С.Баярын цагийг ийм амархан тасалдуулах гэж үү
Чингэлтэй дүргийн нөхөн сонгууль явагдаж дууссанаар 2012 оны эх залгатал сонгуульжсан уур амьсгалаас түр хөндийрөх боломж олгоно гэж найдаж байлаа.
Рингэн дээр МАХН-ын тамирчин ялалт байгуулж гараа өргүүлсэн байтал маргаашнаас нь л ялсан намын даргыг буулгах шахааг эхлүүлж буй нь хүний ёсны үүднээс жудаггүй санаархал биш гэж үү. Хамгийн энгийнээр зүйрлэвэл Монголчууд наадамд түрүүлсэн бөхөө маргааш нь л шавартай хутгаад хаячихдаггүй шүү дээ. Тиймээс энэ явдал хэт яарсан, хүний үнэргүй, гэнэн шинжийг агуулж, нийгмийн санаа сэтгэлд эвгүй нөлөө үзүүлж байгааг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Иймэрхүү хамаагүй тонгочоон үе солигдохын өмнө тэргүүн эгнээнээ зогсч буй шижигнэсэн хэдэн сайхан залуугийн нэрэнд сэв суулгаж, цаашдын гэрэл гэгээтэй харгуйд нь бараан сүүдэр хөндүүлсүүлж гай дуудчих юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлнэ.
Хэрэв эрх баригч нам дотор үе солигдох түүхэн тохироо ирсэн нь үнэн бол хамгийн зальтай, хамгийн аймшигтай ах нартай учраа ололцох том „дайн” хүлээж байгааг эрх биш мэдэж баймаар. Хамаагүй шүгэлдэж гүйж байж хошуугаа нэгмөсөн хайруулвал яана гэсэн айдас хөндлөнгөөс ажиглаж буй бидний сэтгэлийг хүртэл хүйт даалгаж байх юм.
Уг нь улс төр дэх үе солигдолтыг нармайгаа нээлцэлгүй хийж байсан тохиолдол ховор гэлцдэг. Манайхан л МАХН доторх сүүлчийн жишээг үүнд хамруулж ярих дуртай. Хамгийн аядуу, учраа маш сайн ололцсон шилжилт гэж өөрсдөө аль аль талдаа тунхагласаар ийм нэгэн монгол хувилбарыг түүхэнд суулгачихсан хэрэг.
Гэхдээ л Б.Даш-Ёндон нарыг буулгаж Н.Энхбаяр нарын үе давилуунаар хөл тавьсан үеийн шилжилтийг ажиглагчид янз бүрээр үнэлдэг. Магадгүй дээд үеийнхны хувьд зангараг зааж, ухааны хатаар хандсан байхыг үгүйсгэхгүй ч доод үе нь сэтгэлийн шуналаа цамцандаа багтааж ядсан амьтад орж ирээд түйвээж байсан цаг саяхан шүү дээ. Цаг хугацаа хурдан ажээ.
Тухайн цагийн шинэ үеийн тэргүүнд зогсч байсан С.Баяр, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын залуусыг ах нар нь өрөөнийхөө үүдэнд авчирч суулгачихаад тодорхой ч юм шиг, тодорхой биш ч юм шиг загнаж, хооронд нь дайтуулах гэж үзсэнээр барахгүй, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн гүн гүнзгий эе нийлдэггүй суурийг нь тавьж байсан түүх бас байдаг юм. Аргаа бараад цаад гурав нь саунд тусдаа болзож залуу хүмүүсийн хувьд учраа олохоор тохирсон ч зарим нь бултаж буцаж, элдвийн юм өрнөж байсан дурсамжийн цайвар хуудас ч бас бий билээ. Харин тэр үед амбицаа шударгаар татаж аваад, хуйвалдаан ч юм шиг, тохироон ч юм шиг, хувийн ч юм шиг, хувьсгалын ч юм шиг аяг аашнуудын өмнө хаалга саван гарч одсон нь Санжийн Баяр юм.
