I.    ПОПУЛИЗМ

    Дампуурч өгчийнэ. Ерөнхий сайдын таналтын эхлэл гомдмоор хүнийрхүү л байсан болохоос халамж бол ард түмнийг удаан үхүүлдэг хор мөн. Малыг л алж идэтлээ тэжээдэг. Тэжээлгэдэг болохоор мал малаараа л байдаг. Хэд хоногийн өмнө манай Д.Ганхуяг гэдэг даргын “Бензиний татвар нэмснээр халамжаа үргэлжлүүлэх боломжтой боллоо” гэсэн агуу ярилцлага гарлаа. Монголчууд малыг өвсөөр тэжээж ирснээс биш ингэж гуяных нь махнаас огтолж аманд нь хийдэг маньяк байгаагүй юм шүү. Бинзээний үнэ нэмэгдэхэд янхан хүртэл үнээ нэмдэг хорвоо шүү даргаа. Дарга нар маань монголчуудад халамж гэдэг тэжээл тавьж өгөнгүүтээ “хэдэн малынхаа буянд сайхан л амьдарчийнэ” гэж ярьдаг байх.
   
    Монголд коммунизм ялсангүй, капитализм ч ялсангүй, ардчилал бүр ялаагүй төдийгүй ялагдаад ууршиж байна. Харин популизм ялсан. Популистууд нэг талдаа ядуурал, гуйланчлал, дампуурлын тэмдэгтэй, нөгөө талдаа өөрснийхөө инээмсэглэсэн зурагтай ялгуусан тугаа өргөж чадлаа. Гэвч ард түмэн тэдэнд л алга ташиж, засгийн газраа зүхсээр л. Энэ үед засаг хамгийн хүчтэй, ядаж л тийм сэтгэгдэл төрүүлмээр юм. Хажууханд л гэхэд Орост рубль шалдаа бууж байхад Путиний нэр зөрөөд өсч байх юм. Гэтэл манай засаг өдөр ирэх бүр улам үхээнц харагдсаар. Одоо Хятадаас өөр наашаа хардаг улс орон гэж байхгүй. Нэр нүүрээ барсан.

Засгийн үхээнц байдлын оргил нь (оргил нь байгаасай) санал асуулга болов. Ажилтандаа, “зуун айлаас тоосго аваад ирнэ үү” гэсэн үүрэг өгтөл нөгөөх нь “намайг зуун айл руу явуулмаар байгаа бол 1-ийг, тэндээс буцааж ирүүлмээр байгаа бол 2-ыг сонгоно уу” гэсэн мсж ирүүлэхтэй адил, утга учиргүй, хөгийн юм боллоо (Энэ мсжийг Румынууд явуулсан байгаасай гэж яасан их хүсэв ).
 Саналаа асуулгаж буй иргэдийн олонхи 1-ийг сонгох юм бол Засаг зардлаа хэмнэхээ болих юм байна. Харин олонхи 2-ыг сонгочих юм бол Засаг уул уурхайгаа явуулахаа байх юм байх. Гэхдээ энэ чухал биш, угаас энэ мсж явуулсан нь өөрөө инээдтэй болохоос биш агуулга ч гэж байхгүй хөгийн эд шүү дээ. Одоо тэгээд битгий л “иргэдийн санал тэнцсэн тул уул уурхайгаа ч явуулж, зардлаа ч хэмнэхээр шийдлээ” гэж нүд рүүгээ гараа хийгээсэй билээ. Үнэхээр аргаа барж, мухардаж байгаа ч гэсэн тэгж харагдахгүй байх юм сан. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглал хүсэгчид гэх мэт засгийг чадамжгүй харагдуулах хүсэлтэй бүлэг улсуудын аманд орчихож байгаан болуу...


