“Капитал” банк 30 насныхаа босгон дээр маш тайван замаар татан буугдаж хоёр шатлалт банкны системтэй болсноос хойш дампуурсан 15 дахьбанк болов. Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргасныг Монголбанкнаас албан ёсоор мэдэгдсэн. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд зааснаар нэг иргэн, хуулийн этгээдийн төгрөг ба валютын 20 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах, хадгаламж даатгагдсан байдаг. Иймд Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан тул “Хаан банк” ХХК-д шилжсэн. Харин “Капитал” банкны 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарах бөгөөд банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилэх тул ийнхүү “тайван” өнгөрч буй бололтой тайлбар өгч харагдана. УИХ-ын гишүүн Б.Ундармаа энэ компанийн хувь эзэмшигч мөн боловч уг шийдвэр гарсны маргааш нь"Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Нийгмийн даатгалын сангийн 80 хувь нь энэ банк дээр байдаг гэдэг нь худлаа. Татан буулгах шийдвэр гаргасан Төв банк өөрөө хариулт өгөх байх. Үүнд улс төрийн нөхцөл байдал орсон" гэж хариулсан байдаг.

Харин анх энэ талаар дуулгасаар байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Капитал банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1.2 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг тус тус байршиж байгаа” гэдэг.Тэгэхээр “Чоно цатгалан, хонь бүрэн” гээд тайвширч боломгүй. Учир нь харилцагчдын сэтгэл зүйг бэлтгэсээр ирсэн, хохирлыг барагдуулах “төлөвлөгөө” нь тодорхой“Капитал” банкны бусад хувь эзэмшигчид хаачсаныг сонирхоход хүрэв. 

Яг өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээлэлд “Капиталбанк”-ны Гүйцэтгэх захирал нь Агваанжамба овогтой Ариунболд. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Бишрэлтхолдинг”, “Чонофинанс”ББСБ. “Капитал” банкны Гүйцэтгэх захирал бөгөөд “Бишрэлтхолдинг”-ийн хувьцаа эзэмшигч А.Ариунболдыг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны орой баривчилж Цагдан хорих 461-р ангид хүргэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. “Капитал”-ын эздийн нэг, мөн “Бишрэлтхолдинг”-ийн хувьцаа эзэмшигч Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн. “Бишрэлтхолдинг”-ийн гүйцэтгэх захирал нь Ариунболдын Чинбишрэлт юм. “Капитал”-ын хувьцаа эзэмшигчдийн нэг “Чонофинанс” ББСБ үлдэж байгаа биз. “Чонофинанс” ББСБ -ын Гүйцэтгэх захирал нь Лхагвасүрэнгийн Нямсүрэн. Үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Лхагвасүрэнгийн Нямсүрэн, Т.Энхболдсодонгийн Агар. Т.Энхболдсодонгийн “төрүүлсэн” энэ “Чоно” болбоос их олон салбартай. Гэхдээ газар тариалан , мал аж ахуйн “Аму” компаниас эхэлж тэр нь “Аму групп болтлоо өсч дэгжсэн. Энэ цаг үе бол Т.Энхболдсодонгийн “худ” гэгддэг Т.Бадамжунайн УИХ-ын гишүүн, ХХАА-н сайдаар ажиллаж эхэлсэн улс төрийн карьерийн “алтан үе”. 

“Аму групп” ХХК. 2006 оны дөрөвдүгээр сарын 12-нд байгуулагдсан. Гүйцэтгэх захирал Даваадоржийн Тэмүүлэн.Таван хувьцаа эзэмшигчтэй. Тэдгээрээс Энхбатын Анарыг олон нийт сайн таних байх. Э.Анар бол Т.Энхболдсодонгийн ах Т.Энхбатын хүү бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ажиллаж байгаад энэ оны хоёрдугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн. Энэхүү “Аму” компани нь өөрийнхөө нэр дээр ч, одоо хувьцаа эзэмшигчээр нь бүртгэгддэг “Ургац хангай” ХХК-ийнхаа нэр дээр ч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн урамшууллыг хүртсээр ирсэн. Энэ оны хавар Сангийн яамнаас тус санд шалгалт хийсний дараахан хэвлэлд нийтэлсэн мэдээгээр “Аму” группийнохин компани “Ургац хангай” ХХК, 2009-2017 онд тасралтгүй уг урамшуулалд хамрагдаж нийт 686 сая 289 мянга 550төгрөг, “Жавхлант буудай” ХХК нь 640 сая 137 мянга 500 төгрөг авч байсан дүн харагддаг. 

