О.Чулуунбат: Энэ бол монголчуудад өгсөн үнэлгээ
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр Монголд анх удаа өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан Монгол Улсын 2013 оны Хөрөнгө оруулалтын тайлан хэлэлцүүлгийг удирдсан юм.
О.Чулуунбат: Энэ бол зах зээл өөрөө монголчуудад өгч байгаа үнэлгээ
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр Монголд анх удаа өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан Монгол Улсын 2013 оны Хөрөнгө оруулалтын тайлан хэлэлцүүлгийг удирдсан юм.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тайланг гаргахаар Монголын Засгийн газар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хуралтай хамтарч ажилласан анхны тохиолдол байлаа. Хөрөнгө оруулалтын бодлого, орчин нөхцөл ер нь хаашаа явж байна вэ?
-Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна, эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангахад эрх баригчдын явуулж байгаа бодлого нийцэж байна уу, юун дээр нь монголчууд их сайн бодлого явуулж, юун дээр алдаж байна гэдэгт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас бие даасан хараат бус үнэлгээ дүгнэлт өгч, тайлан гаргаж байгаа юм. НҮБ-ын шинжээчдийн баг манайхыг судлаад өөрсдийнхөө урьдчилсан үнэлгээ, тайланг хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийг нээлттэй хийж, Засгийн газрын холбогдох яамд, агентлагийн хүмүүс оролцлоо. Хувийн хэвшлийнхэн, гадаад, дотоодын судлаачид ч идэвхитэй оролцсон гэдэг утгаараа нэлээд ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон.
Манай хөрөнгө оруулалтын орчин бол ерөнхийдөө таатай орчин, Монгол Улс хөгжиж байгаа орон. Татварын хувьд их таатай бодлого явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалт их сайн байгаа. Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч урамшуулдаг. Үүний үр дүнд манай эдийн засаг 17 хувьд хүрч өссөн, өнгөрсөн жил 13 хувьтай байсан. Энэ жил бас нэлээд сайн өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэвч сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд жаахан муу талдаа гараад ирлээ. Жишээ хэлье. Нэгдүгээрт төсвийн орлого багасаад ирлээ. Гадаадын хөрөнгийн биржүүд дээр байдаг Монголын бүх төслүүдийн үнэлгээ сүүлийн нэг жилийн дотор 70 хувь хүртэл уначихлаа. “Оюутолгой”-гоос эхлээд “Саусгоби ресурс”, “Сентерра гоулд”, “Энержи ресурс”, “Хүннү Коал” гээд 30-40 том төсөл гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа. Энэ уналтыг зөвхөн тэдний үнэлгээ унаж байна гэж гэнэнээр бодож болохгүй. Монгол Улсын үнэлгээ уначихаад байна. Жишээ нь, та бид хоёр 1000 долларын цалинтай байлаа гэхэд “300 долларын цалинтай л ажилла, та хоёрын чадвар энэ” гэсэнтэй л адилхан байхгүй юу.
-Тэгвэл дотоодын бирж дээр байдал ямар байна?
-Яах вэ, гадаадынхан Монголыг үзэхээ байг гэж бодьё. Гэтэл Монголын хөрөнгийн бирж дээр оны эхний гурван сар дуусаагүй байхад 11 хувиар уначихаад байна. Эдийн засаг нь өсөөд байхад хөрөнгийн бирж нь унаад байна гэдэг чинь мөнгө зугтаж байгаагийн илрэл. Тэгээд дээр нь Улаанбаатар хот дахь оффисууд их суларч байна. Гадаадын компаниуд, эсвэл мөнгөтэй компаниуд оффисоо түрээслэхээ болиод явж байна. Наад захын жишээ авахад томоохон банкууд маань нийлээд жилдээ 40-50-хан хүнд моргейжийн зээл өгч байна. Цагтаа 400-500-гаар нь өгч байсан шүү дээ. Одоо гэтэл нэг банкин дээр 10-20-иос хэтрэхгүй байна. Энэ сайн үзүүлэлт биш шүү. Ажлын байрыг хамгийн сайн бий болгодог зүйл бол хөрөнгө оруулагчид. Хөрөнгө оруулагчид олноороо байвал адгийн наад зах нь тэд чинь орон сууц, машин унаа, хоол хүнс хэрэглэдэг. Уул уурхай дээр нөгөө том том машинууд, өрөмдлөгийн хэрэглээ бий болно, маш олон монгол ажилчдыг араасаа чирнэ. Тэр нь байхгүй болчихоор ажилгүйдэл нэмэгдэж байна. Ажлын байр өсөөгүй цагт моргейжийн зээл явахгүй. Ажилтай орлоготой нэг хэсэг нь моргейжийн зээлээ авчихсан. Одоо шинээр ажилд орж байгаа хүмүүс моргейжийн зээлээ авах ёстой шүү дээ. Тэр нь байхгүй болчихлоо. Гэхдээ энэ бол миний хувийн дүгнэлт шүү.
