Тулга – уран үгсийн наадам

8 сарын 3-4-ний өдрүүдэд Вашингтон Ди Си хотноо Америкийн Монголчуудын “Тулга” уран үгсийн наадам амжилттай болж өнгөрлөө. Энэ наадмаар АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд томоохон хэмжээний  найраглал, шүлэг, богино өгүүллэгуран уншиж уралддаг бөгөөд Монгол улсаас ч мэргэжлийн зохиолчид, уран бүтээлчид ирж, уран бүтээлийнхээ дээжсээс өргөдөг юм. Энэ удаад Монгол улсаас МУГЖ,  "Эхорон" ТВ-ийннэвтрүүлэгч, уран уншигч Г.Равдан, МУГЖ, "Очирваань уул" ТББ-ын гүйцэтгэх захирал, дуучин У.Далантай, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, судлаач До.Цэнджав, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны референт, сэтгүүлч Э.Ирэхбаяр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, Д.Чинзориг,  МҮОНР  "Хурд" агентлагийн орчуулагч, редактор Ц.Цэнгэл нар хүрэлцэн ирж уг наадмыг шүүсэн байна.

“Шүлэг, Найраглал, Богино өгүүллэг” хэмээх гурван даваагаар өрсөлдсөнөөс тэргүүн байрын шагналыг П.Энхээ \Денвер\, дэд байрын шагналыг М.Эрдэнэбат \Денвер\, гутгаар байрын шагналыг Л.Сосорбарам  \Лос-Анжелос\ нар хүртэв.




    Цац Суваргын Цом – Хөлбөмбөгийн тэмцээн

8 сарын 10-11-ний өдрүүдэд Виржиниа мужийн Арлингтон хотноо “Цац Суваргын Цом” хэмээх хөлбөмбөгийн тэмцээн боллоо. Энэ нь үндсэндээ Америкийн Зүүн бүсийн монголчуудын аварга шалгаруулах тэмцээн юм. Тэмцээнийг гурван жилийн өмнө “Пирамид Гранит” компанийг үндэслэн байгуулагч Д. Өлзийхуяг, М. Дэлгэрцогт нар санаачлан, жил бүр зохион байгуулж байна. Тэд Пирамид хэмээх компанийхаа нэрийг монголоор орчуулан “Цац суваргын цом” хэмээн нэрийдсэн аж. Энэ удаагийн тэмцээнд АНУ-ын зүүн бүсийн монголчууд, тухайлбал Нью-Жерси, Вашингтон Ди Си, Мариланд, Виржиниа муж, Чикаго хотын монголчуудаас гадна Халимаг монголчуудын баг оролцож, Чикаго хотын баг түрүүллээ.

    Монгол-АНУ-ын хоорондох балетын хамтын ажиллагаа

АНУ-ын Виржиниа мужид Монголын балетын гэр бүл болох Д.Өлзийсайхан, Т.Туяа нар сонгодог урлагийн академи сургалт нээсэн билээ. Виржиниа мужийн Стэрлинг хотноо орших тул “Стэрлинг балет академи” хэмээн нэрийдсэн тус сургууль өдгөө хотынхоо балетийн урлагийн гол сургууль нь болтлоо нэр хүнд нь өсөөд байна.   Энэ зун Монгол улсаас МУГЖ Х.Гэрэлчимэг, МУСТА, гоцлол бужигчин Ч.Ганчимэг нар Монголын балетын сургуулийн оюутнуудыг авчирч, Sterling Ballet Academy-ын туршлага солилцох сургалтанд амжилттай суралцууллaa. АНУ, Монгол хоёр өөр тивд, балетын урлагийг эзэмшиж буй хүүхдүүд туршлагаа солилцон, хамт суралцсан нь өвөрмөц сонирхолтой болжээ.

Тус хоёр сургуулийн оюутан багш нар болон мэргэжлийн бүжигчид хамтран 8 сарын 17-ний өдөр бүжгийн бүтэн тоглолт хийв. Тэд зөвхөн балет төдийгүй жaаз, модерн зэрэг олон төрлийн бүжгээс толилуулж Америкчуудад монгол сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүллээ.




    Монгол судлаач Ц. Уранчимэг Конгрессын Номын Санд лекц уншив

Конгрессын Номын Санд Клуегегийн нэрэмжит тэтгэлгээр судалгааны ажил хийж буй Беркли дэх Калифорны Их Сургуулийн багш Цүлтэмийн Уранчимэг 8 сарын 29-ний өдөр “Ленинээс өмнө: 20-р зууны эхэн үеийн Монгол дахь АНУ-ын дипломат бодлого, барууны аялагчид” сэдвээр лекц уншлаа. Тэрбээр Монгол Зөвлөлтийн нөлөөнд орохоос өмнө Монгол аялсан жуулчид, судлаачдын аяллын талаар яриад нэрт дипломатч Уиллиам Рокхиллын цуглуулга, ялангуяа түүнд 13-р Далай ламын бэлэглэсэн Богд Зонхавын танка хөргийг монгол зураач зурсан байж болохыг зурсан арга барил, цаг хугацаа, дүрслэл зэрэгтэй нь холбон дэлгэрэнгүй тайлбарлалаа.




    Америкийн Монголчуудын Волейболын АШТ болов.

8 сарын 31 – 9 сарын 2-ний өдрүүдэд Лос-Анжелес хотноо Америкийн Монголчуудын Волейболын АШТ болж, эрэгтэй 9, эмэгтэй 10 баг өрсөлдлөө. Монгол улсын анхны гавьяат дасгалжуулагч А. Доржсүрэнгийн нэрэмжит уг тэмцээн өмнө нь зургаан удаа амжилттай зохон байгуулагдсан байна. Ингээд долоодахь удаагийн энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Вашингтон хотын “Монгол морьд” баг, эмэгтэйчүүдийн ангилалд Оакланд хотын баг аварга боллоо. Тэмцээнд мөн Монгол улсаас ахмад мастеруудын баг ирж тоглосон байна. Энэхүү тэмцээний чанар, оролцогчдын чансааг Монголын Волейболын Холбооноос харгалзан үзээд, “Б” ангилалд тооцож, спортын зэрэг цол олгож байхаар болсон байна.




    Элчин сайдууд Төрийн Департаментийн Сургуульд лекц уншив

АНУ-ын Төрийн Департамент буюу Гадаад Харилцааны Яам нь дипломатуудаа бэлтгэдэг өөрийн гэсэн академи маягийн сургуультай. Тус сургуульд дипломатууд очих гэж буй улсынхаа хэл соёлыг судлахаас гадна улс төр, бүс нутгийн байдал, эдийн засаг гэх мэт холбоотой олон асуудлыг нарийвчлан үздэг юм. Энэ 9 сарын 3-ний өдөр Монгол улсаас АНУ-д сууж буй Элчин сайд Булгаагийн Алтангэрэл, АНУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Алфонс Ла Порта нар Зүүн Азийн бүх улсуудад очиж ажиллах болон төвөөс холбоотой ажилладаг нийт дипломатуудад тус бүс дэх Монгол улсын үүрэг оролцоо, нөлөөллийн талаар лекц уншлаа.