Нуурыг зорьсон нь
Цочирдом үйл явдлууд нь таныг уйдаахгүй
Нуурыг зорьсон нь
Цочирдом үйл явдлууд нь таныг уйдаахгүй
“Мишка, хурдлаарай, түгжрэл эхлэх нь байна шүү” хэмээн хэлсэн сэн.
Би ээжийгээ бүр тэврээ ч үгүй.
Ээж ээ, ээж минь, хайртай ээж минь дээ....
Энэ бүхэн маш хурдан болж өнгөрлөө. Интернэтээр цуурч байгаа элдэв мэдээллийг би уйдалгүй уншиж, шинэ юм унших тоолондоо Сергейд хэлдэг байлаа. Харин тэр зүгээр л инээн: “Аня, арван гурван сая хүнтэй, бүх л бүтэн засгийн газартай, тэнд ажилладаг хүмүүс, мөн хотод ажилладаг хэдэн мянган албан хаагч байсаар байхад бүх хотыг хаах боломжтой гэж бодож байна уу? Битгий хэтрүүлж хүлээж ав, тэд чамайг үхтэл чинь айлгана, ингэснээрээ чи зүгээр хамрын шуухитнаа тусах төдийд л хэт санаа зовж, тэдний зарж буй бүх эмийг худалдан авч байж санаа чинь амардаг болно” гэлээ.
Шөнө тэд гэнэтхэн хотыг хаав. Сергей намайг өглөө эрт сэрээдэггүй ч, өөртэй нь хамт сэрж, кофе хийж өгөн, хөл нүцгэн түүнийг даган алхаж, цамцаа индүүдэж байх хооронд нойрмог ч гэсэн хажууд нь сууж, урд хаалга хүртэл үдэж өгөөд буцаад орондоо орон өдөн хөнжилдөө шигдэж, унтахад дуртай байдгийг би мэднэ.
Харин тэр өглөө намайг утасдаж сэрээсэн юм: “Хонгор минь, интернэтээ шалга даа, хотод аймшигтай түгжрэл болж байна. Би цаг хагас хөдөлгөөнгүй түгжрэлд зогсож байна, жоохон ч урагшлах боломж алга.” Түүний дуу хоолой ажилдаа хоцрох дургүй хүн шиг бага зэрэг уцаарлангуй сонсогдсон ч айж түгшсэн шинжгүй байсныг би тод санаж байна. Тэр үед Сергей айж түгшсэн санагдаагүй. Би өндийн нэг хөлөө орноос унжуулан хэсэг хөдөлгөөнгүй сууж, сэргэхийг хичээлээ. Дараа нь бэлэн байдалд орж, компьютерээ асаах зууртаа гал тогоогоор дайрч бүлээнээрээ байсан кофеноос хийж авснаа санаж байна. Замын хөдөлгөөний талаар шалгахаар кофегоо уунгаа компьютер дээрээ Яндексээ ачааллуулж байх хооронд дэлгэцний хайх хэсгийн дээхэн талд “Малайзад осолдсон онгоцноос нэг ч цогцос олдсонгүй”, “Майкл Шумахер Формула 1-т эргэн ирлээ” зэрэг мэдээнүүдийн дунд “Москва руу нэвтрэх хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа” гэсэн гарчиг олж харав. Энэ өгүүлбэр огтхон ч аймаар байгаагүй. Үнэндээ утгагүй, уйтгартай санагдсан. “Түр” гэх үг хэвийн, аюулгүй сонсогдож байлаа. Би агуулгынх нь дөрвөн мөрийг эхнээс нь дуустал нь уншиж, Сергей рүү залгаж байх зуурт гарчигнууд ар араасаа маш хурдтай цувран орж ирж, хамгийн эхний уйтгартай гарчгийг дарав. Сергейг утсаа авах үед би “МОСКВАД ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО” гэсэн гарчгийг олж харлаа. Гэвч Сергей “Би мэдсэн, тэд дөнгөж сая радиогоор хэллээ, гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй - би оффис руу ярьчихаад чам руу эргээд залгая. Үргэлжлүүлээд уншиж л байгаарай за юу? Энэ бүхэн шал утгагүй юм” гээд утсаа салгав.
