“Рио Тинто” компанийн ерөнхий геологич Б.Очирхуяг: Дотоодын компанид ч бизнесийн тогтвортой орчин хэрэгтэй
“Рио Тинто Холдингс” компанийн ерөнхий геологич Б.Очирхуягтай ярилцлаа. Тэрээр гадны компанид ажиллаж өөрийн болон Монголын геологичдийн нэр хүндийг өндөрт өргөж яваа нэгэн. Б.Очирхуяг геологичтой ярилцаж суухдаа Монголынхоо бүхий л газар нутгаар явж үзсэнд нь бахархахын зэрэгцээ геологийн шинжлэх ухааныг Монголчууддаа яаж зөв талаас нь ойлгуулах вэ гэсэн асуултыг өөртөө тавьж байсан юм.
“Рио Тинто Холдингс” компанийн ерөнхий геологич Б.Очирхуяг:
Гадны гэлтгүй дотоодын компанид ч хууль эрхзүйн таатай, бизнесийн тогтвортой орчин хэрэгтэй
“Рио Тинто Холдингс” компанийн ерөнхий геологич Б.Очирхуягтай ярилцлаа. Тэрээр гадны компанид ажиллаж өөрийн болон Монголын геологичдийн нэр хүндийг өндөрт өргөж яваа нэгэн. Б.Очирхуяг геологичтой ярилцаж суухдаа Монголынхоо бүхий л газар нутгаар явж үзсэнд нь бахархахын зэрэгцээ геологийн шинжлэх ухааныг Монголчууддаа яаж зөв талаас нь ойлгуулах вэ гэсэн асуултыг өөртөө тавьж байсан юм. Ингээд та бүхэндээ “Рио Тинто Холдингс” компанийн ерөнхий геологич Б.Очирхуягтай ярилцсан сонирхолтой ярилцлагаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та геологич мэргэжлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Би 1992 онд ШУТИС-ийг геологич инженер, хүдэр судлаач мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 21 жил мэргэжлээрээ ажиллаж байна даа.
-Геологич мэргэжлийн сайхан нь болоод хэцүү нь юу байдаг вэ?
-Сүүлийн үед геологи, уул уурхайг хольж хутгаад нэг л салбар мэт ойлгодог болчихоод байна. Уг нь геологийн шинжлэх ухаан тусдаа, уул уурхай тусдаа ойлголт. Геологич болохын сайхан нь юу гэхээр геологи бол байгалийн шинжлэх ухаан. Дандаа танин мэдэхүйн шинэ зүйлтэй учирч байдгаараа сонирхолтой. Байгалийн суурь шинжлэх ухаанууд болох математик, физик, хими бүгд батлагдсан теором, онолтой байдаг. Геологид бол тийм зүйл байхгүй. Бүх онол, таамаглал нь импирикээр явж байдаг. Тийм ч байж болно, үгүй ч байж болно. Мөн геологич хүн дандаа эрүүл агаарт, байгальтай харьцаж байдаг. Эрүүл агаарт, байгалийн сайханд ажлаа хийгээд явж байх нь их сонирхолтой л доо.
Хэцүү нь гэвэл мэдээж хээр хөдөө цаг наргүй ажиллана. Байгалийн гэнэтийн янз бүрийн бэрхшээлүүд тохиолдоно. Тэр болгонд өөрөө бэлтгэлтэй явах хэрэгтэй. Сүүлийн үед зохиомол бэрхшээлүүд их олон боллоо. Судалгаа хийх гээд хөдөө явахаар хүмүүс хүрз барьсан нөхөр ирээд л ухах гэж байна гэж ойлгоод байдаг нь их бэрхшээлтэй болсон. Би үүнийг зохиомол бэрхшээл гэж хардаг. Ер нь геологийн судалгаа бол юу юугүй ухаад байдаг юм бол биш, танин мэдэхүйн чанартай судалгаа юм.
-Зохиомол бэрхшээлүүд юунаас болж үүсч байна вэ?
-Арваад жилийн өмнө намайг улсын байгууллагад ажиллаж байхад нэг судалгаа хийж байсан юм. Геологич мэргэжлээр төгссөн хичнээн хүн байна, идэвхтэй ажиллаж байгаа хэдэн хүн байна гэж судлахад 20 гаран мянган геологич бэлтгэгдсэнээс мэргэжлээрээ ажиллаж байгаа 4-5 мянган геологич байна гэсэн багцаа гарч байсан санагдаж байна. Одоо чухам ямар харьцаатай байдгийг мэдэхгүй байна. Гэхдээ тэр тоо одоо нэг их өөрчлөгдөөгүй байх аа. Тэгэхээр нийт хүн амтайгаа харьцуулахаар 20 мянган геологич гэхээр чамлахаар бага тоо. Ер нь геологийн шинжлэх ухаан, судалгааны ажлыг ойлгодог нь цөөхөн болсон. Ард түмэнд геологийн судалгаа гэж юуг хэлэх вэгэдгийг таниулж байх ёстой юм л даа. Хүмүүс мэдлэггүйгээс болоод геологийг уул уурхай гэж ойлгодог. 1990-ээд оноос өмнө манай улсад Эрдэнэтийн зэс-молибдений, Бор-Өндөр, Бэрхийн хайлуур жоншны, Адуун чулуун, Шарын гол, Багануурын нүүрсний уурхай зэрэг цөөхөн хэдэн уул уурхайн үйлдвэр байсан. Уурхайнуудыг түшиглэсэн жижиг суурин газар үүсч, тэнд ажилладаг мэргэжилтнүүд нь ч цомхон байж. Харин 1990 оноос хойш Засгийн газраас “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж хөдөөнийхний хэлдгээр машинаа унаж, хүрзээ үүрсэн геологичид алт олборлогчид болсон. Өөрөөр хэлбэл геологичид алт олборлохоор уул уурхай руу хальтирч орсон гэсэн үг. Тэд анх хөдөө очихдоо өөрсдийгөө геологич гэж танилцуулсан хэрнээ хүрз бариад газар ухахаар хүмүүс геологийг уул уурхай гэж ойлгодог болсон болов уу гэж би хувьдаа боддог юм.
