Нэг. ТОДРОН ХАРАГДАХ "10 %-ИЙН ХАЙР"

Бидний зарим нь эх орноо 380 -аас багагүй өндөр хүчдэлээр хайр­лаж, үлдсэн нэг нь тун шалихгүй хуруун зайны хэрээтэй 0,5 воль­тоор л энэрдэг аятай ярих юм. Хэрэг дээрээ бид бүгдээрээ л эх орондоо ав адилхан хайртай. Эх орноо хайрлах хамгаалах өөр өөрийн боломжтой. Нэг хэсэг нь буу барин эх орноо хамгаалж байхад нөгөө нь түүний идэх будааг тарьж, шөл уух хонийг нь хариулж явна. Нэг нь түүний хүүхдийг төрүүлэн өсгөж, дараа нь улсаа манах эрийг бойжуулна. Энэ хэлхээ тасарвал хилчин тураад үхнэ.

Бид цөмөөрөө л эх орончид. Эх орноо хайрлана гэдэг хүний орши­хуйн зөнтэй холбоотой зүйрлэшгүй бат бэх зүйл. Бид энэ орноо БНМАУ нэртэй байхад нь хайрлаж л байсан. Монгол Улс нэртэй бол­сон хойно нь ч хайртай хэвээрээ л байна. Энэ орноо бид дарангуй­лагч дэглэмтэй байхад нь хайрлаж ч л байсан, ардчилсных нь дараа ч хайртай хэвээр л байна.

Судлаачдын тогтоосноор  аль ч улс орны хүн амын 10 орчим хувь нь төр засаг ба эрх баригчдын  тухайн  бодлого шийд­вэрийн эсрэг байдаг нь ажиглагд­жээ.

 Харин ард түмэн засаг төрөө 100 хувь дэмжиж харагддаг хоёр тохиолдол байдаг гэнэ. Нэгдүгээрт, судалгааг зориуд хуурамчаар хий­вэл, хоёрдугаарт, хүчирхийллийн дор санал өгвөл.

 Манайд байсан хуучин тогтоц буюу социализмын үед сонгуульд оролцогчдын 99,99  хувь нь нэгхэн намаасаа нэр дэвшсэн нэг ширхэг хүнийхээ төлөө санал өгдөг байсан нь хоёрдугаар тайлбарт хамаарна.

 Уншигч та 99,99 ба 100-ийн хооронд ялгаа байна гэж бодно уу? Үгүй шүү дээ. Үнэндээ 99,99 гэдэг бол 100-гийн цифрийн "хоч" юм аа. Худлаа гэвэл дэлгүүрт ороод хар. Барааныхаа үнийг "99,99 төгрөг" гэж биччихээд 100 төгрөгөөр л зарж байгаа.

Иймээс "эсэргүүцэгчдийн, эсвэл дэмжигчдийн тоо 90-ээс дээш гар­сан бүх судалгаа, нотолгоог ну­лимж бай" хэмээн судлаачид хэлдэг.

 Тэрхүү "10 хувийн эсэргүүцэл" янз бүрийн шалтаг шалтгаанаар  гардаг. Төрийн механизм, албан хаагчдын буруутай үйлдлээс болж хохирсон хэлмэгдэгчид байж бол­но. Эсвэл төрийн шийдвэр  түүний хувийн ашиг ба бизнесийг хөндсөн байж болно. Мансуурлын эсрэг төрийн хууль тогтоомжууд хар тамхи зардаг хүний  ашгийг хөн­дөхийн ихээр хөндөнө. Гэхдээ "хар тамхи заруулаад аль" гэж жагсвал хэргээ сайн дураараа хүлээсэнтэй агаар нэг болох тул өөр аргаар, тухайлбал төрийн албан хаагчид нь "цалингаа чамлах хөдөлгөөн"-ийг идэвхтэй дэмжих байдлаар эсэргүүцлээ илэрхийлж  мэднэ.

Шалтаг шалтгаан түмэн янз аа, сонгуульд ялагдсан, өндөр цалин орлоготой ажлаасаа хагацсан гомдол ч байж мэднэ. Тэрчлэн төрийн хуулиар шийтгэгдсэн тул төрийн бүх үйл ажиллагаанд гомдолтой явдаг зэргээс эхлээд даргадаа загнуулсан, авгайтайгаа хэрэлдсэн, ерөөсөө тэр өглөө шар тайлах юм олдоогүй нээрв барсан зэрэг түмэн үүсгэлтэй "гомдол"  энд хурдаг гэсээн.

