тайланг нь Монгол стандартаар бичиж байна. “Каскадиа” компанид байхдаа Ганзориг, Дарамбазар бид гурав Гацууртын ордыг нээсэн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байснаа бас л их хувь заяа гэж үздэг. “Каскадиа” компанийн эзэмшиж байсан лиценз болох Эдрэнгийн нурууны ард хоёр ч орд бий. Нэг нь “Хул морьт” юм. Түүн дээр Австралийн “Вояжер Ресурс” компанитай хамтран “Хул морьт майнинг” гэж компани байгуулан ажиллаж байна. Тус ордыг анх “Геосан” компанийн геологичид илрүүлсэн юм. Сүүлд 2004 онд би уг талбайн лицензийг нь авснаар манай мэдэлд шилжиж, анхны есөн цооног өрөмдснөөр зэсийн орд болох ирээдүй нь бодитой харагдаж эхэлсэн. 2013 онд бид уг ордын 100 гаруй мянган тн-ны зэсийн нөөцийн тайланг батлуулсан. Энэ орд маань цаашид үйл ажиллагаа явуулна. Түүнээс 100 гаруй км-ийн цаана байрлах “Балин толгой”-н алтны ордын нөөцийг саяхан хамгаалсан. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн голд манайхан алтны шороон орд илрүүлэн хайгуул хийж нөөцийг нь хамгаалсан. Түүнчлэн бид барилгын материалын чиглэлээр ажилладаг. Говь-Алтай аймагт тоосгоны шаврын ордын хайгуул хийж, тайланг нь хамгаалаад нутгийн найз Нэргүйтэйгээ хамтран үйлдвэр байгуулж, цементийн түүхий эдийн “Дөрвөлжин”-гийн ордын хайгуулын ажлыг дуусган нөөцийг нь батлуулснаар мөн үйлдвэр барих хэмжээнд яриа хэлэлцээ явагдаж байна. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн орд нээж, хайгуул хийн нөөцийг нь улсынхаа эрдэс баялгийн санд бүртгүүлжээ. Бид олсон ордуудынхаа гидрогеологийн нөхцлийг тогтоох болон усан хамгамжийн судалгааг өөрсдөө хийдэг. Мөн багагүй хэмжээний газрын гүний усны нөөц олж илрүүлсэн.



-Геологич бүрийн хүсэл зорилго нь шинэ орд нээх байдаг шүү дээ. Харин таны хувьд энэ мөрөөдлөө хэдийнэ биелүүлсэн юм биш үү?


-Геологич бүр орд нээхийн төлөө явдаг гэж хэлж бас болохгүй л дээ. Учир нь энэ салбар маань барилгын суурийн судалгаанаас эхлээд асар өргөн хүрээтэйгээр эх дэлхийгээ судалдаг. Ашигт малтмалын чиглэл бол геологийн шинжлэх ухааны нэг л салбар. Яг энэ чиглэлээр ажиллаж буй геологичийн зорилго бол мэдээж шинэ орд нээх. Тиймээс миний хувьд ашигт малтмалын геологичийнхоо хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлсэн. Олсон ордоо уурхай болохыг харах нь геологичийн эцсийн зорилго. Бидний олсон ордуудаас уурхай болох хэмжээний хэтийн төлөв сайтай нь бий.

-10 жилийн өмнө гарын таван хуруунд багтахаар бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан “Гоби эксплорэйшн” компани өдгөө 200 гаруй ажилтантай, үзүүлсэн амжилтаараа Монголдоо нэлээд дээгүүрт орох үндэсний компани болж өргөжиж чадсан нь яахын аргагүй таны гавьяа. Олон хүний амьдралыг хариуцахын зэрэгцээ ашигтай ажиллахад менежмент, удирдах ур чадвар шаардлагатай байдаг нь дамжиггүй. Таны хувьд энэ тал дээр ямар зарчим баримталж ажилладаг вэ?

