Бид Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тавьсан ч үнэн хэрэгтээ сүүлийн 30 жилд намын соёлт нийгэм байгуулж орхив. Энэ бол анх тавьсан зорилгоосоо илтэд гажсан гэсэн үг. Өнөөдөр намын бодлого, шийдвэр  хамгаас хүчтэй, ямар ч асуудлыг намын ашиг сонирхлын үүднээс хүч түрэмгийлэн шийдвэрлэдэг зарчим нэгэнт баттай тогтжээ. Түүхийн сурах бичгээс эхийн эрхт ёсны үе, эцгийн эрхт ёс гэж уншиж байсан байх, үүнтэй яг адил манай өнөөгийн нийгэм бол үнэн хэрэгтээ намын эрхт ёсны нийгэм юм. Бидний хүсэн мөрөөдөж байсан эрх зүйт ёс маань намын эрхт ёсоор солигджээ. Өнөөдөр МАН 100 жилийн ой, Ардчилсан нам ч 30 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна, энэ нь үнэн хэрэгтээ 1921 оноос хойш Монголд нэг намын тогтолцоо үүсч хөгжсөний 100 жилийн ой болно. Нөгөө талаар төрийг засаглах намын эрхт ёсны 100 жил юм. Монголчууд социализмын 70 жил, ардчиллын 30 жилд намын эрхшээлд байсан, одоо ч хэвээр байгаа нь үнэн юм. 

Дэлхийд анх социалист хувьсгал хийсэн Зөвлөлтийн коммунист намыг ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин 1991 онд зарлиг гаргаж, уг намын өмчийг төрийн мэдэлд шилжүүлж, коммунист намыг тарааж, Орос улсад коммунист намыг хориглосон байдаг. Харин Монгол улс коммунист намаа тараасангүй, хориглосонгүй.

Монголд сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намд төрийн  хэрэгт “орохгүй”, “мэдэхгүй” зүйл байх­гүй болж, төрийн эрх мэд­лийг булаацалдаж, төрийн дээр нам гарч суугаад 1990 оноос хойш 30 жил болж байна. Намаас төрийн олон хэрэгт “хошуу дүрдэг” болсноор Монголын төр “най­рын ширээний ууц” шиг л болжээ. Уг нь бид 1960 оны Үндсэн хуульд заасан “МАХН нь нийгэм, төрийг чиг­лүүлэгч, жолоодогч байна” гэсэн коммунист аргыг халж, тө­рийн эрх мэдэл ард түмний гарт байх ардчилсан зарчмыг 1992 оноос эхлэн сон­гож ирсэн түүхтэй. Гэтэл ардчиллын 30 жилийн ихэнх хугацаанд хуучин коммунист нам нийгэм, төрийг жолоодох үүргийг гүйцэтгэж ирсэн нь сонирхолтой. Социализмын үеийн нэг намын тогтолцооны оюун санааны өв ардчилсан нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Нам нь амбицтай, түрэмгий, улс төр, эдийн засгийн эрх мэдлийг ямар ч үнээр хамаагүй олж авах, хадгалах, оршин тогтнохын төлөө  программчлагдсан аж. Намын эрхт ёс тогтсон үед төр, түүний механизм, шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллага бүхэлдээ намын эрхшээлд байдаг онцлоготой.  Нам, төрийн хүчний харилцаа алдагдаж, төрийг нам удирдаж, намын өмнө төр хүчгүйдэн суларч буй. Нийгмийн баялаг орлого, эрх мэдлийн хувиарлалтыг нам шийдвэрлэнэ, ашиг орлого, үр шимийг ахиу хүртэгчид нь намын эрх мэдэлтэн бөгөөд шударга ёс алга болж, нийгэмд эрх баригч намд ая тал засах, зусардах явдал их болж намч ёс, үзэл хандлага цэцэглэн хөгжиж, нийгмийн эрүү саруул, жам ёсны урсгал хөгжлийг боймилж байна. Намч үзэл бол улс төрөөр амьдралаа залгуулах үзэгдэл болой.