-Ер нь геологийн шинжлэх ухааныг олон нийтэд таниулахад төрийн бодлого дутагдаад байдаг юм биш үү?
-Намайг дунд сургуульд сурч байхад “Түмэн бодис” нэртэй байгалийн шинжлэх ухааны хичээл ордог байсан. Мод гэж юу вэ, ямар зүйлийг чулуу гэж нэрлэдэг вэ зэргийг зааж, хүрээлэн буй орчинтой танилцуулсан хичээлүүд түлхүү ордог байж. Харин өнөө үед ийм төрлийн хичээл дунд сургуулийн сургалтанд байдаг юм уу. Манай хүүхдүүдэд лав ордоггүй юм шиг байна лээ. Ийм байдлаас болж хүүхдүүд багаасаа геологийн тухай ойлголтгүй болж байна. Харин бидний үед биологи, геологио ялгадаг, ядаж мэргэжлээ сонгохдоо суурь ойлголттой байдаг байлаа.
-Харин одоо бол жирийн иргэд гэлтгүй улстөрчид нь хүртэл геологи, уул уурхайгаа ялгаж салгаж ойлгохгүй байна шүү дээ?
-Улстөрчдийн хийх ёстой ажил нь шийдвэр гаргаж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх. Тиймээс тухайн салбарын онцлогийг сайтар судалж, үндсэн мэдлэгтэй болж байж хуулиа боловсруулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл мэдлэг дутуу, буруу ташаа ойлголтоороо хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ярьж, хэлснээс болоод эргээд ард түмний тархийг буруу мэдээллээр угааж байна. Ялангуяа хөдөөнийхөн зурагтаар үзсэн мэдээлэлдээ итгэж, геологичдийг судалгаа шинжилгээ хийхээр очиход ажилд нь саад учруулж, зохиомол бэрхшээлүүдийг үүсгэж байна.
МАНАЙХ ШИГ НИЙЛМЭЛ ТОГТОЦТОЙ ОРОНД ОЮУТОЛГОЙ ШИГ
ХЭТИЙН ТӨЛӨВТЭЙ ОРДУУДЫГ НЭЭХ БОЛОМЖТОЙ
-Та бол геологи, уул уурхайн гадаадын олон компанид ажиллаж байсан хүн. Анх хэдэн онд, гадаадын ямар компанид ажиллаж байв?
-Анх улсын болон хувийн компанид ажиллаж байгаад 2003 оноос гадаадын компанид ажиллаж эхэлсэн. “Англо гоулд”, “BHP Billiton” зэрэг компаниудад ажилласан.
-Улсын болон хувийн, гадаадын компанид ажиллахын хамгийн том ялгаа нь юу байдаг вэ?
-Улсын, хувийн, гадаадын компанид ажиллахад зарчмын хувьд их ялгаатай байдаг. Миний хувьд улсын компанид ерөнхий геологичоор ажиллаж байх үед тухайн жилдээ төсөвлөсөн улсын төсвийн хөрөнгөөр л геологийн судалгаа, зураглалын ажил хийдэг байлаа. Тиймээс зарим тохиолдолд илүү сайн судлах гэхээр төсөвлөсөн мөнгө хүрэхгүй байх бэрхшээл их тулгардаг байсан. Харин хувийн компани ялангуяа гадны компанийн хувьд эдийн засгийн ямар нэгэн хүндрэл байхгүй. Гадны хөрөнгө оруулалт гэхээр л хүмүүс ихэвчлэн эдийн засгийнх нь үр өгөөжийг хараад байдаг юм шиг надад санагддаг. Гэтэл хөрөнгө мөнгөний зэрэгцээ асар их оюуны хөрөнгө оруулалт хийдэг гэж би хувьдаа боддог. Ер нь гадны компанид ажиллахын давуу тал нь хувь хүнийг мэдлэг, чадварын хувьд маш сайн боловсруулдаг.
-Гадны компанид ажиллаж буй манай геологичдийн мэргэжлийн ур чадвар хэр хэмжээнд байдаг вэ?
-Миний бодлоор боловсролын системтэй холбоотойгоор дээд сургууль төгсөн ажилд орж буй залуусын хувьд юм юман дээрээ л гологдоод байх шиг ээ. Манай улсын хувьд барууны боловсролын системийг нэлээд хуулбарласан. Ингэхдээ оюутнуудыг бие дааж сурахад илүү анхаардаг учраас чөлөөт цаг ихтэй, мэдлэг олж авах тал дээр дутмаг байх шиг. Тиймээс шинэ боловсон хүчин ажил дээр гараад их гологдож байна. Биднийг их сургуульд сурч байхад “Чи үүнийг сайн судалж, эзэмшиж чадахгүй бол сургуулиа төгсөхгүй шүү” гэж шахдаг байсан. Ийм арга барилаар боловсрол эзэмшсэн бидний үе болоод өмнөх үеийн геологичид маш чанартай байсан. Миний өмнөх үеийн геологичид гадны компанид ажиллахад ганцхан хэлний бэрхшээл тулгардаг. Түүнээс ур чадвар, мэдлэг мэргэжлийн хувьд хаана ч гологддоггүй. Харин шинээр төгсөж буй хүүхдүүдэд геологийн суурь мэдлэг дутагддаг. Гэхдээ бас оюутнуудыг бүгдийг нь муу гэж хэлэхгүй. Тэдний хувьд компьютер эзэмшин, хэлний боловсролоо хөгжүүлж байна.
-Зах зээлийн нийгэмд шилжсэн эхэн үед юм бүхнийг дур зоргоороо хийдэг байсан. Харин сүүлийн үед бүх зүйл голдрилдоо орох гээд л байх шиг байгаа юм. Боловсролын салбар ч гэсэн шинэчлэгдэж, төлөвших шатандаа явж байна. Энэ нь оюутнуудын чадварт нөлөөлсөн болов уу?
