Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд Монголчууд бид цэргийн баярыг тэмдэглэдэг. Цаг үе, засаглаж байгаа үзэл суртлаасаа хамаараад янз бүрээр нэрлэдэг ч энэ бол юуны өмнө цэрэг эрийн баяр. Дайны цагт хамгийн хүнд хүчир, хэцүү бүхнийг хамгийн доод тушаалын байлдагч, цэрэг хүн биечлэн үүрдэг. Энхийн цагт ч дайн гарч магадгүй гэж арми байлгадаг учир энгийн цэрэг аль ч армийн гол цөм, нүүр царай нь болдог.


Цэрэг нь ямар дүр төрхтэй, бие галбир, хувцастай байна, түүгээр тухайн армийн өнгө жавхаа, сүр хүчийг төсөөлж болно. Армийн дарга, удирдлага нар нь ямар гоё хувцас, мундир хэрэглэсэн, эсвэл хэдий хэрийн үнэтэй гоёлын, тансаг машин унасан нь тийм ч чухал биш.


Гэтэл Монголын армид эрүүл саруул хүүгээ цэргийн алба хаалгахаар явуулаад эрэмдэг зэрэмдэг буцаж ирэхийг нь хараад гаслан уйлж байгаа эхчүүд олширч байна. Зарим нь бүр хэзээ ч эргэж ирэхгүй алагдаж, цэргүүд хоорондоо байлдаж, ангиасаа оргон зугтааж байна. Дайн байлдаан болоогүй байхад ийм байгаа юм чинь үнэхээр дайн болбол энэ арми яадаг бол. Хилийн цэрэг гэхэд л ямар ч мэдээлэлгүй, соёл иргэншлээс бүрэн таслагдан хүмүүс хугацаатай, хугацаагүй гэж талцан, буу зэвсгээ бие биедээ хэрэглэж, алалцаж байх боллоо. Хотын болон хөрөнгөтэй иргэд дүйцэх төлбөр гэдгийг нь төлөөд цэргийн албанаас чөлөөлөгдөж, голдуу хөдөөний болон ядуу айлын хүүхдүүд цэргийн албанд татагдаж байна. Цэрэгт татагдагсдын ихэнх нь биеийн жин бага, давжаа, өсөлтгүй байна гэж цэрэг татах комисс мэдэгдэх боллоо.


Соёл иргэншилтэй аль ч улсад армийн бие бүрэлдэхүүний чадвар, цэргээс халагдаж байгаа эрчүүдийн бие бялдар, оюун санаа, сэтгэл зүйн бэлтгэл нь тухайн орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болдог бөгөөд армийг батлан хамгаалахаас гадна нийгэм, эдийн засгийн тодорхой үүрэгтэй болохыг нарийн тооцсон бодлоготой байдаг.


Ид сайхан насандаа цэргийн алба хаасан, бие бялдрын цогц хөгжилтэй, сайн, муу бэрхшээлийг эр хүний тэвчээр хатуужлаар давж чаддаг, тэвчээртэй, тодорхой чиглэлээр мэргэжлийн бэлтгэлтэй, эрүүл саруул, эрч хүчтэй томоохон энэ бүлэг улс орныхоо хөдөлмөрийн хүчийг сэлбэх учиртай.


Цэрэгт ирсэн залуусыг сайн хооллож, зөв бэлтгэн хичээллүүлж чадвал тэгш цэгц алхаатай, булчин шөрмөс сайтай, өөх бага, биеийн хүчний ямар ч ажлыг хийж чадахуйц яралзсан залуус болох бүх нөхцөл Монголд бий болсон. Бүх арми, анги салаа бүрийг бодибилдингийн дасгалын тоног төхөөрөмжтэй болгоод, алба хаагч нартаа зөв, хоол сайн өгөхөд олон мянган залуус өөрсдийгөө хүндэлж бахархахуйц сайхан биетэй болохсон.


