ЗАСГИЙН ГАЗРЫН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭНИЙ Ч МЭДЭЭГҮЙ ШИЙДВЭР

Засгийн газрын саяхны хурал­даан дээр ийм юм болжээ. Сонин уншиж суусан Ц.Нямдорж сайд "Х.Баттулга сайд аа,   өмнөд хөрш рүү машинаар нүүрс экспортлохгүй  байгаа  талаар тайлбар өгнө үү" гэтэл Х.Баттулга сайд "Мэдэхгүй" гэсэн  хариу өгчээ. Ц.Нямдорж "Та мэдэхгүй юм бол сонинд өгсөн  ярилцлагадаа яагаад "Энэ шийд­вэрээсээ яаж ч байсан буцахгүй" гэж хэлсэн байдаг юм" хэмээн  дахиад асууж. Гэлээ гээд тоймтой хариу сонсоогүй байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ үеэр "Би ч энэ талаар мэдээгүй юм байна. Засгийн газар мэдээгүй байхад яагаад ийм шийд гаргасан байдаг юм. Ядаж Засгийн газрын хуралдаан дээр ярих ёстой байсан юм биш үү" гэж ирээд л цаагуураа манай намын бодлого биш шүү гэсэн аястай бусдадаа тал зассан юм байх.  Ингээд эзэнгүй шийдвэ­рийн эзнийг нь хайцгаажээ. Энэ талаар Өмнөговь аймгийнхныг хардтал үнэн хэрэгтээ тус аймгийн  ИТХ ч хуралдаж шийд гаргаагүй байж. Тэнд байгаа Мэргэжлийн хяналтын байцаагч, Авто замын газрын байцаагч хоёр л том толгой гарган ийм шийдвэр гаргасан болж таарчээ. Үүнээс үүдэлтэй Авто  замын  газрын  дарга,   Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын тайлбарыг ч авсан байна. Засгийн газрын хурал иймэрхүү маягтай болж байхад Төрийн ордны гадна нь "Гал үндэстэн" тэргүүтэй иргэний хөдөлөөнүүд хуралдайгаа хурал­дуулж, шаардлагаа тавьсаар бай­на. Тэд хамтарсан Засгийн газрыг  огцорч, УИХ-ыг тарахыг шаард­саар байгаа билээ.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРОХЫГ ХЭН, ХЭН ШААРДАВ?

Энэ Засгийн газрыг бол өөрс­дөө "Хамтарсан" гэж нэрлээд бай­гаа ч олон нийт нэгэнт МАНАН-гийн  Засгийн газар гэх болж. Хамтарч нийлж болсон юм салж сарниж, бүр цаашлаад огцорч болох талаар Ардчилсан намын зарим фракц бүлэглэл тэр дундаа эгэл жирийн гишүүд, иргэний хөдөлгөөнүүд, "Гал үндэстэн" холбоо, бүгд л  сонирхлоо илэрхийлж байгаа.  Зарим нь Төрийн ордны гадаа гэр бариад суучихаад нэлээд хэд хоног боллоо. Энэ тэмцэлд нь морьд хүртэл оролцлоо шүү дээ. Дээр нь Н.Энхбаяр ч нэмэгдэнэ.   Тэд зөвхөн Засгийн газрыг огцруу­лахыг шаардах төдийгүй УИХ-ыг ч тар гэв. Одоогоор их хуралдай­гаас гарсан  шийдвэрээ УИХ, Ерөнхий­лөгчид хүргүүлсэн. Сүүлийн үед  МАН-ынхан ч хамтарсан засгаас Ардчилсан намыг гаргах нь зүйтэй гэх болсон. Ингэж эрчимтэй ярих  болсныг Ардчилсан намаас  зохион байгуулалттайгаар МАН-ын гишүү­дийг шахаж хэлүүлж байгаа гэх таамаг ч газар авчээ. Засгийн газрыг огцруулах гэсэн хэд хэдэн сонирхлууд байна. Үүний дотор МАН-ынхан  ч багтана.