    Засаг барьж байгаа, Их хуралд сууж байгаа дарга нараас нэг нь ч уул уухайгаа ингээд ашиглая гэсэн санал хэлж, дэмжиж чадахгүй. Ард түмний дайсан болж ирэх сонгуулиар онхолдоно гэж айж байгаа юм манай шилдэг сэхээтнүүд. Ард түмний дайсан болгохыг нь Уянгаа, Ганбаатар, Эрдэнэчимэг нар гаргууд сайн хийнэ. Аль аль нь таарсан ч таар шуудайнууд. Тэгсэн хэрнээ Монголын байгалийг жинхэнэ хуйхалж байгаа алтны нинжа нарын тухай ганц үсэг амнаасаа унагахгүй. 
   
    Популистууд бүхнийг зогсоосон. Гэхдээ тэд хэзээ ч буруутдаггүй. Хөөрхий тэр үед засаг барьж байсан хэд л хараал зүхлийн бай болно. Популистууд тэднийгээ дэвслэн эх орондоо хайртайгаа харуулсаар, гялалзсаар л байна. Тэд улстөрд амьдрах насаа уртасгаж чадлаа ч түүхэнд үлдэх нэр чинь харин дорхноо мартагдах вий. Эсвэл мартахгүй байж магадгүй, ирээдүй хойч маань зүхэж харуусах тул. Харин улстөр хийж байгаа цагтаа хараалгахаас айгаагүй, үр дүн нь магадгүй 10, 20, 50, 100 жилийн дараа л илрэх зоригт шийдвэр гаргасан хүн л түүхэнд үлдэнэ. Тийм хүн байх нь байгаа биз эрхбиш.
   
    Тэд одоо зогсоож, ухрааж дуусгасан. Тэгээд зогсохгүй амь тавих шахсан улсдаа хэдэн төгрөг олохын тулд юу руу гар дүрж байна гээч. Үүний тод жишээ архины хууль боллоо. Тараншааны ирмэгээр амьдардаг ч гэсэн хэл амгүй өөрийгөө аваад явчихдаг мухлагийн эздийг Засаг маань нясалж унагах гэж байна. Энэ биелж магадгүй, учир нь популизм дээр гарч ирсэн хуулийн төсөл учраас. “Улсаа архидалтаас салгая. Танай нөхрийн уух архийг л хураагаад авчихъя....”. Ямар амархан, ямар хүнлэг сонсогдож байна вэ? Гэвч дэлхийн олон улс орон яг энэ зүйлийг туулж гарсан бөгөөд тохиолдол болгондоо архидалтыг улам гааруулж ядуурал, гэмт хэргийг цэцэглүүлсэн  гашуун баримт үлдээж байж. Гэвч энэ бүхэн Эрдэнэчимэг нарт огт хамаагүй гагцхүү ойрын хэдхэн жилийн улстөрийн нэр хүнд л чухал аж. Харин эрх баригчдад мухлагуудыг хаагаад оронд нь гаргах хууль журам нэлээн хөөрхөн орлогын эх үүсвэр болж харагдаад байгаа бололтой. Үүнийг дор хамтдаа харцгаая.

Дашрамд би архийг хориглож хэрхэвч болохгүй гэсэн үзлийг хэрэглэгч болсон цагаасаа баримталж ирсэн. Үсэг нийлүүлэн интернэтэд бичдэг болсон цагаасаа энэ тухай бичиж эхэлсэн билээ, олон жил болж байна.


II.    АРХИНЫ ХУУЛЬ

    Нүүрээ дараа л өмнөх зовлонгоо харахгүй болж жаргана гэж боддог гэнэн, дээрээс нь адайр нэгэн гишүүн эмэгтэй манайд бий. Эрдэнэчимэг эгч бол архийг зарахаа болиод л хүмүүс уухаа байчихна гэж боддог “охин”. Охид л үнсэлцээд жирэмсэн болчллоо гэж нойроо бардаг сан.
   
