Сонсоод байхнээ...
Сонсоод байхнээ юм юм л дуулдах аж. Манай тамирчдын сүүнээс хор гарлаа гээд гадуур бөөн яриа.
Сонсоод байхнээ юм юм л дуулдах аж. Манай тамирчдын сүүнээс хор гарлаа гээд гадуур бөөн яриа. Хэнийх нь мөөмийг хэн нь хөхөөд үзсэн юм бүү мэд. Ногоон сүү байсан ч гэх шиг. Сурснаараа малын мөөмний цагаан сүүгээ ууж байсан бол их сайндаа цианид натри л гарна биз дээ. Бас хажуугаар нь “Манай сумочид унаад байна” гэхийм. Тэгж хөл дээрээ тогтохоо байсан юм бол юм хүм түшээд, мэдээтэй явахад ч яадаг юм бэ?
Ерөнхий сайд ирэх “аравдугаар сард багтаан бүх хүнийг халж сольж дуусгана” гэчихээд Америк явсан байна. Хална гэдгийг ч ойлгохтойгоо. Харин биднийгээ хэнээр сольж дуусгах гэсэн юм бол. Бидний орны хүмүүсийг Америкаас авчрах юм биш үү. Аймаар нь, тэрээр эргэж ирээд, Оюут гэнэ үү нэг нөхрийн толгойг авна гээд явсан байна. Айванхүү гэдэг гадны хүнтэй нийлээд яггүй хэрэг тарьсан болтой юм аа. Хортой майнууз хийж зарсан ч юм шиг дуулдана лээ. Хачин хачин юманд дуртай улс ч зөндөө дуулдах юм. “Тэр нөхрийн толгойг надаар л авхуулаарай” жагсдаг улс ч байдаг юм байх.
Улаан үйлдвэрчнийг удирдах болсон фэн-шү Ганбаа гуай “өвөл цагийн улс төр хүмүүжлийн ажил”-аа энэ сарын сүүлээс эхлэх болтой байна. Тэрээр “Төрийн ордны гуанз нь баруун хойт буюу ходоодонд гэмтэй зүгт байрлаж байгааг өөрчлөн зүүн өмнө аваачих, Монгол банкны үүдэнд орших чулуун арслангийн нүдийг хятадын эртний заншил ёсоор хөхөөр будаж мөнгө даллах, төрийн албан хаагчид тахиа цагт заавал шээж байх...” зэрэг арван зүйлт шаардлагыг шинэ засгийн газартаа тавих юм байна. Шаардлагыг үйлдвэрчин ардын эрх ашгийн үүднээс нааштай шийдэхгүй бол тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжихээр бэлдэж байгаа аж.
Бас багш нар юм болох гээд байна аа. Багш нар цалингаа голсон уу, цалин нь багшаа голсон уу, бүү мэд. Нэг дуулахнээ ажлаа багш нь хаях ч юм шиг, ахиад дуулдах нь ажил нь багшаа хаях ч юм уу гэмээр, ямарч л байсан нэг “хаялт” болох дог оо.
Мөн бидний “далдыг харж чаддаггүй байсан”-тай холбоотой нэг үйлд явдал болж байна. Улаанбаатарт 1945 оны Японоос чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудын уулзалт болж байгаа аж. Уг манай гол хандивлагч гэдгийг тэхэд мэдсэн бол чөлөөлөхөө болчихгүй юу.
“Өлсгөлөн зарлаж байж, охиноо ажилд оруулав” гэсэн мэдээ www.news.mn-д гарчээ. Тэр хүн хүрсэн амжилтаа бататгахын зэрэгцээ “өлсгөлөнгийн аргаар үр хүүхдээ ажилд оруулах” сэдэвт бүс нутгийн семинар зохиох бодолтой байгаа аж. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын нэг гишүүн ээжийгээ сойхоор шийдсэн гэх яриа байна. Тэрээр хүүгээ “сайд” болгохоос нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гүрийнэ гэж тохирсон гэх. Хуучин цагт “Хөгшин хүн үхэхээрээ айлгадаг” байсан бол өдгөө “тэмцсэн хүн өлсөхөөрөө айлгах” болж.
Өө тийн манай ерөнхийлөгч тамгын даргагүй хүндхэн байгаа болтой. Хуучин дарга нь хотын мээр болсон, оронд нь жил мэнгэ таарах хүн олддоггүй. Заримдаа тамга нь хэрэг болохоор тэр нь дээрээ удирдах хүнгүй юм яадаг билээ, яг тэгээд олдохоо байчихдаг, ёстой хэцүү байгаа гэсэн. Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар гэсэн хоёр цолыг саяхан зэрэг зэрэг өгөөд байвдаа. Энэ их учиртай гэнэ. Учиртайсах ч юу байхав тамгаа нэг олж авсан дээрээ бөөн бөөн цол хамтад нь өгдөг болсон хэрэг. Эхлээд гавъяат өгчихөөд сүүлд хөдөлмөрийн баатар болгох гэхээр дахиад л тамганы эрэлд мордож хамаг юмаа ундуй сундуй болгох гэж бөөн яршиг.
Газар тариалангийн нутгаар цочир хүйтэрч, бусад нутгаар цочихооргүй хүйтрэх тухай цаг уурынхан зарлаж байна. Төв, Сэлэнгийн нутагт амьдардаг зүрх муутай хүмүүс “Хүйтнээс гэнэт цочоод даралт ихсэх вий” гээд их л болгоомжтой явах болсон юм байх.
Засгийн газар хувийн тариаланчдыг “Ургацаа хурдан хураах”-ыг анхааруулсан байх юм. Муухай ялгавартай хандаж байгаа хэрэг шүү. Намайг юмаа хурдан бичихийг анхааруулдаггүй мөртлөө.
Баяртай мэдээ бас байна аа. Тэр алтны үртэстэй архинаас нэг ууж үзээд яах юмсан гэж боддог олон хүн бий. Тэхнээ Туул голд хятадууд алт угааж байгаа мэдээ гардаг гэж байгаа. Сонсголонгийн гүүрэн дор очоод залгилахад болох нь. “Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна” гэлцдэг. Ямарч байсан алт угаасан ус уух боломж бүрдэж.
Ерөнхий сайд С.Баяр эхнэргүй байгаад олон хүн баяргүй байгаа нь статистикаас харагджээ. Гэвч “намайг” эсвэл “миний авгайг ав” гэж санал болгох хүн гараагүй хэвээр...
Сонсоод байхнээ орон нутгийн сонгууль хаяанд ирсэн байна. Сонгууль ч яах вэ болдгоороо болно. Харин... Хотын намын (мэдээж МАХН-ын) хорооныхон хэрэгтэй хэрэггүй юмаа эртхэн байрнаасаа зөөсөн нь дээр байх аа даа.
2008.09.25