“Ярилцъя” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын эрхэм гишүүн Сундуйн Батболд уригдлаа. Тийм ч их хаалттай хүн биш атлаа бас тэр бүр хэвлэлд чин сэтгэлийн яриа дэлгээд байдаггүй энэ хүн манай сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг хамтдаа сонжиё.  

-Нээрээ таныг парламентад гурван удаа сонгогдсон гэдгийг хоёр дахь удаагаа гэж би андуурсан байна лээ, уучлаарай. Та чинь М.Зэнээ агсны нөхөн сонгуульд өрсөлдөж УИХ-д орж ирсэн шүү дээ. М.Зэнээ гуайтай та ер нь ямар холбоотой байсан бэ. Хааяа хэвлэлээр гэр бүлийнхнээс нь гомдлын шинжтэй үг унасан харагддаг?
-Би урьд нь бол М.Зэнээ гишүүнийг зүгээр гишүүн гэдгээр нь л мэднэ. Гэр бүлийн ч юм уу, ойр дотны ч юм уу, улс төрд намайг дагуулж оруулсан ч гэдэг юм уу тиймэрхүү харилцаа бидний дунд байгаагүй л дээ. Нөхөн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон явдал маань хувь заяаны л асуудал байсан. Манай улс төрд хөтөлж оруулсан, орыг нь залгана энэ тэр гэсэн нэг барилдлагын сонин жишиг байдаг ш дээ. Тийм зүйл бол үнэхээр байгаагүй. Би мэдээж тухайн үед бодно, бодож байж шийдвэрээ гаргана шүү дээ. Тэр хүний орыг залгаж орж ирж байгаагийн хувьд би сайн ажиллах ёстой л гэж бодож байсан. Одоо ч тэгж боддог. Би залуу байсан байж магадгүй. УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод дараа нь гэр бүлийнхэнтэй нь харьцаад ч юм уу, хүүе хайя гээд явах ёстой байсан юм болов уу даа. Гэхдээ би намынхаа удирдлагуудтай ярьж гэр бүлд нь туслалцаа дэмжлэг үзүүлж тодорхой харьцаатай байсан. Бидний хооронд ямар нэгэн айхтар хурц асуудал юу ч байхгүй. Тангараг тасраад явцгаачихсан ч юм уу, тийм явдал болоогүй, болох ч үгүй.
-Хэвлэлээс тиймэрхүү маягийн үнэртэй зүйл та уншиж байсан биз дээ?
-Харж байсан. Гэхдээ нэг их айхтар гомдлын юм уншаагүй. Ерөнхийдөө үл мэдэг тийм үнэр мэдрэгдэж байсан. Би чухам ямар байдлаар харьцах ёстой байсан юм бол. Алдаа гаргачихсан юм болов уу гэж эргэцүүлж бас боддог л доо.
-Тэр нөхөн сонгуульд үндсэндээ намын шийдвэрээр өрсөлдөж, ялалт байгуулаад УИХ-д орж ирснийг тань мэдэж байна. Харин тэр хүртэл хаана, юу хийж явсныг тань мэдэхгүй. Ялангуяа МАХН-тай хэрхэн холбогдсон тухайд сонирхож болох уу?
Миний нийгмийн амьдралд идэвхтэй оролцож эхэлсэн үе бол оюутан үе маань байдаг. Өөрийн төрөлх араншин нэг тийм коммунист маягийн ч гэмээр залуу байсан. (инээв) Асуудалд яг л ном горимын дагуу, ёс жаягийн дагуу хандах гээд байдаг тиймэрхүү зан төрхтэй. Үзэл бодол төлөвшсөн үе маань ч оюутан ахуй үе. Би тэр үед факультетын эвлэлийн хороон дарга байсан. Энэ бол миний хамгийн анх нийгэм улс төрийн ажилд оролцож эхэлсэн үе гэх юм уу даа.
-Та чинь ХААДС-ын “бүтээгдэхүүн” байх аа?
-Тийм.
-Таныг малын эмч гэж их гоочилдог. Малын эмч гэдэг мэргэжилийн тухайд таны бодол. Яагаад таныг малын эмч гэж “доош нь хийх” хандлага яваад байдаг юм бэ?
-Би харин гайхдаг. Би хөдөө аж ахуйн инженер хүн. Хөдөө өссөнтэй маань холбоотой юм болов уу даа. Яагаад ч юм би малын эмч юм уу, зоотехникч болъё гэж боддог байсаан. Аав маань уяач хүн шүү дээ. Тухайн үед намайг улс төрд гарч ирээд удаагүй хэрнээ яагаад Хууль зүй дотоод хэргийн сайд гэх энэ өндөр албан тушаалд очдог юм гэх хандлагаар тэгж хандсан байж магадгүй. Тэгж бичигдсэндээ би өөрөө бол ерөөсөө гомдоогүй. Монгол улсаас дэлхийд нээлт хийсэн цөөхөн тохиолдол байдаг юм гэсэн. Тэр эрдэмтдийн ихэнх нь мал эмнэлгийн ухааны эрдэмтэд байдаг байхгүй юу. Гэтэл тэр бүх эрдэмтдийг, тэр шинжлэх ухааныг, тэр мэргэжлийг доромжилж болохгүй шүү дээ. ХААДС бол монголын хөдөөд тархан ажиллаж, социалист нийгмийн нуруу нь болон зүтгэж ирсэн бүхэл бүтэн үндэсний сэхээтний арми бэлтгэсэн, одоо ч бэлтгэж байгаа сургууль.  Хөөгдөе гэвэл Хөдөө аж ахуйн дээд гэсэн үг хүртэл бидний үед байдаг байсан л даа. 10 минут хоцроход хичээлд оруулдаггүй, зангиа зүүгээгүй л байх юм бол оруулдаггүй. Өглөө 08.40 цагт хичээл эхлэнэ,16.20 минутад завсарлаад, 40 минут цайндаа ороод л буцаад хичээл дээрээ цугладаг. Инженерийн анги хүнд ч анги. Нойр хоолгүй нүдэж оюутнуудаа сургадаг байсан. Би тэр л сургуулийн хүчинд боловсрол эзэмшиж, өдий зэрэгт явж байгаадаа дандаа баярладаг. Гадаад дотоодод төгссөн зөндөө олон үеийн залуустай би энд тэнд таарч хамтарч ажиллаж байлаа. Би хэзээ ч тэднээс сэтгэлгээний хувьд ч, боловсролын төвшнийхөө хувьд дутаж яваагүй учраас сургуульдаа маш их хайртай байдаг. Одоо ч гэсэн би сургуультайгаа их хамтарч ажилладаг.