Үүний дараа “Чоно” төрсөн. Эхлээд “зүгээр” л “Чоно” ХХК-тай танилцъя. 

“Чоно” ХХК 2006 оны зургадугаар сарын 5-нд гадаад худалдаа, реэкспорт, худалдааны зуучлал, түрээсийн үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал нь Энхболдсодонгийн Агар. Түүнийг “Чоно” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2017 оны наймдугаар сарын 21-нд бүртгэсэн байв. Дээр дурьдсанчлан “Капитал” банкны хувьцаа эзэмшигч“Чоно финанс” ББСБ-ын мөн захирал нь. Цаашид дурьдах олон “Чоно” бизнест нэр нь дурьдагдана.

Тухайлбал “Чоно капитал”. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь мөн л Э.Агар, Л.Нямсүрэн, мөн Цэрэнванчигийн Агиймаа, тэрбээр “Чоно капитал”-ын Гүйцэтгэх захирал нь. Үйл ажиллагааны чиглэл нь брокер, дилерийн үйл ажиллагаа, гадаад худалдаа. 

Дараагийнх нь “Чоно майнинг” ХХК. Гүйцэтгэх захирал нь Э.Агар. Гадаадын хөрөнгө оруулалттай гэх хэлбэрээр 2010 онд бүртггүүлсэн ч хувьцаа эзэмшигчээр 2014 онд Э.Агар ганцаараа бүртгэгдсэн. Үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа. 

Цаашилбал “Чоно пропертийс” ХХК. Гүйцэтггэх захирал нь Энхболдсодонгийн Ананд. Э.Агарын төрсөн дүү нь. Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдээр нь “Чоно” ХХК-ийг 2017 оны наймдугаар сард бүртгэсэн. Товчхондоо ах, дүү хоёрын нэр дээр, мөн Л.Нямсүрэн нар эзэмшдэг гэсэн үг. Тус компани 2007 онд байгуулагдсан, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгджээ. 

УИХ-ын 2016 оны сонгууль болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Чоно” улам өсч өргөжсөн байдаг. Тухайлбал “Чоно групп” ХХК 2016 оны арванхоёрдугаар сарын 20-нд мөн л гадаад худалдааны чиглэлээр Э.Агар, Э.Ананд нарын нэр дээр байгуулагдсан. Харин “Чоно холдинг”-ийг 2016 оны есдүгээр сарын 15-нд гадаад худалдааны чиглэлээр байгуулсан. Э.Агарын эзэмшлийнх. Гүйцэтгэх захирал нь Edwards Robert Clifford. Тэрбээр 2002 оны эхээр Монголд ирсэн тус группийн бүх үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, хөрөнгө оруулалтын стратеги, шинэ төслүүдийн хэрэгжилтийг хянадаг. Ivey-ийн Бизнесийн сургуулийн ЭШАБҮ-г эзэмшдэг, их хэмжээний нөөцтэй уурхайн өрөмдлөгийн менежменийн чиглэлээр магистрийн зэрэгтэй гэж танилцуулагджээ.

Мөн эдний гэр бүлтэй “Шинэст” компани ихээхэн хамааралтай. Социализмын үед, 1976 онд байгуулагдсан энэ үйлдвэр эдүгээ орчин үеийн дэвшилтэт технологиор мод боловсруулах үйл ажиллагаа явуулдаг томоохон компани болсон. Гүйцэтгэх захиралаар нь Д.Бахдамдэмбэрэл, ТУЗ-ийн гишүүнээр Т.Энхболдсодонгийн эхнэр Б.Ачтуяамаа, ах Т.Энхбат, түүний хүү Т.Анар, Д.Бурмаа, Я.Дамдиймаа, Б.Тэнгис, Д.Мандах нар ажилладаг гэр бүлийн бизнес гэж хэлж болохоор, голлох хувьцааг Т.Энхбат, Д.Бурмаа нар эзэмшдэг аж.

“Чоно”-ынхоны үүсгэн байгуулагдах, өргөжин тэлэх бүх үйл явц Т.Энхболдсодон түүний худ эсвэл нутгийн ахан дүүс ч юм уу Т.Бадамжунайгийн эрхэлж буй албан тушаал, улс төрийн далд ажиллагааны үр дүнтэй холбоотой байдаг. Харин энэ өдрүүдэд Ноён Т.Бадамжунай холбогдох хуулийн байгууллагууд шалгасан хэвээр байгаа билээ. 

