Ц.Ивата: Бид Монголын Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд тусгагдсан бүх ажлаа хийх болно
“Дөрвөн улирлын цэцэрлэг” төслийн удирдагч буюу “Суруга монгол” ХХК-ийн ерөнхий захирал ноён Ц.Ивата манай “Ярилцъя” булангийн зочноор оролцож байна.
-Тантай уулзаагүй удсан байна. Манай оронд бүтээн байгуулалт хийж байгааг тань мэднэ. Энэ төслийн явц ямар шатанд явааг уншигчид маань их сонирхож байгаа?
-Хоёр дахь ээлжийн нийтийн орон сууцны барилгаа ашиглалтад оруулаад явж байна. Энэ 12 сардаа багтаад бид энэ барилгаа улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байгаа.
-Манай барилгын зах зээл дээр үнийн их өөрчлөлт гарсан. Энэ асуудал танай явцад нөлөөлж байна уу. “Суруга монгол”-ын гүйцэтгэлийг их удаан гэх шүүмжлэл сонсогддог?
-Ер нь сүүлийн үед дэлхий нийтийн эдийн засгийн хямралаас шалтгаалаад маш олон салбаруудад уналт нэлээн хурц ажиглагдаж байгаа. Нефтийн үнэ өссөнтэй холбогдуулаад барилгын материалын үнэ ханш бас их өсч байгаа. Иймээс бидний үнэнд бага зэрэг өөрчлөлт орох болов уу гэж тооцож байсан. Гэвч дараа жилийн хоёр гуравдугаар сараас эргээд үнэ тогтвортой байдалд орно гэж үзэж байгаа учраас барилгын материалын гол түүхий эдийн маань үнэ ч гэсэн багасах байх аа. Тэр үед бид нэлээн тогтвортой бодит үнэ дээр суурилсан үнийг боловсруулж олон нийтэд зарлах болно. Мөн манай барилгын явцыг удаан гэх шүүмжлэл сонсогддог. Үүнд холбогдох тодорхой хүчин зүйлс багагүй байсан. Бид дараа жилийн хувьд ажлаа маш эрчтэй, хүчтэйгээр үргэлжлүүлэн явуулах болно. Замын асуудал бидний хувьд гол анхаарах зүйл байсан. Энэ ажлуудаа хийж гүйцэтгэж дууслаа. Цаашид ажлын явц нэлээн хурдацтай явагдах болно.
-Чанарын хувьд бол японы 100 хувийн хөрөнгө оруулалттай танай компаны чанарыг хамгийн өндөрт тооцдог. Түрүүчээсээ танай эхний ашиглалтад орсон байрууд дээр тулгуурласан хэрэглэгчдын дүгнэлт их сайн байгаа. Бусад компаниуд шиг барилгаа зах зээлд борлуулах гэж шаналж байгаа байдал танайхаас мэдрэгддэггүй. Борлуулалтаа ямар системээр явуулж байгааг тань сонирхож болох уу?
-Бидний борлуулалт маш амжилттай, сайн явагддаг. Үүний нууц маань анхны оршин суугчид маань амнаас ам дамжуулан харилцдаг хүмүүстээ тайлбарлаж өгдөгт байгаа юм болов уу. Өөрсдийнхөө өдөр тутмын амьдралын ая тух дээр суурилсан манай хэрэглэгчдийн тэр дүгнэлт дараагийн байрнуудын борлуулалтад нөлөө үзүүлж байна гэж бид үздэг. Судлаад үзэхээр эхний оршин суугчдаар маань дамжуулж мэдэж авсан нь дийлэх нь байдаг. Жишээ нь манай с2 барилгад 90 гаруй хувь нь монгол оршин суугчид орсон байгаа. Дараа оны дөрвөн сард борлуулт эхлэх с3 буюу нийтийн орон сууцны гурав дахь ээлжийн барилгын маань захиалга 90 хувьтай явж байна. Хэрэглэгчид бидний барьсан барилгын загвар өрөөг ирж үзэх, өөрийн нүдээр үзэж танилцах, эндэхийн оршин суугчдаас мэдсэний үндсэн дээр захиалгаа өгч байдаг. Тийм болохоор бид борлуулалт дээр нэг их санаа зовдоггүй. Зөвхөн өндөр чанарыг эрхэмлэж ажилладаг.
