Оросын зохиолч Эдвард Радзинскийн “Сталин” баримтат туужийг Нэпко хэвлэлийн газраас Баабарын орчуулгаар хэвлэн удахгүй худалдаанд гаргах гэж байна. 1937-38 онд аймшигт хядлага үйлдсэнийхээ дараа Сталин эргээд аллага хийсэн Дотоод яамныхныг устгаж эхэлсэн тухай зохиолын хэсгийг нийтлэн уншигчиддаа сонирхуулж байна


ШИНЭ ЭРГЭЛТ


1937 он дууслаа... Болсон бүхнийг одоо Сталин эргэж нэг харав. Хувьсгалаас хойш 20 жил өнгөрчээ – ердөө хорьхон жил. Тэд шинэ улс орныг бүтээж эхэлж байхад социализмын амалсан нутаг тун ч ойрхон харагдаж байсансан. Хэдхэн жилийн дараа энэ нь ерөөсөө хүршгүй өндөрлөг юм шиг бодогдох болсон. Харин чухам мань эр л оргилыг эзэлж Бурханлениний мөрөөдлийг биелүүлж чадлаа. Эдийн засгийн хувьд хувийн секторыг устгалаа, капитализмыг хэзээ ч эргэж ирэхгүйгээр тонилголоо, хөдөөг хамтралжууллаа. Ядарсан муу хөдөө аж ахуйн орныг үйлдвэржүүлж фабрик заводтой болголоо. Урьд нь хэзээ ч байгаагүй ажиллах хүчийг шинэ төрийн гарт төвлөрүүлж өглөө. Тэрээр залуу, нэгдсэн хүчирхэг арми буй болголоо – одоо энэ арми дотор элдэв бослого үймээн гаргах тухай бодож ч зүрхлэнэ гэж үү! Төрийн дээр нам байна. Ингэтлээ чулуужин бэхжсэн намын дотор сөрөг хүчин байгуулах эр зоригтон гарна гэж үү? Намжуулж томоожуулсан энэ оронд намын дарангуйллыг зөвшөөрөхгүй байгаад үз л дээ! Үүний хажуугаар тэрээр ард түмэндээ аугаа бахархал, Ялалтын мэдрэмж өгсөн шүү дээ. Ард түмний гайхамшигт эв нэгдлийг буй болгож чадлаа.

    Одоо Аугаа мөрөөдлийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулдаг цаг.


    “Догшин Иван” киног бүтээгчидтэй ярилцаж суухдаа тэрээр Эйзенштейнд хэлсэн нь: “Иван хааны нэг том алдаа бол таван том феодалын гэр бүлийг багалзуурдаагүй өнгөрөөсөн явдал”. Өөрийн хамгийн хайртай баатрын алдааг давтахгүй гэсэндээ тэрээр дайснуудаа толгой дараалан багалзуурдаж алсан... Гээд Ариун галыг хөгжөөгч маань завсарлах цаг ирлээ гэдгийг ойлгожээ. Улс орон одоо тэсэхгүй - түймэрт автана.

    Энэ хооронд НКВД нэгэн цуу тараасаар: Шөнийн амьдралын талаар Сталин юу ч мэдээгүй байсан, Ягода болон НКВД-д шургалсан тагнуулууд аймшигт хядлагын талаар мань хүнээс зориуд нууж байсан. Ядаж л сэтгэл зүрхээ тайвшруулахын тулд сэхээтнүүд энэ үлгэрт итгэх хүсэлтэй аж. Боолын сэтгэлгээгээр Сталиныг алдаршуулан дуулахын зэрэгцээ өөрийгөө хүндэтгэж үзэх хүсэлд автаж буй нь энэ. Пастернак Эренбургд ярихдаа: “Энэ бүхний тухай ядаж хэн нэг нь Сталинд дуулгасан болоосой...”. “Энэ бүхнийг Сталинаас нууж байна...” гэж Мейерхольд олон удаа давтсан.


