С.Эрдэнэ нарын гишүүд сайд Д.Зоригтыг огцруулах долоон үндэслэл дэлгэв. Оюутолгойн Монголын талын эзэмшлийг 34-өөс ахиулж 50 хувьд хүргэх УИХ-ын тогтоолыг биелүүлээгүй, Тавантолгойн коксжих нүүрсний 20 хувийн нөөцтэй тэнцэх Ухаа худагийг “Энержи ресурс”-т шилжүүлсэн, тавдугаар цахилгаан станцыг бариагүй, Налайхын уурхайд 43 залуу амь насаа алдсан зэрэг нь Д.Зоригтыг огцруулах хангалттай шалтгаан болно гэж АН-ын гурван гишүүн үзсэн байна.

Сайдыг огцруулах, хууль санаачлах нь УИХ-ын гишүүнд хуулиар олгосон эрх. Үүнийг  хүндэтгэх учиртай.  Гэхдээ гаргаж байгаа үндэслэлүүдийг бодитой эсэхийг мэдэхгүй. Эцсийн шийдийг намуудын улс төрийн шийдвэр дээр үндэслэн УИХ гаргана. Харин сайд Д.Зоригтыг огцруулахын цаана ямар улс төр явааг, огцрох сайд нь яагаад заавал Д.Зоригт болохыг таамаглах, янз бүрийн версүүд дэвшүүлэх нь улс төрийн ажиглагчид, сэтгүүлчдийн хийх ажил юм.  Д.Зоригт бол шалтаг, цаад зорилго нь Засгийн газар гэж үзэж болох энэхүү үйл явдлаас дараахь ажиглалтыг хийж болж байна.

Нэг. Гишүүдийн долоон үндэслэлийн цаана  ганц л зорилго бий. Тэр нь Д.Зоригтоор дамжуулж  хамтарсан Засгийн газрыг огцруулах.  Засгийн газрыг танхимаар  нь огцруулах боломж хуулийн талаас бий ч, өнөөгийн амьдрал дээр бараг  байхгүй. Хэрвээ Засгийн газрыг танхимаар нь огцруулах санал гаргана гэвэл доод тал нь 19 гишүүн гарын үсэг  цуглуулах хуулийн босготой. Хоёр нам засагт хамтарсан, сонгууль дөхөж сонгуулийн тогтолцоогоор  дахин нэр дэвших эрхийг удирдлагууд нь барьцаалчихсан энэ үед намын даргынхаа танхимын эсрэг гарын  зурах 19 гишүүн АН, МАН-ын алинд ч байхгүй. Бүр хоёр намаас  нийлээд ч 19 гишүүн бараг бүрдэхгүй. Тийм учраас танхимаар нь бус, өмнө нь М.Энхболдын Засгийн газарт  туршиж амжилттай болдог нь амьдрал дээр батлагдсан дотроос нь “тоосго сугалах” аргыг С.Эрдэнэ нар сонгожээ.

Хоёр. Засгийн газрын 14 гишүүнээс яагаад заавал Д.Зоригт гэж. Энд хэд хэдэн  хувилбар бий. Эхнийх нь Д.Зоригт гэж хувь хүндээ юмуу, түүний хариуцсан салбартаа биш байх. Нэг сайдыг огцруулахаар хоёр дахь удаагаа өргөн барих нь зорилгодоо хүрэх магадлалыг нэмэх,  нэг хүнийг хоёр удаа хамгаалж авч үлдвэл эрх баригчид нийгэмд  муухай харагдана гэж тооцсон хэрэг.

