АН 49 хувийг гаднаас авчирлаа, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа
Нэг нэршил бий болгох цаг одоо болж.
Нэг нэршил бий болгох цаг одоо болж. “АН 49 хувийг гаднаас авчирлаа, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа” гэж. Өнөөдөр ид яригдаж буй Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн барьцааг Монголын төр төлөхөөс өөр аргагүй бололтой. Тэгэхгүй бол хүү алданги нь дээшээ явсаар эргүүлж авах боломжгүй тоонд хүрч мэдэх нь. Ийм гарцаагүй байдалд Эрдэнэт үйлдвэрийг оруулсан бололтой, тус үйлдвэрээс насаараа баяжсан улс төрчид. Бүр нарийндаа бол 109 сая ам.долларыг Хятадад төлнө. Стандарт банкны 60 хувийг авсан Хятадын төрийн дөрвөн том банкны нэг Аж үйлдвэр, худалдааны банк арай өөр нэршлээр Монголд салбараа хэдийнээ нээчихсэнийг манай улс төрчид мэдэхгүй л байв гэж дээ.
Монголын ард түмэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хүний мэдлийнх болоод удсаныг хэзээ хойно мэдлээ. Хэл аманд хүчээр оруулсан 49 хувийг бол маргааш нь л Ерөнхий сайд нь баяртайгаар мэдэгдэж баларсан. Үүгээрээ энэ “хоёр хувь” их ялгаатай юм. 49 хувийг оросуудаас 400 сая ам.доллараар худалдаж авах ажлыг Монголын нэг чөмөгтэй аж ахуй нэгж хийсэн. Хэрэвээ Монголын Засгийн газар худалдаж авсан бол дор хаяж нэг тэрбум ам.доллараар авах наймаа байсныг захын нягтлан бодох ч мэднэ. Иймэрхүү эдийн засгийн үнийн асар том зөрүүний талаар хэн ч дуугарсангүй. Дуугарах боломж олгохгүйгээр зөвхөн хар пиар болгох ажлыг Ц.Нямдорж тэргүүлэн нам хийж ард түмэнд хачин их таалагдаж байна. 51 хувийг тавьж туухад Ц.Нямдорж шиг мэдэхийн дээдээр мэдэж байсан хүн байхгүй гэдгийг Монголын ард түмэн одооноос ойлгож эхэлж байна. Ц.Нямдорж шиг Хууль зүйн сайдын ажлыг таван удаа хийж буй хүн өнгөрсөн бүх хугацааны төрөөс хийсэн бүх том хулгайг мэднэ. Мэдсэн хэрнээ дуугүй өнгөрөөд байсан тухай нь бодмоор л юм билээ. Өнөөдөр нам дотор нь ард түмэнд шударга шулуун мэт харагдах нь ганцхан тэр л үлдсэн учраас түүнийг өмнөө барьж байна. Алтан гэж тэрбумтан эмэгтэйн улс төрийн өмгөөлөгч нь Ц.Нямдорж байдгийг ард түмний мэдэх хэсэг их бий. Алтангийн хүү Сүрэн гэж нөхөр Төрийн банкнаас байхгүй олон сая долларыг байсан болгон босгож аваад Жастын Батхүүд зээлүүлж байсны нарийн учрыг тус банкны захирал Баярсайхан өчигдрийн өдөр тутмын сонинд дурайтал томоор ярьж дээ. Ард нь Ц.Нямдорж л харагдаад болдоггүй. Энэ мэт Эрдэнэтийн 51 хувийг тойрон үргэлжилж буй үйл явдлын дундаас энгийн иргэн Дорж ч ойлгохоор нэгэн логик гарч ирж байгаа нь “Өө хөөрхий, 49 хувийг төрд авна гэж Ц.Нямдорж нарын улайраад байсны учир нь 51 хувиа л хаацайлах улайрал байсан юм байна шүү дээ” гэсэн ойлголт юм. Ер нь тийм ч юм байна. Ц.Нямдоржийн хэрийн нохой санаатай хүн гал дүрэлзэх нь гэдгийг мэддэг юм байна л даа. Тэгээд л 49 хувьтай ноцолдож, дийлж, төрийн болгож авдаг юм байна. Ард түмэн цагаан цаас байхаа болих цаг одоо болж. 49 хувийг төрд авсан нь шударга үйл хэрэг биш, ийм л булхайтай хэрэг байжээ гэдгийг.
Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувь гэдэг үеийн үед, үрийн үрд мөнгөтэй нөхдийг өлгийдөн бойжуулж байсан хувь юм. Энэ үйлдвэрийн улсад төлдөг татварын дүн л нийгэмд ил тод байдаг. Бусад мөнгөнийх нь талаар хэн ч дуугарч байсангүй, ард түмний зүгээс хэн нь ч анзаарч байсангүй. Татварт төлдөгөөс гаднах тэр их мөнгө хаачдгийг одоо босговол бас л Монголын нийгмийг бухимдуулсан асар их нерв нэмэгдэнэ. Мэдээж тэр их мөнгийг өнөөдөр хамгийн их дуугарч байгаа МАН-ын дарга нар, бас хамгийн дуугүй байгаа дарга нар нь хамгийн сайн мэднэ.
