Эхлэл. Монгол хүн болж төрөх ямар юм бүү мэд. Учир нь  монгол болж төрсөн бид нараас өөр хүмүүс энэ сэд­вээр ярьдаггүй шүү дээ. Харин Монголд улс төрийн хүчин  болж  төрөх үнэхээр хэцүү болж. Ялагдвал намынх гишүүдийг ажлаас хална. Дарга нарыг барьж тавина. Бизнесийг нь шахна, тэтгэ­л­гийг хасна.  Ялагдсан на­мын ядуу гишүүнд очих хү­мүүнлэгийн тэтгэмжийг хүр­тэл булаана. Ялах нь тийм сайхан юмуу гэхээр бас биш. Засгаа байгуулах, улс орноо авч явмар болох гэж үйлээ үзнэ. Өөрснөө хусч бай­гаа­гаасаа  илүү зузаан мааслыг ялагдсан талынхаа талхан дээр түрхэхгүй бол ажил ахихгүй. Тэгсэн хэрнээ хам­гийн их "хусдаг" нэрийг зүүнэ.  Тэгж байтал дотроос нь  за­рим нь талхаа голж зовооно. "Тэрнийх хоёр минийх хоёр­хон" хэмээн уруулаа унжуу­лан, ингээд байвал ялагдсан талтай нийлнэ гэж айлгана.  Өмнөөс нь яс хавталзмаар. Ёстой өнөө Д.Намдаг гуайн "Хярааны хонхор"-ын харуул зангийн догиож хэлдгээр "Га­мин хүн тулдаа л ядардаггүй байх даа" гэмээр. Яагаад манай оронд ялж ч болдоггүй, ялагдаж ч болдоггүй бол­чихвоо. 

  Хүүхнээ алдахаар толгойгоо алд...

 Аливаа яриаг түүх сөхөж эхлэхэд урамтай болдог тал бий.  Гэхдээ хаанаас сөхө­хөөс их хамаатай. Буруу газраасаа сөхөгдсөн түүх уйтгартайн дээр  нотолгоо болохоосоо илүү эргэлзээ төрүүлж орхино.  Ямар ч бай­сан зориг гаргаад түүх сөхөөд үзье л дээ. 1206 онд Онон мөрний хөвөөнд монгол ноё­дын хуралдай болжээ.  Туу­лын хөвөөнд  бидний үед болж байгаа УИХ-ын хурал­дайг бодвол элдэв бүлэг фракц­гүй сайхан цаг байж.  Одоо манай энэ хэн эд нар төрөөгүй цаг тул  хааны сон­гууль  төдий л будилсангүй. Иргэн Е.Тэмүүжинд "Чингэс хаан" цол өргөмжлөөд гүй­цэтгэх болон хууль тогтоох засаглалыг хамтад нь ат­гуу­лав. Ингээд монгол ноёд хаандаа тангараг өргөж бай­на. "Нууц товчоо"-нд нууж хаалгүй бичсэнээр бол энд тэнд дэл сул хүүхэн харагд­вал л  Чингэс рүүгээ зөөгөөд байхаа андгайлж "Олон дайнд оройлон явж, онц гуа охидыг олзолж ...олны эзэн Тэмүү­жинд өгье" хэмээн тангараг тавьж байна. Нууц товчооны 123 дугаар зүйлд өгүүлснээр "Ордон сайхан гэр,..Хатир сайт морьд, ороо  гөрөөс"... зэрэг эд өлгийг хаандаа өгч байх учиртай болсон боловч  эд­гээр нь "хүүхэн"-ий араас хоёр, гуравдугаарт  эрэмбэ­лэгдсэн байх аж.  Мөн  буруу­дахын цагт хамгийн түрүүнд нь авгайгаа  боссдоо өгч торгуулна. Чингэсийн  үеийн төрийн албан хаагчийн тан­гараг "...хатуу зарлигийг хайх­рахгүй явбал хатан эмээс минь хагацуулан салгаж" хэмээн эхэлж байна. Нууц товчоонд өгүүлснээр "хар толгой"-гоо тушаах нь хоёр­дугаарт бичигдэж байж. Банк  байхгүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй талын баатруудын "мөнгө" нь эхнэр хүүхэн нь байжээ. Их хааны аав Есүхэй найз нарын хамт дэл сул "мөнгө" хайж яваад  Өүлэн эхийг олзолдог.  Вестерн киноны ковбой нар  банкны зузаатгалын мөнгө ачсан богоон руу дайрдаг шиг л юм болж.
Сүүлд мэргэдүүд  Тэмүү­жингийн отог руу дайрахдаа  морь, мал, алт, мөнгө гэхээ­сээ илүү авгайг нь аваад явчихаж байна. Өнөө­гийн­хөөр бол  хадгаламжийг нь хувхайлаад арилсан хэрэг. Нөхөд нь түүнийг тайтга­руулж "Мухлаг тутам охид бий" хэмээн аргадаж байгаа нь  сортоотой байвал хаанаас ч мөнгө босгож болохыг са­нуулсан  ажил хэрэгч санал. Нүүдэлчин баатруудад гу­лууз мөнгө ачаад ганзагалаад явах боломж байхгүй. Эмээл хазаар, зэр зэвсэг, өмсөх зүүхээ жаахан алтдаж мөн­гөлнө. Гэтэл тэр нь хэм­жээ­тэй байхгүй бол горьгүй. Мо­рины нуруу хугарч болохоос гадна өөрөө дээлээ даахгүйд хүрнэ. Адуу мал олныг ху­рааж болох боловч  хээр талд дуртай нь унаж, зарим нь чононд идүүлж болно.

