“Рокхилл Монголд аялсан нь” хэмээх тэмдэглэлд бичсэн тэмдэглэл
Марко Поло, Вилхелм Рубрук, Плано Карпини, Пржевальский гээд л Монгол нутгаар аялсан нэр цуут аялагчдын тэмдэглэл та бидний үүх түүхийг өөрсдөд маань хүргэн ирсэн гайхамшигт зууч, бас Монгол орныг дэлхий дахинд таниулах нэн чухал гүүр болж өгдөг билээ.
(Notes on the diary)
“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цувралын гуравдугаар
Марко Поло, Вилхелм Рубрук, Плано Карпини, Пржевальский гээд л Монгол нутгаар аялсан нэр цуут аялагчдын тэмдэглэл та бидний үүх түүхийг өөрсдөд маань хүргэн ирсэн гайхамшигт зууч, бас Монгол орныг дэлхий дахинд таниулах нэн чухал гүүр болж өгдөг билээ. Тэдгээр алдарт аялагчдын дунд Уиллиам Вүүдвилл Рокхиллийн нэр зүй ёсоор бичигдэх ёстой.
Уиллиам Рокхилл 1884-1895 оны хооронд Бээжинд АНУ-ын дипломатчаар ажиллаж байхдаа ажлаасаа чөлөө авч Монгол, Төвдийн нутгаар хоёр ч удаа аялжээ. Аяллыг нь Вашингтон Ди Си хот дахь Смитсонианы хүрээлэн ивээн тэтгэсэн байна. Энэхүү маш сонирхолтой хоёр аяллын тэмдэглэл “Лам нарын нутаг” (1891), “Монгол, Төвдөөр 1891, 1892 онд аялсан тэмдэглэл” (1894) гэсэн нэрээр, ном болон хэвлэгджээ.
Рокхиллийн хоёр номыг бүтнээр нь орчуулах шаардлагатай нь дамжиггүй тул энэ удаад зөвхөн сонирхолтой учрал, ажиглалт, тэмдэглэлүүдээс нь цөөнийг толилуулъя:
1891 онд хэвлэгдсэн “Лам нарын нутаг” номд Рокхиллын 1888, 1889 оны аяллын тэмдэглэлийг оруулжээ.
46-47-р талд ийн өгүүлж:
... Лан-чоугаас Шининг хүртэл бидний дайрсан ганцхан хот бол Ниэн-по байлаа... Тэндээс Лусар хүртэл би Оросын хилд ойрхон орших Өргөөгөөс ирсэн Халх монголчуудын нэг томоохон бүлэгтэй явав. Халхчууд эзэнт гүрэн дотроо хамгийн баян нь бөгөөд өвлийн цагаар тэд Монгол, Төвд, Умард Хятадын томоохон сүм хийдээр олноороо ирдэг. Ирэх бүртээ адуу, тэмээ, мөнгө,торго гээд маш үнэтэй бэлэг авчирна...
Рокхилл “Халх монголчууд ... Монголын сүм хийдээр ирдэг” гэж бичсэнээс үзэхэд Монгол гэх нэрийн доор Өвөр монгол, Хөх нуурын Монголыг авч үзээд, харин Халх Монгол гэж тусгайлан нэрийдсэн байна. Халх хүнтэй таарах бүрт аян жин тээсэн наймаачид, эсвэл Лхас, Зууд мөргөхөөр яваа томоохон лам нар байдаг байсан болоод тэр үү, Рокхилл тэднийг монголчууд дотроо хамгийн баян, чинээлэг нь гэж дүгнэжээ. Хожим харин өөрөө Өргөөд очоод жинхэнэ байдлыг харснаар санаагаар унасан тал бас бий. Бас нэг сонирхолтой зүйл нь “Оросын хилд ойр орших Өргөө хот” хэмээн өгүүлсэн нь жинхэнэ уугуул газар нутгаа бүтнээр нь бодохул нээрээ л одоогийн нийслэл маань Оросын хилд харьцангуйгаар тун ойр, үнэхээр уудам сайхан улс байж дээ.
