Хохироох ёсгүй хохирол
Хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес бол даатгал. Учир нь даатгал хүмүүсийн зовлонг хуваалцаж, бусдын эрсдлийг үүрч, дааж байдаг. Буянтай, гэгээн сайхан үйл хэрэг. Гэхдээ гол онцлог нь эрсдэл тохиолдохоос өмнө буюу учраагүй хохирол, нүүрлээгүй гамшгийг урьдчилан зөгнөдөгт оршдог.
Чихэвчний хөгжим сонсоод гудамжинд бүжиглэх шахам явж байсан оюутан хүүгийн толгой дээрээс барилгын төмөр унасан эмгэнэлт хэрэг явдал одоо хэр хүмүүсийн санаанаас арчигдаагүй хэвээр байгаа. Тэр хүү даатгалын компаний “Оюутны гэнэтийн ослын даатгал” гэсэн үйлчилгээнд хамрагдан, 100 000 төгрөгөөр үнэлгээ тохиролцон, 1000 төгрөгийн хураамж төлсөн байж. Компани гэрээний дагуу хүүгийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр өгчээ. Мэдээж татвар, суутгалын дараах төлбөр эцэг, эхийнх нь гар дээр очсон байж таарна. Хүний амь настай жишиж дүйцүүлэхэд энэ үнэлгээ хэнд ч хангалтгүй санагдах нь ойлгомжтой. Хүний амь нас, тэр залуугийн улс нийгэмд хийж бүтээх байсан үйл хэрэг, бүтээмжийн дэргэд энэ тоо дэндүү бага. Гэхдээ энэ нь даатгалын компаний буруу огт биш. Өнөөдөр манай улсад үйлчилж байгаа даатгалын салбарын эрх зүй, санхүүгийн зохицуулалтад байгаа юм.
Төрийн эрхэлдэг нийгмийн даатгал болон жил гаруйн өмнөөс хэрэгжиж эхлэсэн албан журмын даатгалыг эс тооцвол энэ салбараас үйлчилгээ авах, эсэх асуудал бүхэлдээ хувь хүний сайн дурын асуудал юм. Даатгуулж ч болно, үгүй ч байж болно гэсэн. Чухам юугаа, хэр хэмжээгээр, ямар үнэ цэнээр даатгуулахыг харин компанитайгаа тохиролцож шийднэ. Энэ тохиролцоо чухамдаа даатгалын салбарын үйл ажиллагааны үндсэн зарчим гэж ойлгоход хилсдэхгүй.
Суурь үнэ цэнээ тохиролцоогоор тогтоодог нь даатгалын үйл ажиллагааны нэг сул тал байж мэдэх юм. Үнэлж баршгүй юмыг хэтэрхий хямд үнэлэх, ялих шалихгүй зүйлийн үнийг хэт өндрөөр тогтоох зэрэг гажиг согог үүсэх магадлал үүнээсээ эхлэдэг. Улмаар даатгуулагчийн урмыг хугалах, эс бөгөөс өрөөсгөлөөр ашиг хонжоо олох буруу сонирхлыг өдөөж ч болох юм. Энэ нь аль нэг компаний гэхээсээ илүүтэй салбарын нэр хүнд, үйл ажиллагааны хэвийн байдалд муугаар нөлөөлж болох сөрөг талтай.
Энэ салбарын орлого үндсэндээ хураамжаараа илэрхийлэгддэг. Нөхөн төлбөр олгох тохиолдол бага гарах тутам даатгуулагчдаас авах хураамжийн үлдэгдэл нь ашиг болж байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурдсанчлан даатгалын салбарын компаниуд 2013 онд нийтдээ 93.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлжээ. Үүнээсээ 26.5 тэрбум төгрөгийг даатгуулагчдийн нөхөн төлбөрт өгсөн байна. Даатгалын хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр үүнийг буруу жишиг гэж тодорхойлсон юм. Хөгжилтэй орнуудад нөхөн төлбөрийн хэмжээ хураамжийнхаа 60-80 хувь байдаг аж. Гэтэл манай даатгалын компаниуд 70 гаруй хувийн ашигтай ажиллаж байна. Энэ их хэмжээний хураамжийн үлдэгдэл даатгалын компаниудад өртөг зардлаа хэмнэж ашигтай ажиллах биш, нөхөн төлбөрийг бага олгохын төлөө улайран тэмцдэг буруу зуршил бий болгоод байгааг Ө.Эрдэнэбаяр онцолсон юм. Харин үүнд нь хараат бус хохирол үнэлэгчид тээг болж эхэлжээ.
Хэт их хураамж төвлөрүүлэх, аль болох бага нөхөн төлбөр төлөх эрмэлзэл нь компаниудыг ямар ч үнэ, үнэлгээгээр хамаагүй даатгуулагчтай гэрээ байгуулахад хүргэж, дараа нь даатгуулагчийн авч байгаа нөхөн төлбөрийн хэмжээ санаанд нь хүрэхгүй байх, цаашлаад дахиж ямар ч даатгалын үйлчилгээ авах сонирхолгүй болоход түлхдэг байна. Тухайлбал, та 10 сая төгрөгийн үнэтэй автомашинаа 1.0 сая төгрөгөөр даатгуулсан байлаа гэж бодъё. Ослын улмаас танд 1.0 сая төгрөгийн хохирол учирсныг үнэлгээний компани тогтоож өгсөн байг. Энэ тохиолдолд даатгалын компани танд өгөх нөхөн төлбөрийг 100 000 төгрөгөөр тооцож, түүнээсээ татвар, шимтгэл суутгаад 80 орчим мянган төгрөг гар дээр чинь тавина. Энэ төлбөр танд яавч чамлалттай л санагдана.
