Оргилуун цоглог
Дэлхийн шоу бизнест Латин Америкийн дуу хуурыг үнэд оруулж чадсан гол төлөөлөгчийн нэг бол Рики Мартин. Түүнийг үеэ өнгөрөөсөн, ид үе нь ард хоцорсон гэж өөрийнхөөрөө дүгнэх хэсэг бүлэг байх. Гэвч нэгэнт цомог нь бүх цагийн үеийн хамгийн борлуулалттайгаар тодорч л байсан бол насан туршдаа бүр таалал төгссөн хойноо ч од хэвээрээ үлддэг бичигдээгүй хууль бий.
Тасалбар дээрээ 19.30 цагаас гэж товлосон ч дэлхийн хэмжээний одыг хүлээх нь ёс мэт зүйл хэмээн эндэхийнхэн ярина. Тогтсон цагаас гучин минутын өмнө тоглолт болох газарт хүмүүс битүү цугларч, Рики Мартины цомог, нэрийг нь бичсэн уут, зурагт хуудсыг авахаар хүмүүс дугаарлан зогсоно. Цомог нь 30 австрали доллар, даавуун уут 20 австрали доллар гэх аж. Тэрбээр 70 гаруй сая цомог борлуулсан уран бүтээлч билээ.
Үзэгчдийн хувьд дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэр дундаа нас тогтсон нь элбэг байх юм. Гэхдээ Австралид ямарваа нэгэн тоглолт болоход залуучууд нь гэхээсээ нас тогтсон үеийнхэн хамгийн ихээр үздэг гэх юм билээ. Бас бааранд ороход залуучууд биш нөгөө ажилтай албатай, орлоготой тэр насныхан л байдаг гэж байгаа. За энэ ч яахав, Рики Мартины галзуу улаан фэнүүд хүүхнүүд байсаар ч ирсэн, бэлгийн чиг хандлагаа өөр гэж зарласан ч тэд үнэнч хэвээрээ үлджээ гэмээр. Дуучны талаар товчхон өгүүлбэл, Рики Мартин Өмнөд Америкийн Пуэрто Рико улсаа мөн Lатин Америкийн урлагийг дэлхийд хамгийн тодоор харуулж чадсан уран бүтээлч юм. Латино урсгалыг үнэд хүргэж чадсан нь түүний гавьяа.
Түүнийг бага байхад эцэг, эх нь салж авга эмээгийнхээ асрамжид өссөн байна. Аав нь түүнийг есөн настай байхад нь анх телевизийн рекламд тоглуулснаар урлагийн хаалгыг татсан байдаг. Тэрбээр 13 настай байхдаа тухайн үедээ ихээхэн нэр хүндтэй "Менудо" хэмээх хөвгүүдийн хамтлагийн гишүүн болов. Нас бага, намхан гэж гологдож байсан ч түүний тайзан дээр биеэ авч яваа байдал, жүжиглэлт нь продюссорын анхаарлыг эрхгүй татаж байсан тул шинэ гишүүнээр тодорсон аж. Балчир хөвгүүн хамтлагтайгаа маш олон улс орноор аялан тоглож, арав гаруй цомгийг гаргасан байна. Ачаалалтай, байнгын аялал, тоглолт дунд өсвөр насаа өнгөрөөхдөө 18 насанд хүрэхийг л яарч байжээ. 17 нас хүрээд хамтлагаасаа гарч, нутагтаа очиж сургуулиа төгсгөсөн бөгөөд жилийн дараа 18 нас хүрээд АНУ-ыг зорьсон байна. Хүүхэд ахуй цагтаа хөдөлмөрлөж олсон мөнгөө зарцуулах эрхтэй болмогцоо тэр мөрөөдөл болсон АНУ-ыг зорьжээ. Багагүй хугацаанд чармайн зүтгэсэн тэр ерээд оны дунд үеэс тодорч эхлэх болов. Түүнийг мэддэггүй байсан олон хүн 1998 оны Францад болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий дараагаас андахаа байсан билээ. Дэлхийн аваргын тэмцээний сүлд дуу "Livin La Vida Loca"-г ч түүний тоглолтыг үзэхдээ сонсч чадна гэж найдаж байсан маань талаар болоогүй билээ.
