Аль ч улсын эрүүл мэндийн тогтолцоо нь иргэдээ өвчин, ослоос урьдчилан сэргийлэх, эмчлэн анагаах, нөхөн сэргээх гурван зорилготой. Энэ зорилгоо гурван шатны эмнэлгийн байгууллагууд, эмч, сувилагч, мэргэжилтнүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг. Төрийн хамгийн эхний үүрэг бол иргэн бүртээ эрүүл мэндийн анхан шатны, чанартай тусламж, үйлчилгээг эрх тэгш хүртэх боломж олгох явдал юм. Энэ салбарын төрийн бодлого ямар байхаас улс орны хөгжлийн түвшин тодорхойлогдоно.

Монголын эрүүл мэндийн тогтолцоо нь мянган хүнд ногдох эмч болон эмнэлгийн орны тоогоор дэлхийд тэргүүлдэг ч, чанараар сүүл мушгиж, урьдчилан сэргийлэх ажил бараг үгүй, эмчилгээ нь өвчтөнөө дүрвээн, иргэд нь гадаадын эмнэлэгт найдахад хүрчээ. Эрүүл мэндийн энэ бодлогод саруул хэсэг бараг алга.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЖ ҮЗЭГДЭЛ


Гурван сая хүнтэй Монгол Улс төрийн 600, хувийн 1200 эмнэлэгтэй аж. Эрүүл мэндийн салбарт 7500 эмч, 9200 сувилагч, нийт 40-өөд мянган хүн ажиллаж, 10.000 хүнд 27 эмч, 36 сувилагч, 58 ор ногдож байгаа нь тооны хувьд хөгжингүй орнуудаас дээг үүр ч, чанар нь хөгжиж буй орнуудынхаас доогуур гэнэ.

Манай хувийн эмнэлгүүд эрхтэн, системээр ялгаран хуваагдсан бөгөөд салангид мэдээллийн сан нь хоорондоо уялдааг үй, ихэнхийг нь эмнэлэг гэж нэрлэхэд хэцүү, хувийн 1200 эмнэлгийн 1000 нь оргүй, үлдсэн нь дунджаар 10 орчим ортой, орон сууцны өрөөнд байрладаг, сувилал маягийн үйлчилгээтэй, хүнд өвчтөн авдаггүй, авсан хүний бие муудвал шууд улсын эмнэлгийг бараадуулаад орхидог учир “үүдэн эмнэлэг” гэдэг хоч авчээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг 311 сум болон 220 өрхийн эмнэлэг үзүүлсэн нэртэй. Тэдгээрийн санхүүжилтийг харьяа хүнийх нь тоогоор, жилд нэг хүнд дунджаар 17.000 төгрөг буюу 10 ам.доллараар тооцон төсвөөс гаргаж байгаа нь Монгол шиг дундаж түвшний улсад ДЭМБ-ын зөвлөж буй хэмжээнээс зургаа дахин бага аж.

Эрүүл мэндийн хоёрдогч шатлалын үйлчилгээг 22 аймаг, есөн дүүргийн эмнэлэг хүргэх ёстой ч дүүргийн эмнэлгүүд нь хамгийн энгийн мэс заслыг ч хийдэггүй, эх барьдаггүй, хүүхдийн болон гэмтлийн эмчилгээ байхгүй учир анхны болон хоёр дахь шатлалт хийгдвэл зохих бараг бүх эмчилгээ, мэс засал нь гурав дахь шатны 17 тусгай эмнэлэг болон дөрвөн клиник дээр өндөр зардлаар хийгдэж, эдгээр эмнэлгийн үндсэн үүргээр биелүүлж чадахгүй болж иргэд гадаадад явж эмчлүүлэхэд хүрч байна.

