Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачлан боловсруулсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа юм. Үүнтэй  холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болдтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч оюутнуудыг цалинтай, их дээд сургуулиудыг төрөөс тодорхой хэмжээний санхүүжилттэй болгох хуулийн төсөл санаачилжээ. Үүнийг  сонгуулийнхаа амлалтыг  биелүүлж байна гэж ойлгож болох уу?

-Юуны өмнө дээд боловсрол нь тухайн нийгэм, төр улсын томоохон баялаг юм, тиймээс уг баялгийг бүтээх үйлсэд талууд, ялангуяа төр засаг нь мэдэгдэхүйц хувь оролцоотой байх ёстой гэсэн хууль дэлхий дахинд үйлчилж байна, Ерөнхийлөгч энэ хүрээнд асуудалд хандаж байгаа.

-Хувийн хэвшлийн сургуулиуд, суралцагчдыг төрөөс тэтгээд ирэхээр чөлөөт зах зээлийн үндсэн зарчим алдагдах юм биш үү. Тэгээд энэ олон чанаргүй дээд сургуулиудыг тэтгээд байх хэрэг үү?


-Бидний өнгөрсөн 20 жилд хийсэн нэг том алдаа бол энэ олон чанаргүй их, дээд сургуулиудыг төрүүлсэн явдал. Бидний үзэж буйгаар 20 жилийн өмнө бид зах зээлд орохдоо нэг зүйлийг буруу ташаа ойлгочихсон. Зах зээлийн нийгэм дэх дээд боловсролын байгууллага нь мөнгө олдог ердийн компани мэтээр ойлгочихсон. Сургуулиуд дээд боловсрол эзэмших, дипломтой болох хүсэлтэй хүмүүст төлбөртэй үйлчилж өөрсдийгөө тэжээх учиртай, яг л бараан зах дээр байдаг шиг зарчим тэнд үйлчилнэ гээд бодчихсон. Дээд боловсрол эзэмших нь хувь хүний асуудал, боловсрол олох нь тухайн хувь этгээдэд өөрт нь хэрэгтэй болохоос бус нийгмийн баялаг биш юмаа гээд зүтгэчихсэн.
Нэгэнт л дээд боловсрол нийгмийн баялаг бусаас хойш боловсрол олгодог нь ч, авдаг нь ч өөрөө өөрсдийгөө болгоод явах ёстой гэсэн хатуу бөгөөд буруу ойлголттойгоор 20 жилийг ардаа орхилоо. Буруу ойлголт алдаанд хүргэдэг жамтай. Чансаа муутай 200 шахам их, дээд сургууль, чанаргүй дээд боловсрол гээчтэй болж хоцорлоо. Сургуулиудын амьдрах ганц арга нь сургалтын төлбөр, иймээс төлбөр хийдэг оюутны хойноос хөөцөлдөх болов. Сургах оюутны тоогоор хэт хөөцөлдөөд ирэхээр сургалтын чанар орхигдож байна.
Төр засаг санхүү мөнгөний олигтой оролцоогүй байсан учраас хяналтаа тавьж, хөгжлийнх нь чиглэлийг тодорхойлох чадамжгүй байлаа. Дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур, стандартыг тогтоож чадсангүй. Товчхондоо өнгөрсөн жилүүд бол төр засаг дээд сургуулиа, түмэн олон оюутнаа зөнд нь орхисон, зоргоор нь тавьсан он жилүүд байв. Дээд боловсрол маань дэд боловсрол болчихлоо.

-Тэгээд одоо яах ёстой вэ, оюутнуудыг цалинтай болгосноор бүгдийг шийдэж чадах уу?


-Юун түрүүнд “дээд боловсрол бол хувийн өмч” гэсэн буруу ойлголтоосоо даруй салах хэрэгтэй. Дээд боловсролын хөгжлөөрөө бидний дээр байгаа орнуудын гольдролд орох шаардлагатай. Дэлхий нийтийн сайн жишгээр явах ёстой. Боловсрол олгох, олох ажил бол өндөр технологи шаардагддаг эмзэг зүйл. Гурилддаг ажил биш. Ер нь алдаа завхралыг засаж залруулах цаг нь ирсэн гэж бодож байна. Харин энэ чигээрээ цааш явбал энэ салбар удахгүй хүч тэнхээгээ барна. Дахин хөл дээр нь босгоход маш их хөрөнгө хүч шаардагдах болно.

