“Нисэх” гэдэг үг хэн нэгэнд хөөрөн дүүлэх үйл үзэгдлийн тухай өгүүлж байдаг бол л нөгөө нэгэнд зорьж тэмүүлэх, хүсэн давчдахын утгаар ойлгогдоно. Хүсэл тэмүүлэл саад бартаатай учирч, хяслан тотгорын хясаа мөргөж байж гэмээнэ, магадгүй, амьдрал сонирхолтой, өрнөлтэй байх учиртай ч юм билүү. Тэгвэл “нисэх”-ийн бартаа саад нь чухам юу юм бэ?


Тамгалагдсан үнэлэмж

“Алсын удирдлага”-ын тухай санаа бол шинэ зүйл биш. Яг ийм нэртэй, энэ төхөөрөмж оролцсон явдал түүхтэй урт, богино, телевизийн, дэлгэцийн гээд янз бүрийн хэлбэр, хэв шинжээр хийгдсэн олон кино бий. Бүгд л өөр өөрийн гэсэн утга санаа, үзэл философийг товойлгож, эцсийн дүндээ хүний, амьдралын мөн чанарыг нээх оролдлогуудыг хийсэн байдаг. Киноноос чухам юуг олж харж, юу ойлгож ухаарах нь үзэгчдийн өөр өөрсдийнх нь хэрэг. Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”-аас үзэгч бүр өөр өөр бодол санаа, тэр байтугай шал ондоо ондоо оюун дүгнэлттэй буцаж магад. Дүрсээр өгүүлэхийн боломжуудыг аль болох олон талаар ашиглахыг эрмэлзэж, Шарлевилийн яруу найрагч Рембо эгшиг үсгүүдээр өнгө илэрхийлэхийг оролдож байсан шиг дүрслэлийн эффект, үйлдлийн алгоритм, зураглалын өнцөг болон хэмнэл, хөдөлгөөнөөр хүмүүсийн сэтгэлийн хөргийг гаргах гэж оролдсонд түүний бүтээлийн онцлог оршиж буй юм. Энэ кино олон улсад, мэргэжлийн хүмүүсийн шүүлтүүрээр орж үнэлэгдсэн. “Азийн Канн” гэгддэг Бусаны олон улсын кино наадмаас “Шинэ давалгаа” номинацийн гранпри хүртэж, мөн Голландын Роттердам, Шведийн Готебург, Литвийн Вилнус, Бельгийн “Movie” зэрэг наадмуудад амжилттай оролцсон. Энэ бол “Алсын удирдлага”-ын уран бүтээлчид урлал, гүйцэтгэлийн хувьд дэлхийн нийтлэг жишгийн босгыг давж, чанартай ажил хийсний хангалттай баталгаа болж чадна.


Хүндэдсэн өгөгдөл

Согтуу аав (СТА Ц.Төмөрхуяг) нь гэрийнхээ зурагтыг архинд өгөхөөр аваад гарч байгааг харсан хоёр хүү хаалганы булангаар сэм харж зогсох хэдхэн хормын кадрт ямар гүн гүнзгий драм байдаг гэж бодно. Гагцхүү драмыг дүрсний өгүүлэмж, жүжигчний тоглолтоор дэлгэцэн дээр дэглэж чадаж уу, үгүй юу гэдгээс найруулагчийн, киноны уран бүтээлчдийн ур чадвар харагддаг. Ах нь 17-18 орчим, дүү Тулгаа нь (Б.Содбилэг) 10-11 орчим настай. Энэ нас бол тэдний сэтгэлзүйн өгөгдсөн нөхцлүүд юм. Гэхдээ үзэгчдэд шууд тусган авч, ухаарч ойлгоход тун хүндэдсэн нөхцөл. Өөрөөр хэлбэл, киноны гол дүр Цогоо (Э.Баасандорж) шилжилтийн насан дээрээ яваа учраас байшингийн дээвэр рүү гарч, хажуугийн байшингийн цонх руу дурандахад хүрсэн гэж хүлээж авахад тийм ч хялбар биш. Үзэгч дэлгэцнээс ирж байгаа бэлэн мэдээллийг шууд хүлээн авах эрмэлзэлтэй байдаг. Түүнийг өртөөний бяцхан суурингаас нь Долгор авгайн сүү Улаанбаатар руу хөтөлж аваачсан шиг орцны гаднах модон саравчнаас ямар нэгэн учир шалтгаанаар хөтлүүлж дээвэр рүү авируулах учиртай байсан болов уу.


