“Социализм бол хяналт шалгалт, бүртгэл тооцоо мөн” гэсэн Лениний афоризмыг манай ахмад үеийнхэн сайн санаж байгаа байх. Энэ ишлэлийг бараг албан газар болгонд томоор бичин хананд хадсан байдаг байв. Логикийн хувьд Лениний үг тун зөв үндэслэлтэй. Коммунизм бол хувийн өмчийг зөвшөөрдөггүй нийгэм. Иймээс бүх өмчийг нам засаг хүчээр хурааж авна. Өмчгүй хүн хүний мөн чанараа алддаг. Ингэхээр нийгмээрээ өмчид хүний бус байдлаар хандана. Хулгайлах, шамшигдуулах, үл хэрэгсэх, хүйтэн цэвдэг, үрэлгэн, асгаж цутгасан... Өмчийн шинэ эзэн болсон нам засаг хурааж дээрэмдсэндээ байтугай өөрсдөө шинээр босгосондоо эзэн болж чаддаггүй. Тойроод нуль тонуулчид. Хамаг юмыг нь авч алга болчих гээд, эвдэж сүйтгэчих гээд. Юун мэнэжмэнт, марктинг...! Ингэхээр тогтмол байнга шалгаад л, хянаад л, тоолоод л байхаас өөр арга нам засагт байхгүй. Энэ бол социализм! Аргагүй Лениний зөв. Ленин хэзээ ч аж ахуйн үр ашигтай ажиллагааны талаар санаа тавьж байгаагүй, үргэлж л бүртгэл тооцоо хяналт шалгалт гэж үглээд байдаг байсан нь өөрийнх нь байгуулсан шинэ нийгмийн мөн чанараас болсон хэрэг.

    Лениний “Марксизмын гурван эх булаг” зохиолд марксист эдийн засгийн цаад сурвалж дотор Адам Смитийг оруулж нэрлэсэн байдаг нь зөөлөн хэлэхэд гүтгэлэг. Чухам хувийн өмч л эдийн засгийн үндсэн хөшүүрэг гэж хэлж баталсан Смитийн сургаалыг зөвшөөрсөн юм бол Маркс юу боллоо гэж хувийн өмчгүй нийгэм байгуулна гэж хорвоог тухирах билээ. Дундын буюу яг үнэнийг хэлэхэд хэнд ч үл харъяалагдах өмч дээр тогтсон нийгэм амьдрах бололцоогүй, энэ талын сургаал шинжлэх ухаантай, тэр дундаа эдийн засагтай хавьцахгүй юм байна гэдгийг хүн төрөлхтөн нийтээр ойлгохын тулд зуун жил, зуу  зуун сая амь насны өртөг төлжээ.

    Өнөөгийн нүдээр харахад Адам Смит тун энгийн ойлгомжтой зүйл хэлсэн юм. Аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үндсэн хөдөлгөгч хүч нь хувийн сонирхол, эдийн засгийн хөгжлийн үндсэн механизм нь чөлөөт худалдаа гэжээ. Смитийн үед энэ энгийн үнэнийг нийтээр ойлгодоггүй байсан юм. Хувийн санаачлагыг нийгэм таашаадаггүй, баяжих хөлжих гэсэн чөтгөрийн санаархал гэнэ, худалдааг бол шулуухан буруушаана. Тиймдээ ч худалдаа наймаа эрхлэх дуртай жүүд нарыг үзэн ядах нийтийн ойлголт суусан бололтой. Есүс, Күнз, Лаоцы нараас эхлээд эзэн хаад, шашны сурталчлаачид худалдааг үл сайшаана. Улс орны баян чинээлэг байх эх суурийг хөрөнгө хураах, алт мөнгө цуглуулах гэж үзнэ. Үүнийг мэркантализм гэнэ. Мэркантализм тэгсэн мөртөө дээрэм тонуулыг буруу шаадаггүй. Тиймдээ ч Европын орнуудад колончлол хөгжиж, колони орноос алт мөнгө дээрэмдэн цуглуулж сан үүсгэх, колони орныг экспорт хийх том зах зээл төдий харж алт мөнгөнөөс өөр юу ч импортлохоос зайлсхийх бодлоготой байв. Чухам ийм ойлголттой нийгэм дотор Адам Смитийн “Үндэсний баялаг” бүтээл хэвлэгдэн гарсан юм.