Дээрх жишээний тайлбар маш энгийн. Таны машины үнэ 10 сая төгрөг болохоор даатгалын үнэ болох 1.0 сая төгрөгийн үнэлгээ чинь ердөө 10 хувь нь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, та машиныхаа 10 хувийг л даатгуулсан гэсэн үг. Тэгэхээр компани танд хохирлын тань 10 хувийг л төлж байгаа хэрэг. Уул нь та анх гэрээ байгуулсан 1.0 сая төгрөгөө авна гэж бодож байсан байх. Үнэнийг хэлэхэд, би ч бас тийм л ойлголттой байсан.
Ерөөс хөрөнгийн үнэлгээг орлогын, зардлын, зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх гэсэн үндсэн гурван хандлагаар тогтоодог. Гэхдээ хохирлын үнэлгээ нь үнэ цэнийн бууралтыг тогтоодгоороо онцлогтой. Даатгалын хохирол үнэлэгч компаниуд холбоо байгуулснаар ойлголцол, мэдээлэл болон аргачлалаа нэгтгээд байгааг Ө.Эрдэнэбаяр дурдсан. Хохирлын хэмжээ, түүнийг арилгах зардалтай тэнцдэггүй. Тэгэхээр хохирлын үнэлгээчид дээрх гурван хандлагын хоёрыг буюу орлогын ба жишиг хандлагын хосолсон аргачлал хэрэглэхээр тогтсон байна. Үүнийг жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой.
Таны даатгуулсан машины салхины шил хагарчээ гэж бодъё. Та машинаа таван жил хэрэглэсэн гэж үзвэл энэ хугацааны ашиг шимээ өгчихсөн гэсэн үг. Орлогын албан татварын тухай хуульд автомашиныг 10 жил шулуун шугамын аргаар элэгдүүлж дуусна гэж заасан байдаг. Тэгэхээр салхины шилэнд таван жилийн ашиг шим үлдсэн гэсэн үг. Энэ хугацаагаар элэгдэл байгуулаад гарсан үнээр нь хохирол тогтооно. Ингэж тооцсон хохирлийн хэмжээ шинээр авч тавих салхины шилний үнэ, засварын ажлын өртөгт хүрэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр үнэлгээний компаниуд хохирол арилгах зардлыг тооцьё, ингэхдээ зах зээлийн үнэ ханшийг баримталъя гэж тохиролцсон байна.
Хохирол үнэлэхэд үнэлгээчдийн авсан мэдээлэл, ач холбогдлын үнэлэмж, харах өнцөг, мэдрэмж гээд олон зүүйлээс шалтгаалан зөрүүтэй тооцоо гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хол зөрүү гарахааргүй болсон гэж Ө.Эрдэнэбаяр хэлж байна. Хэдийгээр нэгдсэн аргачлалаа тохиолцож, зах зээлийн мэдээллийн сан бий болгож чадсан ч гэлээ хохирол үнэлэгчдэд багагүй зөрчилдөөн гардгийг тэр нэмж хэлсэн юм. “Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай” хуулийн 3.2.4-т зааснаар даатгалын хохирол үнэлэгчид даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэж, эдгээр ажлынхаа төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрхтэй. Тэгтэл одоогоор энэ оролцогч ердөө л хохирол тогтоох үүргээ л хэрэгжүүлж байгаа. Нэхэмжлэл хянан шалгах, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаад олон ашиг сонирхол тээг болдог байна.
Санхүүгийн зохицуулах хорооны сайтад мэдээлснээр даатгалын хохирол үнэлэгч 16 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийн дотор хаяг байршилгүй, үнэлгээчингүй компани ч бий гэж Ө.Эрдэнбаяр өгүүлсэн юм. Даатгуулагчийн хохирлыг аль болох бага хэмжээгээр үнэлүүлж, бага нөхөн төлбөр төлөх эрмэлзлээр хохирол үнэлэгч компаниудад нөлөөлөх, ийм зорилгоор өөрсдийн төлөөллийн компанийг байгуулах тохиолдол байгааг ч тэр хэлсэн. Хуулиар хохирлын үнэлгээний компаниуд бие дааж, хөндлөнгийн нөлөөнд орохгүй ажиллах учиртай. Энэ талаар ёс зүйн дүрэм, зааврууд ч хангалттай бий. Тэгээд ч өгч, бусдын зовлонг нимгэлэх үйл хэргийнхээ буянтай, гэгээн сайхныг хадгалах хүн ёсний жудаг журам бас бий. Дахин хэлэхэд, даатгал бол хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес.
Jargalsaihan
Jargalsaihan
Зочин
Гантөгс
Гантөгс
Ө.Эрдэнэбаяр
Иргэн
Зочин
Зочин
hyatadad
Hohirogch