Гурав.  Д.Зоригтыг хүнийх нь зориуд онцолсон байж болно. Хэрвээ Эрүүл мэндийн, Боловсролын, эсвэл Батлан хамгаалахын сайдыг сугалж  огцрууллаа гэхэд Засгийн газар танхимаараа хөдлөх хэмжээний доргилт авахгүй. Харин Барилга хот байгуулалт, Эрдэс баялаг, эрчим хүч, Сангийн яам бол энэ Засгийн газрын гол тулгуур. Бас хамгийн мөнгөтэй салбар нь Х.Баттулга, Д.Зоригт, С.Баярцогт сайд нарынх юм.  Хэрвээ Сангийн сайд С.Баярцогтыг огцруулна гэвэл намын даргынхаа “Алтан гадас” бүлэгтэй тэрсэлдэж сонгуульд дахин нэр дэвших боломжоо  алдаж болзошгүйг, Х.Баттулгаар оролдвол улс төрд байх орон зай нь цаашид бүр хумигдана гэдгийг санал гаргасан АН-ын гурван гишүүн сайн мэдэж байгаа . Иймд эдэн дундаа хүнийх нь хувьд зөөлчилж  улс төрд дөнгөж шинээр орж ирсэн, намынхаа лидерүүдийн дэмжлэгтэй болохоос ардаа тогтсон тодорхой баггүй, бас  хүний намын гэдгээр нь  Д.Зоригт дээр сонголт  хийсэн байж болно.

Дөрөв. Д.Зоригтыг хариуцсан салбарынх нь хувьд онцолсон байх. Өнөөдөр энэ Засгийн газар гэлтгүй, Монгол Улс бүхлээрээ, монголчууд бараг бүгдээрээ уул уурхайгаасаа хамааралтай боллоо. Ийм үед улс орны эдийн засгийн цохилох зүрхийг тасалдуулах нь  хамтарсан Засгийн газрын хувь заяатай баараггүй тэнцэнэ, ингэснээр хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж, уул уурхайн салбарт тоглоом шинээр эхэлнэ гэж тооцсон болов уу.

Тав. Д.Зоригтыг огцруулснаар Засгийн газрыг хөдөлгөх том зорилгын дор жижиг сонирхол, урьдын өшөө авалтууд ч нуугдаж байж болох юм.  Жишээ нь, МАН -ын хагарал, Чингэлтэйн нөхөн сонгуулийн өшөө  авалт, С.Баяр, Н.Энхбаяр нарын зөрчлийн сүүдэр  залуу сайдаар дамжин хамтарсан Засгийн газрыг чиглэж байхыг үгүйсгэхгүй.  Огцруулах санал гаргасан гишүүдийн дунд АН-ын дарга Н.Алтанхуягийн нотолж буйгаар “Н.Энхбаяртай есөн удаа уулзсан баримт нь байгаа” гэх С.Эрдэнэ багтсан нь ийм хардлагыг төрүүлнэ. Есөн удаа уулзахад нэг сайдыг битгий хэл, нэг танхимыг бүхлээр нь огцруулж болох захиалгыг ч авч болно шүү дээ.  Н.Энхбаярын хувьд  Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан гэж С.Баярт одоо хүртэл өширхдөг  юм чинь түүнээс хамаагүй хойно болсон Чингэлтэйн нөхөн сонгуульд тойрог булаалцалдсан Д.Зоригтод ч гомдож явдаг байж болох л юм.  