-Тэгвэл Монголоос мөнгө зугтаж, хөрөнгө оруулалт буурч байгаа нь юунаас болсон бэ?
-Өнгөрсөн жил бид Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргасан, яаруу сандруу ч баталсан. Дараа нь Оюутолгой, Чалкотай хийсэн маргаан энэ тэрээс болоод зах зээл өөрөө Монголын эдийн засгийн бодлогод өгч байгаа дүгнэлт байхгүй юу. Энэ миний дүгнэлт биш. Тэгэхээр бид энэ зэргийн юмыг эргэж харах цаг нь болсон. Хөрөнгө оруулалтын орчноо жаахан өөрчилье, хууль эрх зүйн орчноо жаахан таатай болгоё гэсэн тийм л санаа яригдсан. Либералчилж байна гээд 1997 оных шиг баруун солгойгүй цацаад бай гэсэн үг биш. Нэг их цацаад байсан ч юмгүй, арын хаалгаар л баахан хүмүүс хувааж авсан юм байна лээ л дээ. Улсын баялгийг ашиглах зөвшөөрөл авсан хүн бас нэг улсдаа мөнгө төлдөг байя, мөнгөтэй компаниудад нь өгье, мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулья. Тэгэхгүй лиценз авч хадгалчихаад дамжуулж наймаалаад байна гэдэг уул уурхайн хөгжил биш. Мэргэжлийн компаниуд нь авбал эхний жилээсээ л хайгуулаа хийгээд эхэлнэ, Монголд өчнөөн ажлын байр бий болно биз дээ.
-Хөрөнгө оруулалт буурсан дүн гарах нэг шалтгаан нь Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагчид бүх хөрөнгө оруулалтаа татаад дуусчихсантай холбоотой юм биш үү? Гэтэл араас нь орж ирэх өөр том хөрөнгө оруулагч алга?
-Тийм л дээ. Эхлээд тахиа маань өндөглөөтхөг. Тийм биз дээ. Бид тахиагаа өндөглөхөөс нь өмнө цавччих гээд байна шүү дээ. Уг нь тахиагаа өндөглүүлж чадвал араас нь гарч ирж байгаа өчнөөн олон дэгдээхэйнүүд байна. Нөгөө дэгдээхэйнүүд чинь дахиад өндөглөнө, “Оюутолгой” шиг том болно. Гэтэл бүгд зогсчихлоо. Зарим нь хаалгаа хаагаад гараад явчихлаа. “Оюутолгой” шиг өнпдөглөхөд бэлэн болчихсон тахиагаа эд ингэж багалзуурдаж байгаа юм чинь бидэн шиг дэгдээхэйнүүд өөр энкүбаторт байж байя гэж бодно оо доо. Бид ганцаараа баян, баялагтай улс биш шүү дээ. Бид л тэгж өөрсдөө сэтгэлээ хуурч байгаагаас биш Мьянмар, Мозанбек байна. Афганистан одоохондоо дайнтай байна л даа. Мексик, Болив, Африкийн орнуудад баялаг байна. Мөнгө хийе л гэвэл. Тийм учраас бид ганцаараа хамгийн мундаг баялагтай гэж бодож болохгүй. Харин хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчинг бүрдүүлсэн орнуудын тоонд бол байсан. Тийм учраас ядахдаа хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлье гэж байгаа юм, таатай биш шүү. Таван сая долларын хөрөнгө оруулсан хүн бол Монголд 20-30 жил ажиллахгүй л байх. Ядаж 4-5 жилдээ тогтвортой ажиллаг. 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн хүн бол 7-10 жил тогтвортой ажиллая гэж бодох байх. Тэрийг нь л хуулиар хамгаалаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ганц хоёр сайд хэлэлцээр хийж, түүнийгээ цүнхэлж ирээд Засгийн газраар батлуулчихаад тэр нь ил тод, ард түмэнд нээлттэй биш байхаар сэжиглээд бөөн асуудал үүсээд байна. Тийм учраас хуулиар зохицуулья гэдэг санаа л явж байгаа.