-Танайх барилгынхаа түүхий эдийг японоос тээвэрлэдэг байсан. Энэ явц удаан байдгаас түрүүчийн миний хэлсэн удаан ашиглалтад ордог гэх шүүмжлэл гардаг болов уу. Бусад компаниуд бүгд л Хятадаас бараагаа татдаг. Танайх энэ тал дээр ямар өөрчлөлт хийсэн бэ?
-Ер нь дэлхий дээр нэг ижил төвшний чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний үнэ ерөнхийдөө хаанаас ч авсан үнийн хувьд онцын ялгаагүй байдаг. Тээвэрлэлтийн хувьд японоос тээвэрлэх, эсвэл тухайн сайн чанарын фирмийн бараа бүтээгдэхүүнийг Шанхайгаас тээвэрлэх хоёр хоорондоо үнийн хувьд бараг ялгаагүй шахам байдаг. Ганцхан хэр хугацаа алдах вэ гэдэг дээр л асуудал байдаг. Тийм учраас бид Хятад улсын алдартай, сайн чанарын бүтээгдэхүүнийг Шанхайн салбараас татах үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь бүх барилгынхаа ханын цаас гэх мэт бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь Японоос оруулж ирдэг. Гэх мэтчилэн Японоос хангалтаа хийдэг бараа материал олон байгаа.
-Танай компани хайрганы үйлдвэр ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр зөвхөн “Суруго монгол”-ын түүхий эдийг гаргаж байна уу, бусад компаниудад ч нийлүүлж байна уу?
-Хайрганы үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнээ бид зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд ашигладаг. Бетондоо болон мөн бетон зуурмагийн үйлдвэрийн түүхий эд болгох зэргээр зөвхөн өөрсдөө ашигладаг.
-Манай оронд сүүлийн хэдэн жил барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Хэрэглэгчдэд маш олон сонголт бий болсон. Танайх дотоод болон гадаад орчин, тохижилтын хувьд бусдаас юугаар давуу зүйлийг манай хэрэглэгчдэд санал болгож байгаа вэ?
-манай давуу тал бетоноосоо авахуулаад төмөр хийц, угсармал хийц хүртэл бүх шатны ажлаа өөрсдөө хийдэг. Жишээ нь хайрганы үйлдвэрээс маш сайн чанарын түүхий эдээ аваад бетон зуурмагынхаа үйлдвэрт бетоноо хийнэ. Тэндээ угсармал хийцээ өөрсдөө цутгана. Тэрийгээ талбай дээрээ авчирч угсрахдаа талбайн хаана хаана тэр угсармал хийц, хана, багана маань байрлах вэ гэдэг маань бүгд кодтой, жагсаалттай, нэртэй, хаягтайгаа яг үйлдвэрээсээ зөөгдөж ирээд угсрагддаг. Хэрэглэгчиддээ чанарын өндөр төвшний барилга хүлээлгэж өгөхийн тулд бид бүх дамжлагаа өөрсдийн гараар хийхийг зорьж ажилладаг нь бидний бас нэг онцлог байгаа. Жишээ нь дотор заслын хувьд авч үзье. Наана нь өнгөлгөөгөө хийгээд, обойгоо наагаад сайхан засчихсан байхад цаана нь чухам юу байгаа нь хүний нүдэнд харагдахгүй. Бид бол цаадах далд ажлаа ч гэсэн ил ажил шигээ маш сайхан, чанарын өндөр төвшинд гүйцэтгэхийг зорьж ажилладаг. Энэ бол заавал тавигдах ёстой шаардлага. Бид энэ тал дээр маш их анхаарж ажилладаг. Мөн интерерийн хувьд гэх юм бол захиалагчдынхаа оруулсан санал дээр тулгуурлаж ажилладаг. С1 буюу эхний ээлжийн барилга дээрээ бид япон маягийн хэв маягийг голчилж анхаарсан бол одоо гурав дах ээлжийн барилгаас европ маягийн хэв загварыг оруулж ирж байна. Ер нь хэрэглэгчид юу хүснэ. Бид түүнийг нь гүйцэтгэнэ.
