Дэлхий ганцхан Монголыг тойрч амьдардаггүй
Нью-Йоркт болсон арга хэмжээний үеэр америкууд ингэж асуужээ. “Монголчууд та нар улсаа, уул уурхайгаа маш их сурталчилсан. Эцэст нь бонд гаргаж өр авах гэж энэ бүхнийг хийсэн юм уу” гэж. Бэлэн хариултгүйдээ бантсан манайхан “муусайн америкууд уул уурхайд маань орж чадахгүйдээ олон юм ярилаа” гээд өнгөрөөсөн гэдэг.
Нью-Йоркт болсон арга хэмжээний үеэр америкууд ингэж асуужээ. “Монголчууд та нар улсаа, уул уурхайгаа маш их сурталчилсан. Эцэст нь бонд гаргаж өр авах гэж энэ бүхнийг хийсэн юм уу” гэж. Бэлэн хариултгүйдээ бантсан манайхан “муусайн америкууд уул уурхайд маань орж чадахгүйдээ олон юм ярилаа” гээд өнгөрөөсөн гэдэг. Тэдний үг одоо, эдийн засгийн хямрал хаалга тогшиж буй энэ өдрүүдэд манай дарга нарын орой рүү оров бололтой. Бондоос хөрөнгө оруулалт нь хамаагүй ашигтай, эрсэдэлгүй, эдийн засагт эерэг нөлөөтэй, бүтээн байгуулалт болдог, дарга нар дээгүүрээ хувааж “идэх” боломж бага гэдгийг мэджээ. Дан ганц бондоор эдийн засгаа тэтгэхгүй, дэлхийгээс дангааршиж ганцаараа яваад улсаа хөгжүүлэхгүйг мэдэрчээ.
Статистик үнэн
1990-2012 онд Монголд 14 орчим тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний 80 хувь нь 2008-2012 онд хийгдсэн. Нийт хөрөнгө оруулалтын 74 хувь нь геологи, уул уурхайн салбарынх. Энэ бол албан ёсны статистик. Харин энэ оны хагас жилийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан байна. Долларын төгрөгтэй харьцах ханш 1500-гаас дээш гаралгүй тогвортой явснаа 1795 төгрөгт хүрч огцом хэлбэлзэх болов. Ханшийн савалгааг гадаадын хөрөнгө оруулалт зогссон, гаднаас орж ирэх долларын урсгал саарсантай холбоотойг эдийн засагчид тайлбарлав.
Засгийн газрын урилга
Бодит амьдрал, статистик хоёроос илүүтэй үнэн гэж ертөнцөд үгүй. Үнэнд гүйцэгдсэн эрх баригчид гуйж ирдэг байсан хөрөнгө оруулагчдыг эргэж гуйхад хүрэв. Тэгэхдээ тэдний өмнө шууд “цагаан туг” өргөхгүй. Дэлхийн дүрмээр тоглох, тэр дунд улсынхаа эрх ашигт нийцүүлэх, эдийн засгаа бодитой тэтгэх хөрөнгө оруулалтын шинэ орчинтой болохоор парламент ээлжит бусаар чуулж байна. Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл хэд хэдэн онцлогтой. Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодын гэж ялгахгүй. Эрхзүйн нэг зохицуулалт, ижил хамгаалалт, адил баталгаа олгоно. Сонгууль болох, засаг солигдох бүрт хөрөнгө оруулалтын орчин савалдаг. Энэ алдааг давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулахад босго тогтоов. УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийднэ. Хөрөнгө оруулах салбарыг стратегийн, стратегийн бус гэж ангилахгүй. Өмнө нь стратегийн гэж хуульчилж байсан эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл олгохдоо төрийн зүгээс хянах боломжтой гэж үзжээ. Ингэснээр 68 хувийн татвар шиг адлагдаж, цагаа олоогүй гэгдэж байсан Стратегийн салбарт хөрөнгө оруулах тухай 2012 оны хууль хүчингүй болох юм. Түүнчилэн хуулийн шалгуур хангасан, 10 сая ба түүнээс их хэмжээний хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдад Тогтворжуулах гэрчилгээ олгоно. Гэрчилгээгээр орлого, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, роялти буюу нөөц ашигласны төлбөрийг 5-10 жилийн хугацаанд тогтворжуулна. Хэрвээ гэрчилгээний хүчинтэй хугацаанд эдгээр татварыг өөрчилсөн тохиолдолд түүнийг дагаж мөрдөх эсэхээ хөрөнгө оруулагч өөрөө шийднэ. Татварын шинэ зохицуулалт ашиггүй гэвэл хуучнаараа явна, ашигтай гэвэл түүнд шилжих эрх нь нээлттэй байх юм. Засгийн газар хоёр удаа хэлэлцсэний эцэст гадаадын төрийн өмчийн компаниуд манайд 25-аас илүү хувийн өмчлөлтэйгөөр хөрөнгө оруулбал салбар харгалзахгүйгээр зөвшөөрөл авааар төсөлд тусгажээ. Эдгээр нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн цөм, өмнөх орчноос ялгарах гол онцлог юм.