Улс төрийн намын дарга, түү­ний тойрон хүрээлэгчид парламентын сон­гуулиар сонгогдсон шинэ хү­мүүст төрийн эрх мэдлийг бүрэн алд­­чихгүй нь тулд нам дээр эрх мэдлийг төвлөрүүлдэг, намаар далайлган дарамталдаг, нэр дэвших эрхээр нь барьцаалдаг, төрийн эрх мэдлийг намаар дамжуулан барьдаг коммунист намын ар­га барилыг өнөөдрийг хүртэл чадмаг ашиглаж байна. Намын эрхт ёс гэдэг намын зүй бус дарангуйлал. Үүний үр дүнд Монголын төр нь улс төрийн намын дагуул болоод явж  буй. Намын эрхт ёс бол нам өөрийгөө "төр", "улсын эзэн" гэж ойлгодог эндүүрэл, улс орны "дээд эрх"-ийг баригч үздэг сэтгэхүй. Уг нь бол нам нь иргэний нийгмийн нэг гишүүн юм. Төрийг сул дорой болгож орхисон гол буруутан бол нам юм. Гэхдээ сул дорой бүргэд сайн дураараа тахиа болдог гэсэн үг ч төрд бас хамаатай. 

Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд ард түмний нийтлэг эрх, ашиг сонирхлын төлөө ажиллах, ард түмнээс ол­госон эрх мэдлээ эдлэх ёстой байтал нэн тэргүүнд намын эрх ашиг, бодлого, шийдвэрийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй болж хувирсан. Бодит байдал дээр нам гэдэг байгууллага төрийг удирдаж байгаа нь Үндсэн хуулийн бус үйлдэл бөгөөд төр цаашид өөрөө өөрийгөө удир­даж чадах эсэх нь тун эргэл­зээтэй. 

Улс төрийн нам сонгуульд ялалт байгуулсаны дараа парламентад намын бүл­гээ байгуулж өгөөд түүнээс цааш төрийн аливаа хэрэгт хөнд­лөнгөөс оролцох эрхгүй, олон нийтийн байгууллага тул төрөөс тусдаа байх учиртай. Улс төрийн нам бол төрийн институт биш учир төрийн аливаа хэрэгт хошуу дүрэх ёсгүй, төрд намыг төлөөлөх байгууллага бол УИХ дахь на­мын бүлэг. Гэтэл нам нь тө­рийн хэрэгт хөндлөнгөөс шууд болон шууд бусаар оролцож төрийг хям­руулах, хүчгүйдүүлэх, тө­рийн эрх мэдлийг намд төв­лө­рүүлэх эх үндсийг тариад байна. Нам нь төрийн асуудлыг шийддэг болсноор УИХ дахь намын бүлэг завсрын, хавсрага шинжтэй болов. УИХ дахь улс төрийн намын бүлэг нь намын удирдах зөвлөлийн  шийдвэрээ хүлээгээд суудаг болжээ.

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэж­лийн Зас­гийн газрын гишүүд, сайд на­рын томилгооны асуудал хэ­лэл­­цэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “… зарим сайдыг на­мын­хаа нэр хүндийг баран байж дэмжиж байгаа шүү. Энэ бол гашуун боловч үнэн үг”, мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэгдэхгүй бод­логоор тулган дэвшсэн эдгээр сай­дуу­дыг нэг бүрчлэн бүлгийн хуралдаанд нууцаар санал ху­раах ёстой” гэх зэргээр үзэл бод­лоо илэрхийлсэн нь бодит байдал дээр нам ард түмнээс сон­гогдсон гишүүдэд төр ба­рих эрхийг нь өгөхгүй, ха­рин уг эрхийг нь “дарж суу­чихаад” байгааг харуулж бай­сан юм. Энэ нь намын шууд удирд­лагатай Засаг төр бий болж,  ард түмнээс сонгогдсон гишүүд төрөө удирдаж чадахгүй, тө­рийн зовлон нь нам болж хувир­саныг илтгэнэ. Өнөөдөр нам бол төрөөс, хуулиас ч илүү хүчтэй бөгөөд асуудлыг хүч түрэмгийлэн шийдэх араншинтай.

Ер нь намын эрх мэдэл, оролцоо хэрээс хэтэрсэн гэхэд болно. Бид сүүлийн 30 жилд намын эрх мэдлийн түрэмгийлэл, шуналын үр дагаварыг амсаж явна. Өнөө­дөр төрийн хэргийг тооцоо судалгаагүй, улс төрийн ашиг хонжоо, сэтгэл хөдлөл, сонгуульд зориулж намын сонирхол, үзэмжээр шийдэх явдал газар авсан. 

