Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/ хийгдэх нь тодорхой болов бололтой. Дан дээлтэй сайдуудтай Засгийн газар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ч хэрэвзээ Их хурлын гишүүн сайдуудтай байсан бол илүү үр дүнтэй ажиллах байлаа гэдэг дээр эрх баригчид өнөөдөр санал нэгджээ. Тэгэхээр үүн дээр нэмэрлэх санал байна. Юу гэхээр “бага” Засгийн газар болсон Нийслэлийн Засаг даргыг бас давхар дээлтэй болгох хуулийг ҮХНӨ-өөр хиймээр байна. Хотын дарга нь давхар УИХ-ын гишүүн байвал ажлыг саад багатай урагшлуулах юм байна гэдгийг өнөөдөр бид харж байна.

Энэ удаагийн ҮХНӨ нь хийгүй, алдаагүй, хамгийн гол нь дутуугаа гүйцээсэн байдлаар хийгдэх ёстой. Тийм түүхэн чухал цаг үе мөн. Өөрчлөлтийг дутуу хийснээр өнөөдөр ямар бантан болсныг бид бэлээхэн харж байна. Энэ талаар яривал барагдахгүй их зовлон тоочих учраас түр орхиё. Нийслэл дээр л тогтъё. Энэ нь иргэдэд өнөөдөр нэн чухал байгаа болохоор.

Өнөөдөр 1 сая 600 мянган хүний нийгэм эдийн засгийн амьдрал, эрүүл мэнд, боловсрол, соёлын бүхий л ачааны хүндийг Нийслэл үүрч, дүүрч явна. Ийм их хүн ам төвлөрсөн Улаанбаатар хотын захиргааг “бага” Засгийн газар гэж нэрлэхээс өөр аргагүй. Эдгээрийг дааж явах эрх зүйн зохицуулалтуудыг Д.Сумъяабазар үе шаттай, боломжит дээд хурдаараа хийж гүйцэтгэж байна. Наад зах нь төсвөөс 400 тэрбумыг хот өөрөө мэдэж шийдэх эрх зүйн орчинтой болсноос эхлээд, УИХ дахь нийслэлийг дэмжих лобби бүлгэм хүртэл байгуулагдан ажиллаж байна. Энэ мэт улс төрийн эрүүл дэмжлэгийг анх удаа бүрдүүлж чадсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд үйлчилгээний 70 гаруй тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жил гэнэт цуцалсан нь аж ахуй эрхлэгчид, татвар төлөгчид, ард иргэдийн хувьд нүд нь орой дээрээ гарсан, онцгой таатай шийдвэр, эдийн засгийн зөв хөшүүрэг болсон юм.

Энэ мэт эрүүл, чанартай шийдвэрүүдийг иргэд, олон түмэн сүүлийн 30 жил нийслэлийн удирдлагуудаас хүсч байсан ч өнөөдрөөс л нэг юм зөв эхлэл нь тавигдлаа. Маш их цаг хугацаа алджээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлд зөвшөөрөлгүй хайс хашаа, авлига, албан тушаалаар бий болсон газар олголтуудыг Д.Сумъяабазарын баг хуулийн хүрээнд тууштай эмхэлж цэгцэлж, цэцэрлэгжилт, зогсоол талбай, явган хүний зам, түгжрэлийг бууруулах гарц өргөтгөлийг шийдэх байдлаар бодитой ажил хэрэг болгож байна. Энэ ажлууд асар их эсэргүүцэл, занал зүхэл, эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт дор хийгдэж байгааг ярих ч юм биш. Хамгийн чухал нь Д.Сумъяабазарын баг буцаж няцахгүй, эцэж цуцахгүй үргэлжлүүлж байгаа нь нийслэлчүүдэд итгэл найдвар төрүүлж байгаа юм.

Нийслэлийн өнөөдрийн удирдлагууд аль ч талаараа бидний 30 жил ярьж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдээд явж байгаа учраас энэ удаагийн ҮХНӨ-өөр Нийслэлийн Засаг дарга нь УИХ-ын гишүүн байх эрх зүйн чадамжийг бүрдүүлж өгөөд түүнээс ажлын үр дүн нэхэж сууя. Энэ бол Монголын нийслэлд том реформ болно.

Өнөөдөр хотын дарга нь УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа ойлголцлын өндөр түвшинд ажиллаж байгаа ч Парламентын засаглалтай Монгол Улсын хувьд Нийслэлийн Засаг дарга нь УИХ-д давхар сууснаар илүү ихийг иргэдийн төлөө хийх нэр нөлөөтэй, ажлын үр дүн нь өндөр байх боломжтойг Д.Сумъябазарын Засаг даргаар ажиллаж байгаа хугацаанаас харж байна. Энэ тал дээр та бүхний санаа бодол ямар байна, хуваалцаарай.