-Саяхан манай Ерөнхий сайд олон нийтэд хандаж үг хэлсэн. Тэрэндээ гадаадын хөрөнгө оруулагчидтай харьцах бидний харилцаанд бас өөрчлөлт орж эхэлж байна гэсэн үг унагаж байна лээ. Бид дотооддоо энэ талаар багагүй шүүмжлэл өрнүүлдэг. Засгийн газартай олон жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байсан гадны хөрөнгө оруулагчид итгэл алдарч, улс төрийн төвөгтэй байдлуудаас залхан гарч явцгааж байна гэх мэтээр. Танай компанийн манай засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орсон уу. Энэ тал дээр танд төрж байгаа ямар нэгэн эмзэглэл байна уу?
-Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчдын талаар монголд нэлээн өөрчлөлт ороод байгаа. Саналаа татаж авч байгаа гадаадын компаниудын талаар маш олон зүйлийг сонссон. Энд хамгийн гол асуудал хууль эрх зүйн орчин юм. Хууль эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлж өгөх ёстой. Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдад өөрсдийнх нь байр суурь гэж бас байгаа. Монгол улсын өөрийн байр суурь мөн байна. Энэ хоёрын харилцааг хамгийн зөв зүй зохистойгоор шийдсэн, харилцан бие биедээ ашигтайгаар зохицуулагдсан байхаас гадна монгол улсын хөгжилд том хувь нэмэр оруулахуйц дайлайцтай шинэ шийдлийг гаргаж ирсэн шинэ хууль эрх зүйн орчныг зоригтойгоор бүрдүүлж өгөх нь хамгийн чухал болов уу гэж бодож байна. Манай компани ч засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Энэ утгаараа бидний хамтын ажиллагаа нэлээн сайн хууль эрх зүйн баталгаат орчинд явагдаж байгаа ч таны дурьдсан шалтгаануудаас улбаатай санаа зовних асуудал багагүй гарч ирдэг. Жишээ нь сая бидэнд газрын асуудал тохиолдлоо. Бидний энэ асуудал хэдий шийдэгдсэн ч гэсэн бидний монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа гол үндсэн зорилго бол хотын хөгжилд хувь нэмрээ оруулъя, барилгын хөгжлийн шатыг өөрсдийнхөө хэмжээгээр нэг шат ахиулъя, үүнийгээ хүн болгонд мэдрүүлье, энэ салбараараа дамжуулаад боловсон хүчнийг бэлтгэж өгье гэсэн зорилго юм. Энэ хамтын зорилгоо амжилттай биелүүлэхийн төлөө тогтвортой үйл ажиллагаа явуулж, бидний төсөл анх төлөвлөснөөрөө хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байдаг. Бид хэдий гадаадын хөрөнгө оруулагчид ч гэсэн бас монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд учраас энэ улсын төлөө өөрсдийн бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно. Ямар нэгэн асуудал гарч ирсэн ч бид төслөө зогсоохгүй хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.
-Монгол улсын Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт ороход Засгийн газар, Суруга монгол ХХК гэсэн хоёр хуулийн этгээд л оролцно. Гэтэл хотын удирдлагуудын дур зоргоороо гаргасан шийдвэрээр танайд олгогдсон газраас бусдад шилжүүлэх ажиллагаа явагдсан гэж үнэн үү?
-Өмнөх хотын дарга байх үед бидэнд урьдчилж ямар нэгэн байдлаар дуулгаж мэдэгдэлгүйгээр гэнэт өөрийн захирамжийг гаргаж манай газраас авч бусдад шилжүүлэх гэсэн агуулга бүхий тогтоол гарсан. Монгол улсын Засгийн газартай байгуулсан энэ тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсан хоёр тал бол Монгол улсын Засгийн газар буюу манай компани хоёр юм. Гэтэл хотын захиргаанаас захирамж гарч манай газраас авсан явдал гарсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид маш олон байгууллагад хүсэлтээ тавьсан. Үүнийг бол Монгол улсын Засгийн газраас судалж үзээд хотын захиргаанаас ийм захирамж гаргах нь хууль эрх зүйн үүднээс зүй зохистой биш юм аа гэсэн шийдвэрийг гаргаад 12 дугаар сарын найманд энэ захирамжаа хүчингүй болгосон захирамжийг гаргасан. Энэ асуудлыг шийдэхэд Монгол улсын Засгийн газар, элчин сайдын яам, мөн японы парламентын гишүүд зэрэг маш олон субъектүүд оролцож хамтарч асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлсэн.