АНУ-ын арми хэдэн настай албан хаагч ямар хугацаанд хэдий хэрийн зайд гүйх, гар дээрээ хичнээн суниах, хэдэн удаа сонс эргэх гэх мэт биеийн хүчний стандарт тогтоож, бие бүрэлдэхүүндээ бүрэн мөрдүүлдэг. Манайд өөхлөн аахилсан дээд офицеруудаасаа эхлэн бүх түвшинд үүнийг хэрэгжүүлбэл армид төгс биеийг шүтэх соёл тогтоно. Нас насанд нь тааруулсан нормоо биелүүлж чадахгүй бол албан тушаал дэвшүүлэхэд нь хүртэл харгалзан үздэг барууны армиудын жишгийг дагамаар. Хамгийн сайхан биетэй цэргийг шалгаруулан гээд шагнаж болохгүй гэж үү?


Ямар ч түвшний цэргийн дарга тухайн ангийнхаа байлдагчийн гүйцэтгэх ажлыг хийж чаддаг байх ёстой. Нэгэнт өөрөө цэрэг байхдаа чаддаг байсан тэр дадал хэвшлээ армид байсан цагтаа хэзээ ч гүйцэтгэх чадвартай байх шаардлагатай биш үү. Танкандаа багтаж орох, эсэх нь эргэлзээтэй ангийн дарга нар яаж доод албан тушаалтнууддаа үлгэр дуурайл болох билээ.

Оюун санааны хувьд хөгжсөн, нийгмийн идэвхтэй бие хүн болон төлөвших боломжийг Монголын арми хангаж чадахгүй гэж үү? Цэрэгт байх хугацаандаа хорвоог таньж мэдэх, шинийг сурах арга барилаа олж, бусдыг хүндэлж сурч, мэдээллийн эриний ололт амжилтыг амьдралдаа хэрэглэх, интернэтийг бүрэн ашиглах чадвартай болох нь өнөөгийн бүх залуу хүний хэрэгцээ. Гадаад хэл, түүний дотор англи хэлийг сурах нь хувь хүний хэрэгцээнээс гадна олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд улам бүр идэвхтэй оролцож байгаа Монголын армийн зайлшгүй, бодит шаардлага мөн.


Цэрэгт насанд хүрсэн эр хүн бүрийг татаж, тэднийг эх орноо батлан хамгаалахад бэлэн байлгахын тулд бие бялдар, сэтгэл санааны хувьд даацтай бэлдэж чаддаг орон бол Өмнөд Солонгос бөгөөд эх эцгүүд нь цэрэгт очиж эр хүн болохыг хүүтэйгээ цуг хүлээдэг. Зөвхөн цэргийн албанд очсоноор л хүнд хүчрийг мэдэрч, тэвчээр хатуужилд суралцдаг, бусадтай хамтран ажиллахад сурдаг учир тэр оронд арми бол эр хүний хатыг тогтоох амьдралын сургууль болжээ.


Монголчууд бид өөрсдөө бахархам сайхан армитай болж чадвал нийгэмд аажим аажмаар товойн илэрч байгаа хүн ам зүйн харьцааны нэгэн гажилтыг засахад ч чухал үүрэгтэй. Манай улсын их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын бараг 70 хувь нь эмэгтэй болоод удаж байгаа бөгөөд тэд гэр бүлээ зохиохын тулд өөртэйгээ ижил болон дээгүүр боловсрол, мэдлэгтэй залуусыг хайдаг. Тийм эрэгтэйчүүд харьцангуй цөөн болж байгаа учир гадаад хүнтэй ханилж буй эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа бус уу?


Цэрэг бүрийг хэн ч харсан бахдам эрүүл сайхан биетэй, түүнээсээ ч илүү сайхан сэтгэлтэй, зоримог шийдэмгий эр хүн болгож чадвал тэдний халагдаж ирэхийг хүлээн суух бүсгүйчүүд олон болно. Нийгэмд тийм хүлээлт байгааг цэргийн хувцастай ах дүү нар минь ухааран тунгаана уу. Та нар минь чадна шүү дээ.

Монголын армийн бие бүрэлдэхүүнд амжилт хүсч баярын мэнд хүргэе.