Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаа сонгуульд нэрээ дэвшүүлснийхээ дараа сонгогчидтой уулзахдаа “Надад суралцах шаардлага байхгүй. Сонгуулийн маргаашнаас л ажлаа хийнэ” гэж хэлсэн. Харин өчигдөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтаараа тэр “сонгуулийн маргааш л барьж авч хийх” гэж адгаад байсан тэр ажлаа зарлачихлаа. Тодруулбал, хууль шүүхийн байгууллагын шинэтгэлийг ирэх гурван жилд багтаан дуусгана, үүний тулд УИХ, Засгийн газрыг бүх талаар шахаж ажиллана гэж амлалаа.

Шалтаг хийгээд шалтгаан

Одоогоос есөн жилийн өмнө, 2004 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам, МАХН хоёр ижил тэнцүү суудал авч, тухайн үед дөнгөж Харвард төгсөж ирээд байсан залуухан Ерөнхий сайдын хамгийн түрүүнд хэлсэн үг нь /Засгийн газарт хамтарч орсон хоёр намын тохироогоор МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга болсон юм/ төрийн албаны авлигажсан байдлыг халах тухай байлаа. Тун удалгүй Гаалийн дарга асан Х.Баатар авлигын хэргээр баривчлагдаж, энэ хэрэгт нь тухайн үеийн МАХН-ын удирдлагууд ч ороогдож эхэлсэн билээ. Гаальд байцаагчаар орохын тулд 10 саяын авлига өгдөг, тэр нь сарын дотор эргээд нөхөгддөг гэж ярьдаг байсан үе. Гэвч энэ үед “эв нэгдлийн” Засгийн газарт багтсан МАХН-ын сайд нар Ерөнхий сайдыгаа “эвийг эвдэв” хэмээн буруутгаж огцрох өргөдлөө өгснөөр энэ хэрэг шувтарч, Засгийн газар нь огцрон, авлигатай хийх тэмцэл Х.Баатараар дууссан.

Авлигатай тэмцэнэ гэдгийг хэн нэг хүний хүсэл зоригоор шийдчихэж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон Ц.Элбэгдорж тэр үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуухан багш нартай уулзаж, хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлаар анхныхаа судалгааг захиалсан байдаг. Тэдгээр судлаачдын нэг нь одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж шүүх эрх зүйн шинэтгэлийн асуудлаар Шүүхийн тухай багц хуулийн төслөө УИХ-д оруулж танилцуулсан нь өмнө хийгдсэн судалгааны үр дүн байлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ амласанчлан “Авлигачдын нурууг бөхийлгөж, ардын нурууг тэнийлгэх”-ийн тулд хамгийн түрүүнд эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудад үйлчилдэг, тал засдаг шүүхээс салж, иргэдээ ялгаварладаггүй, гэм хийснийг нь гэсгээж, гэмгүйг нь өмөөрч чаддаг хараат бус, шударга шүүхтэй болох явдал байлаа.

Гэвч хэдий шүүх байгууллага, шүүгчид хараат бус, шударгаар ажиллахыг хүсэвч тэдний барьж ажилладаг, бусдыг ялладаг хуулиуд нь бахь байдгаараа, социализмын үеийнхээрээ. Төрийн буруугаас иргэн хохирлоо гэхэд төр хариуцлага хүлээхгүй. Төрийн нэрээр ажиллаж байгаа албан тушаалтнууд бүр ч хариуцлага хүлээдэггүй. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр алагдсан таван хүний амины төлөө төрөөс 50 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн нь төр хариуцлагаа хүлээж байгаа хэлбэр биш шүү дээ. Түүний цаана эцэг эх, гэр бүл, үр хүүхдэд нь учрсан уй гашуу, алдагдсан ирээдүйг юугаар төлөх юм. Аймгийн Засаг дарга нар уул уурхайнхантай сүлбэлдэж баахан газар ухуулаад, тэр нь байгаль экологи, хүн малд нь аюул учруулаад эхэлчихсэн байхад хэн хариуцлага хүлээсэн билээ. Төр лав “Би” гэж дуугараагүй, төрийн нэрээр шийдвэр гаргасан Засаг дарга ч, уул уурхайн компаниуд ч хариуцлага хүлээгээгүй.