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулья гэдэг дээр ямар ч байсан тогтоод төслөө өргөн барьчихлаа. Гэхдээ энэ хангалттай юу?
-Зөв голдрил руугаа явж байгаа, урагш хийсэн алхам бол мөн. Гэхдээ том алхам биш. Бид өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль дээрээ л жаахан косметик хагалгаа хийж байгаа байхгүй юу. Үсийг нь арай хэтэрхий арзайлгачихаж, хасаад өгье. Нүдийг нь буруу будсан байна, засаад будчихья л гэж байгаа байхгүй юу. Хөрөнгө оруулалтын дүн нь хамаагүй том болгоё, чөлөөтэй байлгая. Ганцхан гадаадын төрийн өмчийн компани орж ирвэл тэр нь УИХ, Засгийн газраар орж байж батлагддаг, зөвшөөрөгддөг байя л гэж байгаа юм. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулалтыг хорьсон юм ерөөсөө байхгүй. Дээр нь манайхны гадныхнаас жааахан шүүмж аваад байгаа зүйл бол нэг гэрээ байгуулдаг. Тэгээд хэлэлцээр хийж хийж гарын үсэг зураад хоёр тийшээ болсоны дараа дандаа нөгөө талаа буруутгадаг. Яг адилхан нөгөөдүүл чинь бас биднээс юм олчихьё л гэж ирж байгаа, бидэнд юм өгчихье гэж ирж байгаа хүн нэг ч байхгүй. Бид ч гэсэн олчихьё л гэж хэлэлцээрт орж байгаа шүү дээ. Монгол Улс чинь бас нэг “совесть”-той улс мөн биз дээ. Хариуцлагатай ард түмэн мөн биз дээ. Хэлэлцээр хийсэн нөгөө тал ч авах юмаа авна, Монгол Улс ч авах юмаа авна. Монгол их хохирчихсон байна гэвэл бид Монголын талаас хэлэлцээр хийсэн хүмүүстэйгээ л хариуцлагаа ярих ёстой. Тэд нар нь чимээгүй байгаад байхаар нийгэмд бухимдал үүсээд байх юм. “Үгүй ээ, бид Монголын эрх ашгийг ингэж хамгаалсан” гээд дуугараад өгөөч. Миний хүсэл бол энэ. Гадаадынхныг араас нь чимхээд байх нь гол нь биш.
-Та Оюутолгойн гэрээг энэ чигээр нь үргэлжлүүлэх ёстой гэж үздэг үү?
-Ажлыг нь эхлүүлэх ёстой. Ядахдаа эхний 2-3 жил харья. Таван жилд ч Оюутолгойн хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөөсөө ихийг авч чадахгүй. Тэр болтол харья л даа. Тэгээд үнэхээр манайхаас илүү аваад эхэлбэл бид хөрөнгө оруулагчидтай ямар ч хэлбэрээр ярьж болно. “Оюутолгой”-г удирдаж байгаа хүмүүс чинь бас тэнэг улс биш. Монголын баялгийг авч байгаагийнхаа хувьд бид ард түмэнтэй нь хуваалцах ёстой гэсэн ухамсартай хүмүүс энэ төслийг ажиллуулж байгаа.