-Социализмийн үед тэтгэлэг олгодог байсан учраас тухайн үеийн оюутнууд хоол, хувцсандаа бус зөвхөн сурлагадаа л анхаарч, санаа тавьдаг байлаа. Харин өнөөгийн оюутнууд хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө бусад хэрэгцээний мөнгийг олохын тулд ажил хийж байгаа нь сурлагынх нь чанарт нөлөөлж байгаа.
-Таныг геологи, уул уурхайн гадаадын томоохон компаниудад ажиллаж, олон ордыг үзэж танилцсан гэж сонссон. Ямар төрлийн ордууд дээр ажиллаж байв, дурсамжуудаасаа хуваалцвал?
-Анх 2003 онд “Англо гоулд” компанид ажилласан. Тэр цагаас эхлэн порфирийн ордын судалгааны чиглэлээр ажиллаж байна. Миний хувьд дэлхийн нэлээд хэдэн ордыг үзсэн. Порфирийн төрлийн ордууд арлан нумд үүсдэг учраас яг тэр бүс нутагт хамаарах Чили бол дэлхийн хамгийн сонгодог жишээ. Яг өнөөдөр ч гэсэн тэнд ашигт малтмалын орд үүсч, том ордууд нээгдэж, судалгаа хийгдэж байна. Миний хувьд тэдгээр ордуудаар явж үзсэн. Ингэж явах үедээ порфирийн орд, түүний гарал үүслийн талаар судалгаа хийсэн Англи улсын иргэн, дэлхийд алдартай доктор, профессор Ричард Силлитое гэдэг хүнтэй ажиллах хувь завшаан тохиосон юм. Түүнтэй сар орчмын хугацаанд Чилийн сонгодог ордуудад зочилж, кернийн бичиглэл хийж, ордын тогтоцын онцлогыг заалгасан. Миний хувьд маш их зүйл сурсан. Мөн Австралийн нэлээд хэдэн алтны болоод порфирийн ордуудыг үзэж, зарим дээр нь ажиллаж байлаа. Гадны олон оронд ажиллаж байсан. Тухайлбал, Казахстаны порфирийн төслүүдэд хоёр жил орчим, түүний дараа Индонезийн Суматра арал дээр порфирийн төслүүд дээр ажилласан. Суматрийн хувьд одоо хэр нь шинэ орд үүсч буй идэвхтэй далайн арлан нум гэдгээрээ үнэхээр сонирхолтой. Гадны ордууд дээр өөрийн биеэр очиж үзэхээс гадна сонгодог ордуудын материалыг уншиж танилцдаг. Гэхдээ зуун удаа сонсохоор нэг удаа үз гэдэг үг байдаг даа. Нүдээрээ үзэх нь илүү агуу л даа.
-Та яг одоо ямар орд дээр очиж үзэхийг хүсч байна вэ?
-Индонезийн Грасберг гэж 4000 орчим метрийн өндөрт өргөгдсөн алт, зэсийн том орд байдаг. Тэр ордыг очиж үзэхийг хүсч байна.
-Оюутолгойн бүлэг ордын нөөцийн хэмжээний талаар геологичдийн ихэнх нь ойлгож байгаа. Мэргэжлийн бус зарим хүмүүс дэлхийн хамгийн том орд гэж ойлгодог бололтой. Дэлхийд олдоод буй порфирийн томоохон ордоос хүдрийн нөөцөөрөө манай Оюутолгой хэддүгээрт орох бол?
-Оюутолгойн хувьд алт, зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний тавд ордог. Ийм төрлийн ордууд бол дэлхий дээр бий. Миний мэдэхийн Чилийн Чукикамата гэж 100-аад жил ашиглаж байгаа орд бий. Түүнийг одоо ч ашиглаж байна. Мөн “El Teniete” байна. Эдгээр том ордуудын ихэнх нь Чилид байдаг.
-Оюутолгой ордыг ер нь хэдэн жил ашиглах бол?
-Миний хувьд Оюутолгой ордын техник эдийн засгийн үнэлгээг үзэж танилцаагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. 70 жил ашиглана гэсэн тооцоог багцаатай л болов уу гэж бодож байна. Ер нь ордын ашиглаж явах хугацаанд давхар судалгааны ажил хийгдэж байдаг учраас одоо тогтоосон нөөц болоод ашиглах жилийн хувьд нэмэгдэж болно. Жишээлбэл, миний түрүүн дурьдсан Чилийн Чукикамата ордын хувьд анх тогтоосон нөөцөө ашиглаж явахдаа судалж, эргэн тойронд нь орд нээснээр одоо хэр нь ашиглаад явж байна. Хүмүүс Оюутолгойг 70 жил ашиглаад л дуусах юм байна гэж ойлгоод байдаг. Үнэндээ шинээр дахин нөөц нээж илрүүлэх боломж бий. Тиймээс би геологич хүнийхээ хувьд Оюутолгойн нөөц цаашид нэмэгдэнэ гэж бодож байна.
-“Рио Тинто” компани Монголд ямар төслүүд дээр ажиллаж байна. Төслүүд нь судалгааны ямар түвшинд явж байгаа вэ?
-Миний хувьд “Рио Тинто”-гийн хайгуулын судалгааны багт ажилладаг. Манай баг Монгол Улсад Эрдэнэт шиг, Оюутолгой шиг өөр энэ төрлийн орд байна уу гэдгийг судалж, өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахаар ажиллаж байна. Ялангуяа порфирийн орд нь өндөр агуулгатай, нөөц ихтэй байдаг учраас дэлхий нийтээрээ сонирхдог. Миний хувьд ийм төрлийн өөр орд манай улсад байгаа эсэхийг олж тогтоохыг зорьж явна.
-Манайд порфирийн орд хичнээн байдаг вэ?
