Тал дүүрэн малтай билээ (Cүхбаатарын хөшөө)
Талыг нь би авъя (Лениний хөшөө)
Бэл мөнгөтэйгээрээ би авъя (Сталины хөшөө)
Бичиг дансыг нь би хөтлөе (Нацагдоржийн хөшөө)



Хоёрдугаар сарын 2 – Аймшиггүй чин зоригт, Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Бидний үед (социализмын үед) энэ өдрийг сүр дуулиантай тэмдэглэдэгсэн, би л лав Пионерийн гишүүн болж байлаа. Өсвөрийн сүхбаатарчууд гээд л манаргаж явлаа даа.

Төв талбайд хөшөө нь сүндэрлээстэй энэ эрхмийн нэрлэсэн аймаг, хот, дүүрэг, сум, талбай, өргөн чөлөө, төрийн дээд одон, нэрэмжит цалин, пионерийн байгууллага, мотобуудлагын дивиз, цэргийн анги салбар, алдрын тасалгаа, их дунд бага сургуулиуд гээд жагсаавал ёстой арилж өгнө. “Их жанжныг” бэлэгшээн хүүдээ нэр хайрласан айл өрх, эцэг эхийн тоо лав түмээс хол давсан даа. Энд би Монголын нийгмийн бүх давхаргад буй “Сүхбаатар” нэртэнгүүдийг бүгдийг хэлж байна. 

“Их жанжныг” магтан дуулсан урлагийн бүтээл: кино, жүжиг, ном зохиол, шүлэг дуу, ерөөл магтаал, уран зураг, уран баримал, хатгамал, сийлбэр, хөөмөл, хөшөө дурсгал, эрдмийн бүтээл гэвэл мөн л арилж өгөх биз. Намтар нь орос монголоор олон дахин хэвлэгдсэн, шарил нь өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн төв талбайн хойморт гантиган бунханд залраастай байснаа эдүгээ Алтан-Өлгийн энгэрт заларч буй энэ эр ХХ зууны Монголын түүхийн нэгэн бахархал мөнөөсөө мөн!

Эцэг Дамдин нь үеийн үедээ ядуу малчин явсан гэх, олон хүүхэдтэй ядуу айлын хүү гэх Сүхбаатарт эдүгээ төрлөөс нь ганц хүүгийнх нь үр сад үлдэж бусад нь бүгд алга болжээ. Алга болгосон уу, эсвэл угаасаа байгаагүй юү бүү мэд? Монголын хувьсгалын удирдагч, МАХН-ыг үндэслэгч Д.Сүхбаатар 1923 онд атаатан дайсны (Богдын эмч Богдын даалгавраар хор өгч үхүүлдэг кино бий) гарт амь эрсэдсэн гэж түүхнээ бичиж байснаа болиод өвчнөөр үхсэн болгож саяхнаас шинэчилсэн. Ямар ид шид нь хатгасан юм бол Сүхбаатарыг үхсэний дараа хоёр ч удаа задлан хийж, цогцосыг нь эвдээд, сүүлд нь жүүд эмч нь ясыг аваад Японд зугтаагаад гарчихсан гэсэн яриа бий. Хожим 1950-иад онд төв талбайд бунхан нээхдээ Алтан-Өлгийгөөс хаа хамаагүй хэн нэгэн хүний шарил авчраад бунхалчихсан тул бунханд зочлох, цэцэг өргөхийг 1990-ээд оноос бүр болиулчихсан шүү дээ!

Монголын автономитын цэргийн албанд хөдөөнөөс ирсэн өндөр бор залуу бусдаасаа ялгаран тодроод орос хэлэнд ус цас, буудлага онц, сахилга бат онц, моринд эрэмгий, цахарын дээрэмчдийн эсрэг дайнд явж “Зоригтбаатар” болсон тэр түүхийг тасралтгүй 90 гаруй жил бидний толгойд хийжээ. Одоо ч энэ түүхэндээ итгэсээр эрдсээр суугаа. Энэ бүхнийг сөргүүлсэн өөр намтрыг зарим эх сурвалжууд одоо биш гэхэд, хэзээ нэгэн цагт дэлгэж магадгүй юм. Энэ тухай азная.

Мөнөөх Сүхбаатар маань мөрийтэй тоглоомонд адтай, гэр байшин хашаагаа мөрийнд тавиад туучихсан, харин энэ тухай манай албан ёсны суртал нэвтрүүлэгт өгүүлэхдээ, “С.Янжмаа нь Д.Сүхбаатар нарыг Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйхаар явахад гэр хогшлоо худалдаж тэдний замын зардлыг бэлтгэлцэн өгч явуулаад өөрөө бяцхан хүү С.Галсангийн хамт айлын зайд хавчуулагдан амьдарч байв” гэж эхнэрт нь гавьяаг үүрүүлжээ. Ийнхүү гэр оронгүй баларч яваад ардын намыг үндэслэгч С.Данзантай таарч тэднийд толгой хорогдох болсноор хувьсгалын замд орсон Сүхбаатар төрсөн гэх яриа харин ингэхэд үнэний ортой болохоор барахгүй, яалт ч үгүй тийм юм. Сүхбаатарыг Солийн Данзан хөтөлж хувьсгалын үйл хэрэгт оруулжээ. Нөгөө нэг вээрс байна. Өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсанг нялхаараа шахуу байхад нь Догсомын Бодоо хөтөлж хувьсгалын үйл хэрэгт оруулсан түүх одоо нэгэнтээ маргашгүй ил болсон.    


