Рокхиллын монгол үгс
Хэл шинжлэлийн хувьд Рокхиллын хоёр тэмдэглэл дэх хамгийн үнэ цэнэтэй баримт бол өөрийнх нь сонсголоороо тэмдэглэж авсан монгол үгс юм. Гадаад үсгээр, монгол хэлээр бичигдэн үлдсэн үгс нь Монгол бичгийн дурсгалуудтай харьцуулахад тухайн үеийн амьд хэлний онцлогийг илүүтэй тусгаж чаддагаараа түүхэн хэлшинжлэлд чухал байдаг.
Хэл шинжлэлийн хувьд Рокхиллын хоёр тэмдэглэл дэх хамгийн үнэ цэнэтэй баримт бол өөрийнх нь сонсголоороо тэмдэглэж авсан монгол үгс юм. Гадаад үсгээр, монгол хэлээр бичигдэн үлдсэн үгс нь Монгол бичгийн дурсгалуудтай харьцуулахад тухайн үеийн амьд хэлний онцлогийг илүүтэй тусгаж чаддагаараа түүхэн хэлшинжлэлд чухал байдаг.
Илүү тодорхой тайлбарлах гээд үзье. Манай алдарт Монголын Нууц Товчоо нь монгол хэлээр боловч, хятад үсгээр тэмдэглэгдэж үлдсэн нь нэг талаар тиймхэн боловч нөгөө талаар хэл шинжлэлийн маш үнэтэй баримт болж өгч байгаа юм. Учир нь хэрвээ монгол бичгээр үлдсэн байсан бол “уул” хэмээх үг жишээ нь монгол бичгийн зөв бичих дүрмийн дагуу “агула” хэмээн бичигдсэн байх байлаа. Энэ тохиолдолд бид тухайн үеийн дуудлагыг нь мэдэх аргагүй. 13-р зуунд ч тийн бичигдэнэ, 17-р зуунд ч мөн адил гэсэн үг. Харин хятад үсгээр тэмдэглэхийн тулд яг тэр үед тэр үгийг хэрхэн дуудаж байгааг сонсож аваад аль болох ойрхон галиглана гэсэн үг. Тиймээс “о’ула” хэмээн үлдэж. Өөрөөр хэлбэл 13-14-р зууны үед, тэгж ярьдаг байсан, монгол хэлний хоёр эгшгийн дундах Г авиа гээгдчихсэн, хоёр талын эгшиг нь хараахан бүрэн ижилсэж амжаагүй, гэхдээ ижилсэж эхэлсэн байжээ хэмээн мэдэж болохоор байна. Араб үсгээрх дурсгалуудын хувьд яг ижил.
Тийм ч учраас хятад, араб үсгээрх дурсгалууд монгол хэлний түүхийн нэн чухал хэрэглэгдэхүүн болдгийн адил Рокхиллын үгс нь латин үсгээр, монгол хэлээр тэмдэглэгдэн үлдсэн дурсгал болохынхоо хувьд ач холбогдолтой. Цаг хугацаа, хэмжээ, ач холбогдлын хувьд Монголын Нууц Товчоо, Мукаддимат Ал Адаб толь зэргийн зиндаанд мэдээж авч үзэх боломжгүй ч, гадаад үсгээр тэмдэглэгдсэн монгол хэлний дурсгал болохынхоо хувьд дээрх алдарт дурсгалуудтай зарчмын хувьд ижил, дор хаяж нэг ангилалд багтах ёстой юм. Мөн 19 –р зуунд, ялангуяа урд зүгийн монгол овог аймгуудын хэл ямар байсныг тогтоох маш чухал хэрэглэгдэхүүн болох нь гарцаагүй.
Рокхиллын монгол үгсийг дотор нь гурав ангилан авч үзэж болохоор байна.
1. Газар ус, овог аймгийн нэрс.