... Яг тэр үед Лусарт Паринаас Халх Монголын хутагт лам Чойнжин ирлээ. Тэрбээр Хиагт, Бээжин, Тянжинь гээд гадаадынхны амьдардаг бусад олон хотоор явсан, намайг Бээжинд байхад бас уулзаж байсан лам юм. Лхас орж яваа нь тэр гэх бөгөөд Татун хөндийгөөс (Мори вангийн монголчууд) ирэх монголчуудыг хүлээж байгаа гэнэ. Намайг Лхас руу хамт явах уу хэмээн асуусан, хятадуудын тавих саад, тотгорыг бодоход тэдэнтэй хамт аялбал Лхас орох илүү боломжтой ч аялал нь төлөвлөгдөөгүй, дор хаяж тав, зургаан сар хүрэх байсан тул хамт явж чадсангүй... 108-р тал.
Парин гэж Баариныг, Чойнжин лам гэж Чойжин ламыг хэлж байгаа болов уу. Чойжин ламтай хамт аялж чадаагүйгээсээ болоод үнэхээр Рокхилл Лхас хүрч чадаагүй билээ. Хятадууд Төвдийг бас л эртнээс хаалттай байлгасаар иржээ дээ.
... Нэг өдөр нэгэн монгол надад өөр нэг хятад худалдаачинтай хамт төвдүүдээс гишүүнэ худалдаж авахаар явсан тухайгаа хуучлав. Тэр хоёр зэрлэг үхэр, хулан, зээр гээд маш олон төрлийн амьтан харснаас гадна “geresunbamburshi” (гөрөөсөн бамбарууш) бас харсан гэнэ. “Гөрөөсөн бамбарууш” гэдэг нь монгол хэлээр үгчилбэл “wild men”гэсэн үг юм. Пржевальский 1871 онд яг миний энэ сонссонтой адил зүйлтэй учирсан байдаг. Гэхдээ тэрбээр мөнөөх амьтныг “kung guressu” гэж нэрийдсэн нь бодвол хятад-монгол холимог үг бололтой. Kung нь хятад хэлний “баавгай”, “guressu” нь монгол хэлний “гөрөөс” буюу “зэрлэг” гэсэн үг байх.
Манай нөгөө монгол “гөрөөсөн бамбарууш” гэдэг амьтнаа тайлбарлахдаа бие нь нэлдээ урт үсээр бүрхэгдсэн, хойд хөл дээрээ босдог, хөлийнх нь мөр яг хүнийх шиг, гэхдээ ярьж чаддаггүй болов уу хэмээнэ. Тэгээд хэсэг tsamba (замбай) авч “гөрөөсөн бамбарууш”-аа хийж үзүүлтэл эгээ л баавгай мэт харагдаж байлаа. Монгол маань тэр амьтныг баавгайтай хэчнээн адил болохыг батлахын тулд “Тийм ээ, манай хятад харчихаад hsiung, hsiung(баавгай) гэж хашгирч байсан, гэхдээ баавгай биш, төвдүүд тэр амьтныг dre-monгэдэг юм хэмээв... 150-151-р тал.
Энэ хэсэгт алмас буюу хүн гөрөөсний тухай яриа болж байгаа нь эргэлзээгүй байна. Гөрөөс гэдэг үгийн үндсэн утга бол одоогийн “зээр гөрөөс” биш “зэрлэг” гэдэг нь зөв юм. Харин “бамбарууш”-ийг “хүн” гэж орчуулсан нь сонирхолтой. Пржевальскийн kung guressu гэдгийн kung-ийн тухайд Рокхилл андуурсан бололтой. Миний бодлоор бол тэр нь хятад хэлний “баавгай” биш, монгол хэлний “күмүн”-ий “м” нь сулран гээгдээд одоогийнхоо хэлбэрийг олчихсон байсан буюу “хүн” гэсэн үг байж таарна.