Улс төрийн нам хялбар аргаар мөнгө олох, иргэдийн саналыг худалдан авах гол хэрэгсэл болсон, улс төрийн намын мөнгө, эрх мэдлийн төлөө шунасан энэ үйлдэл, түрэмгийлэл нь сонгуулиас сонгуульд байнга дав­тагдаж, ил, далд хэлбэрээр улам урхагшиж газар авч байгаа, тогт­вортой оршиж буй бодит үзэгдэл. Монгол дахь хамгийн баян, мөнгөтэй этгээд бол эрх баригч нам бөгөөд тэр бол төрийн сангийн “нярав” юм. Улс төрийн намын үзэмж сонирхол дор төрийн хөрөнгө мөнгө, хөрөнгө оруулалт үр ашиггүй урсаж байгаа нь нууц биш. Нам өөрөө мөнгөнд дуртай, тийм учраас улс төрийн сонгууль нь мөнгөний уралдаан болж, авлига, албан тушаалын гэмт хэргийн хийгээд хор найруулагч, хутган үймүүлэгчдийн үүр уурхай нь нам өөрөө болчихоод байна. Улс төрд мөнгө бол эхийн цагаан сүү мэт хэрэгтэй гэсэн зарчим үйлчилж буй.

Нам, төрийн эрх мэдэл хутгалдсанаас болж төрийн албан хаагчид нь намын удирдлага, төрийн удирдлага гэсэн хос удирдлагатай болж, төрийн албаны захирах, захирагдах зарчим, мэргэшсэн, тогтвортой байдал үгүй болов. Сайдыгаа намын даргад нь ховлож зайлуулсан тохиолдол цөөнгүй. Төрийн албаны хүний нөөцийн ажлыг улс төрийн нам гүйцэтгээд удаж байна. Улс төрийн нам  үнэн хэрэгтээ төрийн албаны ажилд зуучлах “товчоо” болсон.

Ардчилсан нийгэмд Монгол Улс шилжсэн үеэс хойш хамгийн бага ши­нэч­лэлт, өөрчлөлт явагдсан, ний­гэмд өөрчлөлт шинэчлэлийн хурдаараа сүүл мушгаж байгаа инс­титут бол улс төрийн нам юм. Намын шинэчлэл бол зөв­хөн намын асуудал биш, улс төрийн тогтолцооны ши­нэч­лэлийн үндэс гэж ойлгож болно. Намын эрхт ёс тогтсон, нэг намын тогтолцоотой улс оронд төрийн эрхийг ард түмэн биш, улс төрийн нам барьж байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ: Ер нь Монголын улс төр дампуурч байна. Улс төрийн бохир технологи эрхэлдэг хүмүүс юу ч хийхээс буцахгүй, ямар ч гүтгэлэг явуулахаас буцахгүй байдалд хүрч байна, манай улс төрийн технологи үнэхээр болохгүй болжээ. Монгол төрийн эрх мэдлийн төлөө ямар ч бохир арга хэрэглэхээс буцахгүй болжээ. Энэ бол улс төрийн хувьд аюултай байдал бий болсоны шинж. Зарчмын хувьд МАН-ыг тараах тухай шийдвэр бол  Монголын улс төрд тодорхой байр суурь эзэлж буй бүх намд хамаатай. Монгол оронд улс төрийн намууд мафи маягийн бүлэглэлүүд боллоо. Нам дамжсан олгархи бүлэглэлүүдийн дуулгавартай зарц боллоо. Намуудын санхүүжилт шударга бус замаар явж, үүгээр авлигачид намаар дөрөөлж төрд орж байна гэдгийг би ярьсаар 10 гаруй жил болж байна. Энэ талаас бодоход Монголын улс төрийн намуудыг цэвэрлэх цаг аль хэдийн болсон. Ер нь улс төрийн намуудын явуулж байгаа бодлого нь ард түмнийг мунхруулахад чиглэж байгаа, сонгуулиар баахан сайхан амлалт өгдөг, тэгээд сүүлд нь түүнийгээ мартдаг, тэгээд дахиад дараагийнхаа худал хуурамч амлалтыг өгдөг технологи. Энэ нөхцөлд бол улс төрийн намуудын тухай асуудлыг эргэж хараад ер нь бүгдийг тараачихвал яасан юм гэж боддог юм, тэгээд шинэ хууль гаргаад шинэ хуулиар улс төрийнхөө бүтцийг бий болговол Монголын улс төр эрүүлжих байх гэж боддог юм гэж зөв дүгнэж хэлсэн байдаг.