Уиллиам Рокхилл очсон газар, аймаг, хошуу бүрийнхээ нэрийг, уртраг өргөрөг, далайн түвшнээс дээш хир өргөгдсөн зэрэгтэй нь тэмдэглэн үлдээснээс гадна боломжтой тохиолдол бүрд англиар орчуулсан байдаг. Жишээлбэл:
Газар усны нэрсээс: Dulan- kuo- “Hot place”, Tsahan nor - “White lake”, Buhagol- “Wild yak river”, Ulan muren,Dabesun nor, Timurte, Tsatsagol, Sharagol, Tosun nor, Hire nor -“Black lake”, Tsahan Bolan - “White stick”, Kundulung(энэ Хөндлөн гэсэн үг байх), Odontala, Hamarhosho, Borobalgasun- “Grey town”, Orondeshi “Anvil peak”(Орчуулга, галигаас нь харахад “Уран дөш” болох нь тодорхой), Baron gomba “Eastern Lamasery”(Энд Баруун гэдгийг Eastern гэж Рокхилл өөрөө андуурсан бололтой), Tsahanossu- “White river”, Koko ossu- “Blur river”, Katugol, Koko k’utul, Shudenge, Tengelik, Kokoshilieken, Kara k’utulgol- “Black pass creek”, Takelganula… гэх мэт. Ийм нэрс хэдэн зуугаараа бий.
Засаг захиргаа, хошууд, овгийн нэрс: Ottok Mongol, Kara Tangutu- “Black tibetans”, Ta-kuren (Urga), Taichiner, Baron, Dsun(Зүүн), Korluk,Kun Dzassak, Tolmok Mongols, Koko Beile, ErkeBeile, Tolmuk Kun wang, Dundura kung, Bicheren Kung (Bicheren means “little”) гэх мэт.
2. Номын бүлгүүд дотор тэмдэглэгдсэн монгол үг, өгүүлбэр
Рокхилл аяллынхаа яьцад олон ч монголчуудтай таарсан, тэдний өгүүлэх монгол үг, өгүүлбэрийг сонсголоороо бичиж аваад, орчуулан тэмдэглэсэн байдаг.Жишээ нь:
1892 оны 5 сарын 19-ний өдөр ...бидэн дээр гурван эцэнхий, ноорхой, хөл нүцгэн хүн ирэв. Дорнод Монголоос яваа лам нар гэнэ. Лхас, Дашлхүмбэд мөргөөд гэртээ харьж яваа улс аж. Хотоос хоёр сарын өмнө гарахдаа хүн бүр жаахан замбай, цай, тос авсныгаа, гуйлга гуйж олсон мөнгөөрөө авсан хэдэн номтойгоо хамт үүрчээ... Өчигдөр тэд адуу хариулж яваа нэг монголтой таарч, идэх юм гуйсанд адуучин өөрт нь хэдхэн атга замбай (tsamba) үлдсэн, Тайжнар, Цайдамаас (Taichinar, Ts’aidam) хүнс ирэх ёстой. Гагцхүү хэзээ тэр нь ирэхийг kokotengrimedechebene – “the blue sky above only knew” хэмээн хэлсэн гэнэ...
... Хятадууд үүнийг kan-ts’ao, монголчууд харин shikerebusoгэдгийн аль аль нь “sweet grass or plant” гэсэн үг юм...
... Лиу-г Зүүн монголд borgaso,Цайдамд болbalroгэдэг, харин хо лиу-гulanborgasoгэнэ. Миний сонссоноор мөн хунг лиу буюу “red willow”-ыг Зүүн Монголдulanmoto, Цайдамд ulasunmotoгэдэг гэсэн....
Мэндлэхдээ алгаа дээш нь харуулж бөхийгөөд amursambeneхэмээнэ. Өөрөөс зиндаа дээгүүр хүнтэй харьцахдааabreu(“авгай” хэмээх хүндэтгэлийгингэж сонссон бололтой) хэмээдэг нь “sir”-тэй ойролцоо утгатай, харин бүх дээд зиндааны хүнийг болnoyenгэнэ...
