“Улсын юм чинь, аваад бай, үнэгүй ш дээ”. Монголчуудын хэвшсэн ярианаас.


Хүнд эд баялагтай болох хоёрхон арга байдаг. Эд баялагыг эсвэл бүтээнэ, эсвэл дээрэмдэнэ. Та ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоод үнэ цэнэ бүтээгээд түүнийгээ борлуулаад орлого олж болно. Энэ тохиолдолд солилцоонд орсон талуудын орлого дээшилж, улмаар нийгмийн нийт баялаг нэмэгдэнэ. Гэтэл манай хууль, журам олон хүмүүст бусдын бүтээснийг “дээрэмдэх” боломж олгодог. Энэ тохиолдолд нэгийх нь алдагдал, нөгөөгийн хожоо болж, тодорхой үнэт зүйл зөвхөн нэгээс нөгөөд шилжиж, нийгмийн баялагын нийлбэр өөрчлөгдөхгүй, харин ч зардал гарч байгаа учир багасдаг.


Ёс зүйн зардал, хохирлыг нь яриад ч яахав. Тэртэй тэргүй энэ бол Монголын төр засгийн хэмжээнд нэн ховордсон ойлголт. “Нэгэн орны иргэн, гадаадын танил хоёрын хооронд ийм яриа болж байна гэнэ. орны иргэнээс гадаадын танил нь асууж байна гэнэ.


- Танайд байхгүй юмны яам гэж байх юм бас хачин аа.

- Яаж байна?

- Далайд гарцгүй мөртлөө далайн тээврийн яам гэж байх юм.

- Танайд ч гэсэн соёлын яам гэж байдаг биз дээ гэж хариулжээ. “

Устаж, алга болоод байгаа зүйлийн тухай ч яах вэ, ургаж цэцэглэж байгаа тодорхой зүйлийн тухай хөндөх гэсэн юм. Төр засгийн хариуцлагагүй аж ахуй, үргүй зардал, түүнийг байлгах улс төрчдийн хэрэгцээ шаардлагыг ганцхан жишээн дээр харцгаая.


Тэтгэврийн сан хаана байна гэж зургаан жилийн дараагаас тэтгэвэрээ авах гэж байгаа иргэд асуух нь зүйн хэрэг. Хаана , хичнээн байх ёстойг тэтгэврийн шимтгэлийг нь гучин жил хураасан, төлсөн ажил олгогч талууд нийлээд гэнэт ярьсан чинь нэг нь 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн нэрийн дансанд нийт 2.1 триллион төгрөг байх ёстой , нөгөө нь 860 тэрбум төгрөг байх ёстой гэж маргалдав. Эцэст нь хэргийн эзэн Сангийн яамны саналаар дундыг бариад 1.7 триллион төгрөг байлгахаар “тохирцгоожээ”. НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү. Өдрийн сонин. 2009.07.20. Хуудас 15.

Энэ хөрөнгө төрийн биш хувийн мөнгө байсан бол яаж хандах болоо. Ийм том хэлбэлзэл зөвхөн хамгийн хариуцлагагүй, ийм байлгах сонирхолтой луйварчдын яриа. Ямар ч гэсэн нэрийн дансандаа мөнгөө хийлгэчихсэн гээд хүлээж суугаа 72- мянган иргэдэд насны эцэст хэрэглэх хөрөнгө нь 30 хувиар их байх уу эсвэл 2 дахин бага байх уу гэдэг ялгаагүй тоо биш билээ. Харин төр (урдах болох одоогын засгийн газрын гишүүд, сайд, дарга нарт) засгийн удирдлагад бол энэ бол тийм их ялгатай биш, яагаад гэвэл үүнийг хянаж шалгадаг институт гэж байхгүй. Төрийн хяналт гэж сүр нэртэй, шалгасан илрүүлсэн болж гурилддаг, театр байдаг. Төр засаг хэний хичнээн хөрөнгө хаана хадгалж байгаагаа ч мэддэггүй санаатай мэдэн будилсаах байна.