Төмөрхуягийн Энхболдсодон гэж хэн бэ. Түүнийг ерээд оны эхэн үеийн ганган цагаан барилгуудын нэг White house зочид буудал тэр үеийн томоохон захуудын нэг Таван эрдэнэ, одоогийн Мишээл экспо, хожим нь Blue skytower зэргээр мэддэг байсан үе цагийн эрхээр ард хоцорчээ. Харин өдий 30-аад жилийн хугацаанд эрхэлсэн бизнес нь тийм ч цэвэр байгаагүйг хуулийнхан түүнтэй зургаан жил шахам зууралдаж байгаагаас харж болно. Худ Т.Бадамжунайгаараа дамжуулан Н.Энхбаярт арайхийн ойртож өнөөдөр цаанаа л гундуу харагдах болсон Blue Sky Tower-ийг хамтын бүтээл болгон зарлаж байсан нь эдүгээ хам хэрэгт холбогдоход хүргэсэн бололтой. Учир нь Н.Энхбаярыг шалгаж эхэлсэн цагаас хойш АТГ-аас Т.Энхболдсодонг авлигын хэрэг, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Төв аймгийн Цагдан хорих ангид хүртэл саатуулж байв. 

Уг нь Т.Бадамжунай гэдэг хүн хоёрхон охинтой, хоёр хүргэнтэй баймаар. Гэтэл энд тэндхийн “Эрдэнэбилэгүүд”-д нааж мөн ч их төөрөлдүүлдэг. Угтаа гэмт хэрэг л үйлдэгдсэн бол эдийн засгийн ул мөр үлдээдэг. Тиймээс саяхан “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан Ocean Partners-тай холбоотой цорын ганц монгол захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаярыг “Таны дүү Мөнхбаяр” хэмээн асуултаа эхлэхэд нь бушуухан дөрөөлж “Надад Мөнхбаяр гэдэг дүү байхгүй” гэж сэтгүүлчийн амыг тагласнаар уг хэрэгт холбоогүй, гүтгэгдсэн цэвэр хүн болж үлдэхээр оролдсон. Гэтэл улсын бүртгэлд түүний эхнэр болон Д.Мөнхбаярын дундын компани ч хэвээрээ, хамаатан садны холбоо хэлхээ нь ч ил байдаг. Тэгэхээр өнөөдөр хэн, хэний ямар хамаатан байх нь огт чухал биш тэднийг эрх ашиг, бизнес, мөнгө хэрхэн холбодогт л анхаарлаа хандуулах учиртай. 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас сүүлийн арав гаруй жилд авсан зээл, урамшуулал, түүгээр дэгжиждээшилсэн бизнес эцэстээ арилжааны нэгэн банкнаас багадахааргүй санхүүгийн бизнесийг цэцэглүүлсэн нь маргаангүй үнэн. Энэ банк нэргүй л болохоос “хэт том” санхүүгийн байгууллагын толгой ажилтнууд нь “Чонофинанс”-ыг байгуулж “Капитал” банкинд “байршуулж” улс төрийн шийдвэрүүд, улстөрчдийн хулгайн замаар банк дампуурч захирал нь шоронд ороход “Чонофинанс”, “Чонокапитал” руугаа яваад өгөх жишээтэй. Тэгэхээр “Капитал” банкны энэ тайван, чимээгүй дампуурлын ард хэн нэгэн, аль нэгэн гэр бүлийн бизнес хожиж үлдэж байгаа юм биш биз. Яагаад банк дампуурахад цочирдохоо болив. Ямар учраас хувьцаа эзэмшигч талуудыг бүгдийг нь шалгасангүй вэ. Өв залгамжилсан том бизнес хожмын өдөр үр хүүхдээ гэмт хэрэгт түлхсэн үйлдэл болж ял залгамжлахад хүрэх вий. Банкны харилцагчдын хохирлыг төр барагдуулах “гоё” шийдвэрийн цаана хэн нэгэн, хэсэг бүлэг хожиж үлддэгийг удаа дараа харлаа. Ямар ч байсан банк дампуурахад хуулийн байгууллага цаанаа л чимээгүйхэн шалгаж, сайн, муу активаар нь салгаж ялгаад үтэр түргэн шийдэж буй нь зохион байгуулалттай байв уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Үүнийг ч “Капитал” банкаар овоглосоор өдий хүрсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хэлсэн “Үүнд улс төр орсон” гэх хариулт хангалттай сэжүүр биш гэж үү.                                         

                                                                                                                                               /Үргэлжлэл бий/