-Манай улсад нээгдсэн хамгийн анхны порфирийн орд бол Эрдэнэт. Тус ордын хувьд Оюутолгойгоос нөөцөөрөө хэд дахин бага ч гэлээ 1960-аад онд нээгдсэн, анхны уулын үйлдвэр гэдгээрээ ач холбогдолтой. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль гарснаар Эрдэнэтийн орчим геологийн хайгуул судалгаа хийх ажил үндсэндээ зогссон. Уг нь Оюутолгой шиг системтэй судалгаа хийсэн бол Эрдэнэтэд зэсийн өөр орд нээгдэх боломж байсан болов уу гэж судлаач хүнийхээ хувьд боддог юм. Ер нь хөрөнгө мөнгөний боломж байдаг бол энэ төрлийн судалгааг хийх хэрэгтэй л дээ. Оюутолгойн орд гэхэд л анх төв Оюуг нь нээж байсан. Улмаар ойр орчимд нь судалгаа хийснээр ил гараагүй ордуудыг нь нээсэн шүү дээ. Одоогоор илрүүлээд байгаа нь Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, Хармагтай, Зуун модны порфирийн ордууд байна.
-Ер нь ордын судалгааг ямар аргачлалаар хийвэл илүү үр дүнтэй байдаг вэ?
-Геологийн судалгаанд олон арга, аргачлалыг ашигладаг. Нэгдүгээрт, маршрутын судалгаа буюу нүдээр ажиглалт хийнэ. Түүний дараа сорьц, дээж авч янз бүрийн аргаар шинжилж, ашигт малтмал байгаа эсэхийг тогтооно. Монгол орны геологийн тогтоцд нэг том онцлог бий. Энэ нь юу гэхээр, миний түрүүний ярьсан Чилийн ордуудын хувьд тектоникийн структур нь анх үүссэн яг тэр хэлбэрээрээ хадгалагдаж үлдсэн бүс нутаг юм. Харин манай улсын хувьд тектоникийн структур нь анх яг тэдэнтэй адил үүссэн ч дараа дараагийн хүчтэй тектоник хөдөлгөөний үед янз бүрийн байдлаар шилжсэн. Тиймээс тэр олон онцлогийг нь харгалзан үзэж ашигт малтмалын ордыг илрүүлэхэд тектоникийн структурийг нь сэргээн тогтоож, судлах шаардлагатай. Энэ онцлогоосоо шалтгаалаад геологийн судалгаа, хайгуулын ажилд тандан судалгаа, гадаргуугын болон геохими, геофизикийн гээд бүх аргыг хэрэглэх ёстой. Сүүлийн үед хими, физикийн шинжлэх ухаан эрчимтэй жөгжиж, янз бүрийн шинжилгээний аргууд гарч байна. Ялангуяа порфирийн ордын хувьд энэхүү дэвшилтэт арга, аргачлалыг өргөн хэрэглэж байна. Үүнийг гадны томоохон компаниуд ашигладаг. Гадны компанид ажиллаж байгаагийн хувьд энэ талын мэдээлэл арай илүү байдаг. Харин яг Монголын нөхцөлд энэ дэвшилттэй аргачлалуудыг хэрэглэх тал дээр учир дутагдалтай байна. Уг нь зах зээлийн нийгэмд аль ч улстай харилцах боломжтой болсон учраас хаанаас ч тэрхүү арга, аргачлалыг хуулбарлах, лицензийг нь авах боломжтой. Тэгвэл манайх шиг нийлмэл тогтоцтой оронд дараа дараагийн Оюутолгой шиг хэтийн төлөвтэй ордуудыг нээх боломжтой болох юм.
ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ОЛБОРЛОЛТООСОО
20 ЖИЛИЙН ӨМНӨ ЯВАХ ЁСТОЙ
-Тэгээд яагаад манай үндэсний компаниуд энэ аргачлалыг ашиглахгүй байгаа юм бол?
-Нэгдүгээрт зохиогчийн эрхийн асуудал тулгардаг. Хоёрдугаарт нэлээд үнэтэй технологи учраас тэрхүү технологийг худалдан авах чадамжтай Монгол компани цөөхөн байдаг. Өнөөдөр манайд геологийн судалгааны ажил их хоцрогдсон, бодлого нь алдагдсан байна. Уг нь геологийн судалгаа нь олборлолтоос 20 жилийн өмнө явах ёстой. Гэтэл өнөөдөр уул уурхайнхаа хойноос хөөгөөд гүйгээд байна. Тиймээс шинэ арга аргачлал ашиглахын тулд хөрөнгө зарцуулж, бодлогоор дэмжих хэрэгтэй.
-Порфирийн төрлийн орд геологи-геодинамикийн ямар нөхцөлд үүсдэг вэ. Энэ төрлийн орд нөөцийн хэмжээгээрээ асар их байдаг. Үүнээс өөр ямар онцлогууд байдаг вэ?
-Энэ төрлийн ордын тухайд арлан нумын структурт үүсдэг. Арлан нумыг их газрын идэвхтэй болоод далайн гэж хоёр ангилдаг. Мөн коллизийн шатанд үүсэх тохиолдол бий. Ер нь тектоникийн хувьд энгийнээр хэлэхэд порфирийн орд нь шахалт структурийн нөхцлөөр үүсдэг. Энэ ордод байдаг онцлог нь дэлхийн чулуулаг царцдас дахин хайлж шахалтын нөлөөгөөр дифференциацлагддаг гэсэн үг. Түүний дээд хэсэг нь газрын гадарга дээр галт уул хэлбэрээр харагдаж, доор нь байгаа эрдэс баялаг нь физик, химийн хуулиар царцах хэлбэрт ордог. Үүнтэй холбоотойгоор порфирийн ордын дээд талд маш их хувирлын бүс үүсдэг. Энэ нь эрлийн асар том шалгуур болно. Уг хувирлын бүс нь өөрөө онцлог тогтоцтой байдаг учраас түүнийг таньж мэдсэнээр бидний хайгаад буй эрдэс хаана байгааг мэдэх боломжтой байдаг юм.
-Эпитермаль ордын геологийн тогтцын онцлог ямар эрлийн шинж тэмдэгтэй байдаг вэ?
