Мөрдөгчдийг мөрлөж өгье
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудтай уулзах үеэрээ “Бид нийгэмд шударга ёс тогтоохыг амлаж гарч ирсэн.
-Ерөнхийлөгч
энэ удаад “Хууль зүйн сайдын танилцуулсан шинэчлэлийн бодлогын ард би
байгаа шүү. Бүх хүчээрээ мөрлөх учраас битгий эсэргүүцээрэй” гэдэг үгийг
тодоос тодоор хэлчихлээ-
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудтай уулзах үеэрээ “Бид нийгэмд шударга ёс тогтоохыг амлаж гарч ирсэн. Нийгмийн шударга ёсыг тогтоох ажил хуулийн байгууллагууд өөрсдөө хуулийн дагуу ажиллахаас эхэлнэ. Энэ салбарт эрх мэдэл биш, хууль засагладаг байх ёстой. Энэ шинэчлэлийн эсрэг зогсох гэж байгаа хүн байвал албан тушаалтай нь ярина шүү” хэмээн анхааруулсан билээ. Ерөнхийлөгчийн хувьд АТГ-ын дарга болоод Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорыг санал болгон УИХ-аар томилуулдаг гэдэг утгаараа хуулийн байгууллагуудын толгойд байгаа эдгээр хүмүүст лав эхний ээлжинд анхааруулга өгөх шиг боллоо. Хэрвээ одоо явуулж байгаа шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэх хүн байвал албан тушалтай чинь ярина шүү гэж.
Гэвч үүнээс хойш хоёр хоногийн дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттертээ мөн л “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад эрх мэдэлд очсоныхоо дараа сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлэн шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох...” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.
Цагдааг “цагдана”
Хууль зүйн сайдын ажлыг авмагцаа түүний хэлсэн үг бол “Цагдаагийн байгууллага иргэндээ тусалж, иргэдээ хамгаална” гэдэг амлалт. Гэвч тухайн үеийн цагдаагийн удирдлагууд, хуучин хурандаа нар “Бид тэгээд хулгайчийг хамгаалж, хулгайчид туслах хэрэг үү?” хэмээн сайдынхаа өмнөөс сөргүүлж байсан билээ. Нэг ёсондоо тэдний хувьд иргэдээ хулгайч шиг харж, хулгайчтай харьцдаг тэр арга барилаараа ажлаа явуулдаг гэсэн үг. Хамгийн сайн хүн бол дарга, хийх ёстой ажил нь нийгмийг хамгаалах /гэтэл “нийгэм” гэдэг юу билээ, зүгээр л биегүй хоосон тогтолцоо шүү дээ/ гэж ойлгодог. Даргад ажлаа тайлагнаж, даргад захирагдаж, харин иргэдээ болохоор хулгайч шиг хардаг. Тиймээс хүн бүр цагдаатай уулзахаас айдаг. Гэтэл үнэндээ бол дарга ч хулгай хийдэг, иргэн ч хулгай хийдэг. Цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил нь гэмт хэрэгтнийг гэмгүй хүнээс ялгаж салгах явдал. Тиймээс өнгөрөгч баасан гаригт УИХ-аар баталсан Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллагын чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах хэмээн зааж өгсөн.
Саяхан болтол хорооны цагдааг тухайн орон нутагтаа хамгийн атаман гэгдсэн залуус, “хулигаан”-уудаар тавьдаг, тэд нар нь ч тэр “раам”-аараа хүмүүсийг барьдаг, айлгадаг, дарамталдаг, тэгж ажлаа явуулдаг байлаа. Харин одоо бол атаманаар айлгах биш, хуулиар далайлгаж ажлаа явуулдаг үе ирж байна. Дээд боловсролтой эргүүлийн цагдаа гудамжинд гараад иргэнтэй уулзахдаа инээж байгаад шаардлагаа тавьдаг, хуулиа тайлбарладаг, торгууль шийтгэл, төлбөр ялбараа ч тавина. Даргад биш хуулинд захирагдаж, хүний эрхийг хангаж ажилладаг болно.
Шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн цол зэргийг ажилласан жилээр нь биш, ямар албан тушаал дээр ажиллаж байгаагаас нь шалтгаалж цол өгөхөөр болжээ. Ерөнхий газрын дарга хүн хурандаа цолтой байна, хэлтсийн дарга бол хошууч цолтой байна ч гэдэг юм уу. Хэрвээ тэр хүн ажлын хариуцлага алдаж, албан тушаалаасаа буувал цол нь ч гэсэн хураагдана. Харин гавьяа байгуулсан бол түүнийг нь цолоор биш одонгоор үнэлдэг, эдийн засгийн аргаар урамшуулдаг болох юм нь. Түүнээс биш одоогийнх шиг даргаасаа том цолтой хурандаа нар цагдаагийн хэлтсээр нэг хөлхөлдөөд, “Чи надад тушаал өгдөг хэн бэ” гээд хамрыг нь сөргөөд яваад байхгүй болно. Уг нь бол цол зэрэг гэдэг удирдах, удирдуулахын тулд байдаг болохоос биш, удаан жил ажилласнаар нь өгдөггүй. Манайхаас бусад оронд бол. Харин манайхан шиг цолныхоо эрэмбээр атамандаад, архи уугаад, хараал хэлээд, хүн зодоод байвал даргадаа загнуулсан цагдаа гудамжинд гараад хүн зодох юу ч биш гэсэн үг. Согтуу хурандаа шөнө хэлтэс дээрээ очоод цагдаа нараа бүгдийг нь жагсаад байгаад зодсон, хамт архидсан нөхрийнхөө өмнө ёслуулсан гээд санаа зовмоор юмнууд сонсогдож л байсан шүү дээ. Цагдаагийн цол зэрэг гэдэг үүний тулд байдаггүй.
Шинэ хуулиар бий болж байгаа бас нэг том өөрчлөлт нь цагдааг орон нутгийн мэдэлд өгч байгаа явдал. Хотын дарга хотын цагдаагийн даргыг томилдог болно гэсэн үг. Ардчилсан намын өнгөрөгч УИХ-ын сонгуулиар амлаж гарч ирсэн “Орон нутагт эрх мэдлийг шилжүүлнэ” гэсэн зорилт эхнээсээ биеллээ олж эхэллээ. Цагдаа “төр” гэдэг эзэн биегүй, хоосон тогтолцоонд биш, иргэндээ үйлчилдэг, иргэд тэдний ажлыг дүгнэдэг болоод ирэхээр яваандаа хотын иргэд өөрсдөө цагдаагийн даргаа сонгодог болж ч болно шүү дээ. Уг нь бол хотын даргыг сонгуульд ялсан нам биш, иргэд өөрсдөө шууд сонгодог байх нь Ерөнхийлөгчөө шууд сонгодог байхаас ч илүү ач холбогдолтой зүйл. Яагаад гэвэл тэндээс гарч буй шийдвэр иргэн хүний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж байдаг учраас. Хотын цагдаагийн дарга ч мөн ялгаагүй, түүнээс дутахгүй ойрхон амьдарна шүү дээ.
Саяхан Нийслэлийн захирагчийн албанаас цагдаагийн Хэв журмын албанд ажил үүргийнх нь дагуу тоноглогдсон 70 гаруй шинэ автомашин өгсөн. Хотын гудамжаар дүүрэн шинэ машинууд давхилдаад, хэв журмынхан арай л өнгөтэй болсон байна лээ. Эргүүлийн цагдаа явган таваргахаа больчихвол ядахдаа гудамжинд гардаг дээрэм, танхайн хэрэг багасч, гэмт хэргийн илрүүлэлт ч гэсэн сайжрах нь гарцаагүй.
Мөрдөгчдийг мөрлөе
Харин нөгөө талд улс дамнасан, онц ноцтой гэмт хэргүүдтэй тэмцэх Мөрдөх албыг цагдаагаас тусад нь гаргаж, бие даалгахаар хууль хэлэлцэж эхэллээ. Өмнө үйлчилж байсан хуулиар хууль сахиулах үйл ажиллагааг нэг байгууллагад хэт их төвлөрүүлснээс /одоогоор манайд хууль сахиулах үүрэг бүхий 5-6 байгууллага бий ч нийт ачааллын 70-80 хувь нь цагдаа дээр буудаг/ үр дүнд хүрдэггүй, дороо хөлгүй болсон гэж үздэг. Ердөө танай хороо хэдэн хүн амтай, тэнд хэдэн цагтаа эргүүлд гарч байгаагаас бэлээхэн харчихаж болно.
