Эр хүн ам өгч байна, орхивол яасан юм
УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлаж, зардлыг баталлаа.
Парламентад суудалтай намууд дотор Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ сойх тухай асуудал албан бус байдлаар хэдийнэ яригдаад эхэлжээ. Ялангуяа Ардчилсан нам дотор “Би 45-тай” гэж цээжээ дэлдэж, ганцаараа инээсэн сайн дурын уран сайханчид олширч байгаа талаар улс төрийн хүрээнийхэн өөр хоорондоо ярьцгааж байна. Ажиглагчид тус нам дотор ерөнхийлөгчид нэр дэвших бололцоотой хэд хэдэн кадр байгааг түрүүчээсээ нэрлэж байгаа. Тэдний нэрсийг намын экс дарга, УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн буурал Э.Бат-Үүл нар тэргүүлж байгаа бол хүмүүс цаанаас нь Р.Амаржаргал яагаад болохгүй гэж гэсэн үгүйсгэшгүй саналыг ч нэмэрлэж байх жишээтэй. За, тэгээд хов живэнд ичих нүүр байх биш Г.Батхүүг санаатай байгаа, намын дарга Н.Алтанхуягийг “Би 45 хүрчихсэн ш дээ гэж ярьсан” гээд л элдвийн үнэмшихэд хэцүү ярианууд хотоор нисч байна.
Тэгвэл ах нам дотор энэ талын ярианууд харьцангуй хашир, гадагшаа салхи авахуулалгүй сэм явагдаж байгаа.
Эдний сонгодог хувилбар одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр. Гэвч сүүлийн үед С.Баяр дэвшинээ гэсэн хар хүчээ авч байна. Энэ сонин хардлага Ерөнхий сайд С.Баярыг манай сонинд ярилцлага өгч, “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ” гэж мэдэгдсэний дараа эрчээ авсан нь анхаарал татдаг. Яагаад тэр вэ. Хүн өөрийнхөө амаар, сэтгүүлчийн өмнөх дуу хураагуурын хальсанд, олон түмэнд хандаж мэдэгдээд байхад сөргүүлээд л “Наадах чинь жүжиг. Яг дэвшинэ, худлаа шүү” гээд байгаагийн учрыг олохгүй юм. С.Баяр тийм олон удаа олон нийтийг молгидсон гэж үү. Яагаад түүнийг нисэхгүй ээ, гээд байхад нь нис нис гээд шаардаад ч байгаа юм шиг, шордоод ч байгаа юм шиг ингээд байгаа хэрэг вэ. Энэний учрыг тайлах гэж багагүй асууж сурлаа. Түүний аманд итгэхгүй байгаагийн шалтгаан улс төрийн өөрийнх нь хүрээнээс эхтэй юм байна. Албан бус дам мэдээллээр бол мань хүн намынхаа XXV дугаар их хурлын өмнө намын даргад өрсөлдөхгүй гэсэн байр сууриа нэг биш удаа илэрхийлж байжээ. Тодорхой хэсэг лидерүүдийн уулзалт дээр ч, бодитой өрсөлдөх нь тодорхой байсан тухайн үеийн намын дарга М.Энхболдод ч дээрх үгээ хэлж байсан гэх. Бүр намын их хурал хуралдахаас долоо хоногийн өмнө хүртэл М.Энхболд ойр дотныхондоо “С.Баярыг битгий хоосон хард. Тэр дэвшихгүй гэсэн” гэж гэнэн цайлганаар хэлж байсан талаар олон эх сурвалж батлах юм. Гэвч эцсийн шатанд юу боллоо. Тэр дэвшсэн. Өрсөлдсөн. Өрсөлдөөд ялсан. Ялангуутаа “Би Ерөнхий сайдаа авъя аа” гэж шулуухан хэлсэн. Энэ үйл явдлаас улбаалж өнөөгийн Ерөнхий сайдыг “Дэвшихгүй гэж хэлж байгаад л хамгийн сүүлчийн мөчид журмын нөхөд маань хийгээд олон түмэн намайг дэвш гэж үзэж байгаа юм байнаа. Тийм учраас би тэднийхээ өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж мэдэгдчихээд үзчихэж чадах хүн гэж үзээд байгаа юм байна. Түүнийг ийн хардаж, тэрийгээ тулгаж, тэрэн дээрээ ургуулан бодож завсар зайгүй балбаж байгаа нөхдүүдийн итгэл үнэмшлээ болгоод байгаа зүйл ердөө л дээрх гаргалгаа нь юм байна.