Эхлээд Австралийн нэрд гарч яваа дуучин нэлээд хэдэн дуу дуулж, үзэгчдийг доргиосны дараа завсарлага болов. Өнөөх од маань хэзээ гарч ирэхийг үзэгчдийн хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэд үүд рүү гарч, эндхийнхэн үзвэр бүртээ ёс мэт болсон заншил ёсоор цагаан, улаан дарсаа барьсаар орж ирнэ. Дарс хийх зориулалтын гоёмсог хөлтэй хундага нь шилэн биш, нэг хэрэглээнийх. Аделейд хотын бүхий л том соёл, спортын арга хэмжээ болдог "Adеlaide Entertainment centre" 12 мянган хүний суудалтай юм билээ. Анх орж ирэхэд Миланы Ла Скалад ороод ирсэн мэт сэтгэгдэл төрөх нь улаан хүрэн суудлуудтай, тэр нь нэлээд огцом дээшээ засагдсаных байх. Рики Мартин үзэгчдийг бас ч тэгтэл чилээсэнгүй. Тээр алсад испани хөг эгшиг цуурайтах шиг болонгуут л хүмүүс алга ташаад эхлэв. Шахамдуухан засагдсан шиг санагдаж байсан тайзыг тусгаарласан цагаан хөшиг гэнэт унаж, бөөн гэрэл дундаас өнөөх Рики Мартин цав цагаан хослолтой дуулж эхлэхэд танхим тэр аяараа орилсон. Сүүлийн синглдээ багтсан "Come with me"-гээ дуулсныхаа дараа "Livin La Vida Loca"-гаа дуулж хүмүүсийг бүр хөөргөөд авлаа. Түүний тоглолт эхнээсээ л халуухан болж байв. Оргилуун цоглог. Үзэгчдийг доргиох, халаах шаардлага ерөөсөө байхгүй үзэгчдээ хүндэлсэн даруу байдал нь, бас маш их эрч хүч нь найрсч нийлэхээрээ арав гаруй мянган хүнийг дор нь босгож байх шиг санагдсан. Тэгээд ч бүх дуунууд нь хүмүүст хүрч, танил болсон байдаг болохоор хит дуугаа төгсгөлдөө дуулна гэж нөөцөлдөггүй ч юм уу гэмээр. Нэг дуу дуулаад жижиг боловч хувцас солих ажиллагаа заавал хийнэ. Нэг хантааз сольж өмсөх ч юм уу, тайлах зэргээр өөрчлөлтүүдийг хоёр дахь дуунаасаа л хийгээд явчих юм билээ. Тэгэхээр түүнийг нь үзэгчид аяндаа хүлээж, дараагийн дуунд юу өмсч гарч ирэх бол гээд хүлээгээд эхэлчихэж байгаа юм. Тэрбээр хар бариу цамц, нарийхан өмд, ув улаан гутал, бас хоёр гарын булчин дээрх шивээс нь ил харагдах савхин хантааз, бас өмдөн дээр урт цамц юм уу, хормойтой ч юм уу гэж харагдах цамц, саан оруулга гээд олон өвөрмөц хувцас өмссөн байсан. Гэхдээ бүгд түүнд гайхалтай зохиж байсныг хэлэх хэрэгтэй. Түүнийг энэ тоглолтын турш 10-15 удаа хувцсандаа өөрчлөлт хийсэн талаар эндэхийн хэвлэл дээр бичсэн билээ. Гэхдээ ихэдсэн мэт сэтгэгдэл төрүүлэхгүй бага, багаар шилжилт хийж хувцсаа сольдог нь анзаарагдаж байсан. Ер нь Рикигийн тоглолт эр, эм бүжигчид төдийгүй хөгжимчид нь ядаж нэг удаа хувцсаа сольдгоороо бусдаас ялгагддаг гэх. Тэрээр нэг дуун дээрээ бүсгүйчүүд түүнийг эргүүлж харин өөрөө тоохгүй явж байгаа зохиомж гарган бүжиглэнгээ дуулж байв.