Тэр хавьд туулай маш их байсан тул хэдхэн цагийн дотор би маш олныг агнаж орхив. Жалан, Самбуу хоёрlama kunучраас идэхгүй гэнэ, бид харинhara kun “black men” учраас хооллолоо...
Бусад зарим үгнээс хам сэдвийг нь орхин иш татвал:
Tarak-sour milk, arreki – distilled mare milk, argal – dry dung, kuderi – musk deer, tserin – antelope,geresunbamburshe – wild men, hayariki – coarse gravel, hato – stony, obo – pile of stones,meleke – sea monsters, dalatuleje – fortune telling by sheep shoulder, tolha – head, dzurken – heart, tabartabar – slowly, slowly, ungerhebaishing – domed house… гэх мэт.
3. Рокхиллын зориудаар бичиж авсан монгол үгс
Рокхиллын тэмдэглэл дотор хэл шинжлэлийн үүднээс хамгийн үнэ цэнэтэй баримт нь яах аргагүй “Монгол, Төвдөөр 1891, 1892 онд аялсан тэмдэглэл” номынх нь хавсралтад орсон монгол үгс юм. Эдгээр үгсийг Рокхилл 1892 оны 5 сарын 12-ний өдөр тэмдэглэн авчээ. Түүний өөрийн ажигласнаар тэдгээр хүмүүсийн хэлэлцэх хэлний 10-ний найм орчим хувь нь монгол, дээр нь бас бус төвд, хятад үг холилдсон байжээ. Рокхилл тэр овгийг Ту-жен гэж хятадаар нэрийдэх бөгөөд үг хэлж бичүүлсэн хүн нь өөрийгөө бол nutan-ni kun хэмээсэн тухай бичсэн нь “нутгийн хүн” гэж танилцуулж байсан бололтой.
Рокхилл тайлбарлаж чадахгүй үг тэнд олон байна гээд хэд хэдийг бичсэний дотор “мөнгийг miengo, хүүг bule, охиныг akur, илжигийг rjige, муурыг miоréхэмээнэ гэсэн байна.
Рокхиллын номын хавсралтад орсон тэр бүх үгийг үзүүлэхэд өгүүллийн зай багадах тул хэл сонирхогч оюутан залуусыг цаашид нарийвчлан судална хэмээн найдаад багаахан хэсгийг нь доор үзүүлье.
Рокхиллын хэл шинжлэлийн ажиглалт
Рокхилл хэдийгээр дипломат хүн боловч тэмдэглэлдээ Монгол хэл, аялгуудыг гярхай ажиглан, сонирхолтой дүгнэснээ тусгасан байна. Рокхиллын “ажигласныг” давхар ажиглавал бас хэл шинжлэлийн сонирхолтой дүгнэлтүүд гарч болох юм. Түүний олон сонирхолтой анализаас зарим нэгийг нь энд дурдвал:
Нутгийн аялгууны ялгааны тухайд:
... Баруунд болон Шанд ярьж байгаа монгол хэл маш ялгаатай юм. Зөвхөн дуудлага ч төдийгүй, үгийн сангийн хувьд ч их зөрөө байна...
Үгийн гарлын тухайд:
Рокхилл сонссон монгол үгсээ, ялангуяа газар усны нэрийн гарлыг тайлбарлах гэж хичээн, нутгийн хүмүүсээс лавлан асууж, өөрийн бодлоор дүгнэсэн байдаг. Жишээлбэл:
“Цайдам” хэмээх газрын нэрийн тухайд:
... Цайдам нь төвд үг байх боломжтой. “Цай” – давс, “дам” – тал, буюу “Давст тал” гэвэл энэ хавийн хамгийн гол бүтээгдэхүүн нь давс болох тул тун боломжийн тайлбар мэт... Гэвч бас монгол хэлээр буюу “цайдам” – цэлгэр уудам нутаг гэсэн үгээр бас тайлбарлагдах бололцоотой. Учир нь энэ нутаг баруунаас зүүншээ 600 гаруй бээр, урдаасаа хойшоо зуугаас зуун тавин бээр орчим сунаж тогтсон тал юм. “Цайдам” гэсэн монгол үгийн утгыг миний бие Хятадын газарзүйн олон хэлний толь “Ши-юү түнг вэн чи”-гээс авлаа. Яг баталгаатай эсэхийг нь хариуцаж харин чадахгүй...