Харин хацар гоо охид хүүх­нүүд бол өөр аж. Үе үе дуудаад өмнөө жагсаагаад харахад ямар ч хадгаламжийн дэвтэр, мастер картнаас илүү кайф төрүүлнэ.  Цаасан болон металл мөнгийг гарын салаа­гаар үрж болдог боловч ийм "амьд  тэгээд гоо сайхан" мөнгийг хүнд алдах бүү хэл, үрнэ гэж бодоход ч бэрх. Үргэлж ялаад л байвал ийм төлбөрийн хэрэгслэл улам нэмэгдэнэ. Харин ялагдах юм бол энийгээ алдана. Үрсэн алдсан мөнгө мартагддаг, өөр мөнгө олчихоор сэтгэл хана­даг. Харин ийм гоо сайхан төлбөрийн хэрэгслэлийг ал­дах нь зүрх сэтгэлээ алдах­тай дүйнэ.  Ийм болохоор тал нутагт ялагдаж болохгүй, толгойгоо алдаж болно. Амьд­даа ялагдан эмийгээ булаал­гах нь шившиг, доромжлол. Нэлээд хожмыг хүртэл  ахы­гаа, эцгийгээ, дүүгээ бурхан болоход цусан төрлийн хол­боогүй л бол эхнэрийг нь авч өөрийн болгодог  байсан нь  хадгаламжийг нь өвлөх хэл­бэр байж. Он он улирсаар... Гэвч аливаа ялагдалд тэв­чим­гүй ханддаг омголон догшин цус нүүдэлчний үр удамд бургилсаар үлджээ. Хэдий­гээр Ерөнхийлөгчийн сон­гуульд ялсан нэг нь  давын өмнө өрсөлдсөн хэдийнхээ авгайг булааж аваад Их тэн­гэр рүү арилж өгөхөө больсон ч гэсэн, тэндерт ялагдсан компани хамаг хөрөнгөө ялагч­даа хураалгахаа байсан ч гэсэн  бидний цусан дахь  холестрин... биш ээ нэг тийм үзүүлэлт хэвээрээ үлджээ. Ялагдлыг монгол хүн эхнэрээ булаалгасантай дүйх хор­с­лоор хүлээн авдаг  хэвээ­рээ байна.