    Энэ домгийг бодит үнэн болгох цаг ирлээ. Ингэж Ежовын ээлж ирсэн юм. 1938 онд НКВД-ийн аль нэг хэлтсийн дарга А.Журавльёв гэгчээс ТХ-д хандан нэгэн гомдол ирүүлжээ. НКВД-ийн зарим ажилтан гэмгүй хүмүүсийг мөшгиж байгаа сэжигтэй явдлын талаар тэрээр Ежовт нэг бус удаа илтгэсэн гэнэ. Харин Ежов үүнийг нь огт тоогоогүй гэнэ.

    Журавльёвын мэдээллийг Улс төрийн товчоо тэр дор нь авч хэлэлцлээ. Сталин мэдээж ихэд цочирдож, дор нь шалгах комисс байгуулсан нь дүгнэлт гаргаж Ежовыг хатуухан шүүмжилжээ.

     Ежов Сталины тасалгаанд суугаад гэмшлийн зурвас бичнэ: “Алдаагаа засна гэж большевик ёсоор тангаргалж байна...” Гэвч НКВД-ийн ажлыг шалгаад эхэлжээ. Саяхан талийгаач Ягодагийн ажлыг Ежов шалгаж байсны нэгэн адил одоо Ежовын ажлыг Берия гэгч гүрж эр шалгаж байна. Асуудал их ойлгомжтой байх үүднээс мань эр Берияг Ежовын орлогчоор тавьжээ.

    1938 оны XII сард Сталин Берияг НКВД-ийн толгойлогчоор томиллоо, гэхдээ хядлага дууслаа гэж зарлахыг яарсангүй. Ежов алхам алхамаар булш руугаа дөхнө. Энэ одой махчин нэг хэсэгтээ ТХ-ы нарийн бичгийн дарга, намын хянах комиссын даргаар ажилласаар байлаа. Гээд түүний туслахуудыг баривчлаад эхэлжээ. Сталины хамгийн цуутай хамтрагчийн нэр сонины хуудаснаа үзэгдэхээ болив.

    Одоо догшин Ежов ажлын өрөө рүүгээ чимээгүйхэн ороод өдөржин ганцаараа цаг нөхцөөнө. Түүний хөрөг энд тэндгүй, тэрбайтугай ТХ-ы гол байранд өлгөөтэй хэвээр авч хэн ч түүнтэй үл уулзана, тахалтай хүн шиг холуурхан тойрно. Амьд хүүр... Бурхан гэж байдаг юм байна гэж ойлгох цаг нь иржээ.


    1939 оны III сард намын XVIII их хурал хуралдав.

    1917 оны III сарын тэр нэг өдөр хэн ч мэдэхгүй царцчихсан эр цөлөгдөгсөдийн богооноос буун Петроградад хөл тавьж байснаа Сталин лавтай эргэж нэг дурссан байх... Одоо бол тэрээр хэдийнээ цоо шинэ нам, шинэ улс орныг босгожээ.

    Их хуралд Сталин НКВД-ийн “бузар алдаа дутагдалын” тухай шууд ил зарлаж: “Алдаа дутагдал бодсоноос хавьгүй их байлаа”. Улс орон тэр чигээрээ урам орон ээлжит уяралыг магтан дуулж эхлэв.

    Түүний шинээр сонгож гаргаж ирсэн Жданов хурлын төлөөлөгчдийг хядлагын ухаангүй жишээгээр хөгжөөж байв: “Эмч нараас ийм бичиг шаардаж байж: “Нөхөр тэр эрүүл мэндийн ийм шалтгаантай тул ямар ч ангийн дайсанд ашиглагдах бололцоогүй”... “Би ардын дайсантай үхтлээ тэмцсэн учир амралтанд явах эрхийн бичиг өгнө үү”... Төлөөлөгчид хөгжилдөн инээлдэнэ. Солиорсон нэгнээ солиотнууд шоолж байна.

    Сталин хядлагын нэгдсэн дүгнэлтийг уншлаа: төрийн болон намын удирдах албан тушаалд хагас сая хүнийг дэвшүүлжээ. Намын удирдлагын дээд эгнээний 333 нарийн бичгийн дарга нарын 293-ийг нь сольжээ. Удирдах ажилтны 90 хувь нь 40-өөс доош насны хүмүүс.