Ардчилсан тогтоц ч энэ зарч­мыг анзаардаг.  Ерөнхийлөгчийн сонгуулиар жишээ авъя л даа. Хуулиар бол  тухайн нэр дэвшиг­чид сонгогчдын 49,9 хувь нь дургүй байх нь "нийт үндэстний дургүйцэл биш" ажгуу. Харин түүнд ард түм­ний  50+1  хувь нь дургүйцэж байж "нийт ард түмний дургүйцэл"-ийн болзол хангана. Иймд 2001 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуу­лиар хүн ардын 50+1% нь Р.Гон­чигдоржид дургүй байсан бол 2005 оны сонгуулиар М.Энхсай­ханд манайхны 50+1 хувь нь дургүй байсан хэрэг. Харин өнгөрсөн 2009 онд монголчуудын маань 50+1 хувь нь Н.Энхбаярт дургүйгээ илэрхийлсэн байх жишээний.    

 Эндээс харахад  тухайлсан нэг асуудлыг, жишээлэхэд "хүүх­дийн мөнгө өгөх"-ийг эсэргүүцээд  манай улсын 2.600.000 хүний  10 хувь болох 260.000 хүн эсэргүүцээд ирлээ гэж бодоход сүрлэг сайхан харагдаж болох боловч  хэвийн зүйл төдийгүй нийт ард түмэн "хүүхдийн мөнгө өгөх"-ийг талар­хан дэмжиж байгаагийн шинж болох нь ээ.

 Үүнийг бид мэдэхийн цаагуур мэдэх мөртлөө, яриа ойлголт, үйлдэл, алхам зөрөх нь их байдаг нь юуных  вэ?

Хоёр. ХУВЬДАА "АШИГГҮЙ" ХҮН

Биднийг өчигдрийн малчин монголоос өнөөдрийн "иргэншсэн хүн" болгож бойжуулсан социа­лизм нь хувь хүний эрх чөлөө, эрх ашгийг үгүйсгэсэн нийгэм. Аз жар­гал, баяр хөөрийг гэр бүл, хувь хүнээс булаан салгаж, түүнийг хамт олон, ард түмэн хэмээх барих бодьгүй хийсвэр ойлголтод нял­заажээ.  Хамт олон жаргаж, ард түмэн цэнгэж байхад чиний хувийн эрх чөлөө, зол жаргал утга учраа алддаг байв.  

Лам багш нь дарлаад, хошуу ноён нь мөлжөөд байсныг санахгүй байгаа олон түмэнд "Хуучин цагт хүн биш ард түмэн зовж байсан" хэмээн ойлгуулна. Харин өнөөдөр чи биш, тэр биш юм аа гэхэд "ард түмэн жаргаж байгаа" гэж ухуулна.

Ардчилал нь нийтлэг эх ашиг нэрийн дор хувь хүнийг хохироож болдоггүй тогтоц бол социализм нь хувь хүний ашиг тусын тулд "хамт олон ард түмний эрх ашгийг" хохи­роохгүй гэсэн уриатай. Социалист ертөнцөд хувь хүн өөрөө бүдэгрэн арилаад тэднийг мянга мянгаар нь хоморголон хөнөөхөд гарзгүй, хохи­ролгүй болоод ирж байгаа хэрэг.

Чухам ийм тогтоцын үед хүнд өөрийн хүсэлт, хувийн гомдол, хохирол гэж байх учиргүй. Ингэж яривал буруудаад хэрэг төвөгт ч орж болдог байж. Гэхдээ ямар ч улс орон сая сая хувь хүнээс бүрдэж, тэдний амьдралд зовлон жаргал ээлжлэн тохиолддог хойно. Социализм байгуулагч хувь хүн "ард түмнээ" дагаад жаргачихна гэж юу байх билээ. Хүмүүс шинэ гарц оллоо. Энэ нь өөрийн зовлон бэрхшээл мөрөөдлийг "нийтийн үйл хэрэг", "нийгмийг хамарсан асуудал" болгон илэрхийлэх арга байв.

