Өлгийн ажилгүйдэлд өгсөн дүгнэлт
Туркийн “ZTM” компани Тавалтайн хавцалд баруун гурван аймгийн эрчим хүчээр хангах 50 мВ-ийн хүчин чадалтай УЦС барих ТЭЗҮ-ийг хийж эхэлжээ. ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Кош-Агас район мод, мододн материал, бүтээгдэхүүн наашаа экспортлож, “Хотгор”-ын уурхайгаас нүүрс импортлох асуудлыг ярилцаж байна.
Өлгий хотын төвд буй Ховд голын гүүрийг засварлаж буйн учир шалтгаанууд энэ мэтээр зогсохгүй. Гүүрийн даацыг нэмэдүүлэх зайлшгүй шаардлага Баян-Өлгийд эрчимжиж байгаа олон олон бүтээн байгуулалтын ажилтай уялджээ. Суурь багануудыг бэхжүүлж, хүнд машин механизм болон уул уурхайн овор ихтэй ачааг даахуйц болгох энэхүү 1.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлыг Увс аймгийн “Тэрлэг” компани гүйцэтгэж байгаа юм байна. Дулаарснаас болж голд тошин гүйсэн нь засварын ажлыг бага зэрэг удаашруулжээ. Гэсэн ч “Энэ сардаа багтааж ашиглалтад өгнө” хэмээн тус компаний инженер Баатархүү ярьж байлаа.
Баян-Өлгийн нисэх онгоцны буудлаас Өлгий хот орж явахдаа л бид энэ мэт ажил хэргийн мэдээлэлтэй болоодохлоо. Урам ч орлоо. Гайхалтай эрчимлэг, өөдрөг нийтлэлтэй буцах нь гэсэн сэтгэгдэл төрлөө. Гэвч...
Аймгийн хэмжээнд мал сүргийн тоо толгой таван төрлөөрөө өсч 1,6 саяд шахан, ядуурал буурч, хүн амын тоо 2.2 хувиар, хөдөлмөрийн насныхан 2.5 хувиар нэмэгджээ. Гэвч ажил эрхлэлт буурсан байна. Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт нийт хүн амын тоог 102 мянга гэв. Харин албан ёсны статистикийн эмхэтгэлд энэ үзүүлэлтийг 90878 гэж тэмдэглэжээ. Учир нь эмхэтгэлд зөвхөн суурин хүн амын мэдээ гарна. Хагас жил буюу 180-аас дээш хоног Баян-Өлгийгөөс өөр газарт байгаа хүмүүсийг тоолохгүй. Суурин хүн амын 60 шахам хувь нь хөдөлмөрийн насных. Энэ насныхны мөнхүү 60 гаруй хувь нь албан ёсоор ажил эрхэлдэг.
Идэвхтэй ажил хайгчид аймгийн хэмжээгээр ердөө 1349. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо байхгүй. “Ер нь ажилгүйдэл гэдгийг яаж авч үзэх вэ гэдэгт асуудал байна” гэж Боловсролын газрын дарга К.Иммамагзам өгүүллээ. Харин ИТХТ-ийн дарга Б.Лазатхан ажилгүйчүүдийн тоог албан бусаар 7500 гэж тооцдог тухай ярьсан юм.
Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг казак үндэстнүүдийг судлаач Н.Эрдэнэбаяр “Ураг төрөл болон сүсэг бишрэл дээр тулгуурласан супер бүтэцтэй” гэж тодорхойлсон юм. Аливаа нийгмийн байдалд зохицон амьдрах ер бусын чадвартай гэж тэрээр нэмж хэллээ. Хэдийгээр ураг барилдах ёсондоо “долоон үеэ тооцох”-ын уламжлалыг чанд баримталдаг ч олон жилээр аймагтаа төвлөрч амьдарсан казак үндэстэнд удмын өөрчлөлт орсон байж болзошгүй гэж үзэн, хүн судлалын шийнжилгээ хийгэхээр төлөвлөж байгаагаа ИТХТ-ийн дарга Б.Лазатхан онцолж байлаа.