Улаа, өртөөний талаар доорх маягаар тайлбарлаж:
... Эндхийн орлого олох гол сурвалж нь ulaюм байна. Хятадаас гадагш явах албатнууд дайрч өнгөрөх нутгийнхаа захирагчаас зорчих эрх авахаас гадна тусгай өртөөн дээр тодорхой хүмүүс хүн хүч, морь, эмээл, хоол зэргээр үйлчлэх тушаалтай. Үүнийг ulaгэнэ. Монгол, Төвд даяар хэрэглэгдэж байгаа энэ үгийн гарлыг би мэдэхгүй, ямартай ч дундад зууны үед Энэтхэгт лавтайяа хэрэглэж байсан нь их сонирхолтой юм. “Ибн Батутын Аялал” дээр “Quant a la poste aux chevaux (dansl’Inde)on l’appelleoulak” гэсэн байсныг би олсон...
“Дунбүрээ” хэмээх уулын нэрийн гарлыг тайлбарласан нь:
... Дун шиг хэлбэртэй нэг уулыг Dungbureгэж нэрлэдэг юм байна. “Dun” нь төвд хэлээр “дун” гэсэн үг, харин “bure” нь монгол хэлээр бас “дун” гэсэн үг гэх юм. Монголчууд л өөрсдөө тэгж тайлбарласан, гэвч үнэнийг хэлэхэд миний мэдээлэгч болж байсан монголчууд ч тэр, төвдүүд ч тэр, бүгд бичиг үсэггүй, ярианы хэлний төстэй дуудлагыг андуурч болохоор, өөрөөр хэлбэл үгийн гарлын талаар тун найдваргүй мэдээлэл гэсэн үг...
Цээрлэсэн үгийн тухай
...Энэ нутагт цээрлэдэг үгс бий. Жишээ нь, Баруун Цайдамд “давс”-ыг “dabesun” гэдэг бол энд “hsiu-шүү” гэнэ.Учир нь эдний одоогийн ноёны өвөг эцгийн нэрэнд тэр үг орж байжээ...
Энд нэг сонирхолтой зүйлийг заавал дурдмаар байна. Рокхиллын ярьж буй ноёны өвөг эцгийн нэрэнд “давс” гэсэн үг биш, “да” хэмээх үе орсон байсан болов уу? Учир нь яг ийм цээрлэх ёсны талаар эхнэрийн маань өвөг эцэг надад ярьж байсан юм. Бидний Адиа хэмээн авгайлдаг байсан Лхүндэв хэмээх өвөөгийн маань хуучилснаар Даш, Даваа хэмээх хоёр том лам өвөг дээдэст нь байсан тул “да-“ гэсэн үеэр эхэлсэн бүх үгийг цээрлэсэн, жишээлбэл “давс”-ыг амсуурга, “даага”-ыг “сарваан” гэдэг байсан гэдэг. Мөн Даш гэсэн нэртэй хүн байвал Маш гэж солин дууддаг байж. Манай Адиа мянгад хүн байсан, Хөх нуур орчмын монголчуудын гарлын талаар бодоход адилхан нэг өвөг эцгийн тухай ярьж байж бас болох. Юутай ч “да” эхлэлт үгийг цээрлэх ёс манай Мянгадын нэгэн овогт ч, Хөх нуурын монголчуудын дунд ч адилхан байсан нь нэн сонирхолтой баримт юм шүү.
Төгсгөл.
