Ертөнц болоод улс гүр­нийг шинэтгэгч үүрийн туяа шиг эрин бий. Эрин үе бүхэн өөрийн баатруудтай.  Амь насаа биш юмаа гэхэд аж төрлөөс эхлээд хуучин тог­то­цоор үнэлэгддэг олон "үнэт" зүйлээ золиослосон мянга мянган баатрууд энэ өглөөг авчирдаг. Тэд бүгдээрээ туг барьсан цуутнууд байдаггүй. 1990-ээд онд эхэлсэн Мон­го­лын ардчилсан хувьсгал ч тийм.
Ардчилсан хувьсгалын  гол баатруудыг ард түмэн мэддэг. Тэд өнөөдөр ч улс төрийн үйл хэргээ идэвхтэй үргэлжлүүлсээр байна.
Харин зөвхөн сумандаа, гол усандаа ардчиллагч олон зуун мянган хүнийг улс орон мэдэхгүй. Улс хэмжээний  шинэтгэгчид  ихэнхдээ алдар цуугийн титэм дор марш эг­шиглүүлэн алхдаг бол алс хязгаарын шинэтгэгч нар  гол төлөв ад шоо үзэгдэн, га­дуур­хагд­саар мартагддаг. Та нар мэднэ дээ. Сум суманд, хороо хоринд  "ардчиллын"  хоч зүүсэн  гандан бууршгүй хэдэн "ард" байдгийг. Амьд­рал ахуй нь ихэнхдээ сүр­хий­гүй ээ. Ху намынхан бол бүр үзэхгүй. Хуучин цагсан бол "Намын эсрэг бүлэг" болгоод дээлийг нь толгой дээгүүр нь нөмөр­гөх­сөн гэж битүү мө­рөөднө. Аргагүй шүү дээ. Өөрөө хэзээ ч дарга болох­гүй, болгоё гэхнээ чадахгүй бас өөрөө хүсэхгүй.

Тийм хүмүүс шиг улаан садаа байхгүй санаг­дана. Уг нь дарга даамал болгочихдог бол аваа өгөө, ашиг сонирхол яриад  үг хэлээ олж болмоор... Гэтэл тэгдэг­гүй.  Өрөөлийг ч дарга болгож идүүлж уулга­даггүй, өөрөө ч дарга даамал болж идэж уудаг­гүй. Ардчил­сан хүчний шинэ цагийн зүт­гэлт­нүүд болохоор нүдэн дээрээ "тэр гуай ч манай партизан хүн дээ" гэж хүндлэх байдал үзүү­лэвч цаанаа бөөн тээршаадаг.  Нэг талаас нь харахад  энэ нийгмийг эрүүл саруул байл­гах гол эрэг шураг ч юм шиг, нөгөө нэг харахад  хэвийн урагшлах замын саад  бартаа ч юм шиг. Гол нь тэдэнд хот газрын хувьсгалчид шиг да­сан өөрч­лөгдөх бодол сонир­хол огт байдаггүй. Орон нут­гийн "хувьс­галын хүүх­дүүд" үнэн сэтгэлээрээ, хоёр­гүй нэг санаагаар "өөрийн шу­дарга гэж үзсэн"  үйл хэргийн төлөө үздэг байхад улсын хэмжээнд  их төвөгтэй. Үнэн мөнөөсөө эсэргүүцээд байна уу? Энэ мөнгөн дээрээ тохи­ролцох гээд байна уу, ялгахад бэрх. Ер нь бол улсын хэм­жээ­ний "хувьсгалчийн роль"-ийг  ерөн­хийдээ бизнесийн чанар­тай болсон гэж нийг­мийн зүгээс хардах болсон. Аргагүй ш дээ, уул уурхайн баян компаниудтай "хэн нь цоглог тэмцэх вэ" гэсэн урал­даан зарласан аятай л юмс  байн байн болдог,  тэгснээ алуу­лаагүй, айлгуулаагүй мөрт­лөө больчихоод тэдний өр­сөл­дөгч пүүсийн муу муу­хайг дуудах аянд мордоно. Нэг ийм, баян компаниуд тойрсон  тухайн хэргээ бүтээ­гээд ту­гаа буулгачихдаг "явуу­лын хувьсгалч" олон болжээ. Аа тийм бас зарим нь улс до­торх хувьсгалыг орхиод нам дотроо, яамкан дотроо хувьс­гал хийнэ гээд үзэж тарж байна. Намаа ч юм уу, яамаа, эсвэл нүхээ үнд­сээр нь өөрч­лөөд хаях нь уу гэхээр үгүй, өөрийнхөө албан тушаалыг л шинэчлээд зогс­чи­хож байна.