Би нэмж уншилгүй, ээж рүү залгахад, хэн ч хариулсангүй. Түүний гар утас руу нь залгахад нэг юм утсаа авсан ба амьсгаадсан шинжтэй сонсогдоно:
“Аня юу? Юу болсон бэ, хоолой чинь яагаа вэ?”
“Ээж, та хаана байна?”
“Би талх авахаар дэлгүүр явчихаад ирж байна, ямар нэг юм болоо юу, Аня. Би өдийд дандаа гадагшаа гардаг, чи яагаад сандраад байгаа юм бэ?”
“Та хөл хорионд орсон байна, ээж ээ, хотод хөл хорио тогтоосон байна. Би юу болоод байгааг сайн мэдэхгүй байна, мэдээнээс олж уншлаа. Та өглөө мэдээ сонссон уу?”.
Ээж хэсэг хугацаанд чимээгүй болсноо: “Би чамайг Москвад байхгүй байгаад үнэхээр их баярлаж байна. Сергей гэртээ байна уу?” гэв.
Сергей харих замдаа хэд хэдэн дахин залгаж байлаа. Түүнийг залгах бүрт би интернэтээс мэдээ уншиж өгөх ба мэдээллүүд нь богинохон, дэлгэрэнгүй нь хэсэг хэсгээр гарч ирэх ч маш олон мөрүүд “баталгаагүй эх сурвалжийн мэдээлснээр”, “хотын захиргаанаас бидэнд хэлэхдээ” гэж эхэлж байв. Мөн үд дунд эрүүл мэндийн сайд үйл явдлын талаар мэдэгдэл хийнэ гэсэн байна. Би компьютерынхоо дэлгэцийг мэдээний гарчиг, өгүүлбэрүүдэд дарагдан сарнитал ачааллуулж, кофе маань ч хөрөв. Гэвч юу юунаас ч илүү Сергейг гэртээ ирэхийг хүсэж байлаа. Намайг гурав дахь удаагаа залгахад тэр жолооч нар машинаа унтраан замын эргэн тойрноор хэсүүчилж, радиогоор явах мэдээ сонсохоор нэг нэгнийхээ машин руу толгойгоо шургуулан байна, гэхдээ одоо нэг юм машинууд хөдөлж эхэлж байна. “Хонгор минь, гэхдээ галзуурмаар юмаа, мэдээ дөнгөж хагас цагт нэг удаа явах юм, тэгснээ хөгжим эгшиглүүлж, зар сурталчилгаа тасралтгүй явж байна, чөтгөр ав гэж”. Жолооч нарыг машиндаа суусны дараа маш урт машинуудын цуваа хотыг чиглэн мөлхөж эхлэв. Дөчөөд минутын хугацаанд таван километр явсны дараа дараачийн салаа замаар бүгд буцах хэрэгтэй болж, хотоос холдох шаардлагатай болов. Сергей дахин залгаж:
“Тэд худлаа хэлээгүй бололтой, хотыг хаасан байна.” Тэрээр таван км явж буцах хүртлээ энэ мэдээнд эргэлзэж, зүгээр нэг цуу, худал зүйл хэмээн бодож байлаа гэсэн өнгө аястай хэлнэ.
Мишка сэрэн доод давхар руу бууж ирсэн байв. Би хөргөгчний хаалга хаагдахыг сонсоод хийж байсан зүйлээ болин түүнд “Хотыг хаасан байна” гэв.
“Юу гэсэн үг вэ?” Түүнийг эргэн харахад нойрмог царай, сэгсийсэн үс, хацар дээр нь үүссэн дэрний ормыг хараад би тайвширлаа.
“Москвад хөл хориг тавьсан. Сергей одоо гэр лүүгээ буцаад ирж байгаа. Би эмээ рүү нь ярьсан, тэр зүгээр байналээ. Бид хэсэг хугацаанд хот орох боломжгүй болсон.”
“Янзтай” хэмээн миний туранхай хүү хэлэв. Түүний хувьд хамгийн том асуудал бол тоглоомын приставка нь эвдэрсэн явдал байсан бөгөөд миний хэлсэн мэдээнд огтхон ч санаа зовнисон шинжгүй, магадгүй сургуулийн амралт нь урт үргэлжлэх нь гэж бодсон уу эсвэл бүр юу ч бодоогүй байж мэднэ. Тэрээр над руу нойрмоглон инээмсэглээд савтай жүржийн шүүс, жигнэмэг аваад буцаад өрөө рүүгээ явлаа.
