Сири дэх Оросын байлдааны хоёр жилд
СССР-ийн өнгөн дээр хилийн чанадад явуулсан дайнуудых нь сүүлийг Афганистан дахь 8 жилийн ялалтгүй дайн мушгисан.
СССР-ийн өнгөн дээр хилийн чанадад явуулсан дайнуудых нь сүүлийг Афганистан дахь 8 жилийн ялалтгүй дайн мушгисан. Энэ гүрэн задран унахад эл дайн нэг нөхцөл, шалтгаан нь болж өгсөн. Түүнээс хойш Орос цэрэг-зэвсгээ хилийн чанад руу ийм олноор, удаан хугацаанд, амжилттай илгээсэн түүх өнөөгийн Сири дээр л давтагдлаа.
Нэг. Үр дүн ба шалтгаан
Сирийн дайнд Орос яах гэж оролцов, Орост ямар ашигтайв гэх асуулт хоёр жил биднийг ээрлээ. Владимир Путины өөрийнх нь хэлснээр, “Хууль ёсны засаг-төрийг нь тогтвортой байлгах, улс төрийн харилцан буулт хийхийг нь нөхцөлдүүлэх” зорилготой 2015 оны 10 дугаар сараас тэр байлдаан эхэлсэн. Оросын ВКС буюу агаарын ба сансрын цэрэг нь анхны цохилтоо 2015.09.30-нд хийсэн ба үндсэн зорилгоо хангах анхны алхам нь “Лалын улс” (ISIL), “Жабхат ан-Нусра” (Aль-Каедагийн салбар, одоо “Хейат Тахрир аш-Шам” гэсэн нэртэй яваа) гэх террорист, жихадист бүлгүүдийг даран сөнөөх явдал байлаа. Хоёр жилийн дүнгээр авч үзвэл Оросын ВКС нь 30 мянган агаарын дайралт хийж, 90 мянган цохилт өгчээ. Уг нь 90 мянган удаа бөмбөг тэсэлж, пуужин харвалаа гэхэд “Лалын улс” (ISIL), Жабхат ан-Нусрагийн тавь жаран мянган дайчин юутай хээтэйгээ сөнөчихмөөр. Гэтэл үр дүн нь туйлын чамлалттай. “Оросын цэргийнхэн Сирид 35 мянган боевикуудыг хөнөөлөө. Орчин үеийн 162 төрлийн зэвсгээ хэрэглэж туршлаа” хэмээнБатлан хамгаалахынх нь сайд Сергей Шойгу жилийн өмнө сайрхан мэдэгдсэнээс үзвэл Орос нь Сириэс мөддөө гарахгүйгээр бэхжсэн мэт.
Башар Асадын дэглэмийн эсрэг сиричүүд босч тэмцээд 5 дахь жилээ үдэж байна. Үүнээс гуравт нь тэрээр тэсэн ядан дайралтыг зогсоож тогтоож байсан бол үлдэх хоёр жилд нь Оросын ВКС оролцсоноор ялалтаа бараг хангаж чаджээ. Нутаг дэвсгэрийнхээ 95 хувийг террорист жихадистуудаас чөлөөлжээ. Нью-Йоркийн их сургуулийн профессор Марк Галеоттийн ажигласнаар Орос нь хоёр жилийг тун зөрчилтэй өнгөрөөжээ. Уг нь ISIL ба Жабхат ан-Нусра маягийн алан хядагчдын эсрэг цэргийн операцаа чиглүүлнэ гэсэн боловч Сирийн чөлөөт арми, сирийн ардчилсан хүчний эсрэг гэсгээлт явуулсан болж таарчээ. Асадын эсрэг л байвал бүгдийг нь цэргийн урлагийн өндөр түвшинд “машиндах”, тэгснээрээ Украинаас болж олон улсын тавцанд унасан нэр хүндээ сэргээх, улмаад “Сирийн сэдэв”-ээр дэлхийн бусад гүрнүүдтэй (ялангуяа АНУ) наймаалцахыг зорьсон хэмээн проф. Галеотти бичсэн байх аж. Донбасст Орос бэхжиж авсан, Украин Дорнод бүс нутгаа хэзээ ч эргүүлж авч чадахгүй болсон, гэхдээ Оросын нэр хүнд бүр унасны дараа Путины гадаад бодлогын дараагийн үзэгдэл эхэлсэн, Украин дахь дайныхаа бүтэлгүйтлээс дэлхий дахины анхаарлыг сарниулахаар Сирийг сонгосон хэмээн шведийн дипломатч Андерс Ослунд үзсэн нь анхаарал татахаар дүгнэлт юм.
Хоёр. Байлдааны зохиомж
Ингэхэд Орос Сирид юу авааччихаад тулалдаж байгаа вэ? ВКС гэгчийн авиац, далай тэнгисүүдээс харвах далавчит пуужингууд, цэргийн зөвлөхүүд, цэргийн цагдаа, спецназ буюу тусгай зориулалтын цэрэг, цэргийн хувийн компани гэгчид элсэгдсэн хөлсний цэргүүд. Ийм хүчээр Сирийн Засгийн газарт тусалж байна.