Аргаа барсан Ерөнхий сайд “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй ээ” гэсэн мөнөөх үгээ монголын зохиолчдын эвлэлийн ойн үеэр ахин амнаасаа унагажээ. Хүнийг ийм байдалд бид оруулж болохгүй санагдаж байна. Зүгээр л ажлыг нь хийлгэе л дээ. Яагаад заавал Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчтэй хагаралдуулж болзошгүй ийм чулууг тэдний завсар шидээд байгаа юм бэ.
Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ахин нэр дэвшээд, гарцаагүй ялалт байгуулж чадах кандидат гэдэгтэй хэн ч маргахгүй. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ахин нэр дэвшээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа улиран сонгогдож байсан. Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди ч мөн адил. Эдүгээн Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэр хоёроос юугаараа ч дутуу биш. Тэр нэр дэвшиж, ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдоход болохгүй юм юу ч байхгүй. Түүнд нийгмийн дэмжлэг байна. Улс төрийн дэмжлэг ч хангалттай. Харин түүнтэй Ардчилсан намаас хэн өрсөлдөх, МАХН-ын бага хурал дээр хэн хэнийг өрсөлдүүлж тоглох, шоглох хоёр нь л сонин. Ажиглагчдын дунд сүүлийн үед тархаж буй нэг жигтэй мэдээлэл бол Ц.Элбэгдорж Н.Энхбаяр хоёрыг тун дажгүй найрамдсан, тэрнийх нь илрэл өглөө бүхэн улс төр сонирхогчдод “уншигдаж” байгаа гэх яриа юм. Гэхдээ энэ тийм ч сүр сар гээд итгэчих үлгэр бас биш л дээ. Учир нь тэд нэг нэгнийгээ өвтгөсөн бэлгийг бие биедээ марташгүй өгөлцөж авалцаж явсан улс. Түр зуурын гэдгээ өөрсдөө ч мэдэж байгаа. Тус тусын бүлэглэлүүд нь ч “одоо яах бол” гэж түгшин анирлацгааж байгаа нь нууц биш. Нөгөө талд Э.Бат-Үүл, С.Баяр гэсэн блок нэгссэн гэх яриа мөн л эрчтэй тарж байна. Тэднийг энэ талын эрх ашиг дээр хэн холбож байгаа нь ч тодорхой. Тэр дамжуулагч станцгүйгээр ч мань хоёр эртний харилцаатай. Хэрэлдэж хэлцэж, тэмцэж талцаж явсан ч дөчин мянгатын гудамжнаас угшилтай хар багын үүх түүх бий шүү дээ.
МАХН-ын бага хурал дээр харин Н.Багабанди, Ч.Улаан, Ц.Нямдорж, Б.Даш-ёндон гэсэн нөхдүүдийн нэр яригдаж болзошгүй. Эдэн дотроос Н.Багабанди, Ч.Улаан хоёрын цээжинд хатуу бодол байх магадлалтай. Ц.Нямдорж бол хэн нэгний хатгаасаар ийм юманд орох хүн биш. Айсуй Ерөнхийлөгчийн сонгууль угтаж ийм нэгэн тайлбар өгүүлэл тэрлэлээ. Уншигч авхай таныхтай санал нийлэхгүй ч байж мэднэ.
Нийтлэлийнхээ төгсгөлд харин нэг үгийг хэлмээр байна. С.Баяр “Нэр дэвшихгүй” гэж монголын олон нийтэд хандаж хоёртоо мэдэгдлээ. Энэ чинь эр хүний ам юм биш үү. Тэгэхээр түүнийг тайван ажиллуулъя л даа гэж. Өнөөгийн Засгийн газрыг захын иргэн л “дэндүү удаан байна, юу ч хийхгүй нь” гэсэн гутранги үгээр баалж байна шүү дээ.
power
power
power
power
power
power
power
power
power