Б.Даш-Ёндон нар ч намын амьдралаас холдож, улаан зангиатай залуу үе түрэмгийхэн эхлэх үед С.Баяр эрх мэдлийн гадна үлдэж байсан цаг шүү дээ. Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар тухайн үед хоёрдугаар эгнээнийхнээс баахан эрээвэр хураавар команд үүсгэн нэг завин дээр үсрэн гарч сууцгаасан. Одоо тэр завиныхан таран оджээ. Хамгийн сүүлд хэдэр ёдор ааштай ч хүнийхээ хувьд жудаг сануулан хашгирч байдаг Ц.Нямдорж цоорсон завьнаас уурлан бачимдсаар үсэрч буусан сан. Хэрэв тэр завиныхан хэн нэгнээс сэтгэлдээ гүн шарх аван сугарч холдоцгоосоор иймдээ тултал сарничихаагүй байсан бол өнөөдөр Намбарын Энхбаярын буухиа ингэтлээ тасарчихгүй байсан биз ээ.
Эдний тэр мэт явдал ч яахав. Харин С.Баяр өөрийн цагийг оройхон эхлүүлсэн гэдгийг санах ёстой. Эрх мэдэл рүү адилхан зүтгэсэн л бол аваад туух боломжийн дэмжлэг тухайн үед түүнд байсан. Магадгүй илүү ч байсан байж мэдэх юм. Ц.Гомбосүрэн, Б.Даш-ёндон бүгд түүнийг хүлээн зөвшөөрч байсан ч хүний ул долоодоггүй гэдгэр араншингаас нь болгоомжилсон байдал мэдрэгддэг. Энэ бол бараг 90 гаруй хувийн бодитой байх магадлал юм. Учир нь С.Баяр гаднаа сэрүүн, дэндүү ихэмсэг харагддаг шигээ дотроо ч хар бага наснаас өөрийгөө хүндэтгэж сурсан „хэцүү” араншинтай.
Түүнээс томоохон ялагдлынх нь дараа „Одоо таны улс төрийн цаг хэд болж байна вэ” гэсэн гэнэн томоогүй царайлсан хорон асуултыг анх тавьж байсан, амьдралынх нь сонин сонин үеүдэд уулзаж чин сэтгэлийнх нь хаалгыг нээж хааж явсан сэтгүүлчийн хувьд, ядахдаа өнөөдөртөө түүнд зусардах өчүүхэн ч шаардлагагүй хүний хувьд өөрийн мэдэрдэг хэмжээндээ дүгнэхэд энэ.
Үнэнийг хэлэхэд шазуур зуун тэсч хүлээсэн С.Баярын цагийг ийм амархан тасалдуулах гэж зүтгэх нь хүн чанаргүй явдал мэт.
Улс төрийн хүрээнийхэн ярьж байна. „Ээ, энэ Баяр ажлаас дэндүү амархан уйддаг хүн юм байна. Ажил хийж сурсан ясны тогтвортой чанар энэ хүнд алга” гэж. Энэ үнэн ч байж магадгүй.