Дэлхийн сайн жишиг гэдэг нь ... ?

-Нэгдүгээрт, дээд боловсрол олгох үйл явцад төрийн санхүү мөнгөний оролцоог бий болгоно. Төрөөс санхүүгийн  оролцоотой болсноор төрөөс тавих шаардлагын ёс суртахууны эрх үүснэ. Түүнчлэн төрийн мөнгөний оролцоо нэмэгдээд ирэхээр санхүүгийн хөндлөнгийн аудит хийх эрх үүснэ. Нэг үгээр хэлбэл, энд зах зээлийн нийгмийн сонгодог харилцаа буюу хөрөнгө мөнгөөр дамжуулж шаардлага, хяналтаа тавих, бодлогоо хэрэгжүүлэх боломж бий болно. Гэтэл одоо бол бид  төрийн өмчийн гэх сургуулиуддаа дан ганц захирал, ректор тавих замаар бодлогоо хэрэгжүүлнэ гэж андуурч яваад байна. Гар хоосон, тэгээд бас улс төрийн томилгоогоор тавигдсан албан тушаалтан дээд системд явахгүй гэдэг нь тодорхой болсон. Амьдрал дээр батлагдсан.

Дэлхийн сайн жишгээр бол дээд боловсролын зардлыг төр засаг нь илүүтэй хариуцан санхүүжүүлж байна. Тухайлбал, Европын орнуудад дээд боловсрол эзэмших зардлын 84 хувийг төрөөс санхүүжүүлдэг бол АНУ-д 47 хувийг Засгийн газрын эх үүсвэрээс хариуцаж байна. Бүх зардлыг 100 хувь даадаг орнууд ч байна. Норвеги, Финланд, Бразил, Аргентин гэх мэт. Тэргүүлэгч орнууд боловсролдоо их анхаарч байна. Хөгжингүй орнуудад их дээд сургуульд суралцаж байгаа нэг оюутанд ноогдох улсын төсвийн зарлага 11 520 ам. доллар байгаа. Харин Монголд 339 ам. доллар буюу 34 дахин доогуур байна.  

-    Уг нь үнэ дагаж чанар гэдэг. Гэтэл багахан зардлаар барагтайхан мэргэжилтэн бэлтгээд байна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа хэрэг үү?

 
Дээд боловсролд зарцуулж буй энэхүү бага зардал нь чадварлаг багш нарыг өндөр цалингаар татах, сургалтын орчныг сайжруулах хөрөнгө оруулалт хийх эсвэл ажиллагсдын мэргэжил дээшлүүлэх зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Улсын болон хувийн их дээд сургуулийн үндсэн профессоруудын сарын цалин ойролцоогоор 300 ам.доллар байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалинтай бараг адилхан байна. Хөгжсөн орнуудын жишгээр бол ийм харьцааг хүлээн зөвшөөрдөггүй.

-    Өргөн барьсан хуулиар их, дээд сургуулиудыг хэрхэн санхүүжүүлэх вэ. Урьд өмнөхөөс юугаараа ялгаатай байх вэ?


-Одоо бол манай дээд боловсрол нэг л эх үүсвэрээс буюу оюутнаас авдаг сургалтын төлбөр дээр л оршин тогтнож байна. Зүйрлэж хэлбэл ганц хөлтэй ширээтэй адилхан явна. Ганцхан хөлтэй ширээ бол хэдийд ч холбирход бэлэн, маш эрсдэлтэй, тогтворгүй. Манай дээд боловсролын систем ийм л найдваргүй яваад байна.

Шинээр боловсруулсан хуулийн төсөлд зааснаар бол их, дээд сургуулийн санхүүжилт олон эх үүсвэртэй болно. Төсөлд боломжит 10 эх үүсвэрийг зааж өгсөн. Ширээ маань 10 хөлтэй боло гэсэн үг. Систем тогтвортой амьдрах, хөгжих үндэс тавигдаж байна. Хууль батлагдсанаар манай дээд боловсролын салбар дэлхийн жишгээр хөгжих зам руу орно доо.