Манай ардын, гавьяат хэсэг зураачдын зурсан Улаан талбайд Ленин, Сүхбааатар нар зэрэгцэн алхаж яваа шиг Ленинд хадаг сүү өргөж буй, ярилцаад сууж байгаа, анхны хэлэлцээ гэхчлэн зураг нэлээдгүй тоогоор бий. Уран сайхны хоёр ч кинонд ийм дүр  бүтээсэн. Хэдийгээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Москва очсон нь үнэн боловч Ленин багштай биечлэн уулзаагүй, уулзалтад оролцоогүй байтал социалист реализмын аргаар зохиомжлоод гаргаад ирдэг, тэр нь хөдлөшгүй түүх болчихдог, түүнээсээ ухрах аргагүй.  Яг үнэнийг өчих аваас Ленинтэй нүүр тулж уулзсан нь Солийн Данзан шүү дээ.

Сүхбааатар, Данзан, Бодоо гэсэн гурван нөхрөөр би юу өгүүлэх гэв ээ? Ардын намыг үндэслэгч бөгөөд анхны дарга нь, Ардын хувьсгалыг сэдэгч, гардан удирдагч Данзан, мөн энэ хувьсгалыг удирдан жолоодогч, Ардын засгийн анхны Ерөнхий сайд Бодоо нарыг мөнхжүүлэх талаар манай төр, засаг, олон нийтийн байгууллагаас дорвитой юу ч хийгээгүй явж ирснийг залруулаасай гэсэндээ ингэж бичиж байна. Сүхбаатар руу чиглүүлсэн их тахин шүтлэгийг задалж, нөгөө хоёр руугаа чиглүүлээсэй гэсэндээ бичиж байна. Түүх үнэнээрээ үлдэж мөнхрөх ёстой. Данзан, Бодоо нар Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн, Монголын хувьсгалын жолоодогчид, харин Сүхбаатар бол тэдний сүүдэрт цэрэг командалж явсан цэргийн нэг дарга. Сүхбаатарын талбай, Сүхбаатарын хөшөө гэж байж болоод ирсэн шиг,  Данзангийн талбай, Данзангийн хөшөө, Бодоогийн талбай, Бодоогийн хөшөө гэж яагаад байж болдоггүй, бүтээн босгож болдоггүй юм бэ? Оройтлоо шүү!     
 
Гарчигт өгүүлсэн Читагийн хасгуудын атаман, өмнөх гарлыг хөөвөл монгол цустай гэхэд буруудахгүй Семенов гэгчийн үнэн түүхийг энд мөн сөхмөөр санагдав. Хасгуудын атаман гэхлээр одоогийн Баян-Өлгийнхөнтэй андууравзай. Цагаан хааны ивээл тэтгэлэгээр хамжлагаас чөлөөлөгдсөн чөлөөт ардыг тэгж нэрлэдэг бөгөөд ажилсаг, дайчин тэднээр хил хязгаараа манууулж суурьшуулсны хамгийн зүүн зах нь Чита муж юм. Эдүгээ Сененовын төрсөн тосгон Читад бий бөгөөд тэрээр цагаадаад зогссонгүй Читагийн үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгдөн буй. 1912 онд Монголоос Манжийн амбанг хөөж явуулсан чөлөөлөх дайнаар төрсөн анхны баатрууд бол Хатанбаатар, Манлайбаатар, Сененов гурав юм. Богд хааны зарлигаар “Баатар” цол олгосон байтал бид нөгөө хоёрыг мэддэг, Сененовын талаар ямагт хар бараан төсөөлөлтэй. Дагуур өртөөнд Нармай Монголын Засгийн газар байгуулж, гамин цэргийг хөөж гаргахаар найз Унгернээ томилж явуулсан ба 1921 оны эхээр Монгол Улсын тусгаар тогтнолыг дахин сэргээсний гол гавьяаг үүрэх учиртай энэхүү хасаг жанжин 1945 он хүртэл Манжуурт мөртөө дүрвэн сууж байгаад Улаан армийнханд олзлогдож, Зөвлөлтийн цэргийн шүүхээр Эрхүү хавьд цаазлуулсан байх юм. Монгол Улсын баатар Сененов Монголд ямар хар буруу хэрэг хийсэн болоод бидний хараал зүхлийг амсаж явааг эргэж нэг тунгаавал яасан юм бэ???