Төвдөөр dre-monгэдэг юм хэмээн тэр монгол эрийн хэлсэн “дэ-мон” бол яалт ч үгүй “алмас” гэсэн үг билээ. Зүгээр сонин болгоод, нэг өрөөнд хамт ажилладаг сургуулийнхаа төвд хэлний багшаас “Дэ-мон” гэж танай Төвдөд ямар амьтан байдаг юм бэ? хэмээн асууж орхив. Төвд багшийн нүд нь илт сэргэн, бүр хийж байгаа зүйлээ орхиж байгаад хэрэг болгон дөхөж сууснаа “Тэр их айхтар амьтан байдаг юм. Жу’у (аргал) толгой дээрээ тавьчихаад хүнийг холоос дууддаг. Жу’у (аргал) гэж мэдэх үү? Манай тэнд үхрийн баасыг түлшинд хэрэглэдэг юм л даа. Иймэрхүү том дугуй хэлбэрийн юм байгаа (гараараа дүрсэлж үзүүлэн, аргалыг тайлбарлаад л байна, би ч яриаг нь тасалсангүй дуугүй л сонсоод байлаа).Хүмүүс тэгэхээр малгайтай хүн байна гэж хараад очихоор нь барьчихдаг юм . Тэр их айхтар амьтаан” хэмээн хуучилж билээ.
“Монгол, Төвдөөр 1891, 1892 онд аялсан тэмдэглэл” номыг нь 1894 онд Смитсонианы хүрээлэнгээс эрхлэн гаргасан байна. Зарим сонирхолтой тэмдэглэлээс нь толилуулбал:
1891 оны 12 сарын 27
... Энэ өдөр би тос худалдаж авахаар монгол айлуудаар явлаа. Эд бол Ордос аймгийн Зүүнгар (Djungar) хошууныхан юм. Машид нанхиадажсан боловч эмэгтэйчүүдийнх нь гоёл, үс, ялангуяа том ээмэг нь яг монгол хэвээрээ, харин эрчүүд нь хятад маягаар хувцаслана. Зүүнгарынхан арвич, Цахаруудтай харьцуулахад хавьгүй сахилгатай улс юм. Барууншаа монголчууд цамба иддэг бол харин миний орсон Зүүнгарын нэг айл сүүтэй цайнд дэвтээсэн шар будаагаар дайлж байна. Баруун монголчуудыг Та-цу хэмээн нэрийдэхэд хамаагүй байдаг бол Зүүнгарынхан болон ерөөс нийт Зүүн монголчууд ингэж нэрлүүлэх тун дургүй, өөрсдийгөө Мэнг-гу (Монгол) хэмээнэ... 19-р тал.
Энэ хэсэгт үндэстэн өөрийгөө хэрхэн үнэлж дүгнэх, өөрсдийг нь гадныхан хэрхэн тодорхойлоход дуртай дургүй байгаа тухай сонин асуудал гарч байна.
1892 оны 1 сарын 9
... хэдхэн минутын дараа би дотнын анд Католик хамба лам Хамер болон сайхан сэтгэлтэй бусад хэдэн Бельги хар ламтай гар барин уулзлаа... Монголчуудыг шашиндаа урвуулж чадах эсэхэд нь эргэлзэж байгаагаа хэлэхэд минь харин өөдөөс баруун өмнөд зүгт найм хоногийн газар, Отог монголчуудын нутаг, “Бор балгасун” хотод гуч гаруй христчин монгол айл байгааг мэдээлж байна... Ордос, Алшаагийн нутагт хятадуудын эмэнд хэрэглэдэг хунг-куо-цу буюу “улаан нүдэн” хэмээх ургамал ургадгийг монголчууд харин kereinnutо гэдэг гэнэ... Жимсийг нь hamorok гэдэг нь Цайдамын монголчуудын “harmak” гэдэгтэй нэг үг болов уу... 33-р тал
Kereinnuto хэмээн Рокхиллын бичиж авсан ургамлын нэрийг “Хэрээн нүд” байх гэж бодож байна. Harmak, hamorokнь мэдээж “хармаг” байхаас зайлахгүй. Хармагийн бутыг манай говийнхон бол “товцог” гэж нэрийддэг, харин Рокхиллийн тэмдэглэлээс харахад Ордос, Алшаагийнхан бол “хэрээн нүд” гэдэг байжээ. Одоо Төв Монголд “хэрээн нүд” гэж аспарагусыг нэрлэдэг болсон билээ. Говийн ганц жимс хармагийн нэр харин хаа ч, хэзээ ч үл өөрчлөгдөх юм даа.