-Би мундаг менежер, бизнесмэн биш ч гэлээчадварлаг хамт олон, сайн баг бүрдүүлэхийн тулд хүний хөгжилд чиглэсэн бодлого баримталж ажилладаг. Мэргэжилтнээ дэмжиж, өсч хөгжих боломжийг нь бүрдүүлсэн байхад тухайн хүнээс үр бүтээл гаргадаг шүү дээ. Манай компанийн ажилчдын дийлэнх нь залуус. Бид жил бүр бүх шатны сургуулийн оюутнуудыг компанидаа дадлага хийлгэдэг. Тухайлбал, Налайхын ТМС-т сурч байгаад манайд дадлага хийгээд одоо ШУТИС-д дэвшин суралцаж буй гурван залуу байна. Бид дадлага хийж буй оюутнууддаа цалин олгохын зэрэгцээ сургалтын төлбөрийг нь төлж урамшуулдаг. Тухайн оюутан өөрөө хичээж ШУТИС-д дэвшин суралцах юм бол бид сургалтын төлбөрийг нь хариуцдаг. Бид боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг ахиулахын тулд сургаж, амьдралд нь чадлынхаа хэрээр тусалж дэмжихийг зорьж байна. Ер нь олсон орлогоо хамт олонтойгоо л хуваалцдаг даа. Хүмүүсийг нэгтгэж, баг бүрдүүлэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь спорт байдаг шүү дээ. Тиймээс манай компани ажлын байрныхаа залгаа спорт заал барьсан. Ажилчид маань зааландаа тоглож тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Манайхан их спортлог. Шатар, гар бөмбөг, дартсын багтай. Мөн бид компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс орон нутгийн тамирчдыг дэмжиж тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүжүүлдэг. Мөн манай Төвсанаагийн удирддаг “Gobi chess” шатрын клуб Хөвсгөл аймагт жил бүр шатрын тэмцээн зохион байгуулдаг. Таеквондогийн тамирчин Мягмарбаяр байна. Ингээд яриад байвал нэлээн урт яриа болох байх.
 
-Геологийн ажил бол багийн хөдөлмөрийн үр дүн байдаг. Чадварлаг хамт олонг бүрдүүлэхийн тулд юун дээр илүү анхаарах ёстой вэ?


-Миний бодлоор сайн баг бүрдүүлэхийн тулд залуусын идэвх санаачлагыг дэмжиж тэдэнд ажил даалгаж, үлгэр жишээ болохуйц сайн ахлагч сонгож өгөх юм. Тухайн багийн гишүүд хоорондоо нөхөрсөг, бие биедээ тусалж, мэдлэгээхуваалцдаг байх ёстой юм. Харин багуудыг нэгтгэж хамт олон болгохын тулд ажиллах нөхцөл, ахуй хангамжинд нь ихээхэн анхаардаг. Манай компани шинээр ажилд орсон геологич бүртээ компьютер, GPS, алх, ажлын иж бүрэн хувцас гээд хамгийн сайн чанартай эд зүйлсээр хангадаг. Мөн залуусынхаа хэлний мэдлэгийг нь ахиулахын тулд компани дээрээ англи хэлний багш ажиллуулдаг. Хүссэн хүн нь англи хэлний багшаар хэл заалгаж мэдлэгээ ахиулж болно. Мөн хөдөлмөр хамгаалалт гээд олон төрлийн сургалт явуулж, номын сан байгуулж, сурч боловсрох нөхцлийг нь хангаж өгдөг. Хэдийгээр би өөрөө бүгдийг нь хэрэглэж амждаггүй ч залуустаа ашиглуулах үүднээс олон улсын янз бүрийн мэргэжлийн байгууллагад элсэж, хэвлэл мэдээлэл ашиглах эрхийг нь авч өгдөг.

-Мэргэжлийн компани удирдан авч явахад хүндрэлтэй зүйл байдаг уу?