-    Төрөөс санхүүжилт авах сургуульд ямар шаардлага, шалгуур тавих вэ?

Нийтдээ 10 төрлийн шалгуур тавьж байгаа. Санхүүжилт авах сургууль нь тухайн хөрөнгийг үр ашигтай зарцуулах чадавхи, боломжоо илтгэн харуулсан байна. Тухайлбал, үйл ажиллагаандаа чанарын хөндлөнгийн үнэлгээ буюу олон улсын нэр хүндтэй байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн, төгсгөгчдийнх нь ажил эрхлэлт өсөн нэмэгдсэн, суралцагчдын сурлагын үнэлгээний бодитой байдал, шийдвэр гаргах үйл явцын ил тод, тунгалаг байдлыг хангасан, суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх , ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, сурталчлах, зуучлах ажлыг хариуцан гүйцэтгэх чиг үүрэг бүхий алба, нэгжийн үйл ажиллагаа нь тогтворжсон, удирдлага-бүртгэлийн найдвартай систем бүрдүүлсэн, өөрийн сургуулийн оюутанд тэтгэлэг, тусламж үзүүлэх тогтсон системтэй байх ёстой. Түүнчлэн сургалтын  чанарыг дээд боловсролын бусад байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрч кредит цагийг дүйцүүлэх, шилжүүлэх, харилцан тооцох талаар нэгдсэн бүртгэл хийх зохицуулалтад хамрагдсан; сургалтын төлбөр, хураамжийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож албан ёсоор гэрээ байгуулж, хариуцлага хүлээх тогтолцоо хэвшсэн төдийгүй суралцагч болон түүний ивээн тэтгэгчийн санхүүгийн боломжийг харгалзан сургалтын төлбөрийг төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

              Төрөөс санхүүжилт авах сургууль нь сургалтын төлбөрийн хэмжээг аль болох тогтвортой байлгах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд инфляцийн төвшнөөс илүүгээр нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Сургууль нь суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийн асуудал эрхэлсэн нэгж байгуулаагүй, сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх үүргээ баталгаажуулаагүй тохиолдолд суралцагчид нь төрөөс тэтгэлэг, тэтгэмж, санхүүгийн дэмжлэг авах эрх эдлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан болно. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад эдгээр шалгуур үзүүлэлтийг сайжруулаад явах боломжтой.
Жишээ нь оюутны дотуур байрны хангамж нэг шалгуур үзүүлэлт байх учиртай хэмээн хууль тогтоогчид ярьж байгаа.

-    Энэ хууль хэрэгжсэнээр одоо байгаа олон дээд сургуулиудын тоо цөөрч, чанар сайжирна гэж ойлгож болох уу?

-Болно, төрийн санхүүжилт, түүнийг олгох шалгуур нь сургуулиудыг өрсөлдөөнт байдалд өөрийн эрхгүй оруулна. Тухайн сургууль шалгуур үзүүлэлтийг хангаж чадаагүй бол санхүүжилт авахгүй. Санхүүжилт аваагүй сургууль мөнгө төгрөгний хувьд дорой байна, харин хуулийн шалгуурыг давж төрөөс мөнгө авсан нь хүчтэй байна. Үйл ажиллагааны хувьд ч, санхүүгийн хувьд ч хүчтэй байна. Нэр хүнд сайтай байна. Элсэгчид, эцэг эхчүүд тэр сургууль руу хандах нь ихсэнэ. Төгсөгчид нь ч ажил алба сайтай байна, тэднээс төрөлх сургуулиа дэмжих нь ихсэнэ. Ингэснээр тэр сургууль улам хүчирхэгжинэ, хөгжинө. Харин шалгуурыг даваагүй, мөнгөгүй сургуулиуд доройтно. Нэр хүндгүй болно. Элсэгчид тоохоо болино. Ер нь бүх талаар доройтно. Эцэст нь дампуурна. Ер нь өрсөлдөөнт системийг бий болгосноор чанарын шалгаруулалт явагдана. Бүхэлдээ дээд боловсролын чанар сайжирч, чансаа өндөрсөх юм.