Байлдааны арга тактик нь гол төлөв агаараас Асадын цэрэг ба түүний холбоотнуудын (Иран, Ливаны цэргийн ангиуд, “Хэзболла” мэтийн отрядууд) цэргийн ажиллагааг дэмжинэ. Тэдний хяналтын бүсийг тэлэхийг хамтран зорино. 2016 оны сүүлчээр Алеппог эргүүлэн авсан нь тийм хоршсон хамтын ажиллагааны сонгодог жишээ. “Лалын улс”-ын хяналтын бүс, хил хумигдсаар дуусах тийшээ хандлаа. “Лалын улс” нефтийн ордуудаа алдлаа. Зэвсэгт бүлгээ санхүүжүүлэх эх сурвалжаа алдлаа. Энэ бол Орос цэргийн хүчээр оролцсоны гавьяа гэдгийг ч нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
Тиймдээ ч ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковын нийтэд задалснаар, Орос, Америк хоёр цэргийн хэлхээ холбоо барьж, генералууд нь уулзалдаж байлдааны ажиллагаагаа зохицуулж буй. АНУ-ын хувьд Сирийн чөлөөт арми ба ардчилсан хүчин, курдын ба арабын босогчдыг зэвсэглэн, агаараас галаар дэмжиx, босогчдын мэдэлд буй Сирийн умард нутагт Рожава гэх автономит засаг захиргааг хүлээн зөвшөөрүүлэх зорилготой. Америкчуудын гол тулж түших нь курдууд бол Орос нь Туркийг дэмжин Туркийн цэргээр тусгаар тогтнохыг хүссэн курдын анклавыг устгуулахыг зорино.
Гурав. Хохирол
Орос энэ дайнд оролцсоноор хүн хүч, санхүүгийн хувьд үлэмж хохирол амслаа. Жилийн өмнө Алеппод Орос ихээхэн ач холбогдол өгч тулалдсан, ер нь Сири нь тэр чигтээ Оросын геополитикийн тоглолтын шинэхэн, алдаж болохгүй тавцан болсны хариу тусгал нь Анкарад Оросын Элчин сайдыг нь хөнөөсөн, Оросын Элчин сайдын араас нь дараагийнх нь гашуудал залгасан. Сири рүү чиглэн нисч явсан ОХУ-ын БХЯ-ны Ту-154 цэргийн онгоц 92 зорчигчтойгоо Хар тэнгист сүйрсэн. Хоёр жилд амь алдсан 40 цэргийн албан хаагчийг оролцуулаад оросын 76 иргэн гэсэн тоо байна. Амь үрэгдэгсдийн дотор дэслэгч генерал Валерий Асапов, хурандаа Юрий Хабаров, хурандаа Степан Борщев гэхчлэн хүндэт нэрс жагсана. Орос хүний амь геополитикийн их тулааны дэргэд тун өчүүхэн ч юм шиг.
Санхүүгийн алдагдал нь өдөртөө л 2.3 саяас 4 сая ам.доллар хэмээх тооцоог британийн дүн шинжилгээний IHS Jane's сэтгүүл хоёр жилийн тэртээ хийж байсан. Дунджаар өдөртөө 2.5 сая долларын гарлагатай болов уу хэмээн таамагласан. АНУ ба түүний холбоотнууд өдөртөө 13.6 сая доллар гарлагатай (2014.08.08-наас 2017.06.30-ны хоорон дахь зарлагын албан ёсны илтгэл) гэж тооцоход оросынх өдөртөө 4 сая ам.доллар байх нь бараг ойролцоо болов уу. Өнөөг хүртэл АНУ ба холбоотнууд нь 14 тэрбум долларын зарлага гаргасан байна. 2016 оны гуравдугаар сард Путины хийсэн нэг мэдэгдэл байна. Сири дэх байлдааны операцад Орос төсвөөсөө 33 тэрбум рубль (570 сая доллар) өгсөн тухай, тэр үед Оросын төв банкны албан бус нэгэн тооцоогоор 2015 оны намраас тоолсон хагас жилд гэхэд л Сирид явуулсан байлдаандаа 38 тэрбум рубль (657 сая доллар) зарцуулсан бололтой юм. Хагас жилд хагас тэрбум доллар Сирийн дайны фронт руу Орос илгээсэн нь харагдаж байна. Оросын төв банкны өөр нэг тооцоо саяхан ил болжээ. Юу гэвэл Сири дэх операцдаа 58 тэрбум рубль(ойролцоогоор нэг тэрбум ам.доллар) зарцуулжээ. Энэ бол зөвхөн ажиллагааны зардал (байлдааны нислэг, пуужин харвалт, шатахуун, авиабаазын зардал гэх мэт). Цаана нь зөвхөн 2015 онд Сири нь Оросоос19.7 сая долларын бараа таваар авсан дүн гарч байсан. Сири рүү юу, хэд хичнээн тоотой, ямар хэмжээтэй илгээсэн гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт Орост бараг байхгүй, 2016 онд тийм баримт бичиг үйлдээгүй, 2017 оны эхний хагаст Оросоос Сири рүү16.1 сая долларын бараа бүтээгдэхүүн явсан бүртгэл байна. Буяны ба ханвив тусламжийн зориулалтаар Сири нь өнгөрсөн хоёр жил хагасын дотор 36 сая ам.долларын (2 тэрбум рубль) бараа бүтээгдэхүүн авчээ гэсэн тооцоо интернэт мэдээнд байна.