-Геологийн компанийн хувьд зах зээл, санхүүжилттэй холбоотой хүндрэлүүд үүсч байна. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурч уруудах цикл рүүгээ орлоо. Гэтэл ийм хямралтай үед өнгөрсөн жилээс эхлэн улстөрчдийн гаргаж буй янз бүрийн шийдвэрүүд нь нэрмээс болж, дотоодын компаниуд ажилгүй болж сөхөрч байна. Үүнээс өөр хүндрэл гээд байх зүйл бол алга.

-Геологийн хувийн компани байгуулан амжилттай ажиллахад хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Геологийн компани байгуулан амжилттай ажиллахын үндэс суурь нь ерөөсөө л итгэл даах чадвартай сайн мэргэжилтэнтэй болох явдал. Түүнийг дагаад хөрөнгө оруулагчид орж ирнэ гэсэн үг. Уг нь хувийн бизнес эрхлэх нь зөв л дөө. Гэхдээ манай зах зээл хязгаарлагдмал учраас уг асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс залуус эхний ээлжинд боломжийн компанид ажиллаж туршлага хуримтлуулах хэрэгтэй. Миний хувьд 15 жил мэргэжлээрээ ажилласны дараа хувийн компаниа байгуулсан. Манайд ажиллаж байсан залуусаас ахиухан мөнгө олохын тулд хувийн компани байгуулаад гарсан нь бий. Ажил нь урагштай байгаа нь ч байна, бас амжилтгүй яваа нь ч дуулдах юм. Ер нь мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ хандаж ажиллах ёстой. Хүн сонирхож дурласан ажил мэргэжилдээ амжилт гаргадаг. Түүнээс биш ирээдүйд геологи, уул уурхай ашигтай юм байна гээд энэ мэргэжлийг сонгож болохгүй. Манай компани олон орд олж, амжилттай ажиллаж байгаагийн гол түлхүүр нь мэргэжилдээ эзэн болсон сайн геологичдийн хүч хөдөлмөр юм.

-Монголын геологийн хувийн компаниудбайгуулагдаад төдийлөн урт хугацаа туулаагүй байна. Тэгэхээр дотоодын компаниудийн онцлог нь юу байдаг вэ?


-1990-ээд оны эхээр манайд геологийн салбар зогссон. Хүмүүс учраа олтлоо 4,5 жил будилж 1990-ээд оны дунд үеэс л хувийн компаниуд байгуулагдаж эхэлсэн шүү дээ. Дотоодын компаниудийн онцлог нь юутай харьцуулж байгаагаас шалтгаалах байх. Нэг үеэ бодвол үндэсний компаниуд аж ахуй, боловсон хүчний хувьд боломжийн хэмжээнд хүрсэн. Гагцхүү геологийн компани байгуулвал ашигтай юм байна гээд хязгаарлагдмал зах зээл дээр ажилгүй зогсч байгаа нь олон байгаа байх. Тухайлбал, манайд өрмийн маш олон компани байна. Тэднээс өрөмтэй болоод өрөмдөж чаддаг нь хэд байгаа вэ гэдэг нь бас л асуудалтай шүү дээ. Хамаг хөрөнгөөрөө үнэтэй тоног төхөөрөмж худалдан аваад зах зээлийн гадаад дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр ажилгүй зогсож байгаа нь олон. Тэднээс шалгарч гарвал цаашаа явна. Миний таньдаг Канад, Австралийн олон геологичид хос мэргэжилтэй байдаг. Тухайлбал, Том Драун гэдэг Канад геологич ажилгүй зогссон үедээ дунд сургуульд математикийн багшаар ажилладаг. Том компанийн ерөнхийлөгчид хүртэл давхар мэргэжилтэй байдаг юм билээ. Нэлээн нэртэй компанийн Австрали захирал байдал хэцүүдээд ажилгүй болох үед үхрийн ферм дээрээ ажилладаг байх жишээтэй. Ер нь геологичид өөр чиглэлийн давхар мэргэжилтэй болох хэрэгтэй, бид ч гэсэн энэ талаар бодох ёстой. Манайд үүнийг ойлгоод өөр салбарт ажиллаж хүнд үеийг давж байгаа хүмүүс бас байна.