Энд хүрээд нэрт судлаач, аялагч, дипломатч Уиллиам Вүүдвилл Рокхиллын талаарх цогц сурвалжилгаа өндөрлөж байна. Уншигч олноо уйдаахгүй хэмээн бичлэгийн өөр өөр төрлийг ашиглан, энэ эрхэм хүнийг монголчууддаа танилцуулахыг хичээлээ. Тухайлбал тус цувралын “Рокхилл гэж хэн бэ?” хэмээх анхдугаар нь намтарчилсан өгүүлэл, “Рокхилл Конгрессийн Номын Сангийн Монгол номын цуглуулгыг үндэслэсэн нь” хэмээх хоёрдугаар нь тус номын санг нягтлан лавласан сурвалжилга, “Рокхилл Монгол аялсан нь” хэмээх гутгаар нь тэмдэглэлд бичсэн тэмдэглэл, “Рокхилл Далай лам хоёр” хэмээх дөтгөөр нь төвд судлаач эрдэмтэнтэй хийсэн ярилцлага байсан бол энэ сүүлчийнхийг эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүллийн маягаар бичихийг эрмэлзэв. Харин цаашид анхаарах хэдэн зүйлийг сэтгүүлчийн үүднээс бус, хэл судлаачийн хувьд хэлэх хэрэгтэй байна.
Юуны өмнө Рокхиллын тэр хоёр номыг монгол хэлээр орчуулж хэвлэх хэрэгтэй юм.
Мөн Рокхиллын монгол үгсийг хэл шинжлэлийн үүднээс задлан шинжилж, судалгааны эргэлтэд оруулах ёстой. Ингэхдээ эхлээд номд дурдагдсан бүх монгол үгсийг түүн, жагсаалт гаргавал сайн. Түүний тэмдэглэсэн монгол үгийг таних, тодорхойлохдоо өөрийнх нь ямар галигийн системийг баримталсныг сайтар анхаарах хэрэгтэй. Тэрбээр “Би энэхүү монгол үгийг болон ерөөс бүх монгол үгийг авиазүйн галигаар, Халимаг хэлний дуудлагаар буулгасан болно. Халимаг хэл бол миний ойр гэж хэлж болох цорын ганц монгол хэл юм” гэснээс гадна хэрэглэсэн үсгийн хувьд “франц хэлний дуудлагатай бараг адил” гэснийг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл латин үсгийг манайхан ихэвчлэн англи маягаар дуудах гэдэг, тэгж уншвал буруу дуудлагаар сэргээн тогтоочих магадлалтай юм.
Рокхилл өөрөө алдаж, буруу сонссон зүйл олон бий, гэвч хувь хүний сонсгол, тэмдэглэгээний алдаа ч гэсэн өөрийн гэсэн зүй тогтол, системтэй байдаг, чухам ямар авиаг хэрхэн буруу сонсоод байсныг нь ч системчлэн тогтоох нь зүйтэй.
Эдгээрээс гадна Рокхиллын Монголын түүхтэй холбогдох бусад баримт бичгийг гарган ирж, судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай. Тухайлбал түүний хувийн бичиг баримт Харвардад хадгалагдаж байгаа бөгөөд Сайн ноён ханаас түүнд илгээсэн захиа гэх мэт ховор баримт тэр дотор буй. Миний мэдэж байгаагаар өнөөг хүртэл ганц л монголч эрдэмтэн тэрхүү бичиг баримттай биечлэн танилцаад байгаа нь Австралид Элчин сайдаар ажиллаж буй, доктор Р. Болд юм.
Эцэст нь, Рокхилл явсан газар бүрийнхээ монгол нэрийг өргөрөг, уртрагийнх нь хамт бичин үлдээсэн байгаа, тэр замыг дагаад аялал зохион байгуулбал, одоогийнх нь нэртэй харьцуулан үзвэл их сонин болно доо хэмээн өмнө хэлсэн санаагаа дахин нэг давтаад, дуусч өгдөггүй цувралаа өндөрлөн, уншигч таныг нэг амраасу.
Жиргээ @SaruulerdeneM
Зочин
Otgoo
Зохиогч
асуулт
Зочин
Зандаа
Зочин
Зочин
Ggf chbgfx
Bi
Зочин