Судлаач Э.Эрдэнэбаяр бол “Цөөнхийн цөөнх” гэж өөрсдийгөө тодорхойлдог Баян-Өлгийн монголчуудын төлөөлөл. Эдгээр цөөнхийнхөн казакууддаа хавчигддаг, зөрчилддөг гэсэн цуу яриа үнэндээ бидний тэртээ баруун хязгаар руу хөтөлсөн хэрэг л дээ. Гэвч бид нутаг оронд байдал чухам ямар байгааг газар дээр нь үзээд, энэ мэт дэл сул хэл яриа гарахын яль шальгүй учир шалтгаануудын нэг нь ажлын байрны хүрэлцээ, хөдөлмөр эрхлэлт юм байна гэж дүгнэсэн юм. Мэдээж, ажилгүйдлийн бэрхшээл үйлдвэрлэл, эдийн засгийн бүтэц болон боловсрол, хүний хөгжил зэрэг суурь асуудлууд руу очиж холбогдох нь ойлгомжтой.
Овог ургаа ахлацгаах нөлөө, зонхилол ихтэй, ахмад настай аксакалуудаа тойрч амьдардаг Баян-Өлгийнхний энэхүү заншиллаг “төвлөрөл” аймгийн ажлын байрны хүрэлцээг муутгах нэг шалтгаан болж байгааг Боловсролын газрын дарга К.Иммамагзам үгүйсгээгүй. Дээр нь монгол хэлний сургалтын чанар сүүлийн жилүүдэд илт муудсан явдал казак хүмүүсийн өөр аймаг, нийслэлд очиж ажиллах, амьдрах чадавхийг бууруулахад хүргэсэн байх магадлал байна.
Казакстаныг чиглэсэн нүүдэл, тэндээсээ буцаж буй харих урсгал Баян-Өлгийд өнөө хэр гүйцэт шийдэгдээгүй асуудлын нэг. Амьдрахын эрхээр тийш одсон өлгийчүүдэд анхандаа хөдөлмөрийн гэрээгээр боломж олгож байсан Казакстаны тал таван жилийн дараагаас тус улсын иргэн болохгүй бол ажиллуулахгүй гэх мэт нөхцөл болзол тулгах болжээ. Үүнээс нь болоод буцаж ирсэн хүмүүс байгаа ч маш олон иргэн тэндээ идээшиж чадсан байна. Одоо Казакстанд хамаатан садан нь байдаггүй айл өрх Баян-Өлгийн казакуудын дотор үгүй. Тэндээ идээшихгүй байгаа, эрүүл мэндийн хувьд таарч тохирохгүй ч юм уу, эдийн засгийн хувьд хөлөө олоогүй зэрэг шалтгаанаар эргэн ирж буй хүмүүс ч дундраагүй байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд л 900 гаруй ийм хүмүүс Монгол Улсын иргэний харъяаллаа сэргээсэн бол энэ оны эхний улиралд л гэхэд 250 гаруй хүмүүсийн өргөдөл хүлээгдэж байна.
Казаксаны Засгийн газар гадаад орнууд дахь казак иргэдэд зориулсан оюутны тэтгэлэгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жил бүрийн намар тэндээс шалгалтын комисс Баян-Өлгийд ирж ЭЕШ авна. Гадаад хэл, математикийн анхан шатны түвшний шалгалтад Монголын казак хүүхдүүд унана гэж бараг байхгүй. Өнгөрсөн оны наймдугаар сард авсан шалгалтанд 109 хүүхэд бүртгүүлсэнээс 105 нь тэнцжээ. Тэнцсэн оюутнууд эхний жилд орос хэлний бэлтгэлд суугаад, хойтонгоос нь мэргэжлийн сургуулиуддаа хуваарилагддаг байна. Чухам ямар ямар мэргэжлээр цааш суралцаж байгаа тухай бүртгэл мэдээлэл Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт байсангүй. Өөрөөр хэлбэл тэдгээр оюутнуудыг ямар мэргэжлээр сургах, хэн болгож төлөвшүүлэхийг Казакстаны Засгийн газар л шийддэг гэж хэлж болохоор байлаа.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар руу, Монголын их, дээд сургуулиуд руу элсэн суралцах оюутны тоо эрс цөөрчээ. Үүнд бас учир шалтгаан бий. Тэтгэлэг, хөнгөлөлт байхгүй Монголын сургуулиуд харьцангуй өндөр төлбөртэй болохоор санхүүгийн чадвар муутай эцэг, эхчүүд Казакстаны төлбөргүй сургуулиудад сургах сонирхолтой байдаг аж. Тэндээс төгөөд ирж байгаа залуус ажлын байртай болох нь хэр байгааг сонирхвол Статистикийн газрын дарга Х.Бахыт “Ер нь тийшээ явж байгаа хүүхдүүд эргэж ирэхгүй байгаа” гэж хариулсан юм. Ирж байгаа цөөхөн зарим нь энд шингэж ажиллаж чаддаггүй аж. Монгол хэлний мэдлэг нь дутдаг байна. Гэхдээ үүнийг ажилгүйдлийн гол шалтгаан гэж хэлж болохгүй. Ажлын байр дулимаг байгаа нь л ажилгүйдлын гол шалтгаан юм.