-Ер нь дэлхийн бусад орнуудад дээд боловсрол эзэмшихээр сурч буй оюутнуудад төр засгаас нь ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Манай хөрш ОХУ оюутандаа сар бүр 250-2400 рублийн стипенд өгч байна. Хятад улс энэ оноос эхлэн зарим төрлийн тэтгэлэг өгөх гэж байгаа. Франц сар бүр 450 евро, Герман насны хязгаартайгаар сар бүр 300 евро, Швед долоо хоногт 200 евро цалин, тэтгэлэг хэлбэрээр олгож байна.

Төр нь иргэнээ дэмжээд, иргэндээ итгэл хариуцлага хүлээлгээд цалин тэтгэлэг өгөөд ирвэл төр шаардлага тавих, хариуцлага тооцох эрх үүсдэг юм байна.

-Цалингийн тухайд оюутнуудад хэдий хэмжээний тэтгэлгийг яаж  олгохоор хуулийн төсөлд тусгасан бэ?


Дээд боловсролын сургалтын байгууллагад зохих шалгуур үзүүлэлтийг ханган өдрийн ангид суралцаж буй суралцагчид цалин олгоно. Хичээлийн нэг жилд олгох цалин нь 10 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна. Цалинг суралцах хугацаанд нь суралцагч нэг бүрт сар бүр олгоно. Суралцагчид олгох цалин нь тухайн суралцагчийг сургуулиа төгсгөх хүртэл анхны нөхцөлөөрөө үргэлжилнэ.

Өнөөдөр Монгол Улсад шинэчлэн мөрдөгдөж буй сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140, 4 мянган төгрөг байна гэж үзвэл хуулийн төсөлд зааснаар нэг оюутанд жилд буюу хичээлийн жилийн үргэлжлэх арван сарын хугацаанд 702 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг цалин хэлбэрээр олгоно гэсэн үг.

Бүх оюутанд цалин олгох уу. Оюутнууд юу хийсэндээ цалин авдаг юм гэх хүмүүс гарах байх даа?

Оюутан ч бай, аливаа зүйлийг сурч буй хүн бол сурах хөдөлмөр хийдэг юм. Сурах хөдөлмөр гэдэг нь сурах гэж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх, оюун ухаанаа дайчлах, дахин дахин давтах, цээжлэх, шалгуулах зэргийг хэлнэ. Энэ бол чамгүй хичээл зүтгэл, хөлс хүч, энерги шаардсан ажил. Тиймээс хуулийн төсөлд “Суралцагчийн цалин” гэж суралцагчаас мэдлэг, боловсрол олж авахад зарцуулсан хөдөлмөрийг үнэлж олгох мөнгөн урамшууллыг хэлнэ хэмээн томъёолсон. Бүгд л сурах гэж хэрэндээ зовсон байдаг.

Оюутан хүн бол бусдын адил хөдөлмөрлөдөг, бас хоол хүнс идэх, орон байранд байрлах хэрэгцээтэй хүмүүс шүү дээ.

Тэгш эрхийн зарчмаар бүх оюутан 70 мянган төгрөгний цалин авах эрх нээлттэй. Гараа ижил байна. Гэхдээ оюутан тухайн сургалтын байгууллагын болон санхүүжүүлэгч бусад байгууллагаас тогтоосон цалин, тэтгэлэг, тэтгэмж олгох шалгуур үзүүлэлт, нөхцөл, болзлыг хангасан байх ёстой. Суралцагч өөрөө өргөдөл, хүсэлт бичгээр гаргаагүй бол цалин, тэтгэлэг, тэтгэмж олгохгүйгээр заасан.

Дашрамд хэлэхэд хүнээрээ дамжуулж хөгжлөө дэмжье гэдэг дээр Монголын улс төрийн намууд нэг байр суурьтай байгаа нь ажиглагддаг. Эцсийн дүндээ өндөр боловсролтой, өрсөлдөх чадвартай иргэд л улс орноо хөгжүүлнэ. Боловсролтой иргэд Монгол Улсын нүүр царай. Боловсрол муутай бол хамаг байдгаа тавиад туучихна шүү дээ.