 Хүүхнээ алдахгүй ч ялагдаж болохгүй

Ийм нөхцөлд  бодит байд­лыг зөв үнэлдэг хүн ч ялагд­лаа хүлээх хэцүү. Манай тамирчид нь  гадаадаас  "би ялагдсан" гэж ирснийг санаж байна уу? Шүүгчийн буруу, өрсөлдөгчийн луйвар  гээд аль ч талаас нь харсан өөрөө өчүүхэн ч буруугүй нэг шал­таг  бодоод олчихсон "Меда­лийн оосроос атгаад алдлаа" гэсээр ирдэг байж.  Болж өгвөл медалийн оосор хэдийг олоод ирээрэй гэсэн аятай. Гэтэл  манайх хоёр алт, хоёр мөнгө­тэй ирсэн Бээжингийн олим­пийн шүүгч нар л  анх учирсан шударга  шүүгч байсан уу гэвэл тийм биш. Сонгуульд "би ялагдчихлаа" гээд ирдэг нэр дэвшигч манайд бай­даггүй.  Мэдээж луйвар их л байгаа л даа. Гэхдээ өөрөө бол хам­гийн сайн нь байсан, сонгог­чид түүнд сайн байсан гэхдээ ямар нэг юм хөндлөнгөөс ороод ялагдаад ирлээ л гэдэг. Ор­чин нөхцөл хүнийг гарцаагүй ялагдлыг ч боловч өөрөөр тайлбарлаж арьсаа хамгаа­лахад хүргэдэг.

  Сайхан үндсийг таслагч

Уул нь Монголд ялагдлыг хамгийн ухаалгаар хүлээн авдаг хүмүүс улс төрийн тавцан дээр  ардчилсан хүч­нийхэн байлаа. Тэд 1996 оныг эс тооцвол сүүлийн 18 жил тувт ялагдаж байгаа. Ялагдал бол тэдэнд сайн танил нь. Тэд л Монголын улс төрийн тав­цанд эрүүл ялагдлыг бий болгох гэж жигтэйхэн их зүтгэсэн.  Ардчилсан хүчин 1990, 1992. 2000 онуудад  өөрснөө ялагдсан ч ялсан намд баяр хүргэдэг хүмүүс байлаа. Ухаандаа Бат -Үүлийг санаж байна. 2000 оны сон­гуулиар цөөхөн саналаар илт луйвардуулан ялагдсан юм. Гэтэл "за за нам ялагдаад байхад, дээр нь "унасан бө­хөд шалтаг мундахгүй" гэгчээр  заргалдах нь муухай гэж нэрэлхээд больсон гэдэг.

Гэтэл ялалт ялагдлын нөгөө талд нь 70-80 жил ялагдаж байтугай өрсөл­дөгч­тэй байж үзээгүй МАХН сөрөн зогсож  энэхүү эрүүл гайхам­шигт эхлэлийг тасар татан хаясан билээ. 1996 онд  ард­чилсан ертөнцөд байж болдог ялагдлыг  хамгийн аймшигтай хүндээр тусган авсан юм. Тэд бүх эхнэрээ Ардчилсан на­мы­ханд тушаан өгснөөс хэд дахин хүчтэй хорссон байлаа. Учир нь тэдний аппарат, итгэж үнэмшин дагалдагчид "Хө­рөнгөтний үзэл суртал, үзэл суртлын алдаа" гэдэг хоосон дайсантай насаараа байлд­сан. Тэгээд үргэлж ялж байгаа гээд итгэчихсэн фанатууд байлаа. Тэдний хувьд Монгол орон сайн сайхан байх нь чухал биш Хувьсгалт нам ялагдахгүй байх нь чухал байлаа.  Яг эхнэрээ Мэргэдэд булаалгасан Тэмүүжин шиг  ардчилсан хүчнийг хорлож  болох бүхэнд "булган дах" өргөн хамссаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ үеийг хүртэл сонгуульд булхай луйвар гарах нь гардаг байсан байх. Гэхдээ одоогийнхтой харьцуулахад  хүүхэд нохойн тоглоом бай­сан гэдэг. 

