Одоо 36 мегаваттын хүчин чадалтай Дорнодын ДЦС-ыг 100 мегаватт болгож өргөтгөхөөр Засгийн газраас саяхан шийдвэрлэжээ. Ажил нь энэ онд эхэлнэ. Энэ бол Чойбалсанд ажиллахдаа манай сурвалжлах багийнхны олж сонссон хамгийн сайн мэдээ. Манай улсын зүүн бүсийн тулгуур төв гэгддэг, зөвхөн манай улсын ч бус зүүн хойд Азийн төв гэгддэг Чойбалсан хот бусад аймгуудтай харьцуулахад дэд бүтэц, зам харилцаа сайтай. Хэдийгээр дайны зориулалтаар тавигдсан ч гэлээ Чойбалсан-Читын төмөр зам өнөө хэр бараа эргэлт муугүй ажилладаг. Хоёр хөрштэй хил залгадаг Дорнодчууд таван боомтоор худалдаа арилжаа хийж байгаа. Дэргэдээ нүүрсний уурхайтай, гурилын үйлдвэр нь Дорноддоо төдийгүй зэргэлдээх аймгуудад ч бүтээгдэхүүн нийлүүлдэг, төмс, хүнсний ногоогоор аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангачихсан, хүн ам, зах зээлийн багтаамжаараа Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы дараа улсад дөрөвдүгээрт ордог энэхүү талын хотод давуу тал их бий.

Үйлдвэрлэл дагуулаагүй барилгажилт

Чойбалсангийн нисэх онгоцны буудлаас нутгийн залуу Д.Бамбалдорж биднийг угтаж авлаа. Хот руу орж явахдаа тэр “Зам жаахан тааруу” гэсэн нь Дорнодоос олж авсан бидний анхны мэдээлэл байлаа. Үнэхээр ч Чойбалсангийн төв автозам багагүй элэгджээ. Хүмүүс дээр дооргүй л энэ талаар зовниж явдаг бололтой. Зундаа борооны ус дүүрч, машинаар туулах бүү хэл явганаар тойрч гарахад ч түвэгтэй болдог гэнэ. Ихэнх нь ус зайлуулагчгүй тавигдсанаас амархан эвдэрч хагардаг тухай нутгийнхан ярьсан юм. Хотын төв зам “Мянганы зам”-ын трасст орчихсон болохоор орон нутгаас хөрөнгө зарцуулахаа азнаад, улсын хөрөнгийг хүлээгээд байгаа гэх сураг бас дуулдана. Оны өмнөхөн шинээр томилогдсон Засаг дарга С.Ганбат ч бидэнтэй таарангуутаа хамгийн түрүүнд зам засах, шинээр тавих зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгаснаа яриад амжина лээ. Түүний хөтөлбөрийн нэг том зорилт бол үйлдвэрлэл, тэр дотроо барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах явдал гэнэ.

“Манай аймагт барилга маш их баригдаж байгаа. 10, 12 давхар барилгууд баригдсан” хэмээн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Б.Отгонбавуу өгүүлсэн юм. Үнэхээр Чойбалсан дэд бүтцийн шугам, сүлжээгээ дагаад зүүн тийш өргөжиж, олон сайхан шинэ шинэ барилгуудаар хаяагаа тэлжээ. “Бусад аймгууд төсвийн захиалгатай барилга байгууламжуудаа дандаа гадны, Улаанбаатарын ч юмуу компаниуд авчирч бариулдаг байхад манай аймаг дандаа Дорнодынхоо комданиудаар хийлгэдэг. Өнгөрсөн оны эцсийн статистик харж байхад аймгийн хэмжээнд нийт 33 барилгын компани байна гэсэн тоо бүртгэл гарсан байна лээ” гэж тойрогтоо ажиллаж яваа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сонирхуулсан юм. Тэрээр өөрөө ч бас нэг барилгын компанитай аж. Түүний компани тансаг зэрэглэлийн, м2 талбай нь 1000 ам.долларын үнэтэй хаус хороолол барьж дуусгаад, өнгөрсөн онд “Залуус” хэмээх амины орон сууцны хорооллын эхний хэсгийг босгожээ. Хуулиар тогтоосон 0,07 га газартай, 50 м2 талбайтай, ижил загварын, цэгцтэй зохион байгуулалт бүхий энэ хорооллынхоо дэд бүтцийг байгуулахад зориулан улсын төсөвт 1.6 тэрбум төгрөг суулгуулаад авчээ.

Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимжсэн хэдий ч түүнийгээ дагасан материалын үйлдвэрлэл харин яагаад ч юм бойжсонгүй. “Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэвэл өөрсдийн хийж чадах юмны импортын татварыг өндөр тавих ёстой. Энэ хятадуудын үйлдвэрлэл чинь манайхыг байтугай Америк, Европыг айлгаж, сандааж байгаа юм чинь” гэж Х.Болорчулуун гишүүн нөхцөл байдлыг тодруулж тайлбарлав. Бүх барилга цул импортын материалаар баригдаж, энэ хэрээр асар их хөрөнгө мөнгө өмнөд хөрш рүү урссан байж таараад байгаа юм.

Үр өгөөж өгөөгүй баялаг

Дорнод олон олон онцлог, ялгаралтай аймаг. Тэдгээрийн нэг нь газрын тос. Улсын хэмжээнд олборлолт явуулж байгаа ганц л газар Мэнэнгийн талд буй. Харамсалтай нь нутгийн иргэд, сум орны засаг захиргаатайгаа үргэлжийн маргаан, тэмцэлтэй байх нь тиймхэн. Хэрлэн сумын орлогчоор ажиллаж байгаад 2012 оны сонгуулийн үр дүнд ажлаа өгсөн Б.Хүрэлсүхтэй уулзаж “Петрочайна дачин тамсаг Монгол” компанитай явуулсан тэмцлийнх нь талаар сонирхсон юм.

“Экологийн талаар маш их хохирол гаргасан л даа. Бэлчээр эвдэж сүйтгэсэн, зориулалтын авто зам тавиагүй гээд олон дутагдал бий. Бид шингэн хог хаягдлынх нь асуудлаар шүүхэд хандсан. Тус компанийхан нүх ухаж, ганц дан флёнк дэвсээд л тэр нефтийн бохир шаараа булчихаж байгаа юм. Очоод гишгэж үзэхэд бамбалзаж байна лээ. Байгальд асар хортой. Зөвхөн тэр хаягдлын байгальд учруулж байгаа хохирлыг л нэхэмжлээд бид 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр гаргуулсан. Үүгээр юм дуусахгүй, цаана нь маш олон асуудал бий. Наад зах нь хоцрогдсон технологиор олборлолт явуулж ордын тосыг гүйцэт авахгүй, зөвхөн өрмийг нь аваад орхиж байгаа нь улсад ч асар их хохиролтой. Нэгэнт хагас дутуу ашиглаад орхисон цооногийг дараа нь гүйцээж шавхах боломж байдаггүй юм байна л даа. Одоо барууны дэвшилттэй олборлогчид цооногийг усаар дүүргэж, бүх тосийг хөвүүлэн гүйцэт авч байна” гэж Хүрэлсүх өгүүлсэн юм.
Үндсэндээ Петрочайна компани Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт ямар ч үр өгөөж өгдөггүй талаар хүмүүс бишгүй л ярьж байна. “Дээгүүрээ шийдэгддэг байлгүй” гэсэн үл мэдэх, идэвхгүй яриа, хандлага цөөнгүй таарч байсан. Ерөөс Улаанбаатараас гарахдаа бид Халх голд их хэмжээний газар Солонгосчуудад олгогдсон байж болзошгүй гэх цуу яриатай, Матадын Засаг дарга авлигын хэргээр шийтгүүлсэн гэсэн мэдээтэй, Шин Шины холимог металлийн ордоос уран илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн сурагтай гарсан юм. Харамсалтай нь энэ бүхний талаар тодорхой тайлбар өгч мэдэх хүн тэр бүр тааралдсангүй. “Чойбалсанд төлөөлөгчийн газар ч байхгүй шүү дээ” гэж Х.Болорчулуун гишүүн Петрочайнагийн талаар тодотголоо. Харин түүний ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж батлуулахад бэлэн болгоод байгаа “Газрын тосны тухай” хуулийг чойбалсанчууд тэсэн ядан хүлээж байгаа юм билээ.