-Төгсөөд та хаана ажилласан бэ?
-Аймагтаа очсон. Аймгийн хөдөө аж ахуйн удирдах газар мэргэжилтнээр очсон. 1990 он байсан. Ардчилсан хувьсгал өрнөлөө. Анхны үндсэн хууль батлагдлаа. Орон нутагт шинэ уур амьсгал нэвтэрлээ. Засаг захиргаа шинээр зохион байгуулагдлаа. Яг тэр үед нөгөө ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч юу байлаа гэдэг шиг одооны энэ засаг захиргааны шинэ тогтолцоо дөнгөж анх бүрэлдэж байх үед тэнд оролцож, ажиллаж явсан.
-Намтай яаж холбогдсон түүхээ?
-Тэгээд явж байлаа. Тэр үед олон ургальч үзэл, олон намын тогтолцоо гээд шинэ шинэ өөрчлөлтүүд улс оронд гарч ирлээ. МАХН-ын тэргүүлэх орон зай алга болчихлоо. Нэр хүнд нь уналаа гээд маш олон хуучин кадрууд нь намаас гарч байсан. Шинээр хүн элсэх биш, хуучин хүмүүс нь явцгааж байсан үе шүү дээ. Тэр үед би 1994 онд Төв аймагтаа МАХН-ыг дэмжигч залуучуудын байгууллагыг албан бусаар байгуулаад, залуучууд уулзаад цуглаж ярьдаг, үзэл бодлоо солилцдог орчин үүсгээд ажиллаж байсан. 1994 онд намын дэргэд анх МАХН-ыг дэмжигч залуучуудын анхдугаар чуулган гэж зохион байгуулагдсан. Тэгэхэд би аймгаасаа арав гаруй залуучуудыг дагуулж ирээд зөвөлгөөнд нь оролцож байлаа. Тэгээд аймагтаа очоод шоу маягийн арга хэмжээ талбай дээрээ зохион байгуулж явлаа. Одооныхтой харьцуулахад ямар юмных нь шоу байхав дээ, инээдтэй л санагддаг юм. Гэхдээ яахав дээ, МАХН-ыг бас залуучууд дэмжиж байгаа юм шүү гэдгийг л харуулах зорилготой арга хэмжээ байсан. Тэр үүргээ биелүүлсэн. Надад тухайн үед намын ахмад гишүүдтэй уулзаад явж байхад Батболдоо чи сонголтоо буруу хийх гээд байгаа юм биш үү гэсэн утгатай юм хэлдэг л байсан. Надад тэр намаар хүмүүжээд боловсрол олоод явсан болохоор дэмжих сэтгэл байсан байх. Бас яагаад муулаад байгаа юм бэ, бид яваад л ирсэн шүү дээ гэсэн сэтгэгдэл төрдөг байсан.
-Дотуураа уламжлалт улс төрийн хүчиндээ жаахан “ханд”-тай байжээ дээ?   
-“Ханд”-тай байдаг байсан. Яг намд гишүүнээр элссэн маань бол 1996 он.
-Хэнээс батлахаа авч байв?
- Аймгийн намын хороон дарга Гончигсүрэн гуайгаас . Тэр үед аймагт сургуулиа төгсөөд оччихсон миний үеийн олон залуучууд байсан. Бүгд сонголтоо хийцгээсэн. МСДН, МҮАН , Сэргэн мандлын нам гээд олон намууд байгуулагдчихсан байсан. Тэдний дотроос би бараг ганцаараа МАХН-ыг сонгож байсан. Манай найзууд бүгд өөр сонголт хийцгээсэн. Сонголтондоо үнэнч, тууштай байсан чанар маань намайг өдий зэрэгт авч яваа ч байж болох юм.
-Аавын тань нөлөө гэж том нөлөө байсан байх?
-Аав маань намын гишүүн байсан л даа. Намын тал дээр намайг сонголтоо хийхэд яг чи ингэ тэг гэж надад хэлээгүй.
-Хоёулаа жаахан алгасая. Их хуралд ороод иржээ. Их улс төрд хөл тавьлаа гэсэн үг. Харин энэ замд хэн таныг хөтөлсөн гэж хэлэх бол?
-Манай аймгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Гончиг агсныг та мэдэх байх. Харамсалтай нь маш ануухнаараа нас барсан. 1997 он шүү дээ. Тэр хүн 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод намайг УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гэсэн ажилд авч байсан юм. Нутгийнхаа залуучуудыг их дэмждэг хүн байсан. Манай Энэбиш дарга эд нар нэг үеийн л улс шүү дээ. Энэ хүн намайг улс төр лүү хөтөлж оруулж ирсэн. Харамсалтай нь удаан хамтарч ажиллаж чадаагүй. Манай намыг ардчилалгүй, хуучинсаг гэх маягаар шүүмжлэх гээд байдаг улсууд байдаг. Тэр үед харин ч манай нам ардчилалтай, нээлттэй байсан юм шиг санагддаг. Намайг УИХ-д өрсөлдөх хүний нэгээр тодруулахдаа маш өндөр шалгуураар шалгах шиг болсон. Би хувьдаа УИХ-н гишүүн болоё гэсэн зорилго ерөөсөө тавиагүй байсан.
-Тэр үед таныг УИХ-д орж ирэхэд тантай өрсөлдөж байсан хүмүүс байсан юм уу?