Энэ бүхэн үнэндээ тийм ч аймаар байсангүй. Хөл хоригийг ойрын хугацаанд дуусахгүй гэдгийг төсөөлөхөд хэцүү, учир нь зурагтаар тэд “энэ бол түр арга хэмжээ”, “нөхцөл байдал хяналтанд байна”, “хотод хангалтай эм тариа, хоол хүнс байгаа” хэмээн мэдээлж байсан. Мэдээнүүд дэлгэцний доогуур зогсоо зайгүй урсахгүй, амны хаалт зүүсэн хүн багатай, хачин жигтэй хоосон гудамжнаас шууд дамжуулалт хийгдэхгүй байлаа. Харин оронд нь зурагтын бүх сувгаар нөгөө л шоу цэнгээнт нэвтрүүлгүүд, зар сурталчилгаанууд хэвийн цацагдаж, хотод байгаа нь ч тэр, хотоос гадна байгаа хүмүүс нь ч тэр тэгтлээ айж сандарсан янзгүй байлаа. Би өглөөг мэдээ үзэх, ээж болон найз нөхөд рүүгээ залгахаас эхэлнэ. Сергей гэрээсээ ажиллах нь гэнэтийн амралт авсан мэт сайхан хэрэг болов. Хоттой хараахан холбоо тасраагүй, зүгээр хязгаарлагдсан байсан тул хот руу орох арга зам хайн, ээжийгээ энд авчрах гэдэг тийм ч яаралтай ажил шиг санагдсангүй. Энэ талаар бид эхэлж ярихдаа тийм ч чухалчилж үзээгүй. Миний санаж байгаагаар оройн хоолон дээр хөл хориг тогтоосон анхны өдөр, Сергейн (мөн зарим хөршүүд ч адил) өдөрт хэд хэдэн утаа гадагш гарах шаардлагатай байдаг байсан тэр өдөр байсан юм. Зөвхөн гол замуудыг хаасан ба олон туслах замууд нээлттэй байна гэсэн цуурхал тарсан ч Сергейгийн хот руу орох гэсэн бүх оролдлогууд бүтэлгүйтэж гэртээ ирнэ.
Тэд метрог хаалаа гэж зарлах үед бид үнэхээр айж эхэлсэн юм. Ингээд хөшиг нээсэн мэт бүх зүйл нэг зэрэг болж, бидний дээрээс ус асгах мэт мэдээллүүд хөвөрч эхлэв. Бид хэзээд санаа зовж байгаагүйгээрээ их айж байлаа: дөрвөн зуун мянган хүн халдвар авсан байна. Ээж залган дэлгүүрийн лангуунууд хоосорсныг хэлээд, “Гэхдээ битгий санаа зов, би зарим нэг зүйлийг нөөцөлж авсан, надад их зүйл хэрэг болохгүй, Любовь гуайн хэлснээр хотын удирдлагууд хүнс хуваарилан тараах ажлыг тун удахгүй хийж эхэлнэ” гээд, “Хонгор минь, миний сэтгэл жоохон зовниж эхлээд байна, гадуур яваа хүмүүс бүгд амны хаалт зүүж байна” гэв. Төд удалгүй Сергей ажилдаа явж чадахаа больж, сүлжээ шинэ жилийн өмнөх оройных шиг ачаалалд дарагдан, өдрийн төгсгөлд мэдээний гарчигууд улам хурдацтай, ширүүн болж, хугацаат хязгаарлалтуудыг хийж эхлэв. Хотоор дайран өнгөрөх хөдөлгөөн дээр хориг тавьж, харуул хамгаалалт, эм тариа, хүнс тараалтыг зогсоож, бүх албан газар, сургууль, хүүхэд асрах газруудын яаралтай тусламжийн цэгүүдийг хаав. Миний найз Лена шөнө бидэн рүү залгаж, утасны цаана уйлж гарлаа: “Аня, эд нар эмнэлгийн тусламжийн талаар яриад байна, тэр нь хаана байна аа? Энэ газрууд нь яг цэргийн эмнэлэг шиг, шалан дээр гудас дэвсээд өвчтөнүүдээ хэвтүүлчихсэн, яг л дайны талбар шиг байна.”