-Үндэсний компаниудийн хувьд хоорондоо уялдаа холбоотой ажиллах, бие биедээ итгэж мэргэжлийн хувьд туслалцаа авч хамтран ажиллах тал дээр дутагдалтай байдаг гэж үзэх хүмүүс бий. Үүнтэй та санал нийлэх үү?


-Итгэлийг нэг дор олдог зүйл биш л дээ. Тухайлбал, манай компанийн ерөнхий геологич Нийслэлхүүг энэ салбарт ажилладаг хүн бүрмэднэ. Олон жил үр бүтээлтэй ажиллаж байж бусдад итгэл төрүүлдэг юм. Түүнээс дөнгөж шинээр байгуулагдсан хэний ч мэдэхгүй компанид тэр бүр итгэж ажил даалгахгүй шүү дээ. Тиймээс итгэл олж авахын тулд тухайн хүн өөрөө боломжийн компанид чухал албан тушаалд хүртлээ ажиллавал хүмүүс түүнийг таньж мэддэг болно. Хүний итгэлийг олж автлаа хөдөлмөрлөж зүтгэх хэрэгтэй.

-Үндэсний компаниуд санхүүгийн бүрэн чадамжтай болж хөл дээрээ босоход  тулгардаг хамгийн том бэрхшээл юу байдаг вэ?


-Ажилтай л байвал санхүү нь бэхжинэ шүү дээ. Шинэ тулгар байгуулагдаж буй компаниудийн хувьд яаралгүйгээр аажим аажмаар ажиллаж байж санхүүгийн чадамжтай болно. Гэхдээ бас “том” болсон ч санхүүгийн хувьд бүрэн найдвартай болохгүй. Тэр хэрээр л нүсэр зардал гарна. Үндэсний компаниудын өмнө тулгардаг гол бэрхшээл бол хөрөнгө оруулалт. Улсын хөрөнгө оруулалт үнэндээ алга.Тухайлбал, 1:50 000-ны масштабын геологийн зураглалын санхүүжилт нь чанартай ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхөөргүй хэмжээтэй байдаг. Аль болох бага төсвөөр ажиллах төсөл бичсэн нь тендерт ялдаг. Бидний хувьд1:50 000-ны масштабын геологийн зураглалын ажлыг бизнес гэж огт хардаггүй, үүнээс ашиг олдог ч үгүй. Үндэсний компанийн хувьд зураглалын ажилд оролцоё, олонд танигдах ёстой гэсэн үүднээс л уг ажлыг чанартай хийдэг. Тиймээс улсаас төсөвлөсөн мөнгөнөөс илүү зардал гаргаж байж тухайн ажлыг гүйцэтгэдэг. Энэ жилийн /2013 он/ тендерт гэхэд хөл дээрээ тогтсон гэхээсээ илүү жижиг 70 орчим компани оролцсон сураг дуулдсан. Тэгэхээр улсын төсвөөс илүү зарлагатай судалгааны ажлыг ямар хэмжээнд хийх нь тодорхой байх. Ийм үед улс биднийг дэмжихгүй байна гээд гоншгоноод суулгүй өөрсдөө зүтгэх л хэрэгтэй болоод байна. Гэхдээ төрөөс геологийн  салбарыг өөд нь татаж, үндэсний компаниудаа босгохын тулд дэмжлэг болохуйц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Үүний тулд улсын төсвийн үнэлгээг нэмэгдүүлэх хэрэгтэй ч одоогоор тэр хэмжээний санхүүжилт нь алга. Бид хийсэн ажлынхаа үнэлгээг удаан хүлээж байж арай гэж л авч байна. ЭЭдийн засгийг өсөлтөд хүргэх геологийн салбарт буруу бодлого явуулж байгаа учраас Монгол Улс хүнд нөхцөлд байгаа юм. Үүнтэй зэрэгцээд дэлхийн зах зээл хүнд байна. Манай улсын хувьд түүхий эдээ урд хөрш рүүгээ л гаргадаг. Гэтэл манайд тээвэрлэлтийн асуудал маш муу. Хятадууд манайхаас тээвэрлэлтийн өндөр зардалтай түүхий эд худалдан авч байхын оронд Австрали, Канадаас далайгаар авах нь тэдэнд илүү ашигтай нь ойлгомжтой. Бид нэгэнт л Хятадын цаана байгаа улс орнуудад ашигт малтмалаа хүргэж чадахгүй учраас тээвэрлэлтийнхээ асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл шалдар булдар зүйл яриад л хоорондоо маргаад байх юм.