-Эпитермаль ордыг сульфидаар баян болон ядуу төрөл гэж хоёр ангилдаг. Сульфидаар баян төрлийн ордууд нь порфирийн системийн дээд хэсэгт үүсдэг. Харин ядуу төрөл гэж порфирийн системээс нэлээд алс зах руу үүссэнийг хэлнэ. Монголд ийм потенциаль бий. Миний хувьд энэ төрлийн нэлээд хэдэн илрэлийг очиж үзэж байлаа. Тэдгээр илрэлүүдийн хэтийн төлөв нь хараахан тодорхой болоогүй байна. Тиймээс сайн судалгаа хийх хэрэгтэй. Монголын газар нутгийн геологийн тогтоц нь тодорхой цаг үед үүсч, дараа дараагийн тектоник хөдөлгөөнөөр нийлмэл атираат тогтоцтой болсон ба дараа нь тодорхой хэмжээний тэлэлт явагдсан учраас цэрдийн цаг үед нэлээд их хучаас хурдас үүссэн байдаг. Тиймээс энэ олон хучаасын дор асар их потенциаль байгаа гэж би хувьдаа боддог юм. Хэдийгээр бид тэрхүү хучаасыг нэвт харж чадахгүй байгаа ч тийм арга агачлал бий болж байна. Геофизикийн судалгаагаар үзэж болно. Ер нь тектоникийн структурийн тайллыг маш сайн хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол орны тектоникийн анх байсан орчинг нөхөн сэргээж тайллыг хийх хэрэгтэй гэсэн үг л дээ. Ингэснээр хаана юу хадгалагдаж үлдсэнийг таньж мэдэх боломжтой болох юм. Манайд эпитермаль ордын судалгаа үнэхээр түүхий байна. Ялангуяа алтны сульфидаар баян төрөл дээр их ядуу. Өөр нэг эпитермаль төрөл нь тэлэлтийн процесст үүсдэг хайлуур жоншны судлууд юм. Уг ордууд Төв болон Дорнод Монгол руу нэлээд сайн судлагдсан. Ер нь тэгээд ухаад дуусч байгаа юм биш үү.
-Уг ордын тухайд ямар эрлийн шинж тэмдэгтэй байдаг вэ?
-Эрлийн шинж тэмдгийн тухайд порфирийн ордын хувиралтай үндсэндээ адилхан. Ерөнхий шинж тэмдэг нь ижил гэсэн үг. Гэхдээ цар хэмжээ далайцын хувьд өөр. Үүнийг мэргэшсэн нүдээр харж таних ёстой л доо.
-Манай орны хилд ойрхон Хятад, Оросын нутагт олдсон ордуудыг агуулж байгаа структур, геологийн тогтоц Монгол руу үргэлжлэн орж ирж байгаа. Эдгээрээс таны сонирхлыг татсан газрууд ямар газрууд байна?
-Оюутолгой бол том нээлт учраас тухайн бүс нутаг олон хүний сонирхлыг татсан. Оюутолгой хувьд девоны настай. Тиймээс хүмүүс тэр төрлийн насны хурдас чулуулгыг мөрдөж хөөх сонирхолтой болжээ. Зарим хүмүүс Хятадыг дайруулаад Казахстаны нутаг руу давуулсан зураг хүртэл зурсан байсныг үзсэн. Уг нь ингэж зурдаг бүс биш л дээ. Үнэхээр тэгж зурж болдог байсан бол Чилийн бүх структурийг урдаас нь эхлээд хойш нь зурах л байсан шүү дээ. Ер нь тухайн структур тасралтгүй үргэлжилдэггүй, нэг газраа тасарч, өөр хэсгээс дахин үргэлжилдэг. Геологийн тогтоц нь хадгалагдаад үлдсэн Чилийн бүс нутагт ийм байхад манайх шиг нийлмэл тогтоцтой оронд тасралтгүй үргэлжилнэ гэж байхгүй. Оюутолгойн ордын агуулагч тектоникийн бүс нь Хятадын нутгаар дамжаад Казахстан руу үргэлжилж байгаа нь үнэн. Гэхдээ үргэлжлээд биш, тасарсан байдалтай байгаа. Тиймээс тектоникийн тайллын судалгааг сайн хийх хэрэгтэй юм. Миний хувьд Тан-шань бүсийг сонирхож байгаа. Энэ бүс нь нэлээд том алтны ордуудтай, дэлхий дахинд гайхагдаж шуугиан тариагүй ч нөөц нь тогтоогдсон коририйн ордуудыг агуулсан байдаг. Энэ бүсийн үргэлжлэл нь манай орны өмнөд хэсгээр орж ирдэг боловч Дархан цаазат газар ордог учраас бидэнд судалгаа хийх боломж байхгүй. Харин би 1990-ээд оны дунд үед улсын төсвийн хөрөнгөөр Дархан цаазат газруудад геологийн судалга, үнэлгээ өгөх ажил хийж байх үед асар их потенциальтайг нь хараад сонирхол төрж л байлаа. Гэхдээ энэ бүхнийг заавал олборлох албагүй шүү дээ. Сайхан судалж, бүгдийг нь мэдэх ёстой. Энэ бол бидний бахархал шүү дээ. Сүүлийн үед Оюутолгойн ордоос болоод нэг зүйлийг орхигдуулаад байгаад би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. Тэр юу гэхээр уг орд бол девоны настай. Геологичид энэ насны хурдас чулуулгаас л дараагийн Оюутолгойг хайгаад байх юм. Гэтэл түүнээс залуу ордууд байж болно шүү дээ. Тухайлбал, Эрдэнэтийн зэсийн орд пермтриасын настай, Оюутолгойгоос залуу гэсэн үг. Тиймээс энэ насны порфирийн ордуудыг хайх ёстой юм. Дорнод Монголын хилийн дөнгөж цаад талд Хятадын “Вүнүгүтүшан” гээд орд байна. Энэ порфирийн орд нь Эрдэнэтээс насны хувьд хамаагүй залуу. Манайд ийм орд байх геологийн нөхцөл нь Дорнод Монголд байна. Дорнод аймгийн Дашбалбар суманд ийм порфирийн орд байна. Харамсалтай нь хятадууд л олборлоод байх шиг байгаа юм. Гэхдээ тэд ордынхоо төрөл зүйлийг сайн ойлгоогүй юм билээ. Ашигт агууламж нь ямар байна вэ гэдгийг нь хараад бушуухан шиг ухаж авах сонирхолтой юм билээ.