 Ажилчин хүний эхнэрийг хэн нэгэн эргүүллээ гэхэд "Жирийн ажилчны  социалист гэр бүлийг үймүүлсэн" тухай гомдол гаргаж, цалинг нэмдэггүй дарга нь "бүтээлч сэхээтний ажлыг үнэлэхдээ муу" болох тухай илэрхийлж сурлаа. Сургуульд явж дээд боловсрол эзэмшээд сайхан амьдрах, хүний дайтай явах бодолтой залуус өр­гөдөлдөө "эх орныхоо социалист бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулахын тулд коммуниз­мын өлгий ЗХУ-д боловсрол эзэмших хүсэлтэй" гэж бүлтэрнэ. Орон сууц хүссэн өргөдөлд хүртэл "Шинэ таван жилдээ улам ихийг бүтээж, намынхаа ХҮ их хуралд хөдөлмөрийн өндөр амжилтаар бэлэг барих"-ын тулд паартай байшинд амьдармаар байгаагаа учирлана.

Цаад санаагаараа бол миний хувийн эхнэр бол яамай, даанч ажилчин ангийн төлөөллийн гэр бүл үймж байгааг тэвчсэнгүй, ми­ний цалин яахав дээ, харин сэ­хээтний төлөөллийн цалин бага байж болохгүй,  миний эзэмших боловсрол бол манай улсын бо­ловсрол мөн тул төрөөс анхаарна уу, манай гэрийн хувь орон сууц чухал биш харин социализм байгуу­лагчид сайхан сууцанд орох ёстой гэхчлэнгийн логикууд явж байна.

 
Гурав. "АМЬД БАЙДАГГҮЙ" ЭХ ОРОНЧ


ХХ зууны Монголын хувьсгалт уран зохиол олон арван "үлгэр хүн" зохиосны нэг нь эх орончид. Эх оронч хэд хэдэн шалгууртай. Эх орончийн тоонд орохын тулд да­вын өмнө эх орныхоо төлөө үхсэн байх учиртай. Хоёрдугаарт  үхэ­хээсээ өмнө улс төрийн ямар нэг байгууллагын гишүүн болсон байх ёстой. Тэр байгууллагыг нь МАХН гэдэг байв. Зөвлөлтөд бол ЗХУКН буюу Зөвлөлт холбоот улсын ком­мунист нам гэдэг байгууллага. Сонирхуулахад, ЗХУКН-ыг Оро­сын ард түмний эсрэг, тэдний хууль ёсны засаг төрийн эсрэг гэмт үйлд­сэн хэмээн үзээд үйл ажиллагааг нь хааж, бүх хөрөнгийг нь хураа­сан.

Ингээд жирийн хүн МАХН юмуу, ЗХУКН-д элсэн "эх оронч" болох нэгдүгээр дамжаа дүүргээд дараа нь алагдаад эх орончийн болзол хангаж байгааг харуулсан үй олон уран бүтээл хахсан юм. Намд элсэж амжаагүй нь "намайг үхвэл намын гишүүнд тооцоорой" гэж захиад явна.  Амласандаа хүрээд үхсэн байвал үнэхээр намын гишүүнд тооцож буйг харуулсан шүлэг, найраглал, сонет, өгүүллэг, тууж, роман, эсээ, новел пиг.  Төр засаг түүнийг цаг наргүй сурталчилж,  эх оронч болохыг уриална.

Нарийн яривал эх оронч хүн дайсны гарт үхдэг номтой. Дайсан нэг л хөдөлж өгөхгүй бол өөрөө нэг юм сэтгэн байж  "эх оронч"-оо нотлох учиртай. Үүний сайхан жишээ нь  Александр  Матрасов гэдэг зөвлөлт баатар байв. Тэрээр дайсан өөрийг нь онож өгөхгүй хөдөлж цөхөөд байхаар нь  өөрийн биеэр гүйж очиж, бууных нь амыг таглаад эх орончийн бол­зол биелүүлсэн гэж ном, киногоор үзүүлдэгсэн.

 Манай хэд хэдэн үеийнхэн ийм уриа, ухуулга, ятгалга, сэнх­рүүлэг дор хүн болж төлөвшсөн билээ.