Дутуудсан тээш

Айдас бол сэтгэлзүйн асар бодитой төлөв байдал. Хангалуун айлын ганцаардмал эхнэр Ануд (Н.Баярмаа) онгоцонд сууж нисэх аймшигтай. Жүжигчнээр айдсыг тоглуулсан хэрнээ найруулагч тэрхүү айдас гээч юмыг өөрийг нь дэлгэцнээ тоглуулалгүй орхижээ. Айхад ч бас шалтгаан хэрэгтэй. Түүх хэрэгтэй. Анугийн зүрхэнд мэдрэгдэж байгаа тэр айдас чухам ямар хэр хэмжээтэйг жүжигчний тоглолтоос өөрөөр илэрхийлэх боломжийг эрэлхийлж, үзэгчдэд мэдрүүлэхийг хичээсэн бол ганцаардсан, өөрийгөө өрөвдөж нөхөртөө уурлаж хилэгнэсэн эмэгтэйн битүүлэг үйлдлүүд илүү ойлгогдох байлаа. Түүнчлэн Ануд айдсаас өөр ямар ч тээш өгөөгүй нь зарим газарт дүрийг зорилгогүйдүүлж, хоосруулж орхисон байна. Уул нь энэ эмэгтэй Цогоогийн хувьд маш том зорилго юм. Энэ зорилго руу хүрч очих нь бэрхшээлтэй, тэмцэлтэй байсан бол Цогоо өөрөө хурцлагдаж, тодорч харагдахаар байж. Түүнд Ану өгөөмөр хандаж, үлдсэн сүүг нь бүгдийг нь худалдаж аваад, саванд нь шоколад хийж өгсөн нь зөвхөн түүний сайхан сэтгэлтэйнх гэж ухаарч болох ч хангалттай бус санагдана.


Шилэгдсэн шийдэл

С.Бямба найруулагч кинондоо Америкийн зураглаач Чарльс Либинийг урьсан нь оновчтой сонголт болсон харагдана. Нийт дүрслэлийн багагүй хэсгийг дээрээс өвч, өндрийн зохиомжоор сэтгэлзүйн үйлдлүүдийг холбож өгсөн нь уран бүтээлчдийн бодож олсон гайхалтай шийдэл болжээ гэж дүгнэхээр. Орчин үеийн шилэн гадаргуутай байшингийн ханан дээр сүмийн дүрс ойлгож авсан эффект Цогоогийн ч, Анугийн ч дотоод зөрчлийг тодотгож чадсан байна. Зөвхөн нисэхийн хүсэл, нисэхээс айх айдас хоёрыг биш уламжлал-шинэчлэл, нүгэл-буян, уур-уучлал, хайр-үзэн ядалт гээд сэтгэлийн олон өөрчлөлтийг тодотгоно. Тэнгэрт онгоцнууд зөрж нисэх, олон өвгөцүүлийн дэргэдүүр бяцхан охин өнгөрөх, галт тэрэг бөмбөлөг зарж байгаа машинтай худалдаачны дэргэдүүр зөрөх, Ануг найз хүүхэн нь ятгаж сэнхрүүлэх ч мөнхүү зөрчил. Дүрсжүүлэлт тун өөлөх юмгүй болсон ч гэлээ эвлүүлгийн найруулгад хэмнэл, уран хэтрүүллийн зарим оновчгүй гүйцэтгэл харагдаж байлаа. Хайр дурлалыг нь Цогоогоор өөрөөр нь бус түүний уран сэтгэмж дотуур эхнэр хувцастай орчиж буй Анугаар тоглуулсан нь драмын хувьд тийм ч зөв шийдэл болоогүй болов уу. Гэхдээ энэ дүрслэл олон улсын наадамд амжилт үзүүлэх нэг үзүүлэлт болсон байхыг үгүйсгэх аргагүй.