    Найман нэрийн бяцхан мухлагууд алга болж оронд нь хэдэн дарга нарын мөнгөний эх үүсвэр бий болно. Улсаа хямраачихаад, мөнгө олох аргаа нэмэгдүүлэхдээ мухлагийн эздийн цусыг сорох аргыг бодож олжээ. Ил яваа хуулийн төслөөс том үйлдвэр, том дэлгүүр ба дарга нарыг л хөлжүүлэх гэсэн хоёргүй илэрхий ийм л утга уншигдаж байна. Жижиг дэлгүүр эрхлэгч үй олон хүн “төрийн  халамжинд” очих бололтой. Иргэд болон бусад институтийн саналаар архи зарах цэгт зөвшөөрөл олгох юм бол тэр сайхан цэлгэр дэлгүүрийн оронд хэн умайсан амбаарт санал өхөв дээ. Тэртэй тэргүй дампуурлаа зарлангаа алдаж гэж байгаа улсын үхлийг нь түргэтгэх гэж яараад байна уу даа.
   
Хэрэглэгчийн өнцгөөс харан хэдхэн заалт дээр тогтож ярий.

    Хуулийн 4-р бүлгийн 17.1-д согтууруулах ундаа худалдах, үйлчлэх эрхийг 2 жил тутам цуцлаж шинээр олгох тухай зааж. Тэр эрх олгогч бол ёстой тэнгэрийн умдаг атгасан албин болох нь. Хоёр жил тутам зөвшөөрөл өгөх, сунгахын тулд авилгал авна. Дарга нарын авч байгаа авилгалын төгрөг болгоныг жирийн иргэн бид кармаанаасаа төлдөг юм.
Мөн энэ албан тушаал учиргүй үнэд орох байх. Сонгуулиар ялсан нам Эрдэнэт рүү хамгийн түрүүнд дайрдаг шиг бас нэг үнэ бүхий зүйлтэй болжээ. Хуваах бялуу, хамаатандаа гуйх сандал ширээний тоо өдий төдийгөөр огцом нэмэгдэх нь. Алгаа үрэхгүй яахын бэ.
-Дампуурсан дэлгүүрийнхэн яах вэ?
-Хэн мэддэг юм, тэртэй тэргүй халамж өгч байгаашд. Малч удамтай дарга нар хэдэн малаа л өсгөж байна.

    4-р бүлгийн 17.2-т тэр зөвшөөрлийг нь дуудлага худалдааны зарчмаар шийднэ гэж. Авах мөнгөө нэмэгдүүлэх гойд арга. Төр авбал бид өгдөг. Тэд ихийг авахаар шийдэж. Бид ихийг өгөх нь. 

    Мөн бүлгийн 17.7-д Зөвшөөрлийг хүчингүй болгосон аж ахуйн нэгжийн байршил дээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд болон түүнтэй хамаарал бүхий этгээдэд дахин зөвшөөрөл олгохгүй гэжээ. Хүнийг эцсийн цусаа шавхан амьд үлдэх байдал руу оруулж байна. Цусаа шавхах ч байх. Зөвшөөрөл өгөгчид нь бүр бирд боллоо.

    Мөн бүлгийн 20.2-д Согтууруулах ундаа дагнан худалдах цэг, түүгээр үйлчилгээ эрхлэх газрын тоо, төрлийн талаарх жишиг нормативыг тухайн орон нутгийн хүн амын тоо....-г харгалзан ... төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэсэн. За энэ нөгөө найман нэрийн дэлгүүрийнхэн хөөрхий. Нэг дөрвөлжин кордоон дээр тамхи, бохь тавиад ширхэглэдгийн дараагийн нэгж нь энэ дэлгүүрүүд. Энэ нормативаар бол асар олон дэлгүүр дампуурна. Тэд бүгд зээлтэй. Төдий тооны өрх, иргэд ажилгүй болох төдийгүй барьцаанд тавьсан орон байр, хашаа башингаасаа хагацна. Архидалтыг ихэсгэдэг гол хүчин зүйл бол ажилгүйдэл! Архидалтыг архидаад байгаа хүнийг нь соёлжуулах замаар багасгахаас өөр ямар ч зам байхгүйг дэлхийн түүх нотолдог.    

    Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр 5-р бүлгийн 25.1.4 –т төрийн ёслолын үйл ажиллагаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хорьжээ. Энэ одоо нэг хэрэг хийсэн хүүхдийг буланд цааш нь харуулж зогсоодог шиг санагдаж байна уу. Төрийн зарим үйл ажиллагаа, уулзалт хэлэлцээрийн дараа хундага өргөдөг олон улсын ёс жаяг байдаг биз дээ. Гадаадын зочдын дунд сүүнд дургүй хүн байвал яах юм? Эсвэл манай дарга нар согтчоод балайтаад байдийн болуу арга хэмжээн дээр?

    Мөн эгдүү хүргэсэн хөөрхөн заалт байна бас. Тухайлбал 25.1.1-д согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг согтууруулах ундаагаар шахаж согтоох-ыг тас хорьж. Хэтрүүлэн хэрэглэхийг хэн хянаж, хэрхэн хориглох вэ? Мөн яахыг шахах гэх вэ? Ямар ямар үг хэллэг, үйлдэл, эд зүйлс ашиглан уулгасан бол шахсанд тооцох вэ? Шахсан гэж гүтгэвэл яах вэ? Аль хууль заалтаар шийдэх вэ?

    За мөн хууль санаачлагчид маань өөрөө өөртэйгээ зөрчилддөг хүмүүс болох нь хоёр газар батлагдаж байна. Эхнийх нь 26.2-р зүйлээр илэрсэн. Энэ зүйлд ...хүн амд согтууруулах ундааны хор уршгийг ойлгуулан таниулах, соён гэгээрүүлэх... гэхчлэнгийн юмс багтаж байгаа юм. Тэртэй тэргүй архий нь алга болгоод л уухаа больчих хүмүүст юугаа үглэх гээ юм бол? :)

Дараагийнх нь 31 дүгээр зүйл. Энд Архидан согтуурахтай тэмцэх сан байгуулах тухай орж. Уг нь тэмцлийнхээ обьектийг тодорхой зарласан улсууд сан. Энд “Архитай тэмцэх сан” гэх гээд бичгийн алдаа гарсан байх :)

    Бас 28 дугаар зүйлд Согтууруулах ундааны сурталчилгааг хориглох заалтууд дүүргэжээ.  Архийг уг нь аль нь найдвартай, аль нь хулхи гэдгийг мэдмээр байгаан. Тэгсэн зар сурталчилгааг нь тас хориод таглацан. Цаг, давтамж, байршил зэргийн хязгаартайгаар зар сурталчилгаа явуулдаг болчуул сонголт хийхэд амар байх сан.
   
Талархах зарим заалт байнаа. Тухайлбал жуулчид явдаг газар цагийн хязгааргүй үйлчлэх, мөн орон сууцны бус газар ажилладаг клуб, карокенууд 04 цаг хүртэл ажиллах гэх мэт. Ингэмээр дээ, сая давсан хүн амтай, олны хөлийн газар болсон Нийслэл хот гэчээд 12 өнгөрөнгүүт дүмбийчдэг Үнсгэлжингийн хотоос ичиж байна шд.

БАС БУС...

    Нийгмийн бодлогын байнгын хороонд манай улсын урдаа барьдаг популист улстөрчид, хөгжлийн тушаа болсон эболагийн вирусууд, худлаа шаагчид саналаараа шахцалдан орсон байдгийг хэлүүлэх юун. Монголын поп оддын чуулга юм даа.

    Нэгэн нийтлэлч ийнхүү жиргэжээ: “...гэхдээ би ч оюутан байхдаа бусдын адил орцонд архи ууж, шээдэг байсан. Аргод итгэдэг байсан, С.Ганбаатарыг мундаг хүн гэж боддог байсан...”.  Харин одоо энэ залуу засарч төлөв томоотой эр болсныг би мэднэ.