Гэмтнийг гэсгээж, гэмгүйг нь өмөөрдөг хуультай болно

Тиймээс шинээр боловсруулаад байгаа Гэмт хэргийн /хуучнаар Эрүүгийн/ болон Зөрчлийн тухай /хуучин нэр нь Захиргааны хариуцлагын тухай/ хуулиар хариуцлагыг “төр” гэдэг эзэн биегүй зүйлд нааж эзэнгүй үлдээх бус, байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог болохоор хуульчилсан байдаг. Хохирогч нь хохирогчоороо үлдэж, хохироосон нь шорондоо яваад, төр дундаас нь өөрөө ашиг олдог ялын буруу бодлогыг ч гэсэн халж, ялыг хохирлын хэмжээ, түүнийгээ нөхөн төлсөн эсэхээс нь шалтгаалж тогтоохоор хуульчилж байгаа. Арван тэрбумыг идсэн нөхөр гурван жил суугаад гарахад амьдрал нь бэлэн гэж боддоггүй, учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлж байж ялынхаа хугацааг дуусгадаг болно. Мөн өмнө төрийн халаасанд орж, төсөв зузаалдаг байсан торгуулийн ял одооноос хохирогчдын хохирлыг барагдуулахад зориулагдана. Төрийн цорын ганц бөгөөд юугаар ч орлуулшгүй үүрэг бол иргэдийнхээ эрх чөлөө аюулгүй байдлыг хамгаалах явдал. Төр энэ үүргээ биелүүлж чадаагүй бол түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, төлүүлэх үүрэг нь ч гэсэн төрд байгаа. Үндсэн хуулиар хамгаалагдсан энэ зарчим, иргэдийн эрх Гэмт хэргийн тухай шинэ хуулиар баталгаажих ёстой. 

Авлигатай тэмцэх үү, авлигачидтай нь тэмцэх үү?

Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөрөг хүчин болоод олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл дагуулсан зүйл бол авлигатай хийх тэмцлээ алагчилж явуулаад байгаа юм биш үү гэдэг хардлага. Сүүлийн нэг жилийн хугацаанд авлига, албан тушаалын хэргээр баривчлагдсан, саатуулагдсан, шалгагдсан хүмүүсийн дийлэнх нь Ардын нам буюу хуучнаар МАХН-ын угшилтай хүмүүс байсан учраас тэр.

Үүний эсрэг АТГ-аас нэгэн судалгааг олон нийтэд танилцуулахдаа “Сүүлийн дөрвөн жил авлигад хамгийн өртөж болзошгүй, өртөмтгий албан тушаалууд дээр ажиллаж байсан хүмүүсийн 94 хувь нь улаан тамгатай буюу МАН, МАХН-ын гишүүд, үлдсэн зургаан хувь нь цэнхэр тамгатай буюу бусад намын хүмүүс байжээ” гэсэн байна. Харин 2012 оны сонгуулийн дараачаас энэ өнгө солигдож эхэлсэн. Цэнхэр тамгатнуудын төрийн өндөр албан тушаалд эзлэх хувь нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс авлигын хэрэгтэй тэмцэхдээ алагчлал гаргахгүй байхыг Ерөнхийлөгч хуулийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэрээ анхааруулж, хэрвээ ийм тохиолдол гарвал Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож томилогддог албан тушаалтнуудын хувьд томилгоотой чинь ярина шүү гэдгээ ч сануулсан.

Авлигатай хийх тэмцлийг алагчлалгүй явуулна /өмнө нь алагчилдаг байсан гэсэн үг биш/ гэсэн шалтгаан нь түүний нийгэмд учруулж буй хор уршигтай холбоотой. Олонхи хүмүүсийн хувьд авлигын гэмт хэргээс учирч байгаа мөнгөн хохирлын хэмжээг л ярьдаг ч /одоогоор шалгагдаж буй хэргүүдийн мөнгөн хохирлын хэмжээ 58 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь 40 цэцэрлэг, 12 сургууль,найман том эмнэлэг барих хэмжээний мөнгө байна гэсэн тооцоог хэн нэг нь хийжээ/ үнэндээ түүнээс ч илүү хор уршиг нь иргэдийн хууль, ёс суртахуунд итгэх итгэлийг алдагдуулж, шударгаар амьдрах хүсэл эрмэлзлэлийг мохоодог явдал. Энэ бол хувь хүний ч, улс орны ч хөгжил дэвшлийн хамгийн том чөдөр тушаа билээ.

Гэвч авлигын хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг нэг хүчин зүйл бол авлига өгсөн, авсан хоёуланг нь шийтгэх тухай хуулийн заалт. Ийм тохиолдолд хэн нь ч хэнийгээ хуулийн өмнө илчлэхийг хүсэхгүй нь тодорхой. Гэтэл үнэндээ бол хэн ч байсан сайн дураараа бусдад авлига өгнө гэж байхгүй. Хэрвээ тэр мөнгийг өөрийнхөө хөдөлмөрөөр олсон нь үнэн бол. Зайлшгүй хэн нэгний шахалт шаардлагаар, ажлаа бүтээхийн тулд аргагүйн эрхэнд төлж таардаг. Тиймээс авлига өгснийг нь биш, авсныг нь шийтгэдэг болох тухай хуулийн зохицуулалтыг санал болгож байгаа. 