Онц, сайн сурдаг оюутнуудыг  урамшуулах уу?

-Сурлагын өндөр амжилт гарган суралцаж буй суралцагчид, тодорхой шалгуур хангасан дээд боловсролын сургалтын байгууллагад болон Засгийн газраас тодорхойлсон эрэлт ихтэй мэргэжлээр суралцагчдад урамшууллын тэтгэлэг олгоно гэж тусгасан. Урамшуулалт тэтгэлэг олгох журмыг Засгийн газар тогтоохоор заасан байгаа. Онц, сайн сурдаг оюутанд энэхүү заалтын дагуу санхүүгийн нэмэлт дэмжлэгийг үзүүлнэ.

Цалингаас гадна оюутанд үзүүлэх өөр  дэмжлэг бий юү?

-Санхүүгийн бус дэмжлэг үзүүлнэ. Үүнд суралцаж буй мэргэжлийн чиглэлээр нь мэргэжлийн дадлага хийх нөхцөлөөр хангуулах, цагийн хөдөлмөр эрхлэх, суралцах хугацаандаа номын сан, байр, хоолны газар, ном бичиг хэргийн дэлгүүр, угаалга цэвэрлэгээний газар, биеийн тамир, спортын заал, соёлын үйлчилгээ, тээвэр, эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хэлбэртэй байхаар заасан байгаа.

-    Хууль батлагдсанаар ямар эерэг үр дагавар гарна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа вэ?

-Мэргэжлийн байгууллагаас нийт орон даяар хийсэн судалгаанд оролцогчдын 82,6 хувь нь төрөөс оюутанд тэтгэлэг олгох зайлшгүй шаардлагатай гэжээ. Төр иргэдийнхээ олонхийн санал бодлыг харгалзан бодлогоо тодорхойлох үүрэгтэй, иргэний оролцоо, санаа бодол тухайн шийдлийн амьдрах чадвар, хэрэгжилтийг нөхцөлдүүлдэг билээ.

Манай улсын  нийт өрхийн гуравны хоёр нь оюутантай. Чухамдаа 1,7 сая хүн оюутны амьдрал ахуй, зовлон жаргалтай холбогддог аж. Өнөөдөр хөдөөгийн малчид төдиийгүй нийт иргэд хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг хийхийн тулд өр зээл тавьдаг, улмаар сургалтын төлбөр нь өрхийн ядууралд нөлөөлж буй хүчин зүйл болоод байна.

 Иймээс оюутны сургалтын төлбөрийн асуудал бол манай нийгмийн өмнө тулгамдсан томоохон асуудал юм. Үүнийг төр, засаг хаана хаанаа хичээж нааштайгаар шийдвэрлэх ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаа.

Дашрамд дурьдахад УИХ, Засгийн газраас тавьж буй хүчин чармайлтын үр дүнд Хүний хөгжил сангаас оюутанд тэтгэлэг олгох эхлэл тавигдсан шүү дээ. Одоо бол нэгэнт өгөөд эхэлсэн энэхүү мөнгийг нийт дээд боловсролын тогтолцоогоо өөд нь татах хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэй. Чухамхүү үүнд л Монгол Улсын Төрийн тэргүүнээс түмэн олондоо өргөн барьсан хуулийн төслийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Энэ хуулийг баталснаар юуны өмнө дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэр, бие даасан байдал баталгаажиж, үйл ажиллагаанд нь чанарын тогтвортой ахиц гаргах боломж бүрдэнэ. Суралцагчид суралцах үндсэн зорилгодоо төвлөрөх, сурлагадаа ахиц гаргах, мэргэжил боловсролыг чанартай эзэмших боломж нь баталгаажна. Сургалтын төлбөрөө төлөх, амьжиргаандаа шаардлагатай орлогыг нэмэгдүүлэхэд авах тусламж дэмжлэгийн хүртээмж, хэмжээ нэмэгдэнэ. Товчхондоо тогтолцоо бүхэлдээ хөгжлийн зөв гольдролдоо орно. Тодорхой хугацааны дараа дэлхийд өрсөлдөх хэмжээний сургуулиудтай болно хэмээн төсөөлж байна.