 
Дөрөв. "ҮХСЭН ХҮН"-ИЙ АМЬДРАЛ


Социализм түүх болон мөхөв. ХХ зуун дуусахад 10 жил дутуу байхад монголчууд шинэ замд орлоо. Шинэ замд орсноос биш шинэ хүн болсон юм биш. Шинэ хүн төрдгөөс биш хуучин нь шинэ болдог ч юм биш ажээ.

Манай эх оронд "Эх оронч" болохоор нэгэнт шийдэн зориг­лоод нэгдүгээр шатны болзлоо биелүүлчихсэн түг түмэн нэг нэг ширхэг "ард түмэн" үлджээ. Тэдний үр хүүхэд л шинэ болно уу гэхээс тэд "ард түмэн" хэвээрээ л дуусна шүү дээ. Хор нь арилсан боловч хордлого тууралт үргэлжилсээр.

 Өөрөөр хэлбэл, амин хувьдаа ямар ч эрх ашиг байхгүй,  100 хувийн цэвэр ноолуур гэнэ ээ, хадуураад явчихлаа байна... "ард түмний эрх ашгаас бүтсэн и намд элссэн"...тийм атлаа эх орныхоо төлөө үхээгүй  "эх оронч" үлдсэн гэсэн үг.

Чухам ийм л хүмүүжил, итгэл үнэмшил өнөөдөр олон олон "эх оронч"-ийг бэлтгэх дамжааг төрүүлж бүүвэйлж байна.

Нэгэнт л олон намын систем тогтсон учраас "эх оронч" болох гэж байгаа хүн заавал МАХН-д элсэх шаардлага алга болов. Түүгээр ч барахгүй өөрийн гэсэн "МАХН"-тай байх боломж бүрдэв. Өөрийн гэсэн МАХН-даа өөрөө элсэнэ.  Гэвч эх орончийн болзлыг 50 хувиас илүү биелүүлэх боломж тасрав. Номоо­роо бол эх орончид эх орныхоо төлөө үхчихсэн байх учиртай шүү дээ.

 Нэгдүгээрт, эх орныхоо төлөө үхсэн ч  яахав мэт байх, үнэхээр үхэх хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрөө бий.Хоёрдугаарт " эх оронч" болох гэснээс биш үхэх гэсэн биш.

Ингээд хагас "эх оронч" нар төрлөө. Тэд намд элсээд, гартаа "молотовын коктейль" хэмээх бен­зинтэй лонх бариад түхэлзээд байхаас биш танкан доогуур орно гэвэл гонж. Тэдэнд  соцреализмын хуулиар бол жинхэнэ баатар "үх­сэн" байх дүрэмтэйг хэлж өгөөд ч яах юм билээ.

Дээр нь тухайн үеийн үзэл сурталчдаас зааж өгсөн дайснууд ч утга учраа алдав. 1939 ба 1945 онд бидэнд олон эх оронч "бэлэг­лэсэн" япончууд нөхөр-хандивлагч болов. Германы тухай ярих хэрэг байна уу, виз нь их хатуу гэсэн, тээ? Империалист Америк маань хө­рөнгө оруулагчид хувирав. Дайсан Хятад түнш Хятад болоод визгүй зорчиж байна. Аяа дайсан минь. Чи биднийгээ юун үнсэнд хаягдсан шалз шиг орхин одов?

 
Тав. БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН I ДАЙН


Дайсныг дотоодоосоо ирлээ. Аз болоход социализм бидэнд "дотоодын дайсан" гэж байдаг тухай сургасан байж таарав. До­тоо­дын дайсныг "ангийн дайсан", "намын эсрэг бүлэг" гэхчлэнгээр янз бүрээр хэлдэг байсан.

Чухам энэ хөрсөн дээр мон­голын "байгууллага хоорондын анхдугаар дайн" эхэлсэн билээ. Хүмүүс нь хоорондоо дайтвал "иргэний дайн" гэдэг. Харин бай­гууллагууд хоорондоо дайтвал юу гэдгийг нарийн мэдэж чадаагүйдээ хүлцэл өчье. Ингээд мөнгөө бу­лаалдсан пүүсүүд, эрх мэдлээ булаалдсан дарга нар, тээндэр булаалдсан төслүүд, орд бу­лаалдсан хөрөнгө оруулагчдын "их тулаанд" мөнөөх "эх оронч" нар татагдан орлоо.