Хуулийн байгууллагыг хуулиар засаглуулна

Монголчууд албан тушаалтны эрх мэдэл, буулган дор биш, хуулийн дор ажиллаж, амьдарна. Тэр хууль нь алагчлалгүй байх ёстой. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтоно гэдгийг дээр дооргүй ярьж байгаа. Харин тэр хуулийг хэрэгжүүлж байгаа хуулийн байгууллагууд, хууль сахиулагчид юунд захирагдах ёстой вэ? Ялгаагүй л хуульд захирагдаж таарна. Хууль зүйн сайдын “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” гэж нэрлэсэн хууль зүйн цогц бодлогын хүрээнд нийт 42 хуулийн төслийг шинээр боловсруулах буюу шинэчлэн найруулсан байна. Үүнээс 28 нь хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлтэй холбоотой хуулиуд.

Мэргэжлийнхний хэлдгээр хуулиудыг бүхэлд нь материаллаг, процессийн, инстициональ гэж гурав ангилдаг. Ямар хууль хэрэглэх вэ гэдгийг материаллаг, яаж хэрэглэх вэ гэдгийг процессийн, хуулийн байгууллагууд өөрсдөө ямар чиг үүрэгтэй, хэрхэн зохион байгуулагдах, боловсон хүчнээ яаж бэлтгэх вэ гэдэг нь институционал хэм хэмжээ гэж үздэг байна. Тэгвэл сүүлийн хоёр категорид орсон бүх хуулиуд хуулийн салбарын шинэчлэлтэй холбоотой. Ялангуяа процессын гэгдэж байгаа хуулиудад хуулийн салбарын гол шинэчлэл багтаж байгаа. Хуулийн байгууллага ажлаа явуулахдаа иргэдийн эрхийг зөрчихгүй, эрүүдэж шүүхгүй, бусдын нөлөөнд автахгүй, хувийн эрх ашгаа оролцуулахгүй, хууль зөрчихгүй байхыг тэдгээр хуулиудаар зохицуулж өгсөн. Ингэснээр хууль сахиулагчид өөрийн болон хэн нэгний, эсвэл дээд албан тушаалтныхаа дур зоргоор биш, зөвхөн хуульд захирагдаж ажлаа явуулна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-ний хэрэг шиг “Дарга тушаасан болохоор” гээд тааралдсан луугаа гал нээгээд байж болохгүй, хэзээ хаана, ямар тохиолдолд, ямар сануулгатайгаар гал нээх вэ гэдгийг нэг бүрчлэн хуулиар зааж өгнө. Захын нэг замын цагдаа таныг дөрвөн замын уулзвар дээр барьж зогсоочихоод, дохиураараа даллаж авчираад толгой түрүүгүй загнаад байхгүй болно гэсэн үг. Учир нь гудамжинд хэв журам сахиулж байгаа эргүүлийн цагдаагаас эхлээд онц хүнд гэмт хэрэг мөрдөж буй цагдаагийн мөрдөгчид хүртэл хэдийд ямар үйлдэл хийх, энгийн иргэнтэй, гэмт хэрэгтэнтэй ямар хуулийн хүрээнд хэрхэн харьцах вэ гэдгийг нэг бүрчлэн заагаад өгчихсөн.

Шинэчлэлийн бодлогын хүрээнд одоогийн байдлаар Маршалын албаны тухай, Цагдаагийн тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэсэн дөрвөн хууль УИХ-ын нэгдсэн хуралдаанаар ороод, хэлэлцэгдээд явж байгаа. Ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Мөрдөх албаны тухай болон Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хууль суучихсан байгаа. Шинэчлэлийн ажлыг ойрын 2-3 жилд багтаан дуусгана гэдгээ Хууль зүйн сайд хэлсэн.

Өмнөх дөрвөн жилийн тухайд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай багц хуулиудыг УИХ-аар батлуулж чадсан ч түүний араас орох ёстой байсан салбарын олон хууль тогтоомж хойш тавигдсан. Үүнд Засгийн газарт хамтарч орсон улс төрийн хүчний нөлөө ч байсан, салбар толгойлж байсан сайдын хүчин зүтгэл ч дутсан гэдгийг сануулах нь илүүц биз. Харин саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн намууд бүгд нэгэн дуугаар “авлигатай тэмцэнэ, шударга ёсыг тогтооно” гэж хэлж байснаас үзвэл дөрвөн жилийн өмнөх тэр хандлага эрс өөрчлөгдөж, шинэчлэлт өөрчлөлтийг хүлээж авах нийгмийн сэгэл зүй ч хэдийнээ бэлэн болчихсон байна. Тэгээд ч Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь гурвуулаа энэ тал дээр “За” гэж дуугарч байгаа болохоор ойрын 2-3 жилийн дотор хуулийн байгууллагууд хууль эрх зүйн цоо шинэ орчинд шилжинэ гэсэн салбарынхны тавьсан зорилт нэг их эсэргүүцэлтэй тулахгүй биз дээ.

2013.07.05