-Тэгвэл УИХ-ынхаа түвшинд хүртэл яагаад “Оюутолгой нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна” гэж яриад байна вэ? Явсаар байгаад одоо бүр Засгийн газрынхаа түвшинд хүртэл нэгдмэл биш байр суурьтай болчихлоо шүү дээ. Танай сайд энэ гэрээг засах ёстой гэж ярьдаг байсан, Уул уурхайн сайд бас тийм байсан. УИХ-ын гишүүн байхдаа. Одоо сайд болоод байр сууриа өөрчилчихсөн юм уу?
-Оюутолгойн төслийг зогсооё гэдэг оролдлого бол Монгол төрийн бодлого биш, монгол хүний зүрхнээс гарч байгаа үг биш гэж би бодож байна. Энэ оролдлого хаанаас хийгдээд байгааг би мэдэхгүй. Нэг чухал зүйлийг хэлье. Оюутолгой Засгийн газартай энэ гэрээг байгуулахаас гадна Монголын ард түмний өмнө их том үүрэг хүлээчихээд байгаа шүү дээ. Оюутолгойн баялгийн 70 хувийг монголчууд, 30 хувийг хөрөнгө оруулагчид авна гээд Монгол орон даяар өөрийнхөө хүлээх хариуцлага, үүргийг сурталчилсан. Тэр хамгийн гоё гэрээ, Монголын ард түмний өмнө тэдний авч байгаа үүрэг биш үү? Түүгээр нь л бид цаашаа явна шүү дээ. Өмчлөл бол чухал биш. Монголын Засгийн газар нэг хувийн өмчлөлгүй байсан ч орж байгаа орлогын ихэнх хувийг аваад үлдэж болно. Гэтэл одоо өмчлөлөөсөө болоод өрөнд орчихоод сууж байна.
“Бороо гоулд”-аар жишээ авья л даа. Засгийн газартай 1999 онд тогтвортой байдлын гэрээ хийсэн. Энэ сайн гэрээ биш, 100 хувь гадаадын мэдэлд байсан төсөл. Нэг хувь ч Монголын өмчлөл байхгүй, байсан хүн нь өөрөө зараад мөнгөө аваад зугтаачихсан. Гэхдээ энэ төсөл 10 жил ажиллахдаа нэг их наяд төгрөгийн алт олборлосон байдаг юм. Түүнээс монголчуудад өгсөн мөнгө нь бараг 60 хувь. Би бүгдийг нь балансаар нь авч үзсэн. Монгол Улс өмчлөгч биш мөртлөө бүх төрлийн төлбөр авч байсан. Нөөц ашигласны татвараас эхлээд ашгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, дээр нь эрчим хүч, тээвэр, ус, хоол хүнс гээд дандаа Монголд төлбөр төлж байсан. Дэд бүтэц гэхэд хичнээнийг барив. Үйлдвэрлэлийг явуулахын тулд Зүүнхараа хүртэл зам тавилаа, эрчим хүчний шугам барилаа. Гэтэл бид Засгийн газарт заавал нэг том өмчлөл үлдээх гээд л улайраад байх юм. Төрийн өмчийн үйлдвэрүүд ямаршуу менежмент хийж байгааг бид МИАТ дээр харж л байна шүү дээ. “Эрдэнэт”-ийн шинэ удирдлага ч яриад эхэллээ, өч төчнөөн тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн шахсан байна гээд. Тэнд МИАТ-ээс хэдэн арав дахин муу менежмент явж байгаа, ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой” байна. Төрийнх байвал бүгдээрээ л МИАТ-ын араас явна. Уг нь бид 1991 онд өөрчлөлт хийхдээ эдийн засгаа үр ашигтай болгоё л гэсэн шүү дээ. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд нь хамгийн үр ашиггүй ажиллаж байна. Гэтэл бид түүнийгээ үргэлжлүүлээд, дээрээс нь уул уурхайн хамгийн гоё төслүүдээ төрийн өмчид үлдээх гээд байна.
-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг 4,6 тэрбум ам.доллараар төлөвлөсөн байтал долоон тэрбум ам.доллар давчихлаа гээд л боож үхэх гээд байгаа шүү дээ. Гэвч тэр мөнгө юунд зарцуулагдсан бэ?