-Байлгүй яахав. Анх намын удирдах зөвлөлөөс аймгийн намын хороонд чиглэл өгсөн. Хэн дэвшиж болох вэ гэсэн судалгаа гарга гэж. Тэгэхэд зуу гаруй хүний нэр гарч ирсэн байдаг юм. Тойргийн бүх намын байгууллагуудаар явж тэр нэрсийг гаргана ш дээ. Тэгээд аймгийн намын хорооны хурал дээр тэднээс 14 хүн нь өрсөлдөж байсан. Тэнд гурван хүн нь үлдсэн. Тэдний нэг нь би байсан. Ингээд гурван хүний нэр Удирдах зөвлөл рүү явсан. Тэр үед би намынхаа дарга Н.Энхбаяр гэдэг хүнтэй гар ч барьж үзээгүй байсан. Нэр дээшээ явжээ. Гэхдээ болох ч юм уу, үгүй ч юм уу ёстой юм  бодохгүй тууж явсан. Гэтэл намын удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргасан. Н.Энхбаяр дарга болон намын удирдах зөвлөлийн бусад гишүүд С.Батболдыг сонгох нь зүйтэй юм аа гэсэн шийдвэрт хүрсэн байсан л даа. Тухайн үед би албан тушаалын хувьд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга байсан. Энэ нөлөөлсөн байх. Ийм шалгууруудаар орж явж би их хуралд нэр дэвших эрхийг авч байсан. Жинхэнэ ардчиллын шалгуураар ажил явж байсны нэг илрэл тэр гэж би боддог. Одоогийнх шиг мөнгө төгрөг, ямар нэгэн бүлэглэл дагасан гэдэг хэмжүүрээр биш. Жишээ нь,би аймагтаа МАСЗХ-ны салбарыг байгуулаад ажиллаж байсан учраас удирдах зөвлөлийн хурал дээр манай У.Хүрэлсүх намайг дэмжиж сайхан үг хэлж байсан байдаг юм. Эргээд дурсахад сайхан санагддаг.     
-Ер нь бол Ерөнхийлөгчийн хүн гээд байдаг нь аргагүй л юм байна?
-Н.Энхбаяр даргатай хэдийгээр гар барьж, нүүр тулж үзээгүй явсан ч тэр хүн намайг нөхөн сонгуульд нэр дэвшүүлж өрсөлдүүлэх шийдвэрийг гаргаж, их улс төрд оруулсан хүн.
-Таны карьер гайхамшигтай богино хугацааны дотор өссөн. Улс төрд ийм их аз завшаан тохиох ховор шүү дээ. Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг чухал албуудыг та хашсан. Энэ бүхний ард Ерөнхийлөгчийн дэмжлэг байсаар л байсан уу?
-Намайг дэмждэг хүний нэг.
-Таныг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад танай аймгийн гаралтай улстөрчдийн магнайд зогсч байгаа Миеэгомбын Энхболд Ерөнхий сайд байсан. Та хоёр үнэхээр нэг баг болж ажиллаж чадсан уу. Эсвэл дундуур тань хардлагын салхи сэвэлзэж л байв уу?
-Чадсан. Би бол Засгийн газрын тэргүүний надад даалгасан энэ ачааг нь ямар нэгэн байдлаар түүртэхгүй, алдахгүй явах ёстой гэж хатуу бодож ажилласан. Бидний хооронд ямар нэгэн хөндлөнгийн хүн байхгүйгээр шууд асуудлаа ярилцчихдаг байсан. Би хувьдаа бидний дундуур ямар нэгэн хардлагын салхи салхилаагүй гэж боддог. Нэг удаа сонин дээр элсний 13-т Батболд орчихжээ гэсэн мэдээ гарчихсан байсан. Тэгэхэд “Энэ арай үгүй биз дээ, Батболд оо” гэж надаас асууж байсан. Өөрөөр бид хоёрын дунд бие биенээ хардах сэрдэх ямар ч асуудал байгаагүй.
-“Элсний 13” бол МАХН дотор их сүүлд бүрэлдэж, их богино хугацаанд зохион байгуулалтад ороод, маш түргэн амжилтад хүрсэн хамгийн хүчтэй бүлэглэл. Тэр үед таныг эдэнтэй тодорхой зөвшилцөлд орж байснаа нутгийн үзэл, хүн чанар хоёр нь татаад, дээр нь ЗГХЭГ-ыг удирдаж байгаагаа бодолцоод өөрийгөө татаж авч гэнээ гэх мэдээлэл түгэж байсан шүү дээ?
-Энэ мэдээлэл бол ор тас ташаа мэдээлэл. Тэр 13 хүнээс хэн нь ч надад тэгж хандаж байгаагүй. Бүр хэн нь ч шүү. Нэг  ч удаа энэ сэдвээр надтай тэдний хэн нэг нь уулзаагүй.
-ЗГХЭГ-ын даргын хувьд энэ хүнд санал тавих нь утгагүй гэж үзсэн байх, тийм үү?
-Юу гэж үзсэн юм, юу бодсон юм тэрийг би яаж мэдэх вэ дээ.
-Эсвэл М.Энхболдын хүн гэж үзсэн юм болов уу?
-Энэ асуултуудаа тэдэнд тавих ёстой байх аа. Ер нь бол надад санал тавьсан ч би “үгүй” гэж хариулах байсан байх.
-Хууль зүй дотоод хэргийн сайдаар та хэдэн сар ажиллалаа?
-Хоёр сар.
-Хэцүү үе байсан шүү. Гадна дотноос довтлоод. Жагсаад, цуглаад л нөхцөл байдал амаргүй байсан. Тэр үед таныг нэг алдаа гаргахыг харж байсан юм. Тэр үед гаалийн Баатарын асуудал ид шуугиан тарьж байсан. Та тэр хүний өвчний оношийг хаалттай биш хуралдаан дээр  зарлачихсан. Энэ фактыг би алдаа гэж харж байхад, та өөр бодолтой явдаг байж болох юм?
-Би сонины хуудсаар л Батболд алдаа гаргачихлаа гэснийг уншиж байсан.
-Би бичсэн байх?
-Магадгүй. Албаны хүрээллээс бол надад ямар нэгэн шүүмж ирээгүй. Хоёрдугаарт, би тэр хүнийг өмөөрч л хэлсэн юм. Бие нь муудчихлаа, энэ хүнд ийм зовлон учирчихаад байнаа гэдгийг л өмгөөлж хамгаалах үүднээс л илэрхийлсэн. Магадгүй надад тэр асуудал дээр туршлага дутсан байж болох юм. Гэхдээ одоо бол өвчин байтугайг л дэлгэдэг болчихож л дээ.
-Хууль зүйн сайдын албан тушаал бол улс төрийн албан тушаал. Маш том алба. Танд салбарын тухайд ямар сэтгэгдэл үлдсэн бол. Урдаас тань тухайн үед ямархан агаар үлээж угтсан бол. Ер нь тухтайхан, гүнзгий мэдэрч амжсан уу?
