Берлиний хана нурсны 20 жилийн ой болж байна. Энэ бол коммунизм сүйрсэн төдийгүй хагас зуун жил үргэлжилсэн хүйдэн дайны төгсгөл байсан юм. Энэ үеэс түүхийн шинэ хуудас нээгдсэн. Тухайн үедээ Америкийн нэрт эрдэмтэн Фрэнсис Фүкүяама энэ явдлыг “түүхийн төгсгөл” гэж нэрлэж байсан. Баабарын “Монголчууд: Нүүдэл суудал” түүхийн зохиолд энэ үйл явдлын тухай бичсэн хэсгийг сонирхуулъя.

 Горбачевийн “перестройка”

Горбачев дөнгөж СССР-ийн эзэнт гүрний удирдагч болонгуутаа 1985 оны 4 дүгээр сард Ленинградад үг хэллээ. Тэндээс түүний хожим улам олон болсон афоризмын эхнийх нь болох “ускорение” гэсэн үг гарсан юм. Дараа нь тэрээр “перестройка” гэж үг зохиосон нь яг л тэр чигээрээ хэл хэлэнд нэвтэрч, зөвлөлтүүд өөрийн орноо ардчилдаггүй юм гэхэд “хүн дүрстэй” болгох гэж буй процесс гэсэн утгатай болсон билээ. 1987 онд болсон Октябрийн эргэлтийн 70 жилийн ойн хурал дээр тавьсан түүний илтгэл ХХ их хурал дээр Хрущевийн тавьсан илтгэлтэй эн зэрэгцэв. Тэрээр “гласность” гэсэн шинэ үг бодоод олчихжээ.

Чухам л коммунист нийгмийг өөрчлөн байгуулж болдоггүй, тэгэх юм бол системээ алж буй хэрэг гэдгийг тэрээр ойлгосонгүй. Хрущев сталинизмыг буруутгаснаар энэ системд цааш амьдрах олон жилийн нөөц буй болгосон юм. Харин Горбачев 30 жилийн дараа энэхүү шавхагдсан нөөцийг засварлах гэж оролдлоо. Хамгийн гайхалтай нь тэрээр өөрийн перестройкийг түгээмэл хууль гэж үзсэн учир Сталиний буй болгосон коммунист ертөнц  үүнийг нь хуулах учиртай гэж үзжээ.

Хрущевийн шинэчлэл Хятад, Албани зэрэг ганц хоёр коммунист дэглэмд таалагдаагүй бол Горбачевийн перестройка ихэнхи коммунист дэглэмд таалагдсангүй. Коммунист дэглэмийг өөрчлөх санааг нь Германы Хонекер, Румыны Чаушеску, Болгарын Живков, Кубын Кастро, Чехословакийн Хусак, Солонгосын Ким нар шууд эсэргүүцлээ. Дотоодын зөрчлөөсөө болоод Польш, Унгар, Югославт илүүтэй талархалтай хүлээж авсан юм.


Батмөнхийн “өөрчлөн байгуулалт”

СССР-ийг дагаж болдоггүй, дагахгүй байж болдоггүй гацаанд орчихсон газрын нэг нь Монгол байлаа. Энэ үед УТТ-оос хамгийн аймшигтай хутган үймүүлэгч Майдарыг гаргасан байсан боловч олон жилийн турш Цэдэнбалын боловсон хүчнийг хариуцаж бүхний зүрхэнд шар ус хуруулсан Ламжав шинээр ороод ирчихсэн байлаа. Цэдэнбал олон жил төр барихдаа дээш нь гаргахгүй мөртөө хэдхэн хүнд итгэж илүү ач холбогдол өгдөг, тэднээрээ бусдыгаа айлгадаг байжээ. Төв хорооны боловсон хүчин Ламжав, хэлтсийн эрхлэгч С.Батаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Бадарч, ГЯЯ-ы орлогч сайд Ёндон зэрэг хүмүүс Цэдэнбалын дэглэмийг тогтоож байх тулгын чулуу болж байжээ.