-Тогтвортой байдлын гэрээнд заагдаж олгогдсон барилгын газраас тань ямар нэгэн байдлаар хорогдоод л байгаа гэж сонссон. Тийм явдал байна уу?
-Тогтвортой байдлын гэрээ байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа. Гэхдээ хамгийн анх газар ашиглах зөвшөөрөл авснаас хойш өнөөдрийг хүртэл бас нэлээн хэмжээгаар багассан. Дахиж ийм өөрчлөлт оролгүйгээр төсөл маань цаашаа хэрэгжээсэй гэж л маш их хүсч байна. Жишээ нь бодит жишээ хэлэхэд “Алтай констракшн” ХХК-ны мэдэлд шилжсэн хэсэг газарт уг нь анх сургууль баригдах төлөвлөгөөтэй байсан. Энд сургууль баригдана газраа чөлөөлж өгнө үү гэсэн хотын захиргааны хүсэлтийнх нь дагуу шилжүүлсэн. Гэтэл энэ маань бас зориулалтаараа яваагүй. Орон сууцны хороолол боссон. Мөн манай энэ талбай дотор хотын зүгээс энд цэцэрлэг баринаа, энд заавал цэцэрлэгийг төлөвлө гэсэн даалгаварыг өгсөн боловч тэр маань бас зориулалтаараа биш картенгийн талбай болно гэдэг яриа явж байна. Яг энэ орон сууцны хороолол дунд картенгийн талбай байх нь зохимжгүй юм аа гэж үзээд байрлалыг нь сольж газраасаа өгсөн. Гэтэл харамсалтай нь бас л тэр зориулалтаараа биш орон сууцны хороолол босч байгаа.
-Их ичмээр явдлууд болж байгаа юм байнаа, уучлаарай. Дараагийн асуулт дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал. Дэлхийн хамгийн супер гүрэн гэгддэг Хятад улс маань ч багагүй сандарч байх шиг байна. өмнөд мужуудад нь олон арван үйлдвэр хаалгаа хааж, ажилгүйчүүд сая саяараа нэмэгдэж байна. Японд байдал ямар байна вэ. Бас л бүсээ чангалах бодлого явж эхэлсэн. Цагаачдаа түрж гаргаж байна гэх юм?
-Америкаас эхлэлтэй дэлхийн эдийн засгийн энэ том хямрал маань үнэхээр дэлхийн бүх улс оронд том бага гэлтгүй гүнзгий хямралыг үүсгэж байна. Японы хувьд энэ байдал арай өөр өнцгөөс харж үнэлж дүгнэж болохуйц хэмжээнд байгаа. Жишээ нь японы банкуудад мөнгөний маш их илүүдэл үүссэн байна. Гэхдээ үүнийгээ яг яаж хэрэглэх тал дээр зөв шийдлээ олоогүй, тэр илүүдэл мөнгөө хэрэглэж чадахгүй байдалтай байгаад байгаа. Японы том том компаниуд дээр зарим нэгэн сөрөг үр дагавар мэдрэгдэж байгаа тал бас ажиглагдаж байгаа. Гэхдээ энэ удаан үргэлжлэх үйл явц биш.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Нэг зүйлийг дахин давтахыг хүсч байна. Бид бүхэн анхны санаа бодлоосоо хэзээ ч ухрахгүй, монголд хэрэгжиж байгаа төсөлдөө ямар нэгэн ухралт хийхгүй, монгол улсын засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд тусгагдсан бүх ажлаа хийж гүйцэтгэх болно. Энэ төсөл монгол улсын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан томоохон төсөл болон хэрэгжиж чадна. Бид эндээс олсон ашгаа ч гэсэн аваад япон руу аваад явахгүй. Монголд дахин хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа улам илүү өргөн хүрээнд тэлэхийг зорьж байна. Бид бүхний хамтын үйл ажиллагааны гол үндсэн зарчим, үйл ажиллагаагаа явуулах чиглэлийг монголын ард түмэн та бүхэн зөвөөр ойлгон хүлээж авч, биднийг дэмжин ажиллах байх аа гэдэгт найдаж байна.