Унтаа Монголоо сэрээхийн учир
Хорвоо дэлхийн бүх нөөцийг эдүгээ хүний, санхүүгийн, материалын, мэдээллийн ба цагийн гэж тав ангилдаг болжээ.
Хорвоо дэлхийн бүх нөөцийг эдүгээ хүний, санхүүгийн, материалын, мэдээллийн ба цагийн гэж тав ангилдаг болжээ. Энэ таван нөөцийн олдоц, ашиглалт, боловсруулалтын чадвар, түвшнээс хамаараад улс орны, хувь хүний хөгжил ялгаатай. Улс гүрэн, хүн бүр эдгээр нөөцийг ашиглаж тодорхой үнэ цэнэ бүтээснээ бусадтай солилцож амьдардаг. Хүний боловсролын (мэдлэг, чадвар, төлөвшил, харилцаа) түвшнээс хамаараад бий болгосон үнэ цэнэт зүйлийнх нь эрэлт, хэрэгцээ өөр өөр байдаг.
Эдгээр нөөцийн ашиглалтыг хамгийн өгөөжтэй зохицуулж чаддаг механизм бол зах зээл хэдий ч төрийн оролцоо мөн шаардлагатай. Хувь хүн өөрийгөө, эрх чөлөөгөө, эд хөрөнгөө халдлагаас хамгаалах боломжгүй, чадахгүй учир олон хүн хамтарч төрийг байгуулдаг, эсвэл өөрчилж сайжруулдаг. Төр хамгаалахаас гадна нийтийн хөрөнгийг бүтээх, арчлах шаардлагатай болдог. Жишээ нь зам, усан хангамж зэрэг хувь хүн барихад ашиггүй, жижиглэн худалдах боломжгүй дэд бүтцүүд гэх мэт.
Харин төрийг, тодруулбал төрийн эрх мэдлийг ардчилсан оронд иргэд нь улс төрийн нам гэдэг байгууллуудаас сонгож ялсанд нь өгөөд, ажлын гүйцэтгэлийг нь шалгаж дүгнэж, засаж өөрчлөөд явдаг. Харамсалтай нь Монголчууд одоогоор тэрхүү хянагч механизмыг нь тогтоож чадахгүй л явж ирлээ. Тийм ч учраас намын нэрээр цөөхөн этгээдүүд боломжтой бүх нөөцийг нь цөлмөж, завших болов.
Хүн бүр цаад шалтгааныг нь сайн ойлгохгүй, ойлгосон ч нэгдэхгүй, юунаас эхлэхээ ч мэдэхгүй байгаагаас дэндүү их баялагтай гэх Монголын дийлэнх иргэд нь тарчиг ядуу, цөөхөн нь үрэлгэн, тансаг амьдарч байна.
Бид “унтаж”, хорвоогийн хөгжлөөс хоцорч байгаа. Унтах хооронд тодорхой бүлэглэл нөөцүүдийг маань, ялангуяа материаллаг болон санхүүгийн нөөцийг хамж авсаар байна.
Материаллаг нөөцийн бөөгнөрөл
Материаллаг нөөцөд байгалийн баялаг, газар ба түүн дээр байгаа хүний бүтээсэн биет, барьж болох бүх эд зүйлс ордог. Байгалийн баялгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хувь хүн биш төр олгодог нь ойлгомжтой. Энэ баялгийг хүн бүтээгээгүй учир ардчилсан улс оронд бол бүх иргэд нь ямар нэг хэлбэрээр түүнээс хүртэх ёстой. Тийм ч учраас МУ-ын Үндсэн хуулийн зургаа дугаар зүйлд “газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтууд орсон юм.
Харин энэ заалтыг монголын улс төрийн элит өөрийнхөөр “хэрэгжүүлдэг”. Жишээ нь эрдэс баялгийг хайх, олборлох зөвшөөрлүүд нь МАНАН-ын удирдлагатай холбоотой этгээдүүдэд авлига өгсөн хүмүүст л очдог. Зөвшөөрөлтэй нь хамт эрдэс баялаг нь тэр хүмүүсийн өмч болж, лицензийг ямар ч татваргүйгээр дамлан зарж, том ашиг олж байна.
Газар ба түүний дээр байгаа ой, ус, амьтан, ургамлыг мөн л төрийн түшмэдүүд захиран зарцуулдаг. Тод жишээ нь нийслэлийн газрууд. Туул голын эргээс хойш бүх газрыг нийслэлийн үе үеийн дарга нар хуйвалдан борлуулсаны урд талыг нь БОЯ-ны (нэр нь эрх мэдлийн дахин хуваарилалтаар өөрчлөгддөг) үе үеийн сайд нар хуйвалдан завшсан. Өөрийн эсвэл холбоотой этгээдүүдийнхээ нэр дээр олгосон газруудаа, тухайлбал Богд уулын бүх ам, Яармагийн дэнжийг бүхэлд нь тэд хэсэглэн хувааж, дамлан борлуулж орон сууц, орд харш бариад дуусч буй. Эрдэс баялгийн орд газруудын зөвшөөрлийг уул уурхайн яамны үе үеийн сайд нар бас л хуйвалдан борлуулж ирлээ. Монголын хамгийн том хөрөнгөтнүүд нийслэлийн газар, уул уурхай, төрийн том төслүүдээс төрөөд байна. Төр засгийн эрх мэдлийг ямар ч үнээр хамаагүй худалдаж, худалдан авдаг “зах” болгочихоод байна.