-Анх намайг Хууль зүйн сайдаар томилох саналыг намын удирдлагын зүгээс тавихад би татгалзаж байсан юм. Дотроо өөрийгөө голж байсан учраас. Нэгдүгээрт, миний хувьд цоо шинэ салбар байсан. Миний таньж мэдэхгүй салбар байсан. Дээр нь улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан. Ийм ийм шалтгаануудаас үүдэж би татгалзаж байсан юм. Харин урдаас маань байдал ийм ээдрээтэй, хэцүү үед мэргэжлийн хүн гэхээсээ илүү гол нь улс төрийн ноён нуруу, ажлыг хийх чадварыг нь харгалзаж томилохоос өөр аргагүй байдалд хүрч байнаа гэж хэлж байсан. Тийм учраас аймаг орон нутагт ажиллаж байсан, төрийн захиргааны байгууллагад удаан ажиллачихсан хүний хувьд энэ албан тушаалд ажиллах шаардлагатай байна гэж нөхдүүд маань надад тулгасан. Ингээд ажилласан. Над руу хүнд цохилт, төрөл бүрийн дайралтууд ирнэ гэдгийг би сэтгэл зүйн хувьд мэдэрчихсэн байсан.
-Тамгаа гардаж аваад, тойрч нэг нэг ажил байдалтай танилцаад л огцорсон байх аа даа?
-Бараг л тэгсэн. Ц.Нямдорж дарга намайг дэмжсэн байдаг юм. Таван сар эзгүй байсан суудал шүү дээ. Ч.Улаан сайд түр оролж байсан. Тэгээд Ч.Улаан сайд, Ц.Нямдорж дарга хоёр очиж ажил хүлээлцүүлж байсан юм. Би  бэлгэшээдэг л юм. Яамныхан ч сайхан хүлээж авсан. Хуулийн салбарынхан надад нэг тийм бүлэрхүү болчихсон салбар юм шиг санагдсан. Одоо юу гэдэг юм. Нисэхийнхэн, төмөр замынхан гэдэгтэй адилхан. Хууль зүйн салбарынхан Ленинградад нэг төгсдөг, Эрхүүд төгсдөг, Их сургуульд төгсдөг. Үндсэндээ энэ гуравхан сургуулийн бүтээгдэхүүнүүд зонхилж байдаг. Дээр нь маш явцуу хүрээнд цөөхөн хүмүүс бэлтгэгддэг байсан. Бүгдээрээ бие биенээ мэддэг. Дээд доод курсынхан байх жишээтэй. Нэг тиймэрхүү хүрээлэл надад анзаарагдсан.  
-Гэхдээ таныг бассан өнгө аяс нэг их цухалзаагүй шүү дээ?
-Үгүй. Ялангуяа ерөнхий шүүгч, хууль цаазны ахлах зөвлөх нартай сайн ойлголцож, хамтарч ажиллах чиглэлээ тогтчихсон байсан. Гэвч харамсалтай нь Засгийн газар огцорчихсон. Би бас уурлаж байсан юм. Намайг ингэх байсан юм бол яах гэж тийшээ аваачсан юм бэ гэж би бас нөхөддөө хэлж байсан. (инээв)
-Түрүүн та хэлж байсан. Би өмөөрч байсан юм аа гэж. Баатарыг та нар үнэхээр өмөөрсөн юм уу. Тухайн үеийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга чинь “Намд хандивласан 100 сая төгрөг юм аа” гээд баталгаа гаргаад өгч байсан. Тэрнээсээ хожим бүгд бултаж ял руу түлхсэн. Өнөөдөр танайхнаас 14 тэрбум идчихээд шоронд сууж байгаа ч хүн байна. Тэрнээс хэд дахин их идчихээд, орой болгон телевизээр ариун амьтан болоод гарч суудаг банкны нөхөр байна. Эдний дэргэд Гаалийн Баатарын хэрэг юу юм шиг харагддаг вэ?
-Тухайн үед Ардчилсан намын дарга ерөнхий сайд байсан Ц.Элбэгдоржийг би асуудалд хэтэрхий шоудах маягаар хандчихсан юм болов уу гэж  боддог. Тухайн үеийн нийгмийн уур амьсгалд хэн нэгэн уугаачин, идээчийг гаргаж ирж шийтгэх нь их хүчтэй нөлөө үзүүлэхээр байсан. Ялангуяа эрх баригчдын дотроос шүү дээ. Тэр тохиолдолд гол дүрийнх нь баатар манай Баатар л болчихсон юм болов уу гэж би боддог.
-Одоо ч гэсэн парламент дотроос АТГ болон цагдаад шалгагдаж байгаа хүмүүс байгаа. Та нар эрхийг нь түдгэлзүүлэхгүй аваад л үлддэг. Ялангуяа танай намын гишүүд дээр эрх түдгэлзүүлж шалгах тухай ярих хориотой байдаг. Чаддагаараа Л.Гүндалайтай л ноцолдоод байдаг. Цаана нь ноцтой ноцтой юм хийчихсэн танай намын гишүүд байна шүү дээ. Юм дэндүү шударга бус яваад байгаа юм биш үү л гэх гээд байна л даа?
-Хүний гэм буруутайг бол шүүхээс л тогтоодог шүү дээ. Ер нь бол улс төр мөнгө хоёр хэтэрхий их өвөр түрийдээ ороод байгааг би хувьдаа таашаадаггүй. Яагаад гэвэл би өөрөө тийм замаар яваагүй учраас. Одоо бол улам л гүнзгий орооцолдоод байх шиг мэдрэгдэх юм. Энэ байдлыг л арилгах ёстой юм л даа.
-Ийм том хүчин юм чинь танайх өөрсдөөсөө л эхлэмээр байх юм. Харж байхад юм улам л буруу голдирол руу яваад байна?
-Зөвшөөрч байнаа.
-Хуучин бид UBS бүлэглэл гээд л орилоод байдаг байсан. Увсынхан дийлдэхгүй нь ээ гээд л. Гэтэл Ховдын бүлэглэл гэж айхтар юм хүчээ авчихлаа. Танай Төв аймгийхныг ч санаснаа хийж, сарвайснаа авдаг улс гэх юм. Бодвол та тэр бүлэгт хамрагдах хүний нэг байх ?
