Хаврын сар гарч, хэн бүхэн урин цагийг угтаж төлөвлөсөн ажил хэргээ амжуулахаар дор бүрнээ чармайна. Эртнээс зориогүй ч элдэв шуугиан гарсантай холбогдуулан дээлтэй бүхэн түүнийгээ өмсч, дэлхий дахинд бид монголчууд гэдгээ сануулах ажлыг зарим нь зохион байгуулж байх шиг байна. Буруу ч юмгүй, дэмжиж байна.

За тэгээд сар шинийн баяр холдсон ч, “Мартын 8” залгаад пижигнэж эхэллээ. Эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг баярлуулах бол ийм ч концерт, тийм ч хошин шогийн тоглолт үзээрэй гээд зарлаж эхэллээ. Хаана ямар тоглолт болох талаар мэдээлье.

Ардын жүжигчин А.Долгор энэ баярыг тохиолдуулан уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийдэг уламжлалтай. Тэрбээр энэ удаа ирэх гуравдугаар сарын 6-нд ээжүүдийн баярт зориулсан тоглолт хийхээр завдаж буй ч хараахан албан ёсоор зарлаагүй байна. Бэлтгэл сургуулилалт ч бол ханасан, хэзээд бэлэн байдаг хүн. Харин чухам юунаас болж зарлахаа хойшлуулаад байгаа юм бол.

Поп дуучин Ж.Алтанцэцэг ардын дууны бүтээлээр хийж буй, удахгүй хэвлэлтээс гарах, энэ төрлөөр хоёр дахиа гаргах гэж байгаа шинэ цомгийнхоо нээлтийн тоглолтыг гуравдугаар сарын 8-нд  хийхээр төлөвлөжээ.     

За тэгээд Попера стилиэр уран бүтээл туурвиж, олонд нэртэй болсон Нюанс хамтлаг мөн тоглолтоо хийхээр зэхэж байна. Гэхдээ тэд эмэгтэйчүүдийн баярын үеэр биш, дараа нь тоглох бололтой юм билээ. Хөтөлбөрөө зоочихоод сургуулилалт хийж байна.  Сонирхуулахад тэд энэ жилээс дөрвүүлээ дуулна. Анх гарч ирэхдээ дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байснаа Энхтайван нь нөгөө гурваа орхиж “Классик жем” хамтлаг байгуулан хэсэг тоглосныг хүмүүс мэдэх байх. Тэгснээр “Нюанс”-ынхан гурвуул нэлээд хэдэн жил дуулсан ч хөгөөр айхтар дуталгүй уран бүтээлээ олонд хүргэсээр байлаа. Харин эдүгээ Өнөрөөгөө Америкт байх зуур багтаа элсүүлсэн шинэ дуучинтайгаа хамтарч дөрвүүл тоглож эхлэх аж.

За тэгээд Хошин урлагийн хамтлагууд дор бүрнээ алиа марзан тоглолтуудаа шинэчлэн бэлтгэсээр. Тэдний нэг “Х-ТҮЦ” хамтлаг өнгөрөгч оны шилдэг номеруудаасаа бүрдүүлсэн тоглолтыг UB palace-ийн концертын их танхимд гуравдугаар сарын 7,8-нд тоглох юм байна. Тоглолтын үеэр эхчүүд, эмэгтэйчүүдийг баярлуулах элдэв сюрприз бий хэмээн тус хамтлагийн гишүүн Аглуу хочит Баттулга хэлэв. Харин тасалбарын үнийн хувьд ердийнхөөс бага зэрэг хямд байх юм гэсэн. Тэд уг танхимд хоёр удаа тоглочихоод дараагийн өдрүүдэд нь МҮЭСТ-нд үргэлжлүүлэх юм билээ.  

Уг нь дуучин Т.Баясгалан олон жил Мартын 9-нд тоглолт хийдэг уламжлалтай байлаа. Гэтэл тэрбээр ээж болсон, бас телевизийн захирлын ажилтай болсон болохоор завдах нь юу л бол. Үнэндээ бол түүний тоглолтыг үзэгч, сонсогчид нь хүлээж буй л болов уу.

Хаврын сарын, баярын өдрүүдэд болох тоглолтуудын тухайд энэ.

Р.Оюунаа