-Мэдээж тоног төхөөрөмжид хамгийн их мөнгө орж байгаа. Дээрээс нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд сар болгон монгол ажилчдад 20-25 сая ам.доллар төлж байгаа. Жилдээ 250-300 сая ам.доллар. “Оюутолгой” ажлаа эхлээгүй байгаа өнгөрсөн хугацаанд өгсөн цалин нь бараг миллиард доллар болчихсон. Энэ мөнгийг хэдхэн тооны гадаад захирлууд аваагүй, тэнд ажиллаж байгаа 10-20 мянган монголчууд бүгд авч байгаа. Тэр мөнгө энд Улаанбаатарт орж ирээд барилга байшин болж байгаа, Монголын банкуудад хадгалагдаж, Монголын мөнгө өсч байна. Дээр нь “Оюутолгой” өнөөдөр Монголын 1000-аад компанид мөнгө төлж байна. Монголчууд бүгдийг үйлдвэрлэж чаддаггүй шүү дээ. Гэхдээ ус, мах, тээвэр, нүүрс, цахилгаан, үйлчилгээг монголчууд өөрсдөө хийж байгаа. Хийж чадаж байгаа юмаа л бид нийлүүлж, тэр хэрээрээ бид орлогоо авч байгаа. Бүх татвараа төлж байгаа, тэр битгий хэл бид урьдчилаад татвараа авчихаад байгаа. Тэгэхээр Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй биш, орж ирж байна. Гэвч бий болгож байгаа баялгийн хуваарилалт нь буруу байна. Хар л даа. Саяхан л нэг хүнд ноогдох ДНБ 1000 ам.доллар байсан шүү дээ, арваадхан жилийн өмнө. Гэтэл өнөөдөр бараг 4000 ам.доллар болж, дөрөв дахин өсчихөөд байна. Гэтэл хүн амын ихэнх нь яг арван жилийн өмнөхөөрөө амьдраад, цөөхөн 5-10 хувь нь хэтэрхий их баялаг дээр суучихлаа. Энэ буруу хуваарилалтаас болоод улс төрийн тогтворгүй байдал бий болж байна. Одоо тэгээд арга хэмжээ авах гээд л оролдоод байна л даа.
-Ямар арга хэмжээ?
-Энэ олон том том төслүүдийг өр тавиад ч гэсэн хэрэгжүүлье гэдэг нь тэнд олон монголчууд ажиллуулж, тэдэнд цалин өгөх болно. Тэгж л мөнгөтэй болгоно уу гэхээс урьдчилж өр тавиад, өнгөрсөн сонгуулийн өмнөх шиг 500-600 сая ам.доллар урьдчилж авч тараагаад ард түмэн баян болохгүй. Ажил хийлгэх хэрэгтэй, ажлаар дамжуулж орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Мэдээж V цахилгаан станц бол том төсөл. Гэхдээ үүнд Хөгжлийн банкнаас мөнгө бага гаргая гэж байгаа. Яагаад гэвэл цахилгаан станц барихаар 80-90 хувь гадагшаа гараад явчихна. Оношлогооны том төв барья гэвэл мөнгө нь бараг 100 хувь гадагшаа гараад явчихна. Мэдээж монголчуудад хэрэгтэй л дээ, гэхдээ үр дүнгээ удаан өгдөг. Гэтэл замын төсөл санхүүжүүлбэл 80-90 хувь нь монголчууддаа үлдэнэ. Тэр утгаар нь бид монголчуудаа мөнгөжүүлье гэсэн төслүүдээ урагшаа түлхэж байгаа. Тэр нь ч буруу биш гэж би бодож байна.
Зочин
hun
Ойлго
дамжуулаарай
Зочин
[Everyday.mn маш] сонирхолтой шинэ сайт нээгдлээ.
[Everyday.mn маш] сонирхолтой шинэ сайт нээгдлээ.
[Everyday.mn маш] сонирхолтой шинэ сайт нээгдлээ.
Б.Цэнд-Ооёо
Зочин
z
Hudalch nuhur
Зочин
aagii
haha
ynsh
Зочин
Манлай
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hh
Зочин
Зочин