-Хамгийн нутгархдаггүй аймаг бол Төв аймаг. Бие биенийгээ мэддэггүй. Хэтэрхий их нутгархаж болохгүй л дээ. Гэхдээ хүний цусанд өөрийнхөө төрсөн өссөн нутаг усаа гэх нэг юм байгаад салж өгдөггүй. Энэ зүйл хэм хэмжээндээ л байх ёстой. Энэ нутаг усны үзэл жижиг, цөөн хүн амтай улс үндэстэнд илүү их хадгалагддаг зүйл. Бидний энэ маань хэтрээд, улс төрийн байгууламжаа эвдээд, нийгмээ эвдээд байж болохгүй шүү дээ. Гэхдээ энэ үзэгдэл маань нэг хэсэг сүрхий босч ирснээ одоо арай намжиж байгаа юм болов уу гэж би хардаг. Төв аймгийнхан бол танд гэж хэлэхэд нэг их хүчээ авч чадахгүй байгаа ш дээ. (инээв) Угаасаа л бид чадахгүй юм билээ.
-Мөнгө улс төр хоёр хэтэрхий өвөр түрийдээ орчихоод байна гэж та хэллээ. Энэ үнэн. Хэн мөнгө хаясан тэр хүн албан тушаалд очиж байна. Яаж ч тонгочиж, яаж ч ажлыг унагасан бай тэр хүнтэй хариуцлага ярихгүй байна. Хөгжим захиалдаг тэр нөхдийг улс төрийн том хана нөмөртөө авч явж байна. Энэ дампуурлаас төрийг салгахын тулд та нар өөрсдөө юу хийж байгаа юм бэ?
-Алхам алхмаар хийх л ёстой. Улс төрийг нь төрийн албанаас салгах гэж хийж байгаа энэ алхам бол том түлхэц болж байна. Хэвлэлүүд олигархууд бий болчихлоо. Тэр бүлэглэлд багтаагүй л бол тухайн хүн дээшээ доошоо гарч ирэх ч юм уу, албан тушаалд очих бололцоогүй байна гээд шүүмжилж байгаа. Харамсалтай нь амьдрал дээр ийм юм байгаад байна. Заримдаа бас боддог л доо. Юу ч хийж чадахгүй байгаадаа жишээ нь гутдаг байхгүй юу. Хожим ямар нэгэн ял асуух юм бол би бас цуг л үүрэлцэнэ шүү дээ. Тэр үед байсан уу гэвэл байсан. Энэ улс орныг удирдалцаж байсан уу гэвэл удирдалцаж байсан. Тийм бол тэр үед яагаад янзалж чадаагүй, ийм байдалд оруулчихав аа гэвэл яах вэ. Үнэндээ юу ч хийж чадахгүй байгаадаа санаа зовж л байна.
-Аргаүй л дээ. Та фракцгүй юм чинь?
-Юу гэсэн бэ.
-Та яагаад аль нэгэн бүлэглэлд ордоггүй юм бэ. Элснийхэн байна. Хотынхон байна?
-Би өөрөө өөртөө л үнэнч байх юмсан гэж боддог. Бүлэглэл дагасан энэ байдал яг тэр агшиндаа хэрэгтэй байж болох ч цаашдаа бол явахгүй зүйл шүү дээ. Цаашдаа юм ийм байдлаар явдаг байдалд цэг тавигдана л гэж боддог.
-XXV дугаар их хурал дээр Су.Батболд М.Энхболдод санал өгөөгүй ээ, эсрэг байр суурьтай байсан гэх нэг шувуу нисдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Хоосон яриа. Юу гэж тийм юм байхав дээ. Би үнэндээ ажилдаа дарагдаад  XXV дугаар их хурал яг ямар болох гээд байгааг мэдрээгүй. МАХН гэдэг энэ айл л хамгийн муу муухай, бузар булай болчихлоо л гээд яриад байсан. Тэгээд шинэчлэх ёстой гээд л хуралдах гэж байгаа юм байна гэсэн ерөнхий ойлголттой л явж байсан. Цаагуур нь яг ямар хор найрагдаад байгааг би мэдээгүй. Яг хурал хуралдаад эхэлсний дараа энэ удаа намын удирдлагыг солих юм байна гэдгийг мэдсэн. Би эцсээ хүртэл тэр үеийн намын дарга байсан, кабинетынхаа тэргүүний төлөө л байсан. Энэ тухайгаа ч С.Баяр даргад хэлсэн.
-Яг үнэндээ сүүлийн үеэс юм хийсэн Засгийн газар ховор байна л даа. Тэр дундаас нь шигшээд авч үзэх юм бол танай Засгийн газарт хийж амжуулсан ажлууд бас байна. Үнэхээр юм хийж амжсан гэж үздэг үү?
-Бид хоёр жил шахам хугацаанд л ажилласан. Нөгөө талаас азтай Засгийн газар. Яагаад гэвэл монгол улсын түүхэнд байгаагүй орлоготой, хамгийн санхүүгийн  боломжтой Засгийн газар байсан. Тэр утгаараа бид хамгийн их хөрөнгө оруулалтыг хийсэн. Хамгийн том бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Зам харгуйг явуулсан. Ард түмэнд хамгийн их мөнгө өгсөн Засгийн газар.
-Өндөг, улаан лооль шидээд л, энд тэнд барам марам шатаагаад л…Гадна талдаа хамгийн нэр хүнд муутай Засгийн газар байсан?
-Хэзээ хүмүүст тийм их мөнгө өгч байсан юм. Би бол тэгж чадаж байснаараа бахархдаг. Нэг юмыг би маш их гайхдаг. Гэхдээ хүмүүс  боломжтой үед их давардаг, цамаан загнадаг. Юм байхгүй болчихоор ингээд л чимээгүй л болчихдог юм байна. Миний хамгийн харамссан юм бол бид илүү их юм хийх боломжтой байсан. Манай Засгийн газрын үед өргөн баригдсан “Оюутолгойн гэрээ”-г бид баталчих ёстой байсан. Ингэж чадсан бол өнөөдрийн энэ хямралд монгол орон зүгээр өртөхгүйгээр үлдчих боломжтой байсан.
-М.Энхболд айгаад байсан биз дээ?