    Өрнийн ертөнц Смитийн сургаалыг тэр дор нь хүлээн авч Үйлдвэржилтийн асар гайхамшигт хувьсгал хийснээр хөгжлийн хандлага болон хурдацад үндсэн эргэлт хийсэн юм. Өнгөрсөн багагүй хугацаанд капитализм өөрийн сул хийгээд давуу талаа хангалттай харуулсан. Энэ болгон нь хүн төрөлхтний хөгжилд асар их сургамж өгч хөгжлийн чиг хандлагад засвар оруулж байгаа билээ.

    Гэвч Өрнийн орнууд улам хөгжин цэцэглэж байхад шинэ тусгаар тогтносон болон ядуу буурай орнууд ийм амжилт үзүүлж чадахгүй олон арван жилээр бойтоглосоор. Хувийн өмчийг хориглодог, худалдааг төр монополчлон эзэрхийлдэг коммунист орнуудыг тооцохоо болъё гэхэд аль алин нь чөлөөтэй байдаг “гуравдагч ертөнцийн” ядуу буурай олон орон хөгжлийн ямар ч олигтой амжилт үзүүлдэггүй. Үүний тод жишээ бол саяхан газар хөдлөлтөд нэрвэгддэг Гаити юм. Карибын орнуудаас хамгийн түрүүн тусгаар тогтнолоо олсон энэ орон 200 гаруй жилийн турш дэлхийн хамгийн ядуу орноор шалгарсаар явна. Хоёр зууны нийлбэрээр гадаадаас авсан тусламжийн хэмээгээр хэнд ч гүйцэгдэхгүй толгойлдог. Экологийн сүйрлээр ч аврага. Ардчилсан болон дарангуйллын дэглэмээр аль алингаар нь бишгүйдээ нэг явж үзсэн.

    Энэ оньсогын хариуг олсон хүнийг Эрнандо дэ Сото гэдэг. Мөн л капитализмын гайхамшигт үр дүнг гүрийгээд гүрийгээд үзэж чаддаггүй гурав дахь орны иргэн. Тэр перу хүн. Гэхдээ Канадад төрж өссөн өрнийн хүмүүжил боловсролтой нэгэн. Перу бол ууландаа маоистууд агуулсан мөнхийн түгшүүрт амьдардаг нэлээд хэдэн орны нэг. Маоистууд байнга террор хийн төрийн байгууламжийг нурааж коммунист нийгэм байгуулахыг шаардаж, харанхуй ард түмэнд мөнхийн диваажин амлана. Бирм, Балба, Филиппин, Болив, Колумб гээд ийм зовлонгоос салж чаддаггүй нэлээд орон цаана нь бий.  Тэдний ятгалга, амлалт хүн амын нэлээд хэсгийн дэмжлэгийг авдаг. Тэдний амлалт аль зэрэг бодитой болохыг Сото судалжээ. Гол шалтгаан нь капитализм өөрөө Перуд амжилт олохгүй олон он сарыг элээсэн болохоор хүмүүсийн урмыг хугалж, цөхөрлийг баржээ. Иймдээ ч өдөр ирэх бүр олон хүн нийгмийн өөр байгууламж хүсэн шинэ туршилтанд орж үзэхэд бэлэн болж буй хэрэг. “Өөр зам” хэмээх энэ талаар бичсэн Сотогийн бүтээл нь олон оронд бэстсэллэр болсон юм.

