Оросын Архангелск хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд В.Путиныг эсэргүүцсэн цуглаан болсон. Сөрөг хүчин болох “Яблоко”, Коммунист нам, “Солидарность” хөдөлгөөнийхөн энэ арга хэмжээг  зохион байгуулж ойролцоогоор 500 хүн оролцжээ.  Түүнээс гадна үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүд идэвхтэй оролцсон байна. “Солидарность” хөдөлгөөний гишүүн Илья Яшины ярьснаар цуглаан дээр орон нутаг болон  Москвад буй Засгийн газрыг  ширүүхэн шүүмжилжээ. Эдийн засгийн хямралын үед үнийн хөөрөгдлийг зогсоож, тэнцвэртэй нийгмийн бодлого явуулахыг шаардсан байна.

Сүүлийн үед Оросын хотуудад Засгийн газраас явуулж буй бодлого тэрдундаа Ерөнхий сайд В.Путиныг эсэргүүцсэн цуглаан нэлээд хэдэн хотод болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард Калининград хотод  нийтийн тээврийн үнийг нэмсэний дараахан цуглаан хийж мужийн захирагч Георгий Боос, Ерөнхий сайд В.Путин огцрохыг шаардсан юм. Хотын засаг захиргааныхан үүнийг эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдэг. Оршин суугчид нь хэрхийг өөрсдөө шийдэх ёстой хэмээн үзсэн байна.

 Харин Архангельск хотын оршин суугчид Оросын бусад хотууд болсон цуглааныг дэмжиж байгаагаа илэрхийлж энэ арга хэмжээг зохион байгуулсан. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө  Москвад  сөрөг хүчнийхэн цуглаан хийсэн. Харамсалтай нь энэ үеэр ардчиллыг дэмжигч,  Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан Борис Немцов зэрэг хүмүүсийг баривчилсан юм.  

Оросын эрх баригчдыг дэмжигчид  үүнийг Коммунист нам зэрэг сөрөг хүчнийхэн байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа. Нөхцөл байдлаас гарах шинэ санал дэвшүүлэх чадваргүй мөртлөө ард иргэдийг үймүүлсэн хэмээн шүүмжилсэн. Үнэндээ энэ нь   Оросын эрх баригчдын дунд хагарал гарснаас  байр суурь ганхаж эхэлсний  илэрэл юм. Тодруулбал В.Путин, Д.Медведев нарын  эрх мэдлийн төлөөх тэмцэл.

Оросын төрийн тэргүүн Д.Медведев өнгөрсөн долоо  хоногт ДЯЯ-ны хоёр орлогч сайд, 15 генералыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Ийм шийдвэр гаргах болсоноо батлан хамгаалахын салбар  хээл хахуульд хамгийн ихээр идэгдсэн байна хэмээн тайлбарлажээ. Төрийн албан хаагчийг нэр хүндийг өндөрт авч явах чадваргүй хүмүүстэй цаашид ч тэмцэх болно гэсэн.

Ерөнхийлөгч Д.Медведев улс орон шинэчлэл хийх шаардлагатай байгуу тухай сүүлийн үед байнга дурдах болсон.  “21 зууны Орос: маргаашийн дүр төрх” нэртэй цаашдын  хөгжлийн ерөнхий стартегийг ч боловсруулсанаа танилцуулсан билээ.  Түүний хамгийн гол зорилго нь ОХУ-д шинэчлэл хийж мужийн захирагчдийн сонгуулийн сэргээж, зэвсэгт хүчинд цомхотгол хийж, төрөөс эдийн засагт оролцох оролцоог багасгах явдал гэнэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд  Д.Медведев нэлээд эрх мэдэлтэй байх ёстой. Оросын Ерөнхийлөгчийн талынхан В.Путиныг хэтэрхий олон жил засгийн эрхийг барих хүсэлтэй байна хэмээн шүүмжилж  Зөвлөлтийн удирдагч агсан Л.Брежневтэй зүйрлэх болсон. Он гарснаас хойш Орост эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхтэй өрнөөд байгаа нь шинэчлэл хийх шаардлагатай болсоны бас нэгэн баталгаа.


                                                                                     Ю.Дэлгэрмаа