Ингэхэд Сирийн дайнд Орос татагдан ороод ийм их санхүүгийн гарлага гаргасны сацуу олсон ашиг гэж бий юү гэх асуулт дагалддаг. Мэдээж маш олон цэргийн албан хаагч цалинжиж, ажил орлоготой байж, тэдний гэр бүл бэлжиж, цэрэг-арми бэхжиж, командлал нь туршлагажиж, хувийн цэргийн компаниуд (ЧВК) хөгжиж, мөн шинэ зэвсэг техникээ турших бэлээхэн полигон талбартай болж авлаа. Цэргийн аж үйлдвэрүүд захиалгад дарагдаж, тэр салбарын маш олон хүн ажил орлоготой болсон нь мэдээж давуу тал нь.
Шинэ шинэ зэвсэг техник (“Искандер”, “Калибр” гэх мэт тактикийн цөмийн зэвсгийн зөөгч пуужин, Х-101 гэх нисэх онгоцны далавчит пуужин, эргийн хамгаалалтын “Бастион” комплекс) бүтээсэн нь бүр ч том ололт гэж тооцогдоно. Радиоэлектрон байлдааны комплекс, “Тайфун-К” мэтийн хуягт машин, инженерийн роботехникийн машин, байлдааны роботууд, нисэгчгүй техник, холбооны хэрэгсэл гэхлэн зэвсгээ өөрсдөө заримыг нь, ихэнхийг нь сирийн цэргийнхэнд эзэмшүүлэн сайтар туршуулжээ. Сирийн дайнд оросын зэвсэглэлд шинэхэн бүртгэгдсэн бөмбөгдөгч Су-34, сөнөөгч Су-35, Су-30, цохилтын вертолет Ка-52, Ми-28, Ми-35 сайн байлдаж, түүнээс нь улбаалж оросын зэвсгийг дэлхий даяараа сонирхож худалдан авах хүсэлт захиалгаа тасралтгүй ирүүлж буй тухай Путин өнгөрсөн хавар мэдэгдсэн. Түүний ярьснаар бол 2016 онд оросын зэвсгийн экспорт 3 хувиар буюу 15 тэрбум доллар болсон ажээ.
Эдгээрийг том ололт хэмээн оросын цэргийнхэн, зохион бүтээгч эрдэмтэд нь үздэг бол Александр Кнобель, Бекхан Чокаев зэрэг гадаад худалдааны томхон мэргэжилтнүүд Оросын эдийн засагт хэтдээ нуль гарлага, алдагдал хуримтлагдсан хэмээн үзэж байна. Оросын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн төсвөөс хасан байж цэрэг-аж үйлдвэр рүү оруулж байгаа тул тэд зөв ч хэлсэн байх.
Дөрөв. Израильтай хоршлоо
Жүүдийн төрт-улсын заналт дайсан Ирантай хоршиж ажиллаж буй Орос Израильтай яг тийм хэмжээнд холбогдож авчээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөнөөхөн Тель-Авивт айлчилж, өөрийн партнёр Авигдор Либермантай хэлэлцээ хийсэн ба ярилцсан сэдэв нь цэргийн, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, терроризмтой тэмцэх, бүс нутгийн нөхцөл байдал гээд ярайж байна. Ингэж айлчлахынх нь өмнө израилийн агаарын хүчин сирийн зенитийн батарейг сөнөөсөн, тэр нь оросын сирид өгсөн зэвсэг, оросын сургасан зенитчид болж таарсан. Шойгу эсэргүүцэл илэрхийлсэнгүй. Учир нь Орос, Израиль хоёр Сирийн агаарын орон зайд ажиллах «кодекс» гэгчээ тохирсон, гэнэт мөргөлдөхөөсөө зайлсхийх гэж тэгсэн. Дамаск ба сирийн боевикуудын хоорондын дайнд израиль нейтралитет сахиж байгаад Москвад туйлын талархалтай хандаж буй. Орос, Израиль хоёр 2015 оны намраас өөрөөр хэлбэл Орос Сирид байлдаж эхэлснээс байнгын хэлхээ холбоотой байгаа нь Оросын олон талт, зарим талаар олон нүүрт дипломат бодлогынх нь илэрхийлэл болов уу. Жанжин штабын орлогч дарга нар толгойлсон хамтарсан комисс байгуулсан ба Сирийн тэнгэрт аюулгүй байдлыг хангах хамтарсан сургуулилалт хийсэн мэдээ байна.
Энэ бүхнээс үзвэл Орос нь Сирид байрлаж байлдсан бус Ойрхи Дорнод, Араб ертөнцөд геополитикийн байр сууриа үлэмж бэхжүүлсэн гэж дүгнэж болох мэт.