Тиймээс хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах болон цахим гэмт хэрэг, зэвсгийн наймаа гэх мэт улс дамнан зохион байгуулалттайгаар үйлдэгддэг гэмт хэргүүдийг мөрдөх ажлыг Мөрдөх албанд харьяалуулахаар болж байгаа. Хамгийн аюултай нь зэвсгийн болон мансууруулах бодис, хүний наймаа. Энэ төрлийн гэмт хэргүүдтэй цахим гэмт хэрэг мөн хавсардаг бол байнга ашиг олдог олон төрлийн гэмт хэргийг цогцоор нь үйлддэг гэмт бүлэглэлүүд ч бас хэдийнээ бий болсон аж. Хүн худалдаалж олсон орлогоороо мөнгө угаах, үүнийгээ нуухын тулд авлига өгөх, албан тушаалтнуудтай харилцаа холбоо харилцаа тогтоох гэх мэтчилэн. Гэвч энэ төрлийн гэмт хэргүүдтэй хуучин шиг халаасны хугайтай тэмцдэг арга барил, хүн хүч, техник хэрэгслээр тэмцэх боломжгүй учраас Мөрдөх албыг тусад нь гаргаж байгаа хэрэг. Хуулийн төсөл өнгөрөгч баасан гаригт УИХ-д орж ирээд, хэлэлцүүлэг нь эхлээд явж байгаа. Мөрдөх албаны тухай хуульд зааснаар “Мөрдөх алба бол улс дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага мөн”гэж заасан байна.
Гэвч хууль сахиулах байгууллагуудад хийгдэж буй энэ мэт өөрчлөлтүүд өндөр тушаалын зарим албан тушаалтнуудад таалагдахгүй байгаа бололтой. Хуучин шигээ цолны эрэмбээр захирч, цагдаа нараа ёслуулж, иргэнд бус даргад үйлчилж, хуулинд бус эрх мэдэлтэнд захирагддаг байх нь тэдний хувьд ашигтай учраас.
Мөрдөх албыг цагдаагаас салгаад, орон нутгийн цагдааг орон нутаг нь томилдог болоод явчихвал ерөнхий газарт ямар ч эрх мэдэл үлдэхгүй. Ирэх оны нэгдүгээр сараас мөрдөгдөж эхлэх шинэ хуулиар цагдаагийн төв байгууллага нь зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх болон дотоод хяналтыг хэрэгжүүлдэг байхаар заасан байгаа. Өмнөх шигээ хэлтсүүд дээр шалгагдаж буй хэргийг татаж авч үздэг, хэргийн шалгалтад нөлөөлдөг байдал үгүй болно гэсэн үг. Тиймээс энэ эрх мэдлээ алдахгүйн тулд зарим нэг нь УИХ-ын гишүүдэд “лобби” хийгээд эхэлчихсэн байна. Гэтэл салбарын шинэчлэлийн ажил дөнгөж эхэлж, дахиад маш олон өөрчлөлтүүд хүлээгдэж байгаа шүү дээ.
Өнгөрөгч долоо хоногт Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр лав нэлээд олон гишүүдэд “Энэ хуулийг баталж болохгүй” гэдэг мессеж бичиж, утас цохисон нэр бүхий албан тушаалтнууд нууцаа алдсан сурагтай. Зарим нэг гишүүд түүнийг нь гүйцэлдүүлэх гэж яваад хууль санаачлагчидтай тулж, түнжин хагарсан бололтой. Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ өгсөн сануулга, Х.Тэмүүжин сайдын твиттер хуудсаараа илэрхийлсэн бухимдал ч гэсэн үүнтэй холбоотой байж таарна.
Муу ч, сайн ч улстөрчид нь ард түмний өмнө амлалт авч гарч ирдэг учраас амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд томилгоо хийдэг. Гэтэл шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж амлаж байж албан тушаал авсан нөхдүүд нь эрх мэдэлд очсон хойноо ирсэн зорилгоо мартчихаад, сандал ширээтэйгээ зууралдаад /томилогдсон албан тушаалтнуудын хувьд бол ард түмэн ч, амлалт ч падгүй байж таарна/ байвал зайлуулахаас өөр яалтай. Дөрвөн жилийн дараа сонгууль болоход хэн амаа асуулгах вэ, иргэдийн өмнө амлалт авч гарснаараа улстөрчид л хариуцлагаа хүлээнэ. Тэр үед “Уг нь би хийх гэж байсан ч миний томилсон хүн хийлгэсэнгүй” гээд сууж байх эрх хэнд ч байхгүй. Ерөнхийлөгч ч гэсэн хууль, шүүхийн салбарыг шинэчлэнэ гэж амлаж гарч ирсэн, энэ ажлыг толгойгоороо хариуцаж байгаагийн хувьд шинэчлэлийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн албан тушаалтай нь ярина, өөрийн зүгээс хийсэн томилгоогоо ч эргэж харна гэлээ. Өөрөөр хэлбэл, тэр үүгээрээ “Хууль зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэл, Хууль зүйн сайдын танилцуулсан шинэчлэлийн бодлогын ард би байгаа шүү. Бүх хүчээрээ мөрлөх учраас битгий эсэргүүцээрэй” гэдэг үгийг тодоос тодоор хэлчихлээ.
2013.07.08
irgen
Nambusard
Nambusard
Зочин
Зочин
Зочин
zochin
muugii
Зочин
Зочин