Зургаа. Цаад зорилгоо тодотгох гэж байгаа юмшиг огцруулах үндэслэлүүд дотор эргэлзмээр юм бас бий. Жишээ нь, Тавантолгойн коксжих нүүрсний 20 хувийн нөөцтэй Ухаа худагийг “Энержи ресурс”-т  өгсөн гэжээ. Ард түмний ой санамжийг басч богино зайн улс төр хийж болохгүй  л дээ. Ухаа худагийн хэсгийг “Энержи ресурс”-т өгсөн нь зөв бурууг сайн мэдэхгүй ч, харин энэ асуудлыг 2008 оны сонгуулиас өмнөх С.Баярын Засгийн газрын үед шийдсэн, ажлын хэсгийн ахлагч нь тэр үеийн Үйлдвэр худалдааны сайд, одоогийн УИХ-ын гишүүн Х.Наранхүү байсныг олон хүн мэднэ. Хэрвээ Ухаа худагийг  “Энержи ресурс”-т өгсний хариуцлага ярих гэж байгаа бол шийдвэр гарсны дараа сайд болсон Д.Зоригт биш, урагшаа хөөж гарын үсэг зурсан салбарын сайд Х.Наранхүү, Ерөнхий сайд С.Баяр нар холбогдох учиртай баймаар.  Ухаа худаг нь Тавантолгойн коксжих нүүрсний 20 хувьтай тэнцэх нөөцтэй гэдэг ч эргэлзээтэй. Саяхан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Ухаа худаг бол Тавантолгойн лицензит талбайн дөрөв, нөөцийн зургаа хувьтай тэнцэнэ” гэж байна лээ. Хэрвээ түүний мэдээлэл худлаа гэдэг нь батлагдаад 20 хувийг зургаа болгож гишүүдэд ташаа мэдээлэл өгснийг нь сайдаас огцруулах үндэслэл болгож байгаа бол өөр хэрэг. Гэтэл тэс өөрөөр, тэмээ гэхээр ямаа ярих юм даа. Түүнчилэн Оюутолгойн Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 хувьд хүргэх УИХ-ын тогтоолыг биелүүлээгүйн хариуцлагыг сайд Д.Зоригт хүлээх ёстой гэжээ. Оюутолгойн гэрээг Засгийн газар УИХ-тайгаа, улсын Ерөнхийлөгчтэйгөө нийлж байж баталсан. Сурталчилгаа нь ч тэгж явсан. Гэрээ баталсны гавьяаг УИХ, Засгийн газар бүхлээрээ эдлээд, гэрээн дээр гарсан алдааг ганц сайд хүлээх нь шударга ёс яавч биш.  Хууль, зарчим талаасаа Засгийн газрыг нэг сайд биш, Ерөнхий сайд л УИХ-ын өмнө төлөөлдөг. Хариуцлагыг Засгийн газар бүхлээрээ, Ерөнхий сайд дангараа хүлээдэг. Засгийн газар танхимын зарчмаар ажилладагийн гол үндсийн нэг нь энэ билээ.  Гэтэл парламент Ерөнхий сайдыг алгасаад салбарын нэг сайдтай ноцолдох нь  өнөөдрийн УИХ, түүний гишүүд хэт жижгэрсний жишээ юм.  Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал холилдож  парламент бүхлээрээ Засгийн газраасаа хэт хамааралтай болсны сул тал ч юм.
 
Долоо. Д.Зоригтыг огцрууллаа гэхэд хэн юу хожих нь хамгийн чухал. Цаг хугацааны хувьд УИХ-ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Гурван жил бариагүй тавдугаар цахилгаан станцыг ганц жилийн дотор барина гэж лав байхгүй. Сүүлийн хэдэн жилийн турш шийдээгүй нийслэлийн утааг үлдэж буй нэг жилийн дотор арилгана гэдэг худлаа. Д.Зоригтыг, Засгийн газрыг огцрууллаа гэхэд нэг хэсэгтээ улс төрийн тогтворгүй байдал үүснэ, өнгийн хувьсгалд уриалагчдад сайхан далим болно,  эцэст нь хоёрдугаар ээлжийнхэн л хоолондоо орно. Хоёр дахь нь нэгдэхээсээ дээрддэггүй гэж манай улстөрчид өөрсдөө ярьдаг. Тэр жишгээр шинэ хүмүүс ажилтайгаа танилцах гэж цаг хугцаа авна, тэр хэрээр Оюутолгойн бүтээн байгуулалт  царцаж, Тавантолгойн төсөл зогсонги байдалд орно. Улсаараа уул уурхайгаас хамааралтай болсон энэ үед улс орны  эдийн засаг бүхлээрээ хүлээлтийн  байдалд орно гэдгийг бизнес эрхэлж явсан Д.Ганхуяг гишүүн хамгийн сайн мэдмээр юм. Сайдыг нь сольж салбараар нь бужигнуулах битгий хэл, Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн нүүрсний тээврийг түр зогсооход л түүнийг дагасан ямар олон бизнес хүлээлтэд орж, улсын төсөвт цоорхой үүсч байгааг эрхэм гишүүд анзаарч л баймаар юм. Товчхондоо, Д.Зоригтыг огцруулах долоон үндэслэлийн дэргэд сонгууль хүртэл жил хүрэхгүйн хугцаа үлдсэн гэдэг нь түүнийг огцруулахгүй байх бодитой шалтгаан болж  болох л юм. Өнөөдөр ард түмэнд нэг сайдыг огцруулахаас Оюутолгойн гэрээний алдаатай хэсгийг залруулах, Тавантолгойн төслийг эхлүүлэх, эдийн засаг ярьж улсаараа урагшаа явах нь  илүү хэрэгтэй. Засгийн газрын бүрэн эрхийн хугцаа дуусахад замын дунд сайдыг нь сольсон гэдэг шалтаг тоочих биш, эхэлсэн ажлынхаа алдааг засч уул уурхайн том төслүүдийг  урагшуулах нь чухал. Хамгийн гол нь  Монгол Улсад ашигтайгаар. Уул уурхайгаа дагаад улсын эдийн засаг өссөн, тэлсэн байх учиртай. Мэдээж ард түмний амьдралд наалдацтайгаар.   