Батмөнх бэлэн систем дээр очсон тул өөртөө зохицуулсан шинэ тогтоц байгуулж чадахгүй байв. Хүн нь ч зөөлөн, аймхай, хэт даруу байсан биз. Иймээс Цэдэнбалгүй цэдэнбализм үргэлжилсээр байлаа. Тэрээр удирдагч биш аж. Үе улиран заавраар нь явж байсан Кремль ч ойлгогдохоо болив. Одоо тэгээд яах болж байна аа? Ямар нэг үл ойлгогдох өөрчлөн байгуулалт хийхийг Кремль зөвлөнө. Юугаа өөрчлөх болж байна?

Энэхүү алцганасан байдал нь олон жил Монголд тогтсон дэглэмийг улам сулруулж байлаа. Ердөө хуучин инерци л явж байв. Удирдлагын хүрээнд Горбачевийн перестройкаг дэмжин уухайлсан хүнгүй мөртөө эсэргүүцэгч бас байсангүй. Гэтэл Зөвлөлтөд бэлтгэгдсэн, тэнд болж буй явдлыг нэвт шувт ойлгодог сэхээтэн том арми Монголд бэлтгэгдсэн ажгуу. Батмөнхийн үлбэгэр, зориггүй байдлыг тэд шүүмжилж эхлэв. Хрущевийн уяралаас хэд дахин их ухамсар нийгэмд бүрэлджээ.

Чухам үүний эргэх нөлөөгөөр Монголын удирдлагын дунд хагарал гарчээ. Монгол перестройкагийн шинээр гарч ирж буй од нь Цэдэнбалын дараа УТТ-д орж ирсэн Ц.Намсрай байлаа. Тэрээр Монгол Зөвлөлтийн худалдааны шудрага байдалд эргэлзэж, үндэсний эрх ашгийн тухай ярих болов. Энэ тухайгаа тэрээр Зөвлөлтийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. ЗХУ руу хандсан, Гэндэнгээс хойш тохиолдсон анхны хагас нээлттэй шүүмжлэл байж. Олон жил урхагшсан энэ эмзэг асуудлыг дөнгөж сөхөнгүүт зад тавих шинж орлоо. Гадаад худалдааны сайд П.Очирбат асуудлын зангилаан дээр байсан хүний хувьд ил шүүмжлэлийг цааш нь өрнүүллээ. Тэрээр мөн Зөвлөлтийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зөвлөлтийн ах дүүгийн тусламжинд үл итгэсэн санаа цухалзуулсан юм. Эдийн засгийн зарим тооцоо хийж үзжээ. Зөвлөлтөөс байгуулж өгсөн тахиа шувууны фабрик 200 жилийн дарагаас эхэлж үр ашигтай ажиллаж эхлэх тооцоо гарсан байна. Ийм жишээ дэндүү олон байлаа. Зөвлөлтийн цэрэг орж эхэлснээс хойш СССР Монголд таван жил тутамд гурван тэрбум шилжих рубль зээлүүлж байсан нь нийлсээр 10 тэрбум шилжих рублийн өр болжээ. Шилжих рубль хэмээх бодитойгоор үл орших энэхүү коммунист системийн валют нь албан ёсоор нэг нь 0,6 америк центтэй дүйж байв. Ингэхээр Монгол улс сүүлийн хорь хүрэхгүй жилийн хугацаанд СССР-т 17 тэрбум долларын өртэй болжээ.

 1988 онд Горбачев Монголоос цэргээ гаргах шийдвэр гаргаснаа Красноярскт зарлав. СССР Монголыг улс төрийн утгаараа хаяж буй хэрэг юм. Энэ нь түүний Бээжинд хандсан буулт, эвлэрэлд уриалсан дохио байлаа. Хойтон жил нь тэрээр Бээжинд айлчлан үүнээ гэрээ хэлбэрээр баталгаажуулсан байна. Үүнийг батлах мэт дэлхийн шатрын аварга Каспаровын Плэй Бой сэтгүүлд өгсөн ярилцлага нийтлэгджээ. Шатрын аврага задарч буй ЗХУ-ыг аврахын тулд Зүүн Германыг Баруун Германд, Монголыг Хятадад зарах санал тавьжээ. Хэдийгээр энэ нь улс төрөөс хол нэгэн плэй бойгийн үг боловч Зөвлөлт Монголын найрамдалт харилцааны үнэн мөн чанарыг харуулсан илэрхийлэл байлаа. Олон монголчууд чухам энэ үгэнд сэртхийж, магадгүй олонхи нь үндэсний жинхэнэ эрх ашгийн бодит хатуу нөхцөл байдлын тухай анх удаа эрэгцүүлсэн биз.