С.БАТБОЛДООС НАМЫН ДАРГЫНХ НЬ СУУДЛЫГ АВАХ ТУХАЙ ЯРИА БУЮУ "НАЙЗУУДЫН БҮЛЭГ"-ИЙН ЭСРЭГ ХЭРХЭН ХӨДЛӨХ БОЛ?

"Дараагийн ээлжийнхэн хоо­лондоо" гэдэг шиг уул уурхайн  баялгаас бид ч  хүртэх ёстой гэсэн зарчмаар асуудалд хандаж байгаа МАН-ын лидерүүд хамтарсан зас­гийг салгах нь бүү хэл огцруулах сонирхолтой. Ил л хэлж чадахгүй байгаа болохоос цаагуураа юм явуулаад эхэлж. Мөн Засгийн га­зарт байгаа хоёр талын хөдөлшгүй эрх ашигтай нөхдүүдийг "найзуу­дын бүлэг" гээд  нэрлэчихэж. Ма­гад­гүй засагт байгаа нөхдүүд өөрс­дөө тэгж нэрлэснийг нь МАН-ынхан  дотор хэлж заншиж байж ч болох юм.

МАН-ын ХХV их хурлын үеэр яригдаж байсан нэг яриа дахиад сэдэрчээ. Тэр нь намын дарга, Ерөнхий сайд хоёрыг салгах сонир­хол. Гэтэл одоо С.Батболдод Ерөнхий сайдынх нь албыг үлдээ­гээд  намын даргаа өөр хүнд өгөх хэрэгтэй гэдэг юм яваад эхэлжээ. Энерциэрээ яваад байгаа яриа гэнэ. Тэд намын даргаа зөөлдөөд байна гэж шүүмжлээд сонгууль хаяанд ирсэн энэ үед ийм өөрч­лөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Гэвч энэ нь намын дарга, Ерөнхий сайдын албыг хавсран гүйцэтгэдэг жаягаа дагахад аяндаа хүргэх юм байх. Өөрөөр хэлбэл эхлээд намын даргын албыг нь аваад дараа нь Ерөнхий сайдынх нь албыг ч авах санаархал гэнэ.  

Үүнтэй холбоотой МАН дотор дараагийн намын дарга хэн байх талаар ч яригдаад эхэлж. Үүнд М.Энхболд, Н.Энхболд,  Х.Наран­хүү, Ө.Энхтүвшин нарын нэр хүчтэй яригдаж  байна.

АН-ЫНХАН УДИРДЛАГУУДДАА ХАРШИЛТАЙ БАЙНА

АН дотор хамтарсан засгаас намаа  гарчихаасай гэсэн ил далд хүсэлтнүүд олон бий. Мөн нэр дэвшигчдийн  мөнгөний хэмжээ 50 сая гэж зарлагдсан ч тэр бүр ту­шаах гээд  барьж гүйх хүмүүс алга   байгаа нь Сонгуулийн хуулийн эцсийн шийдийг мэдэх гэсэн хү­лээлт нөгөө талаар юу юугүй  Н.Ал­танхуягийг мөнгөжүүлээд яахав гэсэн бодлоос нь үүдэлтэй гэнэ.  Ямар ч АН-д байсан өвөрт нь орсон МАН-ынхаа хажуу бөөрнөөс салах­гүй байгаа Н.Алтанхуяг даргадаа харшилтай,  түүнийг унагах сонир­холтой гишүүд өдөр ирэх бүр нэмэгдэж байна.  

Цаашлаад  нийслэлийн намын удирдлагыг ч өөрчлөх сонирхол бүхий  бүлэглэл фракцуудын яриа хэлцэл нэгэнт явагдаад эхэлжээ. Учир нь Ш.Түвдэндоржийг нийслэ­лийн намын хорооны даргаар нь байлгаж сонгуульд орвол хотын тойргуудаа алдах магадлал өн­дөрсөнө гэж тэд үзэж байгаа юм байна. Ганц хүнийг ажилтай байл­гахын төлөө бүхэл бүтэн намаа ингэж баллаж болохгүй хэмээн тэд ярьж байгаа юм. Ийнхүү хамтарч  засаг барьж буй хоёр намд сон­гуулийн өмнөх хүчтэй салхи сал­хилаад эхэлжээ.