Овог ургаараа хүрээлж амьдардаг заншил ёс нь төрийн албаны ажлыг ужигруулж, хүнд сурталтай, авилгатай, тал тохойтой болгосныг Засаг дарга Х.Дармен ярьж байлаа. Үүнийг таслан зогсоох үүднээс төрийн байгууллагуудад авч хэрэгжүүлсэн бүтэц, бүрэлдэхүүн, ялангуяа удирдлагын шинэчлэл нь багагүй хэл ам дагуулж байгаа аж. Улстөржүүлсэн зарим нь энэ асуудлыг казак, монгол үндэстэн хоорондын асуудал болгож, “казак удирдлагууд монголчуудыг тендерийн шалгаруулалтаас хасаж байна”, “монгол хүмүүсээр хүчний байгууллагыг удирдуулж казакуудыг номхруулах гэж байна” гэх мэт “бор шувуунууд” нисгэн баахан дөгөөжээ. Энгийн иргэдийн дундуур явж, амьдрал ахуйтай нь танилцан, айл өрхөөр зочилж явахад казак, монголоороо тэгтэл талцаж, дайсагнасан ааш авир мэдэгдсэнгүй. Энэ тухай яриа гаргаж, түүнийгээ даамжруулж хөөрөгдөж байгаа зарим нэгний үүдэл сэдэлд өнөө л ажлын байрны асуудал яваа юм болов уу гэх сэтгэгдэл төрсөн юм. Цөөн бор төгрөгийн тендерээ булаалдсан, боловсролтой голдуу ажилгүйчүүддээ дутуудсан орон тоогоо чангаалцсан зарим нэгэн л далд санаандаа хүрэх гэхдээ ийн “үндэстэн, ястны асуудал” бий болгон, өмнөө барьж, гэмгүй бусдыг турхирч суугаа байж мэдэх юм.
Өмнө өгүүлсэн статистик үзүүлэлтээс албан бус хөдөлмөр эрхлэлтээрээ Баян-Өлгийчүүд ядуурлаа бууруулжээ гэж таамагдахад хүрсэн юм. Тийм ч учраас худалдаа арилжаа эрхлэгчид, үйлчилгээний салбарынхантай нь уулзлаа. Казак, урианхай, турк хоолны ресторануудаар орж, Улаанбаатарт огт олдохгүй амтлаг, нүнжигтэй хоолноос нь идлээ. Зах дээр махны үнэ ханш Улаанбаатарынхаас яг хоёр дахин бага байна. Орос, Киргиз, Узбек барааны дэлгүүрүүдэд казак хүмүүсийн сонирхол, ёс заншлын онцлогт тохирохуйц загвар хийцтэй, хээ хуартай гоёмсог хувцаснууд өлгөсөн нь худалдаачны мэдрэмжийг илтгэнэ.
Өлгий хотын дотор гурван төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилдэг нь микро автобус, такси, мотоцикль. Микроавтобус 300 төгрөгөөр үйлчилдэг бол такси км газарт 700 төгрөгөөр, мотоцикль 500-гаар явдаг юм байна. Хоёр дугуйт “такси”-чидтай уулзаж хөөрөлдвөл үйлчлүүлэгчдээ хүртэл каск малгай өмсгөдөг журамтай бөгөөд өдөрт 10-20 мянган төгрөгийн орлого олчихдог гэх аж. Хүн бүр л хэр дэрвийхээрээ ажиллах нь нутгийн онцлог гэмээр харагдана.
Зах дээр худалдаа наймаа хийж байгаа, цайны газар, тээврийн хэрэгслээр үйлчилж байгаа хүмүүсээс казак эзэнтэй компанид урианхай, дөрвөд, тува хүмүүсийг ажиллуулахгүй гэх, эс бөгөөс урианхай эзэнтэй компанид казак хүнийг ажиллуулахгүй гэх хандлага байдаг эсэхийг лавлахад толгой сэгсэрцгээж байлаа. Бүр нэр зааж, тэр казакийн компанид тэдэн монгол ажилладаг, тэр дөрвөдын компанид тэдэн казак ажилладаг гэхчлэн хэлж өгч байв. Үндэстний зөрчилдөөн байхгүй гэж өмнө өгүүлсний маань учир энэ.