-Таны хувьд Монголын газар нутагт очоогүй газар, үзээгүй орд гэж бий юу?
-Миний хувьд хамгийн зүүн хэсэг болох Халхын гол, Нөмрөгийн голоос бусад аймаг, сум, баригадаар явж үзсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байсан судалгааны ажлуудад оролцож, Монгол орныхоо дархан цаазтай газраар явж үзэх хувь тохиож байсан юм. Миний очиж үзээгүй газар болох Халхын гол их сайхан нутаг гэдэг юм билээ. Тиймээс тун удахгүй очиж үзнэ дээ.
-Харин үзээгүй орд, геологийн тогтоц бий болов уу?
-Үзээгүй орд, геологийн тогтоц гээд хэлэхэд хэцүү л юм. Хувийн компаниудийн хийсэн судалгаа нээсэн ордуудыг очиж үзэхийг хүсдэг. Хэдийгээр бүх газруудаар явж үзсэн ч шинэ зүйл байнга нээгдэж байдаг учраас үзээгүй зүйл их байгаа байх.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛСАН НЬ САЙШААЛТАЙ Ч ҮҮНЭЭС ҮҮДСЭН ЦОХИЛТ
АЛЬ ХЭДИЙНЭ НЭМЭГДСЭН
-Гадаадын хөрөнгө оруулалттай зарим компаниуд гараад явчихлаа. Олон арван геологичид ажилгүй болж байна. Тэгэхээр бид ямар арга хэмжээ авбал дээр бол. Энэ асуудлыг яаж хэвийн үргэлжлүүлэх ёстой вэ?
-Геологийн судалгаа хийхээр орж ирж буй гадны компаниуд юу юугүй ашигт малтмал олборлохгүй шүү дээ. Ер нь цэвэр олборлолт явуулах компани цөөхөн байдаг. Жишээлбэл, гаднаас 10 компани орж ирлээ гэхэд ганц хоёр нь л олборлох сонирхолтой байдаг. Дийлэнх нь судалгаа хийж, олборлогч компаниуддаа бэлдэж өгдөг. Тиймээс гадны компаниудийг айхтар хязгаарлаад байх хэрэггүй. Ялангуяа том ордуудыг нээхэд 400 оролдлого хийхэд нэг нь л бүтэлтэй болдог. Би насаараа оролдлого хийж байна. Манайхан геологи, уул уурхай хоёрыг хольж ойлгодог учраас гадны компаниуд олборлолт хийх гэж байна гэж ойлгодог. Уул уурхайн компанийн хувьд төрийн зохицуулалт байх ёстой. Харин геологийн судалгааны компаниудад боломж олгох хэрэгтэй. Тэд эрсдэлээ үүрч, хөрөнгө хаяж судалгаа хийдэг. Хүмүүс гадны компани манай ашигт малтмалыг судлаад хөрөнгийн бирж дээр гаргасан байна гэж ярих юм. Уг нь судалгаа хийж буй жижиг компаниуд хийж буй ажлаа рекламдаж байж л хөрөнгийн эх үүсвэртэй болдог юм. Ер нь жижиг компани олборлолт явуулдаггүй. Дэлхий дээрх том компаниуд сүүлийн 10-20 жилд хийсэн нээлт гэхээр маш цөөхөн байдаг. Учир нь тэд яг акул шиг жижгийнхээ олсон зүйлийг үмхэх гээд хүлээгээд сууж байдаг юм. Ихэвчлэн жижиг болон дунд компаниуд шинэ ордуудыг нээдэг. Оюутолгойг ашиглаж буй “Айвенхо Майнз” компанийн хувьд дунд хэмжээний компани учраас хэзээ ч дангаараа тэрхүү ордыг ашиглаж чадахгүй байсан. Тиймээс бүх судалгааг нь хийгээд “Рио Тинто”-д олборлох санал тавьсан. Ер нь ийм зарчмаар л явагддаг. Тиймээс орж ирж буй гадны компаниуд судалгаа болон олборлолтоор нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэрнээс бүгдийг нь хөөж гаргаад байж болохгүй шүү дээ. Манай улсын хувьд Гадны хөрөнгө оруулалтын тухай хууль болоод лиценз олголтыг хорьсон нь энэ байдалд нөлөөлсөн болов уу. Ашигт малтмалын хууль гаргах гээд л дуншаад байна. Энэ нөхцөл байдлаас болж хөрөнгө оруулалт саарч, зогсонги байдалд байна шүү дээ. 1997 оны “Ашигт малтмалын тухай” хуулийг гадны хөрөнгө оруулалтыг асар ихээр татсан боломжийн хууль байсан гэж би хувьдаа боддог. Уг хуулийн дараа 2004 онд дэлхий нийтийн эдийн засгийн хямрал болж, манайх Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг гаргасан. Ийм байдлуудаас болоод гадны компаниуд манайхаас хөрөнгөө татаад гарсан. Тиймээс хууль эрх зүйн орчноо нэг чангалаад, сулруулаад байж болохгүй. Гадны гэлтгүй дотоодын компанид ч хууль эрх зүйн таатай, бизнесийн тогтвортой орчин хэрэгтэй шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь сайшаалтай ч, үүнээс үүдсэн цохилт аль хэдийнэ мэдрэгдсэн. Ер нь нэгэнт хөрөнгөө татаад гарсан гадны компани буцаж орж ирэх эсэх нь тодорхойгүй. Орж ирлээ ч гэсэн нэлээд хугацаа зарцуулах болов уу.