Д.Намдаг гуай  улс төрийн тэмцлийн  утга учрыг тунч ончтой хэлсэн байдаг. Түүний "Цаг төрийн үймээн"  романд  Хятадын иргэ­ний дайны  үймээний учрыг олж ядсан залуу жинчин Данзан, Дорж нарын эргэлзээ гардаг. Нэг хэл ус, шашинтай, ав адилхан тариачин удамтай хятад хүмүүс хоорондоо юунаас болж дайтаад байгааг тэд эс ухаарна. Гэтэл жингийн даамал Хүрэл өвгөн "За даа, зэрэг жинсээ л булаалдаа биз" хэмээн тун ч энгийн үгээр иргэний дайны учрыг хэлж өгдөг билээ.

 Өнөөгийн манай их орончид монголчуудын зэрэг жинсээ бу­лаал­дах дайнд баатрын ёсоор үрэгдэж,... үрэгдэж бишээ нэр төр, ашиг хонжоотой оролцож бай­на. Хуучин цагт эх орончид өөрснөө амь үрэгдээд түүнийг нэхэж шаг­надаг байсан. Харин өнөөгийн их орончид  айх аюулгүйгээр амьдаа­раа жагсаж очоод шагналаа нэхэж байна.

Гадаадын дайсан бууж өгөхөө­рөө зэвсгээ хураалгадаг бол до­тоо­дын дайсан бууж өгөхөөрөө мөнгөө эсвэл тээндэрээ хураал­гана.

Нэгэнт үхээгүй, үхэх ч болол­цоогүй, үхнэ төлөвлөөгүй энэ хү­мүүсийн "бага оронч" гэж нэрлэвэл ер нь яасан юм бэ?

Манай бага орончид мөнөөх  хувийн шалтгаанаа нийгэмчлэх логикоосоо салдаггүй.  Ажлаасаа халагдвал "ард түмнийг халлаа" гэж сүржигнэнэ. Луйвардуулсан мөнгөө татвар төлөгчдөөс нэхнэ.

Харин хувийн мөнгө, хувийн сууц, хувийн машинаа хувьдаа л зориулаад байгааг харахад ард­чилсан нийгмийг ойлгохын цаагуур ойлгоод байгаа нь мэдэгдэнэ.

Гэвч цаг өнгөрөхийн хэрээр нийгэмд энэ бүхэн ил тод бөгөөд инээдэмтэй харагдах болж. Зураг­тын дэлгэцээр "нэг ширхэг  ард түмэн"  гарч ирээд даргаа муулаад унавал "хөөрхий ажилдаа тэнц­сэнгүй халагджээ" гэдэг нь мэдэгдэнэ.

Аль  нэг пүүс компанийг" ард түмний эрх ашгийг зөрчиж байгаа" тухай яриад унавал "мань ард түмэн гуайг хэдэн цаасны тусламж хүсэхэд нь өгсөнгүй дээ" гэж та­нигдана. Дахиад тэгж харагдвал нөгөө тал мөнгөө өгөөгүй л байгаа юм байна гэж ойлгогдоно. Таг болчихвол өгөө аваа таарчээ, хөөрхий гэж мэднэ.

 Бага дарга нь  "Онигоо номер төд" гэхээр цэргүүд нирхийтэл инээдэг болчихсон байдаг юм гэсэн. Яг тэрэн шиг олон нийт  "жагсаал гэхээр ха ха ха, суулт гэхээр хо хо хо, мэдэгдэл өргөх шаардлага гэхээр хи хи" хэмээн элэг хөшдөг болж байна.

 Нийгэмд цэвэр агаар оруулж байдаг улс төрчдийн үйл ажил­лагаа ч, засаглалаа төгөлдөр­шүүлэхийг эрмэлзсэн олон түмний цуглааныг хараад л инээх болж... арга барил нэг л хуучраад байна.

Ингэхэд хаа нэгтэйгээс " Намайг ингээд хохироочихлоо...миний эрх ашгийг ингэж зөрчөөд байна. Тус­лаач" гэсэн эрүүл дуу хоолой сонсогдвол яасан их сэтгэл татах бол....??