Баян-Өлгийн хойд боомт дээр буюу Цагааннуурын боомтоор худалдаа эрхлэгчдэд нэг удаагийн виз буюу цагаан хуудсаар нэвтрүүлэх асуудал тун ярвигтай болоод удаж байгаа юм байна. ОХУ-ын талынхан зөвхөн хүндэтгэх шалтгаантай буюу хамаатан садан нь нас барсан ч юм уу, муу байгаа нөхцөлд цагаан хуудас олгож байх 1994 оны Засгийн газар хоорондын гэрээг ягштал баримталдаг аж. Сэлэнгэ, Замын-Үүдийн боомтууд энэ асуудлаа аль эрт шийдчихсэн, худалдаачин наймаачид нь нэг удаагийн визээрээ чөлөөтэй орж, гарч биснесээ явуулж болдог байхад Цагаануурын хил орчмынхон тийм болгоод шийдчихэж чадахгүй өдийг хүрсэн байх юм. Тус аймагт хил орчмын худалдаа, наймаагаар амьдралаа залгуулдаг 500 гаруй айл өрх байдаг аж.
Аймгийн удирдлага үйлдвэрлэл, бизнесийг нэмэгдүүлэхэд багагүй анхаарчээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2013 онд олгосон 500 саяын санхүүжилтийг тэр чигээр нь барилгын үйлдвэрлэл рүү оруулсан байна. Үр дүнд нь 207 ажлын байр шинээр нэмэгдсэн аж. Мөн Баяннуур, Бугат, Ногооннуур, Сагсай, Толбо сумдад малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 25 өрхийг малжуулсан байна. Шинээр ашиглалтад орсон уурхайнуудад 220 гаруй хүн ажиллаж байгаа бол мод тарих, зам тавих, хадлан тэжээл бэлтгэх зэрэг түр ажлын байруудад 470 шахам иргэдийг хамруулжээ.
Мал аж ахуйгаас хамааралтай эдийн засаг бүхий хэвээрээ байгаа Баян-Өлгийд үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой гэсэн чиг баримжаатай байгаагаа удирдлагууд дурдаж байна. Арьс шир, сүү цагаан идээ, мах, ноос ноолуур боловсруулах үйлдэрүүд зайлшгүй гэж үзэн тэргүүлэх чиглэл болгосноо ч ярьсан юм. Дараагийн гол үйлдвэрлэл нь байгаль орчинд хал балгүй уул уурхайн үйлдвэрүүд байх гэнэ. Цаашлаад дэд бүтцээ хөгжүүлж, Улаанбаатар хот болон хөрш орнуудтай харилцаагаа өргөжүүлбэл эдийн засаг өсөн нэмэгдэж, тэр хэрээр ажилгүйдлээ шийдвэрлэх боломжтой болно гэцгээж байлаа. Дээр, дооргүй ажил ундарч, монгол, казакгүй оволзтол ажиллаад ирэхийн цагтаа өлгийчүүдэд “би ажилгүй, чи ажилтай”, “би монгол болохоор ажилгүй, чи казак болохоор ажилтай” гэх мэтийг хэлэлцэн, хэрүүл уруул хийж байх завгүй болох биз ээ.
Зочин
Зочин
Зочин
Zochin
Монголд үндэстэний цөөнх байхгүй
Зочин
зочин
зочин
Эрдэнэ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mongol
Kazah
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Пурэвбаатар МоАХ
n
Зочин
Зочин
GUN
Зочин
Зочин
ТҮЙТЭРТ
Зочин
Хасаг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
хятадууд монголд санаархаад эхэлжээ махан толгойда
Зочин
Зочин
Зочин
Bolgoomjlol
Kei
Зочин
Зочин
Mongol
Хасагууд
Шийдэх нэг гарц
Guest
Зочин
Eruul uhaan
Зочин
tsever mongol hezee ch nuudelchdeer orolddogui
zochin
казахууд
Монголд үндэстэний цөөнх байхгүй
Tomor
Зочин
олны үг ортойд
mongol
ччччч
зочин
САЙН НИЙТЛЭЛ БОЛЖЭ