-Хардалтаас айсан байх л даа. Асар их хардуулж байсан учраас.
-Танайх чинь нээрээ “Эв нэгдлийн Засгийн газар” байсан шүү дээ. Нөгөө гоё нэрийг нь мартчихаж. Хамтарсан үедээ л хийчих байж л дээ. Нэг нам дангаараа бол шийдэх бололцоо байхгүй байх?
-Хамгийн гол нь том сөрөг хүчин байсан. Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ л үүргийг гүйцэтгэсэн. Бид ч гэсэн тэгэх л байсан байх. Гэхдээ энэ нь эргээд монголчууд бидний амьдралд нөлөөлж байна шүү дээ. Тэр гэрээг манай Засгийн газрын боловсруулснаар нь хийгээд, 34 хувийг нь монголчууд эзэмшээд, хөрөнгө оруулалтыг нь цаанаасаа гаргаад, ядаж нэг амыг ашиглалтанд оруулаад явж байсан бол бид л хожих байсан. Улс төржсөнөөсөө бид юу хожсон юм бэ. Тэнд жагсаад л хашгираад байсан улсууд өнөөдөр монголын ард түмэнд үгээ хэлэх ёстой ш дээ. Өнөөдөр тэр гэрээний явцыг сонсох юм бол нөхцөл байдлыг ерөөсөө гадны компаниуд хүлээж авахгүй байна гэсэн.
-Та бол хамтарсан Засгийн газрын гишүүн байсан хүн. Өнөөдөр мөн л танайхан арай өөр бүлэглэлтэй хөтлөлцөөд айл гэр болж тоглож байгаа. Байдал ямархуу харагдаж байх юм?
-Би одоогийн Засгийн газрыг азтай гэнэ. Яагаад гэвэл парламент дээр том сөрөг хүчин байхгүй. Манай Засгийн газрын үед парламент дээр маш том сөрөг хүчин байсан. Яагаад гэвэл Ардчилсан нам үлдчихсэн байсан учраас. Бид үргэлж хад мөргөдөг байсан. Засгийн газрын оруулсан асуудал байнга тэр хадыг мөргөдөг байсан.  Хоёрдугаарт, гадна талдаа их эсэргүүцэлтэй байсан. Тэр үед байнга өлсгөлөн, жагсаал, цуглаан байсан. Ордны бүх хаалгыг хаачихдаг. Тийм л байсан биз дээ. Одоо бол гадна талд харьцангуй тайван байгаа. Тийм учраас ажиллах бололцоо нөхцлийн хувьд хамаагүй тайван, хамаагүй илүү  байгаа. Бид өдөр тутам гал руу л ордог байсан.
-Хэд хоногийн өмнө би таныг шүүмжилсэн. Багийн дарга нарыг улс төрийн албан тушаалтан болгоно гэж юу гэсэн үг юм бэ.Та яагаад ийм төсөл санаачилсан юм бэ. Үүнийгээ тайлбарлахгүй юу. Мэдээж дандаа шүүмжлэх эрх нь бидэнд байж болохгүй. Тийм учраас танд энэ асуултыг тавьж байгаа юм?
-Ер нь бол Үндсэн хуулийн зарчмаар  бүх шатны засаг дарга нар  сонгогддог албан тушаалтнууд. Заримыг нь шууд сонгодог. Заримыг нь төлөөллөөрөө дамжуулж сонгодог. Магадгүй хэдэн жилийн дараа энэ хэрвээ хэвээрээ явах юм бол эргээд хүмүүс намайг санах болно. Яагаад гэвэл багийн засаг дарга гэж нэг салдаггүй хүнтэй болно. Сайн хүн таараад салдаггүй бол сайн л биз. Гэхдээ 1500 хүн дотор бүгдээрээ сайн байна гэдэг юу л бол. Иргэдтэйгээ ажилладаггүй, иргэдээ сонсдоггүй нэг нөхөр багийн засаг даргаар сонгогдчих юм бол энэ хүн төрийн захиргааны албан тушаалтан болсноороо насаараа багийн дарга болох эрх нь нээгдчихэж байгаа байхгүй юу. Төрийн жинхэнэ албан хаагч гэдэг хүн бол хуулийн маш том хамгаалалтанд орчихдог. Тэр хүнийг хэн нэгэн дураараа сольж болохгүй. Сонгуулийн үр дүнгээс хамаарч сольж болдоггүй учраас насаараа салдаггүй баахан засаг, хороодын дарга нартай болчих магадлалтай.
-Сонгуулиар та нар очоод л хамгийн түрүүлж баг, хороодын дарга нараа л түшиж ажилладаг шүү дээ. Бид мэднэ. Тэр эгнээгээ алдах хүсэлгүй байна л гэж би таныг хардаж байна?
-Ер нь бол улс төрийн үүднээс нь харах юм бол бас улс төрийн намыг юу ч үгүй мухарлачихаж болохгүй байхгүй юу.
-Танай намын даргаас ч гэсэн сүүлийн хуралдсан бага хурал дээр энэ айдас үнэртэж байсан л даа. Нам маань хамаг гишүүдээ энэ хуулиар тавиад туух нь ээ, гэхдээ нам олон түмний нүдэн дээр дундарч, шалчийж харагдмааргүй байна гэсэн утгатай үгийг тэр хэлж байх шиг байна лээ. Тэр дагуу л та нарыг “ажиллаад” явчихлаа гэж харж байна?
-Намын ч юм байж байгаа. Бас би өөрөө захиргааны байгууллагад 18 жил ажилласан хүний хувьд болохгүй л заалт байж байгаа байхгүй юу. Одоо ингээд шийдэхгүй байж байхад л захын нэг иргэн л Үндсэн хуулийн цэцэд хандахад “Энэ багийн даргыг захиргааны ажилтан болгосон асуудал бол үндсэн хууль зөрчсөн байнаа” гэсэн дүгнэлт л гараад ирнэ. Тэгэхээр яах уу.  
-Ерөнхийдөө улс төр хөдөөг бол баллачихсан байна шүү дээ. Тэрнээс нь салгая л даа. Та өөрөө сая сонгуулиар хараа биз дээ?
-Үнэн. Хамгийн их улс төржилт суман дээр, баг дээр болж байгаа.