1892 он гэхэд гучаад монгол айлыг христэд итгүүлж чадсан байсан гэх энэ мэдээ Монголд христийн шашин түгэн дэлгэрсэн түүхэнд бас нэг сонирхолтой баримт болон үлдэж болох юм. Яг энд яригдаж буй Ордосын Бор балгас хотод арван долоон жилийн хойно, 1905 онд нэрт монголч эрдэмтэн Антоон Мостарт томилогдон ирж, шашнаа сурталчлахаас гадна Монгол судлалын нэн жинтэй бүтээлүүдээ туурвисан билээ.
4 сарын 6
... Тэнд Манжуураас ирсэн дөрвөн монгол, нэг солоон лам байв. Солоон нь бараг над шиг цагаан, ер нь европжуу төрхийн юм...
4 сарын 7
... Өчигдөр шөнө нөгөө солоон лам надад монголчуудын дунд нэлээд түгээмэл яригддаг нэг сонин түүхийг ярьж өглөө. Таван зуугаад жилийн өмнө Оросын хаан (“олосу” гэдэг үг Орос, бас “харь” гэсэн утгатай, тэгэхээр Харийн хаан гэсэн үг бас байж болно) наран дээр юу байдгийг мэдэхийг хүсчээ. Тэгээд тавин монгол эрийг мөн төдий тооны монгол эмэгтэйн хамтаар нисдэг болор хайрцаганд хийгээд нар луу аялуулсан гэнэ. Түүнээс хойш аялагчдаас ямар ч мэдээ дуулдаагүй, харьяат иргэддээ ийн харгис хандсанд нь монголчууд Оросын хаанд маш дургүй болсон гэнэ... 135-136-р тал.
Маш сонирхолтой хууч яриа. “Нисдэг болор хайрцаг” гэсэн үг бараг л уран зөгнөлт киноны сансрын хөлөг мэт, өвөрмөц сонстож байна. “Харьяат иргэддээ” гэж Оросын хааны тухайд эзэнд хамаатуулах нөхцөлтэй хэлж байгааг бодоход буриад, эсвэл халимаг монголчуудын тухай домог юм болов уу? Гол санаа нь Оросын хааны харгис, хайхрамжгүйг өгүүлж байна. Солоон хүний дүр төрхийг “бараг над шиг цагаан” гэсэн нь мөн сонирхолтой.
5 сарын 3
... Барууны Засаг (Dzassak of Baron) Дамба гэж эрийг тэмээн хөтчөөр илгээсэн нь 1889 онд намайг Баруун Хүрээнээс (Baron kure) Шанд хүргэсэн тэр газарч мөн байлаа. Дамба алиа хошин, бас олон сонин түүх хүүрнэдэг хүн. Аав нь Шан хавийг засаглахаар томилогдсон Дашлхүмбийн (Tashil’unpo) нэгэн ламыг дагалдан Төвдийн бүр нөгөө тал болох Цангаас энэ нутагт ирсэн төвд хүн гэнэ. Ээж нь монгол. Аав нь нөгөө хамт ирсэн ламаа дагаад Лхас явахад Дамба ээжтэйгээ үлдсэн аж. Хорин тав хүрэхдээ хэдэн хонь, адуу нийлсэн цөөн толгой малтай болсон байж. Нэг өдөр эзгүйд нь хоёр Голок бүх эд хөрөнгийг нь хулгайлж аваад явчихжээ. Гэртээ ирэнгүүтээ юу ч үгүй хоосорсноо ойлгосон Дамба нөгөө хоёрыг мөшгин явсаар шөнө гүйцэж очоод унтаж байхад нь дайран орж, хоолойг нь огтлон алаад, эд хөрөнгөө буцаан авсан гэнэ.
Энэ зоригт явдал нь нутгийн ардын дунд шагшигдсан боловч тун удалгүй Дамба өөрөө дээрэмчин болж, Барууны өөр нэг хүнтэй нийлэн зэргэлдээ Монгол, Панаг нутгаар тонуул үйлдэх болжээ. Хууль цаазын дагуу гэмт этгээдийн бусад Монгол хошуудад үйлдсэн хэргийг өөрийнх нь хошуу төлж барагдуулдаг ёстой тул хошуу нь маш их мөнгө төлсөөр, сүүлдээ бүр хирээс хэтэрсэн учраас хошууных нь ноён (Noyen гэж бичжээ) буудан алах ял заасан байна.
