Монголд баяр үргэлжилсээр. Сар шинэ хуучирч амжаагүй байхад Мартын баяр залгаж, бялууны амт, дарсны үнэр энүүхэнд байхад Цэргийн баярын уур амьсгал хэдийнэ оржээ. Урлагийнханд заалаа түрээслүүлдэг газруудад л сайн юм болж байх шиг байна.
Бөхийн өргөөнд бараг 1000 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр тоглолт болно гэж байгаа. Бүх цэргийн туганд хүндэтгэл үзүүлэхээс авахуулаад олон төрлийн “чамин” номертой гэсэн.
Эрчүүддээ заавал үзүүлээрэй гэж хэлмээр бас нэгэн тоглолт байгаа нь Морин хуурын чуулгын дэлхийн шилдэг хөгжмөөс дээжилсэн тоглолт. Үүнийгээ эрчүүдийн баярын өдөр буюу 18-нд толилуулах юм билээ. Эднийх чуулга байгуулагдсаны 15 жилийн ойд зориулж тусгайлан бэлтгэж үзэгч олондоо хүргэж байсан хөтөлбөрөө баяжуулж дахин сонордуулах гэж байгаа юм байна.
Хөтөлбөрийг сонирхуулъя.
М.К Огийньский            “Полонез”
В. Монти                        “Чардаш”        
Г. Свиридов                    “Тройка”, “Вальс”
Й. Штраус                       “Радицкий марш”
С. Рахманинов               “Вокализ”                
К. Дебюсси                    “Сарны гэрэл”
А.Хачатурян                   “Охидын бүжиг”
В.А. Моцарт                   “Серенада”
Ж. Бизе                           “Антракт”
М.Флерковский              “Вокализ”
Caccini Mercurio             “Аve-Maria”
А.Дворжак                      “Аялгуу”
М.Понсэ                        “Эстерлита”
Г.Динику                        “Хора стаккато”
Й.Брамс                        “Унгар бүжиг”
Д. Шостакович               “Романс”
А.Вивальди                   “4 улирал- хавар”
А. Хачатурян                 “Сэлэмт бүжиг”
Ж. Чулуун                     “Бугын бүжиг”
Дэлхийн сонгодог болтлоо хөгжсөн европ зэмсэгт зориулан бичсэн хөгжмийн эдгээр бүтээлийг морин хуурын чуулгад зориулан хөрвүүлэх нүсэр ажлын дийлэнхийг тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхан хийсэн.
Мөн Цэргийн баяртай нэг их холбоогүй нэгэн тоглолт буй нь ДБЭТ-ын гоцлол дуучин  Н.Туяагийн сонгодог бүтээл дагнан хүргэх бие даасан тоглолт юм. Энэхүү тоглолт энэ сарын 12-нд ДБЭТ-т болно. Дуурийн дуучны тоглолтыг яагаад сонгодог бүтээлээр дагнаж хийх юм хэмээн тодотгоод байгаа юм бэ гэвэл Н.Туяа нь поп болон холимог чиглэлээр уран бүтээл хийдэг “Классик жэм”  хамтлагийн гишүүн, дуучин билээ.
Тус хамтлаг “Татар” хамтлагийн хип хопчин Заяатай хамтарч “Дэндүү давчуу” хэмээн дуулж, клип ч цацсаныг үзэгчид мэдэх байх аа.   
Харин одоо театртаа жижиг Туяа хэмээх “алдартай” тэрбээр дэлхийн шилдэг дуурийн гол дүрүүдийн аринуудыг хэрхэн чадварлагаар дуулдаг болохыг сонсохыг хүсвэл та түүний тоглолтыг зориорой.      
Р.Оюунаа