-Хөрөнгөө татаад гарсан компани орж иртэлээ нэлээд удна. Тиймээс энэ байдал бараг 4-5 жил үргэлжилнэ гэх юм. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Миний хувьд эдийн засагч биш учраас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль батлагдахад гадны компаниуд манайхаас хөрөнгөө татаад гараад явсан. Тэр байдал цэгцэрч сэргэхэд 3 жил зарцуулсан шүү дээ. Тиймээс энэ удаа ч гэсэн ийм л багцаатай байх болов уу. Ер нь хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Тэр дундаа судалгаа хийхээр орж ирж буй гадны компаниуд дэмжих ёстой. Харин олборлолт хийхээр орж ирсэн компаниуд хувьд аль аль талдаа харилцан ашигтайгаар шийдвэрлэх хэрэгтэй.
-Геологийн судалгаа хийхээр орж ирж буй гадны компаниуд яагаад дэмжих ёстой гэж. Манайд олон геологичид байдаг. Өөрсдөө судалж болохгүй гэж үү?
-2000 оны эхээр геологийн судалгааны ажилд улсын төсвөөс нэг тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Энэ нь ойролцоогоор нэг сая ам.доллар гэсэн үг. Үүнийг тухайн жилд хийх 10 орчим зураглалын ажилд хуваадаг байсан. Тэгэхээр нэг зургийн ажилд 100 мянган ам.доллар оногдоно. Тэр мөнгөөр 1:50 000 масштабтай зургаан листийг бүрхсэн геологийн том зураг зохиоход хаана ч хүрэхгүй. Тийм бага зардлаар судалгаа хийж байхад ашигт малтмалын орд нээж илрүүлнэ гэдэг бүтэхгүй зүйл. Энэ жилийн тухайд улсын төсөв долоо дахин өссөн юм байна. Гэхдээ хийх ажлын хэмжээ нь хэр болсон нь бас сонирхолтой. Хэрэв эрэл хайгуулын ажилд хөрөнгө хаях гэж байгаа бол дэвшилттэй сайн л байна. Ер нь улсын төсвөөс геологи хайгуулын ажилд мөнгө зарцуулах гэж зовж байна шүү дээ. Гэтэл гаднаас судалгаа хийхээр орж ирж буй жижиг компани гэхэд л жилд хагас сая ам.доллар хаяж байгаа. Ийм 10 компани орж ирэхэд хэдэн сая ам.доллар болох вэ? Цэвэр судалгааны ажилд ийм хэмжээний хөрөнгө зарцуулж, геологичдийг цалинжуулж, улсад татвар төлж байна. Хамгийн гол нь тэдний хийсэн ажил судалгааны үр дүн нь эргээд Монгол Улсад мэдээлэл болж үлдэнэ. Тэд мэдээллээ нуугаад авч гарахгүй. Манай улсын хуулинд компаниудийг жил бүр хайгуулын ажлын тайлангаа өгч бай гэж заасан байдаг. Бид хүний хөрөнгөөрөө юмаа хийгээд үр дүнгээ нааш нь өг гэж л хэлж байгаа юм. Тэгэхээр бидэнд ашигтай байгаа биз дээ.
ЭРСДЭЛ ҮҮРЧ СУДАЛГАА ХИЙЖ БУЙ ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ШАТАНД
ОРОН НУТГИЙН ОРОЛЦОО БАЙХ НЬ БУРУУ
-Олон нийтээр хэлэлцүүлж буй Ашигт малтмалын тухайд та ямар байр суурь, бодолтой байна вэ?
-Уг хуульд орон нутгийн иргэдийн оролцоог түлхүү тавьсан харагдаж байсан. Орон нутгийн иргэд геологийн судалгаа хийхгүй шүү дээ. Тиймээс эрсдэл үүрч судалгаа хийж буй геологийн судалгааны шатанд орон нутгийн оролцоо байх нь буруу гэж бодож байна. Харин уул уурхайн олборлолтын шатанд төр, орон нутгийн оролцоо байх ёстой. Үүнийг бол би дэмжинэ. Ер нь хайгуулын лиценз авна гэдэг нь геологийн судалгаа хийх эрх авч байна гэсэн үг. Гэтэл тэр гурван жилийн хугацаанд хөрөнгөө зарж ашигт малтмал байна уу, үгүй юу гэдгийг эрж байгаа компани тухайн орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө гаргах ёстой гээд Ашигт малтмалын хуулинд заасан байна. Геологи, уул уурхай хоёрыг хольж хутгаснаас болж ийм зүйл болж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч хайгуул, ашиглалтын лиценз олгохыг хориглоод бараг хоёр жил болж байна. Лиценз олгохыг хориглох нь зөв үү, буруу юу, хоригийг та зөв гэж бодож байна уу, эсвэл үгүй юу?
-Үүнийг би буруу гэж боддог. Учир нь геологийн судалгаа уул уурхайгаас 20 жилийн өмнө явах ёстой гэж би түрүүн хэлсэн. Хайгуулын лиценз олгохыг хориглосноор дээрх бодлогыг алдагдуулж байгаа юм. Төр өөрийн хөрөнгөөр геологийн судалгааны ажлыг хийж 20 жилээр түрүүлүүлэх чадамж байхгүй. Тиймээс хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, тэдэнд боломж олгох ёстой. Гэтэл судалгаа хийх эрхийг нь хаагаад байх юм.
-Үндэсний компаниуд хийх ажилгүй болж, сул зогсож байна. Цаашид яах ёстой вэ?
-Хүмүүс байгалийн баялаг дахин нөхөгдөхгүй, ухаад дуусвал үр хүүхдэд маань хоосон хоцорно гэж ярьдаг. Өнөөдөр манайд Эрдэнэтийн зэсийн орд,Оюутолгойн орд цорын ганцхан байгаа нь үнэн, тиймээс л хайран санагдаад байгаа юм. Уг нь Оюутолгой, Тавантолгой шиг орд хэд хэдээрээ байх потенциаль байгаа юм шүү дээ. Түүнийг л олоод нээе л дээ. Судалгаа хийх боломжийг нь гаргаад эрхийг нь нээгээд өг л дөө. Манай геологичид чадвартай шүү дээ. Гадны олон компанид, тэрчлэн гадаадад ажиллаж байна. Тэд Монголдоо ирж судалгаа хийхийг хүсч л байгаа. Гэтэл “Чи геологийн судалгаа хийх юм бол тухайн суманд халуун ус барьж өг” гэсэн хуулийн заалттай байвал хэцүү биз дээ. Ашигт малтмалын хууль тийм л хууль байна лээ.