Улаанбаатараас хамаг асуудал нь хамааралтай, байгалийн баялгийнх нь орлого ашгийг сохор зоос ч үлдээлгүй хуу хамчихдаг төр, засагт Дорнодын хүмүүс харин таатай бус ханддаг шиг байна лээ. Солонгосчуудад Халх голд газар олгосон гэх цуу яриа тэнд хэрэгжиж байгаа үхрийн аж ахуйн төсөлтэй холбоотой болов уу гэж таасан. “Тэдний тал олон улсад нэр хүнд олох, үнэт цаасныхаа үнэ ханшийг өсгөх гэхдээ л ийм цуу яриа гаргаа байлгүй дээ” гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун таамагласан бол Чойбалсан хотын дарга Ж.Энхцэцэг “Н.Энхбаяр ерөнхийлөгчийн үед Солонгостой гэрээ байгуулан хэрэгжүүлж эхлэсэн энэ төслийн хүрээнд Койка судалгаа хийгээд “270 га-д тариалалт явуулах боломтой” гэсэн тайлан гаргасан байдаг. Үүнийг л хүмүүс буруу ойлгоод ярьж байж мэднэ” гэсэн юм. Бас л уг төслийн талаар нутгийн хүмүүс мэдээлэл тун муутай байлаа. Аймгийн Хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн залуугаас “Халх гол төслийг хариуцдаг хүнтэй уулзъя” гэж сураглавал “Энд тийм хүн байхгүй. Төслийн нэгж нь Улаанбаатарт, ҮХААЯ-нд суудаг гэнэлээ” гэснээс илүүг хэлж өгсөнгүй.

Амар хялбар байгаагүй бүтэн жил

Улсын нийслэлд бүх эрх мэдэл төвлөрсний бас нэгэн балаг нь энэ аймгийг бүтэн жил Засаг даргагүй, удирдлагагүй байлгахад хүргэжээ гэсэн бодол төрсөн юм. Уул нь 2012 оны орон нутгийн сонгуулиар Дорнод аймгийн ИТХ-д МАН олонхи болжээ. Тэгээд хуулийн дагуу Засаг даргаар тус намын гишүүн М.Бадамсүрэнг томилуулах санал тавьтал “Төрийн албанд гурван жил ажиллаагүй хүнийг Засаг даргаар томилохгүй” гээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг буцаачихаж. Энэ нь Дорнодын МАН, АН-ын хооронд толхилцоон үүсгэж, улмаар бүр нам тус бүрийн дотогш нэвтэрсэн ужиг тэмцэл болж хувирсан байх юм. Хуучин Засаг дарга Ц.Жанлавыг чөлөөлөөд, оронд нь аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Уул нь тэр Засаг даргад нэр дэвшсэн боловч олонхийн санал авч чадаагүй. Гэвч тэр өөрийнхөө ард талд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга байгаа гэхчлэн PR-даж баахан бужигнуулсан юм байх. Тэгтэл АН-ын хороо Д.Цэрэнчимэгийг сонгуульд ялагдуулсан гэсэн хариуцлага тооцож, даргаас нь огцруулан, оронд нь УИХ-ын гишүүн Р.Бурмааг сонгоотохов. Д.Цэрэнчимэг мөчөөгөө өгөлгүй намынхаа Хяналтын хороонд хандаж Р.Бурмааг буулгаад өөрөө дахин дарга суусан боловч дахиад л огцорч. Естой холион бантан гээчийг Улаанбаатараас ийн удирдаж аймаг нутгийн ажил амьдралыг тарамдуулж хаясан байх юм.