Өнгөрсөн он жилүүдэд тэр өөрийгөө ижил хүйстэн гэж мэдэгдсэнийг эс тооцвол түүнтэй холбоотой элдэв сөрөг мэдээлэл ховор оддын нэг. Хүмүүнлэгийн ажил олныг хийж, хүүхдүүдийн сайн сайхны төлөө багагүй хөрөнгө зарж ирсэн. Тэрбээр 2010 оны гуравдугаар сард өөрийн вэб хуудас дээрээ "Би хувь төөргөөрөө ижил хүйстэн нэгэн болж төрснөө хэлж буйдаа бардам байна" гэж бичсэн нь багагүй дуулиан тарьсан билээ. Тэрээр Мехсикийн телевизийн хөтлөгч бүсгүйтэй 14 жилийн турш дотно харилцаатай явж ирж, 2005 онд хоёр тийшээ болсон бөгөөд 2008 онд үр тээгч эмэгтэйгээс хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Харин өөрийнхөө олон жилийн турш нууцлан явж ирснээ дэлгэх болсноо "Би хүүхдүүдийнхээ өмнө хуурмаг амьдрахыг хүсээгүй" хэмээсэн байдаг. Од болох зам нь нээгдэх он жилүүдэд эмэгтэй биш эрэгтэй хүнд татагддагаа тэр мэдэрсэн бөгөөд түүнийгээ өөрчлөх гэж, хэл амнаас айж багагүй он цагийг алдсанаа сүүлд ярьсан байдаг. Тэрбээр өөрийнхөө бэлгийн чиг хандлагаа зарласны дараа чөлөөлөлтийг мэдэрсэн бөгөөд дахиад арван жилийн өмнө үүнийг дэлгээгүйдээ харамсч халаглаж байжээ. Гэхдээ тэр хэн гэдэг нь хэнбугайд ч падгүй, зөвхөн гайхалтай уран бүтээлч гэдгээр нь үзэгчид түүнийг хайрлаж байгааг тоглолтынх нь үеэр мэдэрч байсан. Тэрээр шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирэхдээ хоёргүй сэтгэлээр дэм болдог нь австраличуудад ихээхэн таалагдсан гэдэг. Өөрийнхөө тоглолт дээр түүний багт байсан залуу дуучин Лук Кенниди, Катерина Торрес нартай хамтран дуулсан нь ёстой "алаад хаясан". Тэрбээр тайзныхаа дороос гарч ирэх найруулгыг энэ тоглолтдоо ашиглажээ. Үсрээд тайзан дороос гарч ирэх бөгөөд доод тавцан хаагдах үед тэр газардаж таарах жишээтэй. Бүх үзэгчдээ босгож, бүгдийг нь ижил хөдөлгөөнөөр бүжиглүүлж чадна гэдэг шоу бизнест хүч үзэж яваа хүмүүст амаргүй л даваа байх. Гэхдээ тэр чаджээ. Түүний тоглолтын талаар эндхийн хэвлэлүүд бичсээр л байна. Нэгэн сэтгүүлч бичихдээ "Тэр хэзээ ч секси байх гэж оролдож, дүр үзүүлж байгаагүй. Тэр зүгээр л заяанаасаа тийм" гэхчилэн дүгнэсэн харагдана лээ. Рики Мартин хувцсаа солих гээд тайзыг хэсэгхэн орхих үед том дэлгэцнээ бичлэг гарч эхлэв. Шивээснүүдийг нь тооцвол өмссөн зүйл байхгүй энэхүү зураг авалт эртний грекчүүдийг санагдуулам. Тал талаас өнгө өнгийн будаг цацарч, биед нь наалдаж байгаа мэт компьютерийн аргаар бэлджээ. Харин бичлэг дуусахад улаан будаг цацарсан мэт цамцтай Рики Мартин гарч ирэх жишээтэй. Тоглолтын найруулга нэг иймэрхүү. Гэхдээ манайх шиг тэгтэл их нүсэр, удаан үргэлжилсэн тоглолт болдоггүй бололтой. Тоглолт нь ердөө нэг цаг хагасын хугацаанд болсон. Энэ хугацаанд тэр амсхийлгүй бүжиглэж дуулсан. Өнөөх л урьд нь бичлэгээс харж байсан гоёмсог хөдөлгөөн, бүжгээ эрч хүчээр дүүрэн хийсээр. Хоёр залуу од хамт дуулсныг эс тооцвол түүний тоглолт түүнийх л байдаг аж. Сүүлд нь нэг алга ташуулж гарч ирээд ганц сайн бут ниргэж өгөөд талархлын үгсийг харамгүй хэлээд төгсгөж байсан.
Түүний хөгжимчид бүжигчдийн ёсолгоо харин өнөөх нэртэй одоосоо давсан бардам болж байсныг хэлэх нь зөв байх. Рики Мартинаасаа удаанаар тайзан дээр ёсолгоо хийж, бөмбөрчин нь цохиураа үзэгчдэд дурсгал болоод шидчих юм билээ. Хүний нүд цохичихоогүй байгаа гэж санаа зовсон шүү. Гэхдээ өнөөх хэд нь баярлалдаад авч байхыг харвал гайгүй бололтой. Нээрээ тасалбарын хувьд үнэ нь 99 австрали доллараас эхэлнэ. Тэгээд 150 болж, тайзанд ойртох тусам үнэ нь 500 гэх мэтээр нэмэгдсээр оройн хүлээн авалтад хамт орж, зургаа татуулах гэх мэт нь 1000 доллар болж өснө. Рики Мартины тоглолтыг үзсэнээ уншигчдадаа үгээр товч боловч дүрслэхийг оролдлоо.
FBGUbR I value the article post.Much thanks again.
Зочин
аймаар атаач тэнэг авгай
аймаар атаач тэнэг авгай
аймаар атаач тэнэг авгай
bolor
munkhuu
Зочин