Нийгмийн сэргэлт

1988 оны сүүлчээр МАХН-ын V бүгд хурал хуралдлаа. Перестройкагийн уяралд сэргэсэн Монголын ард түмэн эрх баригч байгууллагын энэ хуралд ихээхэн найдвар тавьж байв. Хурлын өмнө Үнэн сонинд ард түмнээс ирүүлсэн захидал хэмээн нам засгийн удирдагчдыг шүүмжилсэн олон захидал нийтлүүлжээ. Тэр үед Үнэн сонин 180 мянган хувь хэвлэгдэж байсан нь монголчууд энэ асуудалд аль зэрэг гүнзгий автсан байсныг харуулна. Харин дуутай тэнгэр хургүй гэгчээр бүгд хурал дээр юу ч болсонгүй.

Гэвч нийгмийн тэсрэлт нэгэнт зад тавьсан байлаа. 1988 онд анхны хагас нууц дугуйлангууд байгуулагдсан байна. Шинэ эрин нууц бүлгэм ухуулах хуудас үйлдвэрлэн шөнийн цагаар Улаанбаатарын гудамжуудаар наажээ. Эздийг нь НАХЯ илрүүлсэн боловч ёс төдий сануулаад өнгөрчээ. Сэтгүүлч С.Цогтсайхан Хонхны дуу хамтлаг байгуулаад “илт эсэргүү” үгтэй олон поп дуу зохиосноо дуулж эхэлсэн нь цэнзүүрээр оролгүй радиогоор нэвтэрч эхэлсэн аж.

1989 оноос энд тэндгүй дугулангууд байгуулагдаж эхлэв. 9 дүгээр сард МУИС –ийн математикийн тэнхимд П.Улаанхүү, Д.Ламжав нар багш, оюутны улс төрийн дугуйлан байгуулж “Хайд парк” нэртэй самбар ажиллуулж эхэлсэн нь дорхноо өргөжин ялангуяа Их, дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнуудын байнга цуглан улс орноо шинэчлэн өөрчлөх тухай шүүмжлэн ярилцдаг газар болжээ. Мөн оны 12 дугаар сард Д.Ганболд, Ж.Бор тэргүүтэй эдийн засагчид мөн нэг дугуйлан байгуулсанд Банк, санхүү, эдийн засагчдын байнга цуглах газар болон дороо өргөжив. 1990 оны эхээр Зардыхан тэргүүтэй МАХН-ын хэсэг эрдэмтэд “намаа шинэчлэх дугуйлан” мөн байгуулж өөрчлөн байгуулалтыг тууштай явуулахыг шаардсан захидал бичижээ.

 Коммунизмын сүйрэл

1989 оны хавар ХКН-ын дарга Ху Яобин нас барснаар хятадын оюутнууд нийгмийн байгууламжиддаа засвар оруулахаар Тэнь Аньминий талбай дээр цугласан юм. Эцэст нь энэ нь эрх баригчдын зүгээс гаргасан аймшигт аллага болсон билээ. СССР мөн сүүлчийн амьсгалаараа амьсгаадаж эхэллээ. Казакстан, Гүрж, Армен, Азебаджанд үндэстэн хоорондын мөргөлдөөн ээлжлэн гарч нэг бус удаа цус урсгалаа. Балтийн орнууд ил тодоор салан тусгаарлах тухай ярьж эхлэв. Эзэнт гүрэн задралын ирмэг дээр иржээ.

1989 онд Польшид коммунизмын түүхэнд анхны коммунист бус нам Засгийн эрхийг авлаа. Ерөнхий сайд Мазовецкийн дор коммунистууд зөвхөн Батлан хамгаалах яам, Дотоод яам хоёроо авч үлдсэн юм. Унгарт 1956 оны бослогыг хүндэтгэн, оролцогчдыг нь үндэсний баатраар зарлав. Тэд хоёр дахь удаагаа албан ёсоор коммунизмаас татгалзах нь тэр. Чекословакт сүрт жагсаал болж цагдаа нартай мөргөлдөөд, эцэст нь хоёрхон хоногийн дараа коммунизм унав. Нэрт зохиолч, дисидент Хавэл Ерөнхийлөгч болж, хорь гаруй жилийн өмнө “хүний нүүртэй социализм” байгуулах гэж оролдсон Дүбчик шинэ парламентийг тэргүүллээ. Хамгийн аймшигтай явдал Румынд болжээ. Энд Европ дахь хамгийн харгис дарангуйлал олон жил тогтсон юм. Тимошварид бослого гарч, дарангуйлагчид ард түмэнд дайн зараллаа. Эцэст нь Чаушеску баригдан хээрийн шүүхээр орж эхнэрийн хамт цаазаар авахуулсан юм.