Ингээд харахад нийгмийг орвонгоор хувьсган эргүү­лэгч­дийн үе нэгэнт өнгөрөн одсон болтой.  Д.Намдаг гуайн "Цаг төрийн үймээн" романы баатар болох гурван жинчин Хятадын иргэний дайны үймээн самуун дунд орчихдог юм. Дотор газрын хэл ус, зан заншил мэдэхгүй нүүдэлчин ардууд "хятадууд юунаасаа болж ингэж алалдаад"  байгаа­гийн учрыг тааж ядна. Ингээд хамгийн ахмад болох жингийн даамал Хүрэл өвгөн "Мэдэж ядах юу байх вэ? Зэрэг жин­сээ л булаалдаа биз" гэж цэцэн мэргэн дүгнэлт хийдэг. Өнөө хувьсгалчийн туг барь­сан олон олон хүний хийж буй "Цаг төрийн үймээн"-ийг  мон­гол­чууд   жинчин Хүрэлийн нүдээр харах нь их болж. Дээр нь 1990 оны маягийн хувьсгал хийх гэхээр юутай хээтэй нь самууруулчих гээд хэцүү болчихсныг өнгөрсөн зун харлаа.

Чухамхүү нийгмийг хувьс­­ган шинэтгэж орвонгоор нь эргүүлэх хувь заяатай хүмүүсийн магнайд төрсөн хүн бол бурхан болооч С.Цогт­сайхан байлаа. Олон түмэн түүнийг зохиосон дуу­ных нь нэрээр "Хонх"-ны Цогтсайхан хэмээдэг.  Үнэн хэрэгтээ тэрээр нийгмийг сэрээсэн  хувьсгалыг эхлүү­лэх хонхыг цохисон баатар.  Тэрээр биднийг "Ивээлт на­мын уриан дуунаар, Илгээлт аваад Говийг зорих" юм дуу­лан төөрөлдөж явахад хонх цохин сэрээгээд "Албан та­сал­гааны цонхоор л амьдрал сайхан харагдаж" байгаагаас биш "Рашаантын 18"-д  шал ондоо байгааг тэр л үзүүлж билээ. Зовж зүдэрч, дээр нь доромжлогдож байгаагаа хар­сан ард түмэн сэрж босон Сүхбаатарын талбайдаа ирц­гээсэн билээ.

Ингэж сэрээж дуудсан хүмүүсийн нэг үнэхээр Цо­гоо. Ийм хүмүүс хөрч хөшиж царцсан хорвоог орвонгоор нь эргүүлэх гэж төрдөг юм. Хог ургамал дүүрч битүүрэн атарш­сан газарт хүмүүсийг тэжээх үр тариа ургуулахын талд хөрсийг нь эргүүлээд ир хэмээн анжис барьсан элчээ Бурхан илгээдэг. Тэдний нэг Цогтсайхан. Хог ургамлаасаа салж элдэншсэн уриншсан талд үр тариа найгахын цагт  Бурхад элчээ эргүүлэн дууд­даг билээ. Тэдний нэг ч бас Бурхан болооч Цогоо.

Бурхан болооч хэзээ ч "сумын хувьсгалч" шиг амь­дарч, хотоос ирсэн Ардчил­сан холбооны хүнээс "Ард­чил­лын од" тэмдэг аваад харьж тэвчихгүй, хурц цолгин нэгэн байсан.

Бурхан болооч хэзээ ч "зэрэг жинсээ голсон" нөхөд хувьсгал ба шинэтгэл, эх оронч үзлийн ариун тугийг барьсан явахыг тэвчиж амьд байхгүй халуун цустай, орги­луун нэгэн байлаа.

Бидний "болж бүтээд бай­гаа" гэх энэ цагийг Цогоо тэвчиж амьдрахгүй,  энэ цаг үе ч Цогоос тэсвэрлэн дааж барахгүй байсан мэт. Ийм болохоор л Цогоо хэмээх нэгэн гайхалтай үзэгдлийг Бурхан бидэнд өгөөд эргүү­лэн авсан билээ.

Яг үнэнийг хэлэхэд өнөө­дөр "Цогтсайхан бид хоёр чинь..." гэж ирээд хууч хөөр­дөг найз нөхдийнх нь нэг би биш байлаа. Би хэзээ ч түүн­тэй аяга тагш юм хуваан ууж, сэтгэлээ нээлцэж явсангүй.  Бас хэзээ ч гэр орноороо оролцож ижий ахай бололц­сонгүй. Би түүний уран бүтээ­лийг хүндэлдэг, онгирч хэлэ­хэд  бид бие биеэ харилцан хүндлэлцдэг хоёр байв. Хэр­вээ хэрвээ...бол бид нэн дотно анд болох ч байсан байж мэднэ. Учир нь Бурхан болооч манай "Өдрийн со­нин"-ы тоймч болохоор шийд­сэн байлаа. Ингээд тэрээр ажил­даа жинхэнэ орохынхоо урьд өдөр нэг шар ширээ ачиж ирлээ. Ардчилсан хол­боо­­ноос авлаа гэсэн билүү дээ. Ширээгээ нэг уужуу буланд тавиад "За би маргааш энд ирээд сууна. Хоёулаа ний­лээд ёстой алж өгнө" гэсэн санаатай үг хэлээд гар барин гарч одсон билээ. Тэгээд маргааш...нөгөөдөр нь... ер нь хэзээ ч ирээгүй. Учир нь тэр бурхан болсон билээ.