МАН-ын М.Бадамсүрэн Захиргааны хэргийн шүүхээр залгалдаж одоод, тус намынхан дахиад П.Мөнхтөрийг нэр дэвшүүлтэл АТГ-аас баривчлаад явчихаж. Тэгж байтал “Дорнодын Засаг дарга болбол Э.Бат-Үүл баатар шиг ажиллана” хэмээн ярьсаар “Ханброй”-гийн гэгдэх Г.Отгонбаатар АН-ын далбаатай босож иржээ. Түүнийг гишүүн Х.Болорчулуун түлхсэн гэж нутгийнхан ярьцгааж байна лээ. Ингэж ингэж шинэ жилийн өмнөхөн Нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан С.Ганбат Засаг даргаар томилогдон, Ерөнхий сай­­д ч батламжилжээ. Удирдлагатай болж авсан нь сайн хэрэг. Гэвч хаа байсан 656 км-ын цаана байгаа Улаанбаатараас нутаг орны амьдралыг сандааж, “ноёны бөх л туг тойрох ёстой” гэсэн байдлаар нөлөөлж байгаа төр засгаасаа Дорнодынхон сэтгэл санааны хувьд ч, орон зайн хувьд ч улам л холдсон байх шиг надад санагдлаа.

“Засаг даргагүй байсан жил гаруйн хугацаа үнэхээр хүнд байсан” гэж Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг ярьсан юм. “Би сумын Засаг дарга. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиараа сумын удирдлага аливаа асуудлыг шууд яам, сайд руу хөөцөлдөөд явж болдоггүй. Заавал аймгийн Засаг даргаар дамжуулдаг. Аймгийн засаг дарга гол ноён нуруугаараа бүх юмаа л хөөцөлддөг шүү дээ. Төр засаг руугаа хандах, гадаадтай харилцах гээд бүх ажилд. Энэ бүхэн хүлээлтийн байдалтай байсан” гэж тэр нэмж хэлсэн юм. Засгийн газар орон нутгийн ажил, асуудлыг санаачилга гаргаад, мэдээд шийдэж өгнө гэж байхгүй. Аймгийн Засаг дарга нар нь асуудлаа ярьж, хөөцөлдөж шийдүүлдэг. Тэгэхээр тэр бүхнийг хөөцөлдөх Засаг даргагүй байна гэдэг аймагт ямар их хохиролтойг төсөөлөхөд ядах юмгүй.

“Аймгийн хөгжил бүтэн жилээр хоцорсон гэсэн үг. Хүмүүсийн сэтгэл санаа ч олигтой байгаагүй. Асуудал нь шийдэгдэхгүй, аймаг нутгийн ажил төрөл урагш ахихгүй, хөгжихгүй байхаар хүмүүсийн сэтгэл санаа яаж л сайхан байв гэж дээ. Бусад аймгууд хөөцөлдөж байгаад 50-60 тэрбумын хөрөнгө оруулалт оруулчихаад байхад манайд олигтой мөнгө орж ирэхгүй л байна. Үйлдвэрлэл хөгжүүлэх энэ тэр гээд олон чухал асуудал зогсонги байдалд орсон. Хэцүү юм билээ . Аймгийн даргагүй асуудал шийдэх хүнгүй байхаар хүмүүсийн идэвх ч хамаагүй сулардаг юм билээ. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ч зогсонги байсан. Урсгал ажил хийгдээд явж байгаа ч гэлээ эрмэлзэл, шаардлага, хариуцлага нь илэрхий суларчихдаг юм байна лээ” гэж Ж.Энхцэцэг дарга ярилаа.

Учир хамаарал байхгүй Улаанбаатар

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын буриадын автономит тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймагтай нийгэм, соёл, эдийн засаг, худалдааны шууд харилцаатай Дорнодын зон олон хил, гаальтайнхаа хишиг буяныг хангалттай эдэлж, өдгөө амьдрал ахуйгаа өдөр хоногоор дээшлүүлж явна. Цаашаа хил гараад бүхий л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эдлэл хэрэглэлээ авчихна. Юмны үнэ ханш Чойбалсанд нийслэлийнхээс бага уу гэхээс ихдэхгүй. Хавиргын боомтоороо гараад очиход Манжуур хот ердөө 300, Хайлаар хот 400 орчим км зайтай. Улаанбаатараас хамаарах, шалтгаалах юм энд огтхон ч байхгүй. Харин төрөөс, нийслэлээс ирж байгаа бодлого, удирдлага буруу, муу байх тусам Чойбалсан улам чинагш хандаж, дорно зүг рүүгээ тэлэн тэмүүлж байх шиг...