Германчууд 1989 оны намраас үй олноороо Өрнөд руу зугтах боллоо. Тэд Унгар, Чехословакаар дамжин Өрнөд руу гарахад тэндэхийн засаг захиргаа илэрхий дэмжиж байлаа. Хоннекорын дэглэм Москвагаас хавьгүй хатуу байр суурьтай аж. Горбачев өөрийн перестройкийг түгээмэл зүйл гэж үзэж байсан учир 1989 оны 10 дугаар сард Берлин орж Хоннекорыг ятгахаар шийджээ. Жагсагчид өмнөөс нь “Горби, бидэнд туслаач” гэсэн бичигтэй угтсан байна. Аргагүй байдалд орсон Зүүн Германы засаг “перестройкийг” эхлүүлсэн боловч тэр нь долоо ч хонож чадсангүй Берлиний ханыг зад татлаа. Европ чөлөөлөгдлөө!

1991 оны 8 дугаар сард Зөвлөлтийн эзэнт гүрнийг аврах сүүлчийн оролдлого гарчээ. Ерөнхий сайд, БХЯ-ы сайд, КГБ оролцсон төрийн эргэлт болсон юм. Москвагийн гудамжаар танк дүүрч, шинэ эрх баригчид улс даяар онц байдал зарлажээ. Москвагаас хэтэрч чадаагүй энэ эмгэнэлт тоглоом ердөө хоёрхон хоног үргэлжилсэн юм. Маркс нэгэнтээ түүх өөрийгөө давтах хандлагатай байдаг, эхнийх нь эмгэнэл, дараагийнх нь гутамшиг болдог гэжээ. 1917 оны эргэлт араасаа дал гаруй жилийн гамшиг дагуулсан эмгэнэл байсан бол түүнийг давтсан 1991 оны эргэлт ердөө л гутамшиг болоод дууслаа.

Тэртэй тэргүй Москвад захирагдахаа больж хэдэн зуу тасран хуваагдсан Зөвлөлтийн эзэнт улсыг Беловежд Орос, Украин, Белорусын Ерөнхийлөгч нар болох Ельцин, Кравченко, Шушкевич нар албан ёсоор задлаж, бие даасан 15 улс болгочихлоо. ЗХУКН-ыг Ельцин гарын үсэг зуран хориглолоо. Түүхийн нэгэн хуудас хаагдаж өөр бүлэг эхэллээ. Бараг хагас зуун жил үргэлжилсэн хүйтэн дайн зогслоо.

Ардчилсан хувьсгал

Олон жил биендээ хаалттай байсан учир Тэнь Аньминийн бослого монголчуудад төдийлөн нөлөөлсөнгүй. Удтал СССР-ийн дагуул орон байсан учир монголчуудад Москва болон түүнээс цааш болж байгаа үйл явдал илүү ойр, танил байлаа. Зүүн Европын коммунист дэглэмүүд ээлж дараалан унаж байх тэр үед дагаад процесс улам ширүүсчээ.

1989 оны 11-р сарын 26-нд “Залуу уран бүтээлчдийн II зөвлөлгөөн” гэдгийг МАХН-ын ТХ-оос зохион байгуулсан байна. Зөвлөлгөөнд оролцсон залуучууд “сэхээтний төөрөгдлөөс” хойш хэн ч зориглон хэлж байгаагүй хурц шүүмжлэл өрнүүлжээ. Залуучууд тэндээсээ гараад тусдаа хуралдсан ба ийм цугларалт хэд хоног үргэлжилсний эцэст “Монголын ардчилсан холбоо” хэмээх олон нийтийн байгууллага байгуулжээ.