-Гадны компаниудийн хувьд тухайн улсынхаа хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагт татах бүрэн боломжтой байдаг. Харамсалтай нь манай улсын хувьд одоо хэр нь ийм таатай нөхцөл бүрдээгүй байна. Ямар зүйлийг хэрхэн сайжруулвал энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж та боддог вэ. Ер нь хөрөнгө оруулагч олох, санхүүгийн чадамжтай болох асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Уг нь бид Монголын Хөрөнгийн бирж дээр гарч болох л байх. Гэхдээ геологи хайгуулын ажил хийж үйлчилгээ үзүүлэх, орд олоод түүнийгээ уурхай болгох хоёр тусдаа асуудал. Манайхан аль алиныг нь хослуулдаг. Одоогоор лиценз олголтыг зогсоосон учраас төвөгтэй болж. Хайгуул хийж орд нээхгүйгээр зөвхөн үйлчилгээний ажил эрхлээд хөрөнгө оруулагчийн мөнгийг буцааж өгнө гэвэл бэрх. Дэлхий нийт юуч үгүй төслийг “ногооноороо” гэж ярьдаг юм. Тийм төсөлд хөрөнгө оруулагч олно гэвэл хэцүү, бараг л боломжгүй зүйл.

Манайд хайгуулын олон компани хэрэггүй л дээ. Жил бүр ШУТИС, МУИС, Газарчин гэсэн гурван сургууль геологич бэлтгэн гаргаж байна. Ер нь нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихсан байдалтай байна шүү дээ.

-Хувийн хэвшлийнхэн гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж, компаниа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Харин гадаад зах зээлд гарах боломж хэр байдаг вэ?


-Гадаад зах зээлд гарахын тулд хэл маш сайн сурсан байх хэрэгтэй л дээ. Харамсалтай нь сайн геологичид хэлний мэдлэг муутай байдаг бололтой. Арай сэргэлэн, гадаад хэл эзэмшсэн нэг нь геологидоо тийм ч сайн биш байх юм. Ер нь хэл сурна гэдэг өөр төрлийн авьяас бололтой. Хэрэв дэлхийн зах зээл тогтвортой байгаад хэлний зохих мэдлэгтэй, барууны стандартыг ойлгосон байхад гадагшаа гарах боломжтой. Манай компани гадаад зах зээлд хараахан гараагүй байна. Харин “Геосан” компани Австралийн компанитай хамтраад гадаад улс оронд геофизикийн ажил хийж байгаа. “Айвенхоу майнз” компанид ажиллаж байсан геологичид Австралид ажиллаж байна.1996 оны үед Канадын компани орж ирж байх үед өрөмдлөгийн ажлыг Индонез, Филиппиний мэргэжилтнүүд хийдэг байсан. Харин өдгөө Монгол залуус уг ажлыг гардан хийж чадаж байна. Геологичдийн хувьд ч гэсэн гадаад улс орны гэхээсээ илүү Монголчууд ажиллаж байна шүү дээ.

-Ер нь цаашид төр засгаас ямар шинэчлэл хийснээр үндэсний геологийг бүрэн утгаар нь хөгжүүлж, дотоодын компаниудаа чадавхжуулах боломжтой болох вэ?