Ингээд ямар ч үнээр ха­маагүй МАХН-ыг ялуулах гэсэн санаагаа биелүүллээ. Тэд МАХН-ыг л ялуулах гэс­нээс биш Монголыг хөгжүүлэх гээгүй болохоор  программ хөтөлбөр гэхээр ч юм бай­сангүй. Ингээд улам ялагдаш­гүй байхын тулд  хязгааргүй эрхээрээ идэж ууж эхэлсэн дээ. МАХН  сонгуульд ялс­ны­хаа маргааш өглөө өнөө шу­дарга царайлсан Бат-Үүлийг шоронд хийв дээ. Хүмүүс "Зоригийн хэрэг"-т орсон юм бодсон байх. Үнэн хэрэгтээ МАХН ялалтаа тэмдэглэж, кайф авч байсан л хэрэг шүү дээ. Дээр үеийнхээр бол ялсан баатар нь нөгөө­хийнхөө эхнэрийг булаан авч байгаа хэрэг. Даанч XXI зуунд айлын авгайг булаан аваад намын даргадаа өгөх нь зохисгүй байсан, дээр нь боссынх нь авгай уурлахаас айсан зэр­гээс болоод шоронг сонгожээ гэж ойлгож болно.  Бод доо, ардчилсан хүчний үед зас­гийн зардлаар Америкт сур­гуульд явсан цөөнгүй хүний тэтгэлгийг зогсоож сур­гуулиас нь хасуулсан байгаа юм даа, шаарнууд.

Чухам энэ үеэс л ямар үнээр ямар ч аргаар хамаа­гүй, МАХН ялагч байх учиртай болж, цаг үеийн шаардлагаар гэлээ гэдэг шиг сонгуулийн луйвар жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн гэдэг.  Бид нар мэдэж л байгаа шүү дээ. 2004 онд  сонгуулийн шөнө Ардчилсан хүчин ялсан мэ­дээ гараад эхлэнгүүт л санал тоолохоо больчихсон шүү дээ. Гүтгэлээ гэхгүй байлгүй. Тэгээд таг байж байж гэнэт "МАХН ялсан" дүнг хар­маа­наасаа гаргаж ирэн зарласан даг. Энэ жил ч гэсэн санал шуурхай тоолсон газар нь Ардчилсан нам ялаад, удаан тоолохоор МАХН ялаад явчи­хав уу даа.

Шавийн эрдэм давах цаг

Монголын улс төрд ялагд­сан намаа хэрхэн сарьсалж, авгайг нь булааснаас дутах­гүй баалдгийг МАХН  2000-2004 онд заасан. Бас эрх барьсан намыг хэрхэн га­цааж, үхдэл болгож болдгийг 1996-2004 онд сургасан.  Энэ бүхний төлөө хэрхэн амь бие болон эх орныг үл хайрлан тэмцэхийн жишгийг эдгээр жилүүдэд үлгэрлэсэн. Өнөө­дөр өөрийнхөө тарьсан үрийг өөрөө амсах нь их болжуу дээ. Сүүлийн хоёр  ч удаагийн "МАХН-ын" хочтой Засгийн газрыг харахад. Заримдаа шавь нар нь багшдаа сүрхий мэх хийгээд байх болж.

Ардчилсан хүчнийхэн ч гэсэн хүн, хүн хүндээ монгол хүн л юм болохоор дандаа л шударга царайлаад ялагдаад явчихгүй.  Бар ирвэл барь­цалдан тулагтун  гэж өвөг дээдэс нь сургажээ. Тэд МАХН-ын давгүй  суралцаад эхэлсний шинж, өнгөр бишгүй харагдах болж. Шавийн эрдэм багшаас давдаг нь ёс оо. Чухам энэ цагт манай оронд ялагч, ялалт хоёр оршин тогт­нох аргагүй болно доо. Яана. 

Төгсгөл: Хавар өнөө Клин­тоны хүүхэн сонгуулийн сунгаанд өрсөлдөж дуусаад бичсэн захиаг уншсанаа са­нанам. Ялагдаж сурах гэдэг нь ялалтаас олон хувь давуу эрдэм чадал нэхдэг зүйл аж. Бид яаж ийгээд, луйвар бул­хай хийгээд   болов ялчихаж болоод байна. Бидний хэн ч ялагдаж сурахгүй болтой, сурч байсан нь хүртэл болиод явчихаж байна. Аргагүй юм даа. МАХН ялахаараа яадаг билээ?