 

Энэ их мөнгийг ямар ч хүүгүй хэрэглэж, үрэн таран хийх сайхан боломжийг улс төрийн нэрээр олж авахын төлөө үхэн хатан дайрч байгаагын цаад учир нь маш энгийн. Хэн д ч тайлан тавьдаггүй ийм нөхцөлд хогын ургамал үржин тархаж, мөнгийг тоолж жижигрэхийн оронд багцын зузаанаар нь хэмжиж хэрэглэдэг төрийн “түшмэдүүд”-ийн нууц орлого, улс төр, сонгуулын найрааны найдвартай эх үүсвэр энэ маягийн мянган аргаар бий болж байна. Уг нь бол та бидний бүх насаараа хуримтлуулсан бүтээсэн хөдөлмөрийн хөлсний нэг хэсэг, тэтгэвэрт гараад авах тооцоотой хуримтлал шүү дээ.


Сангийн яамны хүлээн зөвшөөрөөд байгаа мөнгөний ч гэсэн 370 тэрбумыг өөрөө, хүүгүй хэрэглэж, түүнээс одоогоор 134 тэрбум нь хаана байгаа, хэн юунд яагаад үрснийг нууж байна. Тайлан гаргавал тэдний ашиг сонирхолд нийцэхгүй.

Тэтгэвэрийн болон бусад даатгалын мөнгийг жилийн дөрвөн хувийн хүүтэй хадгалуулсан гэж өөрсдийгаа магтаж, иргэдээ басамжилж байгаа дарга нар Монгол улсад банкны хадгаламжийн хүү сүүлийн 10 жилд 10-аас буугаагүй, түүнээс өмнө бараг 20 хувь хүрч байсныг мэдээгүй гэж үү. Хамгийн сайн мэдэж байсан.

Мэлзээд байгаа 1.7 триллион их наяд оор нь тооцоод тайланд ороогүй 6 хувь нь гэхэд л жилд 100 тэрбум төг.болж байна. Энэ их мөнгө хаашаа орсоныг төр засаг ээлжлэн барьж ирсэн улс төрийн намуудаас тэтгэвэртээ гарч байгаа иргэд асууж байна. .


Зүй нь бол тэтгэврийн санг улсын төсвөөс тусд нь байлгаж, мэргэжилийн хүмүүс удирдан зохистой байршуулж ажиллавал аль ч улсын хөрөнгийн зах зээл хөгжихөд онцгой үүрэг гүйцэтгэдэг санхүүгийн хэрэгсэл. Гол зорилго нь тухайн жилийн инфляцаас өндөр хүүтэй өсгөж байж тэтгэвэрт гарах үедээ худалдан авах чадвар нь алдаагүй хөрөнгийг иргэддээ олгох ёстой.

Зөвхөн ийм урт хугацаатай мөнгөөр орон сууцны зээлийг санхүүжүүлдэг дэлхийн туршлага бий. Засаг төр энэ талаар ганц ч дуугарахгүй байгааг бид анзаарч байгаа. Зөвхөн гадаадын зээлээр л байшин барих тухай ярьсаар ирлээ. Олон оронд хувийн компаниуд өөрсдийн тэтгэврийн санг байгуулдаг, манайд ч зарим байгууллага туршиж эхэлж байна.


Энэ бүхнийг зөв зохион байгуулахын оронд татвар төлөгчдөөс нуун дарагдуулж, өөр хоорондоо хариуцлага тооцохын оронд үгсэн хуйвалдаж байгаа улс төрийн намууд төрөөс иргэдийн хөрөнгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн оронд тэднийг “дээрэмдэж” байгаагын зөвхөн нэг жишээ энэ.


Ингэж төр засаг үнэт зүйлийг бүтээхийн оронд, ил далд дахин хуваарилахын төлөө л ажиллаж ирсэн тул манай нийгэм баяжихгүй байгаад гайхах зүйлгүй. Ардчилсан нийгмийн хөгжлийн баталгаа нь хэзээ ч төр, засгийн газар нь биш харин түүнийг хянахад л байдгыг Монголчууд улам бүр ойлгож байна.

 

Төр засаг бол баялаг бүтээгч биш түүнийг хуваарилагч. Хувиарлахдаа ч өөрийн хөрөнгө шиг биш, үргэлж өрөөлийн хөрөнгө гэж ханддаг, асуудлыг сонгуулын хугацаагаар шийддэг гэдгийг ардчилсан орны иргэн бүр эрт орой хэзээ нэг цагт бүрэн ойлгоно.

Тэр цагт тухайн орныг хөгжиж байгаа биш, хөгжилтэй орон гэж нэрлэдэг. Яагаад гэвэл ихэнхи хүмүүсийн амьдралын агуулага нь нийгмийн баялагыг хуваах биш түүнийг бүтээхийн төлөө болсон байдагбилээ.


2009-07-23