Логик сэтгэлгээнд тодорхой нэг үйл явдал болохын тулд зайлшгүй болон хангалттай нөхцөлүүд хамт бүрдсэн байх ёстой гэж үздэг.

Улс орны эдийн засаг, нийгмийг цэцэглүүлэн хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл бол улс төрийн хувьд ардчилсан парламентийн, эдийн засгийн хувьд хувийн өмч-чөлөөт зах зээлийн тогтолцоо, хязгаарлалттай төрийн оролцоо болохыг эдүгээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөөд байна. Энэ зайлшгүй нөхцөл бүрдсэн ч бас бүрэн хангалттай биш ажээ. Тэрхүү хангалттай нөхцөл нь ил тод, тайлагнадаг нийтийн сайн засаглал юм. Төрийн оролцооны хэмжээ нь бага, өгөөж нь их байж л сая ардчилсан орны иргэд илүү сайхан амьдрах нөхцөл бүрэлддэг. Төрийн оролцооны хэмжээ, өгөөж нь төрийн эрхийг сонгуулиар авдаг улс төрийн намуудын чадвараас хамаарна.

Сэтгэлгээний энэ аргаар харвал Монголд хөгжлийн хангалттай нөхцөл бүрджээ. Өнгөрсөн 20 жилд бид улс төр, эдийн засгийн шинэчлэлт хийж, улс төрийн ардчилсан, эдийн засгийн чөлөөт зах зээлийн тогтолцоог эргэж буцалтгүй болгосон тухай улстөрч болгон ярьж байна. Тэгвэл яагаад монголчуудын дийлэнх нь тарчиг, гуравны нэг нь ядуу, хоногийн хоолоо арай ядан залгуулдаг болчихов оо? Үүний ганцхан шалтгаан бол нийтийн засаглал (төр засгийн)-ын чанар бөгөөд Монголын төр засгийн үйл ажиллагааны өгөөж үнэхээр цаг үеийн хурд, шаардлагыг гүйцэхгүй байна. Төрийн эрхэнд гарсан үе үеийн удирдлагууд дандаа л сайхан амлалт өгч, саруул ирээдүйг авчирна гэдэг ч, үр дүн нь статистикийн сайхан дундаж тоонуудаас хэтрэхгүй байна.

Монголын төрөөс тэрбумтнууд төрсөөр, төр засаг маань “Тэрбумтнуудын клуб” болсныг тэдний орлогын мэдүүлгээс нь хараад гадаадын хэвлэлүүд ч бичих боллоо. Эдүгээ Монголын иргэд чөлөөт эдийн засгийн нийгэмд өөрийн хүч чадал, авьяас чадвараар ялгарч, өрсөлдөөнийг тэргүүлж, томоохон орлого олж байгаа хувийн аж ахуйн эздийг хүлээн зөвшөөрдөг болжээ. Зөвхөн хөрөнгөтэй хүн л бизнесээ тэлж, ажлын шинэ байр бий болгодгийг залуучууд ялангуяа сайн мэднэ.

Гэтэл хувийн хэвшилд ганц удаа ч ажиллаагүй төрийн түшээд улам хөрөнг өжөөд байгаад иргэд харин дургүйцэж байна. Нийтийн (төрийн) хэвшил нь хувийн хэвшлээс татвар авч, орлогоор нь хамтын сонирхолд шаардлагатай дэд бүтцэд хөр өнгө оруулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг л хариуцдаг. Нийтийн хэвшилд ажиллагсад энэхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны зардлаас цалинждаг учир тэдэнд бусдаас онцгой хөрөнгөжих боломж байх учиргүй. Нийтийн хөрөнгийг төрийн эрхэнд гараад хувьдаа ашиглан зувчуулж болоод байгаад л асуудлын гол нь байгаа юм.

НЭН ТУЛГАМДСАН ГАНЦ АСУУДАЛ

Нийтийн засаглалыг эрс сайжруулах, төрийн нэрээр нийтийн газар, хөрөнгийг завшихыг таслан зогсоож чадвал Монгол Улс хөгжих хангалттай нөхцөл бүрдэнэ. Нийтийн хөрөнгийг хулгайлж завшуулж байгаа эх сурвалжийг мөшгин олж, таслан зогсоох явдал манай иргэн бүрийн ариун үүрэг боллоо.

Төр засгийн эрхийг бүх нийтийн сонгуульд ялсан улс төрийн намууд л авдаг. Ялсан улс төрийн намын толгойд суусан хэдхэн хүн Монгол Улсын төрийн бүх өндөр суудалд ээлжлэн сууж, уран гоё амлалтаар хорвоо дэлхийг хүртэл уярааж ирсэн ч, хоолгүй хонож буй хүүхдүүд, архиар гутралаа тайлж буй эцэг эхийн тоо буурахгүй байсаар хориод жил боллоо. Хотын захын гэр хорооллынхон дахиад хэдэн өвлийг харанхуй утаанд багалзуурдуулж өнгөрөөх юм бэ?