    Эрнандо дэ Сото дараа нь судалгаагаа өргөжүүлэн Гайти, Филиппин, Египт зэрэг капитализмын үр ашгийг олж харж чадаггүй нэлээд хэдэн бойтог бүтэлгүй оронд зэрэг зэрэг цогц судалгаа хийсэн байна. Хүнд суртал, авилга, сэтгэлгээний болон моралийн доройтол, төрийн хэт зохицуулалт, үндэстэн болон омог отгийн зөрчил гээд мянган дутагдал нийгмийн хөгжлийг нь боодог аж. Энэ ч тодорхой хэрэг. Ийм үзэгдэл Смитээс өмнөх Европт ч түгээмэл байсан. Хамгийн гол шалтгаан капитализмын үндсэн хөдөлгөгч механизм болох бүртгэлийн тогтолцоо байдаггүй аж. Дээр өгүүлсэн мянган дутагдал буюу бүтэлгүйтэл нь капитализмын үндсэн механизмын нэг гол цэгийг тасалснаас болж өөдлөх гинжийг тасалдуулснаас үүдсэн үр дүн ажгуу.

    ДОХ өвчин хүний дархлааны системийг эвддэг болохыг ихэнхи хүн сонссон. Үнэндээ дархлааны систем нь маш олон төрлийн эс болон даавар, уураг фермент, ген тал талаас оролцдог нарийн механизм. Энэ гинжин процесст оролцдог Т-хэлпэр хэмээх эсийг л ДОХ-ын вирус гэмтээдэг. Үүнээс болж дархлааны систем тэр чигээрээ ажиллахаа больдог аж. Үүнтэй нэгэн адил гагц бүртгэлийн тогтолцоо дутахад л капиталист систем тэр чигээрээ гаждаг болохыг  Эрнандо дэ Сото нээсэн хэрэг.

    Хөгжиж байгаа орны иргэд дажгүй хуримтлалтай байх нь ч элбэг. Гэвч энэ нь бүртгэлгүй учраас эргэлтэнд орж чаддаггүй, тэр л утгаараа капитал болж чадахгүй. Иймээс нийгмийн гишүүдийн хооронд капиталист харилцаа үүсдэггүй, дундат зууны болхи харилцаа нь хадгалагдсаар байдаг гэнэ. Бугуй шилбэ хүзүү бүсэлхийгээрээ нэг алт эрдэнэ ороож зүүсэн баян энэтхэг авгай бишгүйдээ л нэг харагддаг. Тэр бол зүгээр л металл зүүсэн авгай. Түүний тэр кг хүрч магадгүй алт капитал биш. Учир нь тэр алт хаанаас гаралтай, хэнд бүртгэлтэй, даатгалтай, барьцаанд тавигдсан, төлбөрийн хэрэгслэл болж чадах эсэхээс, өөрөөр хэлбэл хөрвөх эсэхээс хамаарч капитал болно. Сотогийн судалгаа хийсэн орнуудад олон тэрбумын хөрөнгө болох байшин барилга, газар, уурхай, эдлэн, алт эрдэнэс бүртгэлийн тогтолцоонд орж чадаагүйгээс болж зүгээр л нэг сайхан гоё “хог” болон хөглөрч байжээ.

    Эрнандо дэ Сото хийсэн судалгаагаараа “Капиталын нууц” ном бичсэн нь дэлхийг цочоосон бэстсэллэр болсон. Энэ номын давхар гарчиг нь “Өрнийн ялгуулсан капитализм Өөр газар өөдөлдөггүйн учир”. Адам Смитээс хойш эдийн засгийн ухаанд гарсан хамгийн том нээлт гэж хүртэл үнэлж байна. Нэгэнт өмч, өмчийг эзэмшиж байгаа нийгмийн гишүүд албан ёсчлогдоогүй байхад ямар ч хууль амьдрал дээр хэрэгжих бололцоогүйг Сото хөдөлбөргүй нотолж чадсанд энэ бүтээлийн аугаа ач холбогдол оршино. Ленин хурааж авсан болон шинээр босгосон өмчөө эргүүлээд хулгайд алдчихгүйн тулд бүртгэл тооцоог эрхмэлж байсан бол Сото хүмүүсийн өмчийг албан ёсны болгосноор капитал буй болгож эргэлтэнд оруулах тухай ярьж байгаа юм.