Бүжигт урих эхний партнёр
Гишүүд хуулиа хэлэлцэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг эдийн засгийн хүндрэл гэхээсээ алдаагаа засах, зөв бодлого гаргаж ирэх боломж гэж хараасай. Тэгэхгүй, зөвхөн өнөөгийн хүндрэлийг давахад зориулж “гал унтраах” маягаар хандвал хууль биш, “Хямралыг давах хөтөлбөр” болно. Хуулийнхаа зорилгыг зөв тодорхойлж байж өмнөх алдаагаа давтахгүй, үнэхээрийн тогтвортой орчин бий болгож чадна. Төсөлд, шинээр хөрөнгө оруулагч дуудахад ихэд анхаарчээ. Энэ нь зөв боловч, нөгөө талаасаа өрөөсгөл.
Шинийг дуудахаасаа өмнө нэгэнт ороод ирчихсэн томоохон хөрөнгө оруулалтыг тогтоон барих, үл ойлголцол, хуулийн орчноос үүдэлтэйгээр зогсонги байдалтайг нь хөдөлгөхөд чиглэсэн эрхзүйн зохицуулалт заавал хэрэгтэй. Ороод ирснийг нь хамгаалж, зогссоныг нь сэргээж, тэднээр амьд сурталчилгаа хийж байж шинийг дуудна. Түүнээс бус, хуучин “Рио Тинто”-г хөөчихөөд Оюутолгойд шинэ хуулийн дагуу шинэ хөрөнгө оруулагч дуудна гэж байхгүй. Наад зах нь, өнөөгийн хүндрэлийг хурдан давъя гэвэл ороод ирчихснээ, эргэлзэн хүлээж байгаагаа эхэлж “бүжигт урих” нь шинээр орж ирэхийг хүлээснээс хамаагүй дээр.
25 ба 33
Гадаадын төрийн өмчийн компани 25-аас дээш хувь эзэмшихээр бол зөвшөөрөл авна гэжээ. 25 бол эдийн засагт хуульчлагдан дэлхийд танигдсан тоо биш. Ашигт малтмалын хуулиар бид Оюутолгойдоо 34 хувь эзэмшдэг. Гэтэл “яагаад заавал 34, ямар үндэслэлээр гарч ирсэн тоо вэ” гэхээр хариулт олдоггүй. Үүнтэй адил гацаанд орохгүйн тулд дэлхий мэддэгээр нь 25-ыг 33 болговол зөв байх. 33 хувь бол олон улсад ч, манай Компанийн тухай хуулиар ч хяналтын багц. Үнэт цаасны зах зээлд 33 хувь бол түүнээс өндөр хувьцаа эзэмшигчдийн дэргэд удирдлага менежментэд нөлөөлөхөөргүй жижиг хуввцаа эзэмшигч. Хамгийн гол нь хөрөнгөө оруулах хүн оруулсан хөрөнгөө хянах хэмжээний багцтай байхыг бодно. Эзэмших хувьцаатйгаа тэнцэх хөрөнгө оруулж, дүйх хариуцлага хүлээх нь зах зээлийн хууль. Манайхны хувьд ч эрсэдлийг дангаараа үүрэх нь ашиггүй. Нийт хөрөнгө оруулалтын ядаж л гуравны нэгийг хөрөнгө оруулагчдад үүрүүлэх нь ашигтай. Ийм мэдээжийн юман дээр төрийг оруулж, авлига нэхэх бололцоо олгох гэж байгаа юмшиг 25-аас 33 хувь хүргэхэд заавал “зөвшөөрөл” гэж хүндрүүлэх хэрэггүй. Төрийн оролцоог багасгах нь энэ хуулийн нэгэн зорилго, хөрөнгө оруулалтын шинэ орчны гол онцлог билээ.
Хот ба хөдөө
Хөрөнгө оруулалтыг гадаад дотоодын, стратегийн болон стратегийн бус гэж ялгахгүй гэжээ. Тэгсэн атлаа хуулийн “амин сүнс” болсон Тогтворжуулах гэрчилгээг хөнгөн үйлдвэрт тав, хүнд үйлдвэрт 10 жил байхаар ялгажээ. Энэ нь урьдын адил стратегийн, стратегийн бус гэсэнтэй адилхан. Хөнгөн, хүнд үйлдвэр стратегийнх учраас төрийн ивээлд орж, бусад салбар төрийн гадна үлдэх нь. Хүнд, хөнгөн үйлдвэр эдийн засгийн нэг л хэсэг. Уул уурхайгаас дутуугүй мөнгө татах “баялаг”-тай аялал жуулчлал, монголчууд бидэнд маш чухал эрүүл мэнд, боловсролын салбарт ч тогтвортой хөрөнгө оруулалт хэрэгтэй. Нэг халаасанд орсноо заавал нөгөө халаас руугаа шилжүүлэх албагүй. Хөнгөн, хүнд үйлдвэрээс олсноороо эрүүл мэнд, боловсролын салбараа өөд татна гэдэг бол 20 жил ярьсан үлгэрийн л үргэлжлэл. Хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад бондын мөнгөөр босно гэх урьдын алдаа давтах гэж байгаагаас өөрцгүй.