Хоёр хүн гараас нь тэлэн татаж, өөр нэг нь буугаа чиглүүлэн, бялтаа аажуухнаар асаатал дарь нь авалцсангүй. Хоёр гуравдахь удаагаа энэ явдал давтагдсанд ноён Дамбыг үхэх цаг нь болоогүй байна хэмээн үзээд амийг нь өршөөж, шударга амьдраарай хэмээн тавьж явуулжээ. Арван жилийн өмнө болсон энэ явдлаас хойш Дамба эр зоригийн олон гавьяа байгуулсны дотор улаан гараараа баавгайтай тулалдан дийлсэн зэргээ бидэнд ярьж байлаа. Энэ мэт эрэлхэг үйлсийнхээ төлөө Дамба эхлээд цагаан, дараа нь хөх тэмдгээр шагнуулж, хамгийн сүүлд Baturha - “the Brave” хэмээх цол авсан байна. Шинээр амьдрах болсноосоо хойш амь зуух төдийхнөөс илүү юм олж байсангүй, тийм зүдүү амьдралдаа гутрах ч үгүй, харин ч тэр хоёр Голокийг алсны маань гор нь гарч байгаа юм гэсгээд тоохгүй. Буддын шашны учир шалтгаан – үйлийн үрийн тухай сургаал бас сайн талтай байна шүү.
Өчигдөр шөнө Дамба бидэнд Хятад, Лхас, Панаг, Монгол дөрвөн хэлээр дуу дуулж өгч, хөгжөөв. Хятадуудыг бүр яг дуурайсанд миний элэг хөшихөө шахсан, сүүлийн 6 сар ингэж инээгээгүй юм байна шүү. Монгол дуу нь Лхас хүрэх замын хэцүүг, мөн Лхасын сайхныг дуулсан байв... 167-169-р тал.
Рокхиллын хөтөч Дамбын тухай энэ хэсэг уг тэмдэглэл дэх олон сонирхолтой явдлын зөвхөн нэг нь билээ. Дамбын хүртсэн улаан, хөх тэмдэг, бас тэр “Батурха” гэдэг цол сонирхолтой. Brave хэмээн орчуулснаас нь харахад “Баатар”, эсвэл “Бадрах” гэсэн үг ч байж болох талтай.Буддын шашны үйлийн үрийн тухай сургаалыг бас өвөрмөц ажигласан байна.
Рокхиллын тэмдэглэлээс цөөн заримыг сонгон, өөрийн тэмдэглэлийг хавсарган, товч толилуулахад ийм буюу. Хөх нуур орчмоор манай судлаач, сэтгүүлчдийн жуулчилж, угсаа нэгтнээ сурвалжилсан олон сонирхолтой аяллын тэмдэглэл бий. ЯлангуяаБ. Занданхүүгийн тэмдэглэл бол сэтгүүлзүйн гайхалтай бүтээл болсныг доороос уншиж болно.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6696:2012-01-17-17-27-43&catid=107&Itemid=132
http://www.dayarmongol.com/index.php/2010-02-09-04-36-18/6673-2012-01-14-05-02-16
Одоо харин тухайлсан баг гаргаж байгаад Рокхилл өөрөө Хук, Пржевальский нарын замыг даган явсан шиг, Рокхиллын өөрийнх нь яг тэр замаар аялан, бүхий л газар усны нэрийг Рокхиллын бичиж үлдээсэнтэй харьцуулан, хэдэн хувь нь монгол хэвээрээ байгааг ажиглавал их л сонирхолтой аялал болох сон. Ивээн тэтгэгчид нь олдвол зоригтой, боловсролтой залуус мундахгүй болсон цаг даа.
Зочин
хэронүо
б
NOM
Зочин
Baigal
мөнхбаяр аа, сайн уншаарай.
munkhbayar
222222
ub
hm
Namara