Эмнэлгүүдийн байшин барилга хуучирсан, анхнаасаа архитектурын төлөвл өлт, зохион байгуулалт нь буруу, тоног төхөөр өмж нь элэгдэж хоцрогдсон, эмнэлгийн дэд бүтэц маш сул, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй. Мөн дийлэнх нь зохиомол ачаалал үүсгэж, өвчтөнүүдийг олон цагаар хүлээлгэн, чирэгд үүлж, шаардлагагүй өвчтөнийг олон хоногоор хэвтүүлэн, шаардлагатайд ор нь хүрэлцэхгүй, эмнэлгийн тохь тух муутай, эмчийн мэдлэг чадвар сул, нэр төдий хоолтой байгаад нь иргэд сэтгэл нэн дундуур байна. Хоорондоо ажлын болон мэргэжлийн уялдаа холбоогүй эмнэлгүүдтэй, өвчтөн илгээх тогтолцоо байхгүйгээс иргэд нь нэг эмнэлгээс нөгөө рүү ямар ч зүг чиглэлгүй, өөрсдөө таамаглан гүйж байна.

Эмнэлгүүд төсвийн санхүүжилтийн ихэнхийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд биш хуучин, муу байрныхаа халаалт, цахилгаан, засвар үйлчилгээ, эм, хоолондоо зарцуулж ирэв. Улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт 2013 онд нийтдээ улсын төсв өөс 400 тэрбум төг зарцуулсны 30 тэрбум орчим нь тоног төхөөрөмж авахад зарцуулсан нь үнэхээр хангалтгүй юм.

2014 онд Азийн хөгжлийн банкны 35 сая долларын тусламж, зээлийн хөрөнг өөр Сонгинохайрхан дүүрэгт 250 ортой эмнэлэг, Япон улсын 35 сая долларын буцалтг үй тусламжаар Баянзүрх дүүрэгт 150 ортой шинэ эмнэлэг барьж ЭМШУИСтай хамтран ашиглах гэж байна. Гэхдээ эмнэлгийг хэвийн ажиллуулахын тулд жил бүр оруулсан хөрөнгийнхөө 30-70 хувьтай тэнцэх эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг. Энэ хөрөнгө олдохгүй бол сайхан шинэ барилга, тоног төхөөрөмж бага ашиглалттай, боловсон хүчнээ сургаж чадахгүйд хүрдэг.

Монгол Улс дэлхийг тэргүүлж буй бас нэг зүйл бол 1000 хүнд ногдох эмийн сан, тэдгээрийн борлуулж буй хуурамч болон стандартын бус эм юм. 2013 онд Азийн хөгжлийн банкны судалгаагаар манай эмийн сангуудын эмийн 28 хувь нь хуурамч, стандартын бус байжээ. Уг нь эмийн сангийн зөвшөөрлийг нь олгосон аймаг, хотын Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газар нь энэ бүхнийг бас зогсоох ёстой. Мөн нийт эмийн тавны нэг нь улсад бүртгэлгүй байгааг МХЕГ мэддэг болов уу? Эмийн сангийн бараануудын үнийг зөвхөн худалдагч нь цээжээр мэддэгийг Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гэсэн сүржин нэртэй, даржин газар анзаардаггүй байх.

ТОГТОЛЦООГОО ЭМНЭЛЭГ БИШ, ХҮН ТӨВТЭЙ БОЛГОЁ

Эрүүл мэндийн салбарын энэхүү хөөрхийл өлтэй байдлын суурь шалтгаан бол буруу тогтолцоо, ухаалаг бус удирдлагад нь байгаа юм. Ардчиллын хорин жилд агуулга нь шинэчлэгдээгүй ганц салбар бол энэ. Удирдлага нь маш их төвлөрсөн хэвээр, улсын эмнэлгүүдийн ор, эмч, сувилагчийн тоо, цалин хэд байхыг яам нь шийдсээр л байна. Эмнэлгийн ор болон ажилтны тоогоор төсвөөс санхүүжүүлж, удирдлагыг нь улс төрийн намаас томилдог учир хөдөлм өрийн бүтээмж, үйлчилгээний чанар угаасаа тэдэнд сонин биш.