Харин үүний оронд Тогтворжуулах гэрчилгээний хугацааг хот, хөдөөгөөр нь ялгавал оновчтой. Дэд бүтэцгүй алслагдсан орон нутагт оруулсан хөрөнгө оруулалтын тогтворжуулах хугацааг хотынхоос арай урт байхаар хуульчилбал нийслэл рүү төвлөрсөн эдийн засгийн солгой бүтцийг задлах боломж бүрдэнэ. Жил бүр улсын төсвөөс мөнгө хуваарилж, дундаас нь хулгайлж байхаар хөрөнгө оруулагчдаар алслагдсан орон нутгаа цахилгаантай, замтай болгочихно. Орон нутгийн ажилгүйдлийг давхар шийдэх боломж гарна.
Ерөнхий сайдын амласандаа хүрэх боломж
Манайх уул уурхайгаасаа хэт хамаарсан эдийн засагтай. Хэрвээ энэ салбарт “тог тасарвал” улсаараа хүндрэхийг ойрын өдрүүд харууллаа. Эдийн засгийн ийм ганцхан тулгуурыг олон, ядаж хос болгох томоохон төслүүдэд илүү боломж хэрэгтэй. Үүний тулд Тогтворжуулах гэрчилгээний хугацааг эдийн засгийг тэтгэх, импортыг орлох мега төслүүдэд арай урт, сунгаж болох нөхцөлтэй олговол илүү үр дүн, өгөөжтэй. Тогтворжуулах гэрчилгээ бол татвараас чөлөөлөх ваучер биш. Татварын тогтвортой орчныг хангах Монголын төрийн баталгаа. Иймд Оюутолгой, Тавантолгойгоос гадна нийтээрээ эрчим хүчний гачлангүй амьдрах, улсаараа импортын бензинээс хараат бус явах, хос төмөр замтай болох, Сайншандын аж үйлдвэрийни цогцолбороо байгуулах зэрэг мега төслүүдийг эхлүүлэх эхний урилга нь энэ хууль байгаасай. Олон улсын жишгээр нэг тэрбум доллараас давсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг мега төсөл гэдэг.
Хэрвээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг амласандаа эзэн байя, анх эхэлж дуугарсан мега төслүүдээ ажил болгоё гэвэл одоо л зангиддаг, албан тушаалын зангарагаа харуулдаг цаг. Яагаад гэвэл мега төслүүд үндэсний эдийн засгийн босгож ирэх, босч ирсэн эдийн засгаа дагаад нийгмийн хөгжлийг шинэ эрэмбэд оруулдгаараа түүхэн ач холбогдолтой. Дан ганц байгалийн баягаар юм уу, дандаа импортоор хөгжсөн улс орон гэж байхгүй. Харин баялгаа дагасан, баялаггүй ч гэсэн эдийн засгаа босгож ирэх мега төслүүд хэрэгжүүлсэн нь хөгжсөн улс орнуудын хөгжлийн нууц, бас жор нь байсныг дурын номноос олж уншина.
Олон жилийн турш үргэлж ярьдаг мега төслүүд Монголд яагаад хэрэгждэггүйг М.Энхсайхан их онож хэлсэн санагддаг. Тэрээр, мега төслүүдийн үргэлжлэх хугацаа 7-гоос дээш жил. Манай улстөрийн сонгууль дөрвөн жил тутам болж засаг солигддог. Тэгэхээр мега төслийн цикль, манай улстөрийн цикль хоёр тохирдоггүй. Зориглоод эхлүүлэх гэхээр “би тууз хайчилж чадахгүй байж дараагийн улстөрчдийн хайчлах туузыг би яагаад бэлдэх ёстой юм гээд манай улстөрчид хөдөлж өгдөггүй” гэжээ. Бараг үнэн. Улстөрчдөд байдаг ийм хоноцын сэтгэлгээ Засгийн газрын тодотголыг дагаад энэ парламентад шинэчлэгдсэн гэж найдъя.
DR. PRADHAN
DR. PRADHAN
Bugdeng ni zangidaad helchihej
БАЯСАА
төмөр замчин
төмөр замчин
төмөр замчин
Төмөр замчин
good
Байгал
төмөр замчин
төмөр замчин
Батнэрэн
Bilgee
unen
Галбадрах
Сонин л юм
Зочин
Sumiya
Зочин
Ах
eh oronch
засгийн газрын уриалга
Зочин
yu ve geheer
Зочин
Зочин
Зочин