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Геологийн алба байгуулах ажил тусгасан. Энэ тухайд та ямар саналтай байна вэ?
-Геологийн албыг сонгодог утгаар байгуулах нь зөв. Түүнээс зүгээр л нэг нэр бүхий агентлаг байвал хэрэггүй. 1990 оны эхээр уг албыг байгуулах гэж оролдсон ч ажил хэрэг болж чадаагүй. Миний хувьд Японы геологийн албыг очиж үзэж байсан. Уг алба нь доороо маш олон төрөлжсөн судалгааны институттэй байдаг. Харин манайд геологийн судалгааны ажлыг хувийн хэвшлийнхэн л хийж байна. Тэдний дунд чадварлаг сайн боловсон хүчин хэд байгаа билээ. Тиймээс асар их хэмжээний хөрөнгө зараад судалгааны ажил хийхэд үр ашиг нь ямар байна вэ гэдгийг сайтар бодолцох хэрэгтэй. Геологийн албыг сонгодог утгаар нь байгуулж хөгжүүлж чадсан Япон улсын хувьд дандаа мэргэшсэн судлаачид ажилладаг. Харин манайд бол Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн, ШУТИС, Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв зэргээр судалгааны байгууллагууд нь тархай бутархай байна. Уг нь бүгдийг нь нэгтгэж бодлогоор дэмжээд, техник технологийг нь хөгжүүлж судалгаа хийх ёстой юм. Манайхны хувьд бүгд л дарга болох сонирхолтой байдаг юм биш үү.
-Манайд албан тушаалд мөнгө шамшигдуулах зорилгоор мэргэжлийн бус хүмүүсийг томилох хандлага их ажиглагддаг. Тухайлбал, Ашигт малтмалын газрын кадастрын албанд нэг рестораны эзэн томилогдсон гээд байгаа шүү дээ.
-Улстөрийн албан тушаал нь бодлого хэрэгжүүлдэг учраас заавал мэргэжлийн хүн байх шаардлагагүй. Тиймээс салбарын сайдын хувьд мэргэжлийн бус хүн байж болно. Гэхдээ энэ байдал дэндүү хавтгайрсан байна. Уг нь салбар хариуцсан албан тушаалтнууд мэргэжлийн хүмүүс байх ёстой юм л даа. Сүүлийн үед АТГ их ажил хийж байгаа учраас хүмүүс айж байгаа байлгүй дээ. Цаашид Шинэчлэлийн Засгийн газар дунд, доод тушаалтанд улстөрийн томилгоо шиг зүйл хийхгүй байлгүй дээ.
-Геологийн судалгаа, хайгуулын ажил бол багаараа ажилладаг ажил. Багийнхаа хүмүүстэй хамтарч ажиллах, сурч мэдэх, зааж зөвлөх ажил байнга хийгддэг. Таны бодлоор тэр геологичтой хамтарч ажиллах юм сан гэж боддог гадаадын болон Монголын геологичийг нэрлээч гэвэл ямар хүн байна?
-Дандаа суут ухаантнуудаас бүрдсэн баг хамт олон болж чаддаггүй. Харин ажилсаг нэгэн байхад бас нэг залхуу нөхөртэй, нэг ухаантан өөр нэг тэнэгтэй, нэг үглээ байхад дуугүй нэг хүнтэй зэргээр бүх л хүний цуглуулга бүхий баг жинхэнэ хамт олон болж чаддаг гэж багш маань надад хэлж байсан юм. Тиймээс миний хувьд заавал шилдэг хүмүүсийг цуглуулж сайн баг бүрдүүлнэ гэж боддоггүй. Шинэ залуу геологичдийг зааж сургаад бие биенийхээ дутууг нөхөж явж болно. Гол нь юм хийх сонирхолтой бүтээлч хүмүүсийг бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог.
-Залуу геологичдод хандаж та юу гэж хэлэх вэ?
-Бидний үед ном зохиол орос хэлээр байдаг байлаа. Заримдаа хайсан ном маань олдохгүй байх гээд бэрхшээл бишгүй л байсан. Харин өнөө цагт техник технологи эрчимтэй хөгжиж зөвхөн ганц номноос бус интернэтээс төрөл бүрийн мэдээлэл авах боломжтой болжээ. Залуусын хэлний боловсрол ч нэмэгдсэн. Тиймээс энэхүү боломжуудаа ашиглан дэлхийн сонгодог ордуудтай танилцаж, судлах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Геологич хүний хувьд таны баримталдаг зарчим юу вэ?
-Мэдэхгүй байж мэддэг юм шиг дүр эсгэхгүй байхыг л боддог доо.
-Таны бахархал юу вэ?
-Монгол орны эрдэс баялгийн судалгаанд өөрийн хувь нэмрийг оруулж байгаадаа би хувьдаа их бахархдаг.
-Таны цаашдын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Манай Улсын хууль эрх зүйн орчин нь тогтворжоод, судалгааны ажлын зөвшөөрөл нь олгогдвол өөрийн олж илрүүлсэн таамаглал,тайллаа судалгааны ажлаар шалгах бодолтой байна.
-“Монголын геологийн судалгаа, хайгуулын салбарын хөгжлийн төлөө” танд хийхийг хүсдэг ажил байдаг уу?
-Мэргэжлийн геологийн холбоод хэдэн жилийн өмнөөс Геологийн тухай хууль гаргаж батлуулахаар ярилцаж байсан тэрийг л ажил хэрэг болгох юмсан гэж боддог. Энэ хуулийг батлуулахад өөрийн хувь нэмрээ чадах хэрээрээ оруулна даа.
2013.05 сар
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
hkghkghk
O
Зочин
b