Сайд Д.Зоригт огт алдаагүй хүн, огцруулж болохгүй дархлаатай нэгэн ч биш. Огцруулж ч болно. Харин хариуцлага тооцох нэрээр замын дунд түүнийг хариуцлагаас зугтаалгах,Оюутолгой, Тавантолгойн төслөөр Засгийн газрын хүлээх эцсийн  хариуцлагыг эзэнгүйдүүлж болохгүй.  Залуу хүн, том салбарыг тэргүүлж, уул уурхайн том төслүүдийг гардаж байгаагийн хувьд түүнд алдаа байх нь тодорхой. Зарим нь түүнийг улс төрд огцом карьер өссөн, пээдгэр зантай, урьдын нөхөрлөлөө мартдаг гэж шүүмжилдэг. Тийм байлаа гээд энэ нь хувь хүний зан чанар, ёс суртахууны асуудал болохоос төрийн өндөр албан тушаалаас огцруулах хуульзүйн бодитой  шалтгаан биш шүү дээ.  Найз нөхөрлөлөө мартдаг, албан тушаал дагаж зангаа өөрчилдөг хэнийг ч болов амьдрал өөрөө улс төрөөс гээдгийг олон хүний улстөрийн амьдрал харуулдаг. 

Гэтэл хувь хүний ёс зүйтэй холбоотой энэ асуудлыг албан тушаалаас нь огцруулах хэмжээний болгож УИХ-ын төвшинд ярина гэдэг нь  “матаасаар хатуу донгодох” гэдэг хуучин цагийн хариуцлагын механизмтай л  адил юм.

Хамгийн гол нь өнөөдөр нэг сайдыг огцруулчихвал юмыг яаж мэдэх вэ, Засгийн газар бүхлээрээ хөдөлчихөж магадгүй гэж горьдож суудаг цаг мөн үү. Харин ч огцруулах гэж онилсон сайдаа дуудаж авчраад “шатахуун олж ир” гэж ажлаар шахаж суух ёстой. Д.Зоригт өнөөдөр асуудлаа шийдүүлэхээр Төрийн ордонд гишүүдийг сахиж суух биш, шатахууны нөөц бүрдүүлэхээр импортлогчидтой уулзаж явах учиртай, үүрэгтэй албан тушаалтан. Гэтэл ОХУ-ын дотоодын хязгаарлалттай холбоотойгоор манай улсад шатахууны, ялангуяа дизелийн түлшний бодитой хомсдол үүслээ. Литр нь 1450 төгрөг  байсан дизель түлш хэдхэн хоногийн дотор  2100 төгрөгт хүрч, зөвхөн танилтай, карттай, толантойд нь олдох болов. Улс төр нь арайхийн түр  амарч, хаврын тариалалт, барилгын ажлын эхлэл гээд бүх салбарын  бүтээн байгуулалтын ид эхэллээ. Монголчууд бидний  хөдөлмөрлөдөг, бүтээдэг ганц улирал дундаа орж  байна.  Яг ийм үед хөндлөнгийн шалтгаанаар улсаараа  шатахууны хомсдолд орох аюул тулгараад байхад сайдыг нь огцруулж, салбарыг нь бужигнуулна гэж суух цаг мөн үү. Сайд Зоригтыг огцруулах, хамгийн багадаа ирэх жил нийтээрээ идэх гурил, талх, хүнсний ногоотой байхын тулд шатахууны нөөц  бүрдүүлэх хоёрын аль нь улс оронд чухал вэ.