-Дотоодод хангалттай хөрөнгө байхгүй учраас гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр манай уул уурхай хөгжих боломж одоогоор алга. Үндэсний нэлээд хэдэн уул уурхайн томоохон компанитай болох хэрэгтэй байна. Харамсалтай нь манайд ийм нөхцөл алга. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрэггүй гэж түлхэж болохгүй. Австрали, Канад, АНУ-д хэдэн мянган уурхай байдаг. Тухайлбал, Австралийн “Супер пит” гээд далд уурхайгаас ил уурхай болсон олон жилийн түүхтэй алтны маш том уурхай байна. Тус уурхайн ирмэг нь Калгурли гэдэг хотын захын айлаас 150 метрийн зайтай оршдог. Бид нүүдэлчин соёлтой малчин хүмүүс. Тиймээс газрыг аль болох хөндөхгүй гэсэн сэтгэлгээ маань одоо хэр нь хадгалагдаад уул уурхайтай харшлаад байна.  Харин Австрали, АНУ, Канадад анхнаасаа газрын баягийг нь ашиглах гэж газар бүрээс цугласан хүмүүсээс бүрддэг болоод ч тэр үү, арай өөр ханддаг юм шиг ээ. Гадны улс орнуудад олон мянган уурхай үйл ажиллагаа явуулж байлаа гээд газар нутаг, байгаль сүйдэж мөхөөд байгаа зүйл алга. Манайхны хувьд байгаль орчноо хамгаалах шаардлага, технологийг нь хууль эрхзүйн орчноороо тас хийтэл хориглосон. Үүний тод жишээ нь “урт нэртэй” гэх хууль. Ингэснээр байгаль орчныг хамгаалсан гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Харин ч засаг захиргаагүй, эргээд буух эзэн хариуцагчгүй “нинжа” нарыг хөхүүлэн дэмжиж байна шүү дээ. Үүний оронд хариуцлагатай компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр ажиллаж болно. Хайгуулын жижиг компаниуд олборлогч компанийн адил ашгийн татвар төлж байна. Ийм байхад хайгуулын үндэсний компани өсөн дэвжих боломжгүй. Ер нь салбараа бүхэлд нь дэмжсэн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Уул уурхайн ашиглалтын улмаас байгаль орчин сүйдсэн нь үнэн. Гол нь хариуцлагаа өндөржүүлж, улстөржиж хийрхсэн, шийдвэрүүдээ зогсоох хэрэгтэй байна.Олон нийтээр хэлэлцүүлж буй “Ашигт малтмалын хууль”-ийн шинэчилсэн найруулгын хувьд геологичдоо дэмжсэн гэж ярих л юм. Хар ухаанаар бодоход хуулиар далайлгаж байгаад ажил олгоно гэж байхгүй биз. Уг нь дэлхийн жишгээр явах юм бол аяндаа зах зээл нь бүрдэх учиртай юм. Мэдээж квот тогтоож болно. Гадныхан бүгдээрээ “бурхан” байдаг юм биш. Ялангуяа дэлхий даяар уул уурхай хөгжиж буй энэ үед сайн геологичид үгүй болсон. Манайд чулуугаа ч танихгүй шахам гадны геологичид ирчихсэн явж байх л юм. Харин манай залуус хэлийг нь удаан сурч байгаа ч гадныхнаас сурах зүйлээ маш хурдан сурдаг. Хамгийн гол нь энэ салбарыг дэлхийн стандартын дагуу хөгжүүлэхэд дэмжсэн хууль эрхзүйн орчин хэрэгтэй байна. 

-Төр засгаас оновчтой зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас геологи, уул уурхайн үндэсний томоохон компаниуд олноороо төрөн гарч чадахгүй байна гэсэн үг үү?


-“Хайгуулын мэдээ” сэтгүүлээр дамжуулан геологичдийн санаа бодлыг төр засгийнханд хүргэж, ард түмэнд зориулан үнэн мэдээлэл түгээх шаардлагатай байна. Улстөрчид халааснаасаа унагасан зүйлээ буцааж авах гэж байгаа юм шиг хандах болж. Геологичдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон зүйлийг авах гээд хэрүүл хийгээд байхаар ард түмэн буруу ойлгоно шүү дээ.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.


Д.ОЮУНЖАРГАЛ