Төрийг намын эрх мэдэл, мөнгөний шунал, хэт оролцоо, нөлөөллөөс салгаж авахгүй бол мэргэшсэн төрийн албан хаагч, тогтвортой бодлого байхгүй, өөрөө өөрийгөө удирдах чадваргүй, сул төр засаг удаан оршин тогтнож чадахгүй юм. Нам бол улс төрийн сон­гуульд нэр дэвшигчдээ дэв­шүүлэн ордог байгууллага бо­­лохоос төрийн эрх мэдлийг ба­рих, төрийг давхар удирдах, төрийг эрхшээгч байгууллага биш. Төрийн эрх мэдлийг сонгуульд орж ард түмнээс сонгогдсон парламентын гишүүд, түүний байгуулсан Засгийн газар хэ­рэг­жүүлэх ёстой. Монголын улс төрд нам, төрийн зохистой ха­рил­цааны  зөв тэнцвэр чу­хал байна. 

Улс төрийн намын эрх мэдэл гажуудан төрийн дээр гарч, улмаар цэрэгжсэн бүтцийг бий болгохыг санаархаж ирэв. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан  "Монгол цэргийн нэгдсэн холбоо" гэх байгууллагын Тэргүүнээр нь сонгогдон ажиллаж байгаа нь маргаан дагуулж буй. Тус холбоонд орон нутаг дахь цэрэг, цагдаа, хүчний байгууллагын одоо ажиллаж байгаа болон чөлөөнд гарсан удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудыг гишүүнээр элсүүлдэг гэсэн мэдээлэл бий. Одоогоор хэдэн гишүүнтэй болох нь ил тод бус. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдаан дээр " ... улс төрийн намын дарга төрийн дээр гарч сууж болдог юм уу, улс орныхоо хувь заяагаар бойктлож болдог юм уу, аймшигтай юм болж байна гадуур, Монгол Улсын Ерөнхий сайд нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл, бослогод уриалаад сууж байна. Энэ Үндсэн хууль зөрчиж байна уу ... УИХ-ын бүрэн эрх, ард түмнээс өгсөн бүрэн эрхэд халдаад сууж байна ... " гэж мэдэгдэж байв.

Монголын нийгэм хувьсан өөрчлөгдөж шинэ үе, давхарга бий болж, ши­нэ хандлага, соёл, хэрэгцээ бий болсоор байхад улс төрийн нам нь эрх мэдэл, мөнгөний шунал, түрэмгийлэлээсээ гарч чадахгүй байгаад олон нийтийн бухимдал их байна. Үүний үр дүнд иргэний нийгэм байгуулах зорилго ч бүдгэрч буй.

Үүнийг ойлгож, засах замыг эрт эх­­лүүлбэл улс төрийн эрүүл орчин бий болж, улс орон, түмэн олны эрх ашигт тустай. Эс бөгөөс энэ байд­лаараа хямрал зөр­чилд дунд бүдэрч явсаар сэхэх аргагүй хямралд гүн нэр­вэгдэнэ. Бид нэг намын тогтолцоо, намын эрхт ёсны дэглэмээсээ салж, олон намын тогтолцоонд бодитой шилжих шаардлагатай.

Цаашид төр, нам хоё­рын зааг, эрх хэмжээг тодор­хой зааглах, намаас төрийн эрх мэдлийн асуудалтай хут­гал­­дахгүй байх эрх зүйн ор­чин, баталгааг бүрдүүлэх, тө­рийг дээш нь татаж цомхон, чад­варлаг болгож товойлгох, на­мын мөнгө, эрх мэдэлд шунасан хүс­лийг нь дарж намсган байранд нь тавих, сонгуулийн зардал, өртгийг бууруулах шаардлагатай тул улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, намын эрхт ёсны нийгмээс иргэний нийгэмд шилжих бодитой алхам хэрэгтэй байна.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх талаар заасан. 

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгох, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан байна.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл оржээ. Эдгээр хуулийн төсөлд ихээхэн ач холбогдол өгөх ёстой юм, төрийг засаглах намын эрхт ёсыг халж, олон намын тогтолцоог хөгжүүлэх бодитой өөрчлөлт, шинэчлэл хийж чадахгүй байх аваас төрийг эрхшээсэн улс төрийн нам улам их хүчийг олж, иргэд бид намын эрхт ёсны нийгэмдээ хувь заяатайгаа эвлэрч амьдрах тавилан хүлээж буй.