-Үнэхээр гайхсан. Хөдөөгийн нөгөө аминчхан гоё, яруу тансаг амьдрал аймшигтай эвдэгдсэн байна лээ. Тэр бүх юм байхгүй болчихсон байсан. Сургууль, эмнэлэг, ах дүү, амраг садан…нэлэнхүйдээ улс төржчихсөн улайсч байна лээ. Гунигтай л байсан?
-Ийм болж болохгүй л дээ. Би төрийн албанаас энэ улс төржсөн төрийн албыг ангижруулах ёстой гэдэг дээр 100 хувь санал нэгтэй байгаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийн концепцид миний өргөн барьсан хууль ерөөсөө харшлахгүй гэж үзэж байгаа. Хууль өргөн барьсан хүмүүстэй уулзаж байр сууриа хэлсэн.
-Танай бүлгийн гишүүдээс ч эсэргүүцсэн байна лээ?
-Гэхдээ ойлгоогүй эсэргүүцсэн байх. Хууль хэрэгжиж эхэлсний дараа өргөн барьж байгаагаараа би буруутай байж магадгүй. Гэхдээ ингээд яваад үзье. Амьдрал дээр нийцэхгүй юм гарч ирэх л байх. Хоёр дахь гол юм нь сургуулийн захирал, эмнэлгийн эрхлэгч нарыг төрийн захиргааны албан тушаалтан болгочихсон байгаа. Энэ нь өөрөө төрийн албаныхаа хуулийн зарчимтай зөрчилдөж байгаа. Энийг бол та хөндөөгүй байсан.  
-Өнөөдрийн хамтарсан Засгийн газрыг удааширчихлаа. Бүтцийн өөрчлөлттэйгөө зууралдаад цаг маш их алдаж байна гэж гадуур асар их шүүмжилж байна. Та юу гэж үзэж байна. Юу саад болоод байгаа хэрэг вэ?
-Би бол тогтолцоо л гэж үзэж байгаа. Манай улс төрийн тогтолцоо ерөөсөө болохгүй байгаа юм. Засаглалын хэлбэр. Гэхдээ намайг энэ нөхөр ерөнхийлөгчийн засаглал гэдэг юмыг хөндөх гэж байна гэж хардсаны хэрэггүй. Ерөнхийдөө манайд Засгийн газрын тэргүүн Сингапурын Ерөнхий сайд шиг зүтгээд, яралзтал ажиллаад явах тэр бололцоо манайд  байхгүй. Ямар ч алт шиг Ерөнхий сайд тавиад одоогийн тогтолцоонд явж чадахгүй. Бүх юмыг авчраад парламент дээр унагачихаж болно. Үндсэндээ өнөөдөр энэ тогтолцоогоор яваад, энэ олон толгойтой байгаад эдийн засгийн амжилтанд хүрч чадахгүй л гэж би үздэг. За яахав, улс төрийн үүднээс нэг хүний захиргаанд орчихгүй яваад байж болоод байна гэж харж болно. Гэхдээ эдийн засгийн амжилтанд хүрч чадахгүй. Үндсэн хууль маань  үүргээ биелүүлчихжээ. Тийм учраас улс төрийн тогтолцоогоо өөрчлөөд үзье. Эсвэл сонгодог парламентын засаглал руу оръё, эсвэл ерөнхийлөгчийн засаглал руу оръё. Тэгэхгүй бол хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм тогтолцоотой байгаад байх юм бол мянган алт шиг Ерөнхий сайд, алт шиг Ерөнхийлөгч сонгоод бид урагшаа ахихгүй. Дороо эргээд л байгаад байна.
-Үндсэн хуулийн эх баригч нар маргаашнаас тань руу дайрч эхлэх байх даа?
-Ойлгож байна. Гэхдээ л зайлшгүй өөрчлөх ёстой. Хэний ч өмнө, хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм тогтолцоог халах хэрэгтэй. 18 жил хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Парламентын гишүүд бүр ч хариуцлага хүлээхгүй. Өнөөдөр хэрвээ парламент хариуцлага хүлээдэг байсан бол “Оюутолгойн гэрээ”-г батлаагүйн төлөө, батлуулаагүйн төлөө энэ парламентын бүх гишүүдээс ял асуух байсан. Энэ үйлдэл чинь монгол орны эдийн засагт ямар хохирол учруулсан бэ гэж ял асууж байх ёстой. Гэвч ял асуух эрх зүйн орчин нь байхгүй. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр, хэн нэгэнд тэр эрх мэдлийг нь хариуцлагатай нь цуг олгохгүйгээр ямар ч дэвшилд хүрч чадахгүй. Амжилтад хүрэхгүй. Энийг бид ойлгох ёстой.
-Гадаа орилж байсан хөдөлгөөнүүд хааччихсан бэ. Бүгдийг нь нухчин дарсан уу. Эсвэл худалдаад авчихав уу. Та юу гэж бодож байна?
-Би тэр улсуудыг огт өөр эрх ашгийн төлөө явж байсан юм байнаа л гэж ойлгож байгаа.
-Нухчин дарсан байж болох уу. Өнөөдөр шоронжсон орон болчихлоо гэх дүгнэлтийг захын иргэн хийж байна. Долдугаар сарын нэгний үймээнд оролцсон иргэдийг яллаж байгаа. Энэ тухайд та ямар бодолтой байгаа вэ?
-Долдугаар сарын нэгний үйл явдал ганцхан МАХН-ын эсрэг явагдсан тэмцэл биш шүү дээ. Нийгэмд бухимдал хуримтлагдсан байж. Тэр нь тэсэрлээ. Тэрэнд нь магадгүй МАХН-ын байр өртсөн байх. Нэг их зохион байгуулалт энэ тэр байгаагүй байх. Сонгуулийн үр дүнгээс ч болоогүй. Хамгийн эмгэнэлтэй үр дүн нь монгол улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоосон, бие биенийхээ өөдөөс буу шагайсан. Хүний амь эрсэдсэн. Үнэхээр харамсдаг. Үнэхээр тэр үймээнийг дэвэргэж, шатаагч шингэнтэй шил шидсэн, галдан шатаасан хүмүүс хуулийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Өршөөлийн хуулийн тухай асуудал явж байгаа. Хууль санаачлагч гишүүд намайг оролцох уу гэж санал тавьсан. Би оролцоогүй. Өршөөхийн тухайд би хүүхэд, эмэгтэйчүүдийг өршөөж болно гэж үзэж байгаа. Түүнээс биш зориудаар галдан шатаах, эд хөрөнгө хулгай хийх үйл ажиллагаа хийсэн хүнийг бол энэ хуулиар далимдуулж өршөөж болохгүй.