1989 оны 12 дугаар сарын 10-нд тэд олон нийтийн цуглаан зохион байгуулж “8 зүйлт шаардлагыг” МАХН-ын ТХ-д тавьсан байна. Үүнээс гурав хоногийн өмнө Ховд хотод оюутан багш нар жагсан УТТ огцрох шаардлага тавьж байжээ. Мөн нэг хоногийн өмнө нь Эрдэнэт хотод төстэй жагсаал болсон аж. Монгол орон буцалж эхэллээ. Цуглаан жагсаал энд тэндгүй болж, олон нийтийн сайн дурын холбоо, нэгдлүүд олноор  үүсэн, түүнд татагдан орогсод хэдэн арван мянга боллоо.

12 дугаар сард Ардчилсан социалист хөдөлгөөн буй болсноо заралсан бол хэдхэн хоногийн дараа Шинэ дэвшилтэт холбоо буй боллоо. 1990 оны 2 дугаар сарын 18-нд Ардчилсан холбооны анхдугаар их хурал болж Монголын ардчилсан нам хэмээх анхны коммунист бус улс төрийн нам буй болсон юм. 3 дугаар сарын 2-нд Монголын социал демократ нам, 5 дугаар сард Монголын Үндэсний дэвшилтэт нам буй боллоо.

1990 оны 3 дугаар сарын 4-нд Сүхбаатарын талбайд сүрт цуглаан жагсаал болж УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавив. Асар том энэ талбайг коммунистууд хэзээ ч дүүргэж үзээгүй бол энэхүү эсэргүүцлийн цуглаанд 100 мянга орчим хүн оролцжээ. Үүнээс гурав хоногийн дараа мөн талбайд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагаа тавиад Ардчилсан холбооноос өлсгөлөн зараллаа. Мөн гурав хоногийн дараа МАХН шаардлагыг хүлээн аваад УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

5 дугаар сард болсон Ардын их хурлын чуулганаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулав. МАХН-ыг нийгмийг удирдан чиглүүлэх үүргээс нь салгаж, Монгол орон социализм байгуулах тухай хэсгийг хуулиас хаслаа. 7 дугаар сард анх удаа Монголын парламентийн чөлөөт сонгууль боллоо. Шинэ үндсэн хууль батлагдтал Улсын бага хурал хэмээх Монголын анхны байнгын ажиллагаатай, нэг танхимтай, олон намын парламент байгуулжээ. 51 гишүүнээс бүрдэх уул танхимын нийт суудлын 40 хувийг МоАН, МСДН, МҮДН гэсэн саяхан байгуулагдсан намын төлөөлөгчид эзэлж байлаа. Үндэсний эвлэрэлийг сахих үүднээс сонгуулийн үр дүнд буй болсон шинэ Засгийн газрыг эвслийн байдлаар байгууллаа. Засгийн газрыг МАХН-ын төлөөлөгч Дашийн Бямбасүрэн толгойлж шадар сайдаар шинэ намуудын төлөөлөгч болох Даваадоржийн Ганболд, Дамбийн Дорлигжав нар томилогдов. Монгол улсын анхны Ерөнхийлөгчөөр МАХН-ын Пунсалмаагийн Очирбат, дэд Ерөнхийлөгчөөр шинэ намуудын төлөөлөгч Раднаасүмбэрэлийн Гончигдорж нар сонгогдлоо.

1991 онд Ардын их хурлын чуулганы 430 орчим гишүүд 76 хоног хуралдаж Монгол улсын Үндсэн хуулийг баталлаа. “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгыг тунхагласан энэ Үндсэн хууль олон улсын жишигт бүрнээ нийцсэн, хүний эрх эрх чөлөөг бүхнээс дээгүүр эрхэмлэн тунхагласан бичиг баримт болсон юм. БНМАУ хэмээх нэрийг өөрчилж Монгол улс гэх болсон ба төрийн далбаан дээрх соёмбын дээр буй таван хошууг авч хаяж, “коммунизм байгуулна, Зөвлөлт гүрэнтэй үүрд хамт байна” гэсэн үгтэй төрийн сүлд дууны үгийг бүрнээ өөрчиллөө. Тусгаар тогтносон, бие даасан, хараат бус, ардчилсан, чөлөөт иргэдийн нийгэм болсон Монгол улсыг Үндсэн хууль тунхаглалаа.