Сэдэвлэсэн дүр

Аав нь Цогоод уул нь Буниа гэдэг нэр өгөх хүсэлтэй байжээ. Гэвч өвөө нь зүтгэсээр байгаад ийм нэр өгсөн. Буниа бол Б.Ренчин агсны туурийн гол баатар. Б.Ренчин агсан зохиолоо бодит түүхээс сэдэвлэсэн болохоор Буниа түүхэн дүр. Найруулагч С.Бямба кино зохиолдоо Буниаг бус түүний нисэх оролдлого, тэр бяцхан хувраг жаалын хүсэл тэмүүлэл, цаг үеэсээ түрүүлж сэтгэсэн сэтгэлгээг “дүр” болгон авснаар Цогоогийн хүсэл эрмэлзэл хүлээн зөвшөөрөгдөнө. Түүнээс бус нисэхийн хүсэл Цогоогийнхоос илүүтэй Түвшингийн (О.Гэрэлсүх) дүрд наалдаж, Анугийн айдастай эффектлэж байлаа. Энэ ч бас гүйцэтгэлийн алдаа байж мэднэ. Түвшинд найруулагч чухам ямар тээш хэлж өгснийг мэдэхгүй юм. Юу ч гэж хэлсэн байлаа гэсэн жүжигчин О.Гэрэлсүх Ануд асар хүчтэй тэмцэл үлдээж, түүнийг давчдуулж чадсан тоглолт хийжээ. Киноны тайллын гайхшрал, Цогоогийн зурсан зургийг өөрийн зорилгод овжин ашигласан арга залийг ч мөн тун эвлэгхэн тоглож чадсан нь магтууштай.


Илүүдсэн сюжет

Кинонд гол дүрээс ч илүү үүрэг гүйцэтгүүлэхийг эрмэлзсэн нэг дүр бол Жагаа (Ч.Ганбаатар). Тэр бол муу явдалтай залуу. Орон байрны хулгайч. Хулгайчид хулгайн зорилго л байдаг. Өөр зорилго хайх хэрэггүй. Харин Цогоог олзолсонд ямар үүдэл сэдэл байсныг найруулагч тодотгох шаардлагагүй гэж бодсон байж мэднэ. Гэтэл үзэгчдэд тэр сэдэл үгүйлэгдэж үлдсэнийг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр киноны үндсэн шугамд Жагаагийн шугам чухал үүрэг гүйцэтгэхгүй ч гэлээ харьцангуй оролцоо ихтэй орж байгаа болохоор хүчлэн хүлээж авахаас аргагүйд хүрнэ. Гол дүрд тийм ч хүчтэй ачаалал болж чадаагүйн дээр киноны үндсэн үйл явдалд төдий л үүрэг гүйцэтгээгүй энэ шугам шулуухан хэлэхэд илүүц байлаа. Магадгүй, ийм учир холбогдолгүй үйл явдал уран бүтээлчдэд ч төөрөгдөл үүсгэсэн байхыг үгүйсгэх аргагүй.


Орхигдсон тоглолт

Б.Ренчин агсан үл мартагдах зохиолоо “Шүхэрч Буниа” гэж нэрлэсэн хэдий ч доторх өгүүлэмжид нь шүхэр биш “далавч” гардаг юм. Нисэхийн хүчлийг илэрхийлэхэд шүхэр, далавчны аль нь ч зохирно. Энэ агуулгаар авч үзвэл лам хүүгийн чирэн гүйж яваа шүхэр үүргээ гүйцэтгэсэн. Анзаарагдамгүй хэрнээ жижиг хэрэглэлүүд кинонд гайхалтай тоглолт хийдэг. Цогоогийн зурж үлдээсэн хөтлөлцөн нисэж яваа түшмэл болон эхнэр хувцастай хосын зураг киноны төгсгөлийг шийдэж байгаа бол аавын өгсөн цаг, гар утас, модон чихэр, чихэвчний хөгжим гээд тоглогдоогүй “дүрүүд” хэтэрхий олон байлаа. Продюсингийн явцад зохиолч болоод найруулагчийн санаа бодол хэрхэн цэгцлэгдэж, бүтээлээ “Алсын удирдлага” гэж нэрлэснийг ойлгоогүй ч хамгийн хэрэггүй зүйл алсын удирдлага л байлаа. “Алсын” бус “ойрын удирдлага” хэрэглэсэн бол киноны үйл явдал илүү идэвхтэй байх байсан ч байж мэдэх юм.