Бүх ажиллагсад нь төрийн албан хаагчид бөгөөд бүх хөрөнгө нь Төрийн өмчийн хороонд, төсвийн үлдэгдэл нь Сангийн яаманд, тоног төхөөрөмж авах нь ЭМЯ, Сангийн яаманд төвлөрсөн тул эмнэлгийн удирдлага ажил хэрэгч шийдвэрийг цагт нь гаргах боломжгүй аж.

Энэ бүх тогтолцооны гажгийг эрс өөрчл өх шаардлагатай юм. Сум, аймаг, өрх, дүүргийн эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь уялдуулан холбох, хоёр дахь шатны эмнэлгүүдийн үйлчилгээний төрөл, чадварыг дээшлүүлж, наад зах нь мухар олгой зэрэг энгийн мэс засал хийх, эх барих, гурав дахь шатны эмнэлг үүдийн ачааллыг багасгах шаардлага гарч байна.

Эдүгээ хэлэлцэж буй Эрүүл мэндийн даатгалын хуультай цуг эмнэлгийн тогтолцоог өөрчилж, төвлөрлийг сааруулан, улс төрийн намуудаас салган, төрийн эмнэлг үүдийг эхний ээлжинд төрийн өмчит, аажмаар хувьцаат компани болгох нь өгөөжтэй. Гурав дахь шатанд хувийн эмнэлгүүдийг түлхүү оруулах, эрүүл мэндийн нийтийн болон хувийн даатгалын компаниудыг татан хамруулсан ухаалаг, зоримог алхам хийх цаг иржээ.

Хоёр дахь шатлалын аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдийг нэгтгэн томсгож, “эрүүл мэндийн төв” хэлбэрээр зохион байгуулах, эрүүл мэндийн анхан шатны бүх тусламжийг өргөжүүлэн чанартай хүргэх чадвартай, урьдчилан сэргийлэх олон төрлийн үйлчилгээ үзүүлэх, түүний дотор хорт хавдрыг эрт илрүүлэх талаар ажиллах шаардлагатай байна.

Бүх шатны эмнэлгүүд, тэдгээрийн удирдлагыг нь ЭМЯ-ны харьяанаас гаргаж, яам нь эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг тогтоон мөрдүүлэх, тэдэнд зөвшөөрөл, магадлан итгэмжлэх л үүргийг хүлээлгэх учиртай. Эмнэлэг бие даасан статустай, санхүү болон хүний нөөц зэрэг асуудлаа өөрөө шийдвэрлэх эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Эмнэлгийн дарга ажлаа сайдад биш харин Удирдах зөвлөлд өө тайлагнадаг болъё.

Иргэд эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн 70 хувийг эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангаасаа, үлдсэн 30 хувийг хувийн даатгалаас сонгох боломж олгон, аажмаар зохион байгуулж, даатгалын компаниуд нийлээд бүх эмнэлэг, эмийн сангийн бараа, үйлчилгээний чанарт хяналт тавьж, эрүүл мэндийн бүхий л үйлчилгээг худалдан авагч нь болгох шалгарсан тогтолцоонд шилжих хэрэгтэй. (Эрүүл мэндийн даатгалын тухай өмнөх нийтлэлийг уншина уу: jargaldefacto.com/эрүүл-мэндийн-даатгалын- эрүүл-бус-тогтолцоо/ )

Эрүүл мэндийн салбарын одоогийн бүтцээр ДНБ-ээс зориулж буй хөрөнгөө хоёр дахин нэмсэн ч зарчмын өөрчлөлт гарахгүй юм. Илжигний чихэнд ус ч хийсэн алт ч хийсэн сэгсэрнэ гэдэг.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дорвитой шинэчлэл хийгдэж, төөрсөн манангаас удалгүй гарахыг Монголын иргэд төрөөс шаардаж байна. Эрүүл амьдралын төлөө хүн бүр хичээе.