    Монголын шинэ капиталист П.Цэнгүүний санаачлага, тэтгэлэгээр байгуулагдсан “Либерал эдийн засгийн клуб”-ээс эрхлэн сүүлийн жилүүдэд орчин үеийн сонгодог эдийн засгийн ухааны хорь орчим гайхалтай сайхан ном орчуулж хэвэлсний дотор Эрнандо дэ Сотогийн “Капиталын нууц” багтаж байна. Үүний өмнөх үгийг өнөөгийн Ерөнхийлөгч маань хэдэн жилийн өмнө бичжээ. Тэрээр Сотог сайн таньдаг, иймдээ ч удахгүй Монголд урьж авчирч байгаа юм байна. Сотогийн багийнхан өнөөдөр олон оронд судалгаа хийн зөвөлгөө өгдөг нэр хүндтэй институци нэгэнт болжээ. Нэг судлагаат зөвөлгөөний өртөг сая орчим доллар гэж дуулсан. Өөрөөр хэлбэл манай гишүүдийн саяхан жалгандаа цацахаар авсан мөнгөөр 76 дахин судалгаат зөвөлгөөн авч болох байж. Хайран мөнгө!

    Юун эд хөрөнгөний байтугай хүнийхээ тоог ч мэдэхгүй манайд энэ талын судалгаа зөвөлгөө, тэгээд бүртгэл нь зам тавих, уурхй сүндэрлүүлэхээсээ илүү яаралтай хэрэгтэй байгаа юм. Одоо цагаан сараар ард түмэндээ баахан бэлэн мөнгө тараах юм гэсэн. 1962 онд мал хурааж, өрхөд байх малын тоог хязгаарласан чинь өрхийн тоо гэнэт бараг гурав дахин өсөж байж. 1990 онд картын системд ороход хүн амын тоо бараг саяар нэмэгдэж байв. 2005 оноос хурим хийгсэдэд 500 мянган төгрөг тараагаад унангуут жилд бүртгэгддэг гэрлэлтийн тоо дөрөв дахин өсчээ.

1998 онд Солонгост болсон эдийн засгийн хямралын үеэр тэдний статистикийн байгууллага сая гаруй хүний төлбөрийн чадваргүй болсныг нэг бүрчлэн нэр хаягаар нь гаргаад ирж байгаа юм даа. Манайд бол Ерөнхий сайд Баярын дэвшүүлсэн “бүртгэлийн төгөлдөршил” төслийг яаж ийж боож байгаад дампууруулчихаад араас нь хэлээ гарган бахаа хангаж, нэг маягийн таашаал авах хэрэгслэлийн хэмжээнд л ойлгож байгаа юм. Төслөөр далимдуулаад хусчихмаар юм олдохгүй өнгөтэй бол ч манай хэд хөдлөхгүй л дээ. Саяхан Унгар улсаас Биокомбинатад зориулж 25 сая долларын зээл олголоо. Улсын өмч дээр бас нэг хусах юм нэмж орж ирсэнд манайхан ч баяртай л байна. Харин Унгарын төлөөлөгч “Уул нь та нарт бидний Европын холбоонд элсэж чадсан туршлага л илүү хэрэгтэй юмсан” гэж хэлснийг хэн нь ч анзаарсангүй. Европын холбоонд элсэхийн тулд асар их стандарт шаардлагыг хангах ёстой байдаг. Энэ нь бүртгэлийн тогтолцоотой болохоос эхлэнэ. Стандартуудыг хангаад эхлэхээр... Европын холбоонд элсэх нь яахав ээ, улс орны өндийж хөгжих зам мөр нь гараад ирдэг аж.

Уул уурхайгаас их мөнгө ороод ирүүт харин манай хэд татварыг улсын хэмжээгээр ерөөсөө үгүй болгож ард түмнээ “харж үзэх” магадлал нь илүү. Тэр цагт ч сайхан бантан болно доо. Юун бүртгэл! Ингээд бодохоор бас Лениний зөв байгаа биз? Тэр хулгайд юмаа алдахаас л их айж байсан юм шүү дээ.

2010.1.18