Төр засгийн салаа мөчир бүрт түшмэдүүд нийтийн материаллаг хөрөнгийг зувчуулан баяжиж, хууль журмыг биелүүлэхгүй, эсвэл өөрсдийгөө хамгаалсан, хариуцлагаас тойрсон “эсрэг” хууль, тогтоомж гаргадаг болжээ. Төр засагт бүх насаараа ажилласан түшмэдүүдийн зөвхөн хадгаламж нь бизнес эрхлэгчдээс олон арав дахин илүү болсныг төрийн өндөр албан тушаалтнуудын хүн амын орлогын энэ жилийн тайлангаас харж болно. (http://www.ikon.mn/visualdata/c/uvr).
Монголын материаллаг нөөц түшмэдүүдийн “сүлжээний бизнест” төвлөрч, төр нь авлигажсан түшмэдүүдийн хоргодох байр болжээ.
Санхүүгийн нөөц улс төрийн хэрэгсэл болсон нь
Ямар ч бизнес зардал гаргахгүйгээр, аль нэг эх үүсвэрээс санхүүжилгүйгээр урагшлах боломжгүй. Санхүүгийн нөөц олдоц ихтэй, харьцангуй хямдхан байх тусам зардал нь бага болно. Манай улсад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагаас шалтгаалан санхүүгийн зах зээл маань бүхэлдээ мөнгөний зах зээлээс буюу арилжааны банкуудаас бүтэж байна. Арилжааны 14 банкинд санхүүгийн бүх нөөц, эх үүсвэр төвлөрдөг учир бусад бүх нөөцийг яаж ашиглах нь тэдгээр банкуудаас хамаардаг болсон.
Монголчууд 20 хувиас өндөр хүүтэй зээлээр 20-иод жил бизнес хийхийг оролдож ирсэн нь дэлхийн ховор үзэгдлийн тоонд орно.
Монгол улсын банкны нийт активийн 80 хувь нь дөрвөн том банкинд төвлөрсөн бөгөөд тэдний хоёр нь ил тод улс төржих болсныг Ерөнхийлөгчийн сонгууль харуулав.
Голомт банкны эзэн нь МАН-ын нэр дэвшигчид “хайртай” болохоо өөрийнхөө эзэмшдэг Ийгл ТВ-ээр гарч, ил тод зарлав. АН-ын нэр дэвшигчийн сонгуулийн үеэр тараасан мөнгө, зөвхөн нэг машинаас илэрсэн нэг тэрбум төгрөг нь ХХБ-ны боодолтой байсныг цагдаагийн байгууллага зарлав.
Засгийн газар ч төсвийн мөнгийг улс төрийн хонжоо харж зарцуулах болсныг Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураах өдөр бүх хүүхдүүдэд тараасан 161 тэрбум төгрөг гэрчилж байна. Одоо ОУВС тохирсныхоо дагуу энэ мөнгийг өөр зардлаасаа танахыг Засгаас шаардаж сууна. Дээрээс нь МАН л гэхэд өнгөрсөн сонгуулийн зардалд нэмж 173 тэрбум төгрөг зарцуулсан тухай мэдээлэл цацагдлаа. АН-ч олон арван тэрбум төгрөг зарцуулсан нь ойлгомжтой юм.
Ардчилсан монголын улс төрийн ганц сонгууль л гэхэд ийм их зардалтай болсны төлөө улсыг маань ямар ч гэсэн ядуу биш, харин төгс авлигажсан орон гэхээс өөрөөр хэрхэн дүгнэх билээ.
Монголчууд бид төр засгаа хянах, ялангуяа төрийн эрхийг шилжүүлэн авдаг улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, улмаар нийтийн засаглалыг бүх түвшинд нь авлигаас ангижруулахыг хамтран, зэрэг шаардах болоогүй гэж үү? Санхүүгийн тайлангаа гаргадаггүй, эсвэл худлаа мэдээллэдэг, монголын баялгийг зувчуулж байгаа улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж яагаад болохгүй гэж? Мөн улс төржиж, хадгаламж эзэмшигчдийхээ хөрөнгийг эрсдэлд оруулж буй банк, санхүүгийн байгууллага, эзэдтэй Монголбанк хариуцлага тооцохыг хэдэн жил хүлээх юм бол оо?
Монгол улс маань хөгжихийн тулд наад зах нь авлигачдаас салах ёстой. Сэрүүн нэг нь унтаа нөгөөгөө сэрээх цаг болжээ, ах дүү нараа.
ААӨБӨБ
Serehgui dee.
Зочин
6 удаа
Түмэн
ganbat
ganbat
ganbat
Судлаач
судлаач
Anu
Зочин
судлаач
судлаач
Нанан
Нанан
Нанан
Зочин
Гана
bid naruud
Зочин
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
болд