Монголчууд, юуны түрүүн залуучууд төр засгийн ханаар мөлхөн ургасан авлигыг үндсээр нь таслан устгах ёстой. Энэ авлига гэх хогийн ургамлын үндэс нь Монголын улс төрийн намуудын дотор нь байна. Монголын улс төрийн намуудад ямар ч хууль үйлчилдэггүй, үйлчилсэн болж харагдуулаад удаж байгаа. Хууль үйлчилдэггүй байгууллагыг мафи гэдэг. Тэнд зөвхөн том мөнгө л илүү хүчтэй байдаг. Уг нь хуулийнхаа дагуу бол улс төрийн үйл ажиллагааныхаа бүх зардлыг үнэн зөв гаргаж, аудитын шалгалт хийлгээд нийтэд мэдээллэх ёстой. Тэр мэдээлэл аль ч намын цахим хуудсанд байхгүй бөгөөд СЕХ-ны хуудаст хэн аудит хийсэн нь тодорхой биш, зарим хандивлагчийн нэр, хэмжээ Excel-ээр байгаа нь хангалтгүй юм. Сонгуулиас олон сарын өмнө янз бүрийн баяр наадам зохиож, үнэтэй бэлэг, шинэ машинаар байлж буй хахуулийн тухай ямар байгууллага дуугарч байгаа юм бэ?

Өнөөгийн төр засгийн удирдагчид энэхүү хогийн ургамлыг таслан зогсоох тухай сайхан ярихаас хэтрэхгүй нь ойлгомжтой. Учир нь тэд өөрсдөө энэ ургамлын нэгэн хэсэг нь юм. Нэгэнт л улс төрийн намаа дотроос нь авлигаас цэвэрлэж чадахгүй учир төр засгийн байшингийн ганц, хоёр өрөө, аль нэг давхрыг цэвэрлэчихээд, сонгуулиар түүнээ гайхуулан сурталчилж, “нүглийн нүдийг гурилаар хуурч”, улмаар дахин сонгогдсоноор байдал хэвээрээ үлддэг.

Эдүгээ улс төрийн намуудыг хэн илүү хөрөнгө, хандив оруулсан нь де-факто удирдаж, Монголд төрөөсөө том нам, намаас том фракц бий болж, төрийг улс төрийн нам ч биш, аль нэг фракцууд удирдах боллоо. Хамгийн их мөнгө гаргасан компаниуд төрийн дээд албан тушаалд өөрсдөө, эсвэл төлөөний хүнээ тавиулж, төрийн тендерт “ялж”, зарсан мөнгөө олон дахин эргүүлэн авч байгаа нь авлигын түймрийг улам дэврээж байна.

ИРГЭДИЙН ХЯНАЛТ

Санхүүжилтийн бодит эх үүсвэр нь нууцлаг, тайлангаа аудит хийлгэж нийтэд зарладаггүй улс төрийн намууд бол авлигын хорт ургамлын үндэс нь юм. Тийм намууд төрийн эрхэнд гармагцаа засаглалын бүх давхарга дахь авлигын ичээ болдог. Ийм ичээнээс улс төрийн манлайлагч биш, авлигачид төрж Монголын хөгжилд гацаа саад, гай тотгор болж байна. Тийм ч учраас Монгол Улсад манлайлагч төрөхгүй, иргэд “хүчтэй удирдагч”-ийг үгүйлэх боллоо.

Улс төрийн намын тухай хуулиа дахиад шинэчлэх гэж байгаа энэ үед онцгой анхаарах зүйл бол намуудыг зөвхөн бүртгэдэг Дээд шүүх нь бас хууль журмыг мөрдүүлэх, хариуцлага тооцох, татан буулгах хүртэл арга хэмжээг бодитойгоор авч хэрэгжүүлдэг болох шаардлагатай байна.

Бас нэг онцгой анхаарах зүйл бол намын санхүүжилтийг улсын төсвөөс гаргах тухай асуудал юм. Төр, бизнес хоёрыг тусгаарлах зорилгоор олон оронд ийм алхам хийж, намуудын хөтөлбөрийн чанарт анхаарч, үйл ажиллагааны тодорхой стандарт хангахыг шаардаж, хөрөнгийн зарлагыг ил тод байлгаж, улмаар шударга өрсөлдөөнийг бий болгож байна. Япон, Солонгост жишээ нь, тойргийн сонгогчдын тоогоор нь сурталчилгааны хязгаар тогтоож, ингэхдээ сонгуулийн хугацаанаас өмнөх зардлыг ч хамааруулдаг ажээ.

Ер нь бол өнгөрсөн сонгуулийн тайлангаа гаргаагүй, хөндлөнгийн аудитаар дүгнүүлээгүй улс төрийн намуудад төрөөс санхүүжилт хийхгүй байх, дараагийн сонгуульд оролцохыг хориглох нь шударга ёсонд нийцнэ.

Монголын улс төрийн намууд авлигаас өөрсдөө чөлөөтэй, улс орныг ч чөлөөтэй байлгах үүрэгтэй бөгөөд түүнийг нь хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийнхэн тасралтгүй ажиглаж, чанд сахиулах цаг болсон.

Улс төрийн намуудыг нийгмийн институцийн хувьд хөгжүүлэх, үйл ажиллагааг нь ил тод болгох, санхүүгийн тайланг үнэн зөв гаргуулах, олон нийтийн улс төрийн хүсэл зоригийг дайчилдаг байхуйц зүг рүү чиглүүлэх шаардлагатай байна.