Нэг талаас түүний замнал цувандаа шороо пурхийлгэж үзээгүй хээнцэр. Зан чанарын хувьд ч хэт эрх чөлөөлөг. Угаасаа эдний үеийнхэн бараг нэлэнхүйдээ хуучны дарга имижтэй. Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан гээд... Бүгд адилхан. Харин тэдэн дотор С.Баяр мэтийн ганц хоёрхон л шинэ монголын дүр төрхийг тээгч гэж харах хүн байдаг. Одоо ч цувныхаа захыг босгочихоод шөнийн клубын үүдэнд хар машинаас бууж байдаг. Хувийн эрх чөлөөгөөрөө бахархдаг, хийдгээ хийчихсэн, нөлөөлөл нь хэвээрээ ийм товарищууд ганц нэг бий. Эдний тоосго шороотой холилдож, бүтээн байгуулалт энэ тэр гэж цамнадаггүй, өндөр боловсрол олчихсон, тэрүүгээрээ бардам, онол тээсэн цагаан захтай хотын характер одоо ч моод. Тэр моодыг тээгч байсных нь төлөө С.Баяраас элдэв балай юм нэхэх өөрөө утгагүй юм. Энэ хүн угаасаа намын шинэчлэлийг жинхэнэ ёсоор шат алхуулсан, том хаалт болон зогсч дараагийн үеийг нөмөрлөж чадсан гавъяагаараа, атрын гуравдугаар аяныг эхлүүлж, монголын газар тариаланг сэрээснээрээ, оюу толгойн гэрээг батлуулж баялгаа эргэлт рүү хөтөлснөөрөө тэртээ тэргүй домог болно. Бид бие биендээ хүнлэг ёсны үүднээс мэхийж сурмаар байна. Ийм хүнийг эрүүл мэндийн шаналгаатай шалтгаанаар баалж, гунигтай саарал манангаар ялгуухан хучиж, сэнтийгээсээ буухыг ялдам атлаа увайгүйгээр шахах нь гаднаасаа таагүй сэтгэгдэл төрүүлж байна.
Хүн чанар дээр суурилсан улс төр бол нөгөө мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг шиг зөв нийгмийн фундам юм. Газар гэсч, цаг уясч, хүмүүсийн сэтгэл юуг ч хүлээж авахад бэлэн болчихсон бүлээн орчинд аливаа суурийг тавих шиг эрүүл шийдэл үгүй. Өөрөө шийдвэрээ гаргаж, дараагийн үеийг босго давуулахаар шийдэмгий эрсэлсэн байлаа ч дүү үе далавчаа буруу зөрүү дэрвүүлж болохгүй. Жинхэнэдээ цаг яг ирсэн гэдгийг тэр ч андуурч болно, бид ч эндүүрч болно. Тиймээс хэвлэлийнхэн хамаа намаагүй шахаж, дараагийн үеийнхнийг дунд нь алалцуулчих хортой алим шидэж болохгүй. Учир нь энэ бол монголын хувь заяаны асуудал билээ.
М.Энхболд, У.Хүрэлсүх, Сү.Батболд, Н.Энхболд, Д.Зоригт нарын үе гарцаагүй ирсэн нь үнэн. Гэхдээ ирэх хаврыг тэднийх гэж бас хэн яг таг нотлоод байгаа юм бэ?
Улс төрийн энэ амьдрал бол хамгийн аюултай „амьдрал”. Тэдний дээр байгаа үеийн хамгийн сонгодог төлөөлөл С.Баяр байж болно. Тийм ч учраас залуу үе түүнийг хүндэтгэж, дэмжиж, хамтарч яваа байх. Сонгодог төлөөлөл угаасаа нэг хоёроор л хэмжигддэг. Цаад эгнээтэй нь яаж учраа олох ёстойгоо хэр зөв тооцож байгаа юм бол. Бас л төмөр лантуу шиг цул, үснийхээ мөнгөн сорыг ч хүлээн зөвшөөрдөггүй, яаж ч чадах аюултай „гар”-ууд шүү дээ. Тийм аймаар үеийг жаран насаа жаргаж угтаа гээд зүгээр нэг түлхчихэж чадна гэж үү. Эдний үеийг элсний хэдээр төсөөлшгүй. Дөнгөж саяхан элснийхэн нэгдэж М.Энхболдын засгийн газрыг унагахад Д.Лүндээжанцан нь ч, Ц.Нямдорж нь ч авч хэлэлцэлгүй хөөгөөд гаргаж байсан. Тэгэхээр дотроо ийм айхтар ялгарч чаддаг, сайн муугаа ханатал үзэлцсэн тэдэнтэй хамаагүй „ярилцаж” болно гэж үү.
Цагаа олохгүй нисч байж цэгээ олохгүй унах тухай нэгэн хөгжилтэй сануулга байдгийг хэлэх илүүдэх ч байж мэдэх юм. Гэхдээ л.....