Яг үнэндээ өнөөдөр Лондоны Худалдааны Дээд Шүүхээс Эрдэнэтийн 51 хувийг битүүмжлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр л бол шийдвэр. Гарсан дороо хэрэгждэг. Чухам ямар хэлбэрээр хэрэгжиж байна вэ. Баттай мэдээллэр бол лав л Эрдэнэт үйлдвэрийн Англи дахь томоохон гүйлгээний дансуудыг хэдийнээ битүүмжилчихсэнийг бүгд л нууж байгаа шүү дээ. Битүүмжилнэ гэхээр Эрдэнэт үйлдвэрийг ирээд лацдачих юм гэж ойлгоод байгаа юм. Үүнийг хамгийн сайн мэдэж байгаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж битүүмжилсэн асуудал огт байхгүй хэмээн шууд худлаа ярьсан. Одоо бас хар л даа, нөхөр заавал дуугарч байх ёстой том үйл явдлууд өрнөж байна. 49 хувь дээр үхэн хатан дуугарч байсан шигээ биш юмаа гэхэд нэг их итгэл үнэмшилтэй царайгаараа ядаж ганц үг ган хийж болно. Дуугарч чадахгүй л байгаа.
Одоо тэгээд Эрдэнэт үйлдвэр цаашид яах юм. Лав л сая 49 хувийг төрийн мэдэлд авлаа гэснээс хойш УИХ-ын гишүүн бүр шахуу Эрдэнэт үйлдвэр рүү энийг ажилд ав, тэрийг тийм дарга болго гэсэн захидлыг өдөр шөнөгүй шидэлж эхэлсэн байна лээ. Шахааны хүмүүсээ тавьж дуусаад шахааны бизнес рүүгээ орно. Эргээд л Эрдэнэт үйлдвэр гэж баасан дээр шавсан ялаа шиг өнгөрсөн 25 жилийн дүр зураг руугаа орж байгаа нь энэ. Өөр ямар хувь заяа энэ үйлдвэрийг тэгээд хүлээж байна гэх юм. Угтаа бол энэ үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн хамгийн эрүүл зөв гарц нь төр-хувийн хэвшлийн хамтын оролцоо л байсан юм. Өмч зуун хувь төрийнх байх ийм л эмгэнэлтэй. Хэсэгхэн хором энэ үйлдвэрт хувийн хэвшлийн оролцоо бий болсон нь юун шахааны бизнес, дурын даргын дарамт шахалт, дотоодын хиймэл зардалын өсөлт, жинхэнэ эрүүл бизнесийн дүр төрх рүү орж эхэлсэн. Энэ үе нь энэ үйлдвэр дэх алтан хором байлаа. Одоо бараг аль улс орных нь өмч болох нь мэдэгдэхгүй шахам байдалд оров. Энэ бол Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг, дэлхийд эхний арав, азидаа эхний тавд багтдаг, үйлдвэрийн хувьд дэндүү том эмгэнэл, харуусал юм.
Үнэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын хэлээд байгаа “Жилийн 150 сая долларын ашигтай ажилладаг үйлдвэрт 100 сая доллар төлөх нь юу ч биш” гэсэн нь бодитой хэрэгжвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хоёр л сонголт үлдлээ гэсэн үг. Нэгдүгээрт, худлаа ярьсан, эрх ашгийн илэрхий зөрчилтэй сайд нартаа хариуцлага тооцож хөөж явуулах, эс чадваас Засгийн газар огцрох. Өөр яах юм. Төрөөс зуун зуун сая ам.доллар хулгайлчихсан нөхдийг ард түмний нүдэн дээр цагаандаа гаран өмөөрч, тэдний улсад учруулсан хохирлыг төсвөөс төлнө гэдэг дэлхийн шившиг. Ард түмэн шууд бослого тэмцэлд хүрнэ. Тэр хэрийн мөнгийг төлөх хэмжээний хөрөнгөтэй хүмүүс л энэ том луйвруудын гол дүрүүд байгаа.
Энэхүү Монгол Улсад учирч буй том, бодит хохирлын асуудлаар АН-ын зүгээс Засгийн газарт албан ёсны шаардлага хүргүүлсэн. Мөн УИХ дах АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ийм хэмжээний алдангийг Эрдэнэт үйлдвэрийн, эсвэл Засгийн газар төсвийн мөнгөөр төлөх оролдлого хийвэл бид дараа дараачийн хатуу арга хэмжээг авна. Энэ бол байж болохгүй асуудал” хэмээн мэдэгдсэн. Энэ улс оронд ер нь юу л болох гээд байна даа.