-Өршөөнө гэж ярьж байгаа тань өөрөө буруу юм биш үү. Цагаатгалын хууль гэж гарах ёстой гэж олон хүн үздэг?
-Өршөөл л гэж байна.
-Тэгвэл тэр өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд зориулж нөөж байна гэсэн хардлага бас байх юм. Үнэхээр тэр цаг мөчийг хүлээгээд л, хүмүүсийн нулимсыг урсгаад байгаа юм байна уу?
-Би наадахыг чинь зүгээр л хардалт гэж бодож байна.  
-Засгийн газрыг улс төрийн бүлэглэлүүд хүссэн цагтаа л унагаад хаячихдаг. Энэ засгийн газрыг хэр сайн тэсэх бэхэлгээтэй гэж та үздэг вэ?
-Парламентын бүтцийг аваад үзэх юм бол нэлээн сайн бэхэлгээтэй. Гэхдээ ийм хэцүү үед тэгж оролдохгүй биз дээ. Мөнгө ихтэй, юм хийх бололцоотой тэр Засгийн газрыг л хүмүүс их оролддог юм байна. Одоо тэнд очиж лайгаа эдлэе гэх хүн бараг байхгүй байх.
-Танай нам дотор С.Баяраасаа уйдчихсан хэсэг нь далдуур үгсэж байгаа гэх мэдээлэл байна л даа?
-Би дуулаагүй. Мэдрэгдсэн юм алга.
-Томилгоонууд  хэр шударга явагдаж байна вэ?
-Дэд сайдуудын томилгоон дээр сэтгэл дундуур юм байж л байна. Харин төрийн захиргааны том албан тушаалтнуудын хувьд би С.Баяр даргыг зөв шийдэл гаргалаа л гэж харж байгаа. Агентлагийн дарга нар дээр. Сонгон шалгаруулалт хий. Тэгээд гараад ир ээ гэж.
-Наадах чинь бэлэгдлийн л арга. Харин ч бүр цэвэрхэн хийх гэж байгаа, нарийн зохион байгуулалтад орж байгаа хэлбэр биш юм уу?
-Би зөв шийдэл л гэж үзэж байна.
-Хүмүүс ядарч байгаагийн л илрэл байх. Яагаад гэвэл хувийн хэвшил маань сөхөрч эхлээд байна. Үүнээс болоод төрийн алба руу хүмүүс зүтгэцгээж байгаа. Хичнээн бага ч гэсэн цалинтай л байя гэж байх жишээтэй. Тэр ядарсан Дорж, Цэрмаа нар маань танил талгүй болохоор ажилд орж чадахгүй байна. Яаж энэ байдлаас гарах вэ. Уг нь төрийн алба руу зүтгэх энэ үзэгдэл өөрөө гажуудал шүү дээ. Гэвч байдал ийм төрх рүү шилжчихлээ?
-Яг үнэн. Манай орны өөрийнх нь хөгжлөөс шалтгаалаад байгаа юм. Эдийн засгийн хөгжил муутай. Бизнесийн салбар  муу хөгжсөн. Үүнээсээ болоод төр өөрөө том ажил олгогч болчихсон. Бүгд тийшээ зүтгэдэг. Бодлогын л алдаанаас улбаатай гажуудал юм даа. Монголын бүх асуудал  дандаа танил тал, гуйлга түйлгээр дамжиж явагдаж байна. Жишээлбэл, би Улаанбаатар хотын иргэн. УИХ-ын гишүүн хүн.  Энэ хотод хүн яаж газар олж авдаг юм бэ гэдгийг би мэдэхгүй. Дүүрэг дээрээ очоод хэлэх юм бол газар байхгүй л гэх байх. Надад тэгж хэлэх юм чинь долоон буудлын Долгор эмээ ялгаагүй л хад мөргөх байх. Ийм ил тод биш, заавал би газрын албаны дарга руу ярьж, ямар нэгэн арга саам хэрэглэх ёстой байдаг гажиг тогтолцоог л халаасай гэж хүсдэг.  
-Хүмүүс танил талаараа гүйгээд хэд хэдэн зуслангийн газартай болчихсон явж байх юм. Тэгээд яаж нэг зуслангийн газартай болъё доо, танаас асууя гэж бодож байлаа. Гэтэл та өөрөө ч мэдэхгүй сууж байгаа юм байна?
-Би үнэхээр мэдэхгүй байна. Бүх юм мэдэгдэхгүй ийм тодорхой биш байдлаар шийдэгддэг болчихоод байна шүү дээ.
-Танай намынхан л бүх газар, бүх аргал угалз юу байгаа болгоныг янзалчихсан юм биш үү. Таныг яагаад тэр хувиарлалтдаа оруулдаггүй юм бэ?
-Мэдэхгүй. Би хуулийн байгууллагаар нотлогдсон тийм зүйл сонсоогүй байна. Миний тухайд гэвэл би шуналгүй хүн. Мэдэх нэг нь мэдэх байх.    
-Та надад хөрөнгө оруулгын мэдүүлгээ албан бусаар тоймлоод хэлж өгч чадах уу?
-Би унаатай, байртай, хэдэн малтай. Эхнэр маань мэргэжлийнхээ дагуу жижигхэн бизнес эрхэлдэг.
-Гэхдээ арай бид нар шиг утаан дунд амьдардаггүй биз дээ?
-Хөөе, би утаан дунд амьдардаг. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд.
-Өө, уучлаарай. Зайсанд л амьдардаг юм байх гэж бодож байлаа?
-Үгүй л дээ.
-Тэр эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Арвуулаа.
-Аав тань нутаг усандаа нэртэй хүн байсан. Та бүхэнд нэр төрөөс гадна юу үлдээсэн бэ?
-Аав маань дуурсагдах сайхан нэр алдраа үлдээсэн бас өөрийн бий болгосон бүхэл бүтэн адууны угшил үлдсэн. Арван хүүхэд нь бүгдээрээ л энийг нь тойроод амьдарч яваа даа.