    Ингэж Лениний гвардыг бүрэн солилоо.

    Их хурал Лениний алагдсан хамтрагчдын орноос Сталины шинэ хампаануудыг дэвшүүлэн гаргалаа. Улс төрийн товчоо хоёр намхан бүдүүн эрээр эгнээгээ тэлэв. Хаант засгийн гэгээрлийн байцаагчийн хүү, 43 настай Андрей Жданов Ленинградад Кировыг орлох болсон бол, Украинд Постышевын орыг 45 настай Никита Хрущев эзлэв. Гэвч Молотов хамгийн итгэлт хүн хэвээр үлдэж байгаа юм.


 “БУНХ ШАРИЛЫГ ЧИНЬ ЗӨНДӨӨ ЭРЛЭЭ”


Коба алан хядагч байсан тэрхүү хүнд өдрүүдэд найз Сергей Кавтаразе нь амиараа дэнчин тавин байж түүнийг цагдаа нараас нуужээ.

    Хориод оны үед Кавтаразе Гүржийн засгийн газрыг тэргүүлж байсан, дараа нь сөрөг хүчний нэртэй төлөөлөгч болжээ. Киров алагдсаны дараахан түүнийг Казаньд цөлсөн байна. Тэндээс Кавтаразе Кобад захидал бичин өршөөл гуйсан байдаг. 1936 онд Кавтаразег эхнэрийнх нь хамт баривчлаад амийг нь урьд аварч байсан Сталиныг... алахаар бэлтгэж байсан хэрэг тулгажээ! Түүнд цаазын ял өгсөн байна.  

    Энэ хооронд жаахан охин Майя нь “зөвлөлтийн бүх хүүхдийн эцэг” Сталинд тасралтгүй захидал илгээж аавынхаа буруугүй болохыг баталж байв. Кавтаразег цаазлагдах ялтны камерт жил суулгажээ. Гэнэт түүнийг Бериягийн өрөөнд авчирсан байна. Хорих лагерьт суусаар ихэд доройтсон эхнэр нь тэнд хүлээж байдаг байгаа. “Найз Коба”-ын тушаалаар тэднийг суллажээ.

    Сталин түүнийг гадаад явдлын ардын дэд комиссараар томилсон байна. Ийм албан тушаалтайгаар Кавтаразе Ялтын болон Подстамын хэлэлцээнд оролцсон юм.

    Сталиныг нас барснаас нэлээд хойно Кавтаразе хачирхалтай түүх ярьсан юм.

    Нэг удаа аль нэг хурлын дараа Сталин Кавтаразег дуудан зусландаа аваачжээ. Зургаан сарын бөхчим үдэш байлаа. Хоолны өмнө тэд цэцэрлэг дундуур салхилж алхсан байна. Сталин арай өмнөхөн нь алхан өөрийн хамгийн дуртай дуу болох гүржийн “Сулико”-г амандаа аялана. “Булшин дундуур хэсүүчлэн явлаа би, Бунх шарилыг чинь зөндөө эрлээ...” Кавтаразе дагаж дуулахаар бэлдлээ (Хүн өөрийг нь дагаж дуулахад Сталин их дуртай). Гэнэт Сталин дуугаа таслаад ямар нэг юм үглэхийг сонсов:

    -Хөөрхий... хөөрхий Серго...

    Дахиад л Сталин амандаа аяллаа:

    -“Бунх шарилыг чинь зөндөө эрлээ...”

    Ахиад л амандаа бувтналаа:

    -Хөөрхий... хөөрхий Ладо...

    Кавтаразе эвгүйцнэ, Сталин дуу аялчихаад бас л бувтнана:

    -Хөөрхий... хөөрхий Алёша...

    Араас нь алхах Кавтаразе айсандаа амь нь гарчих шахжээ: энэ бол түүний гарт үрэгдсэн гүрж найз нарынх нь нэрс юм. Сталин “Сулико”-г удаан дуулав... Тэрээр дахилтыг олон удаа давтах тоолондоо найз нарынхаа нэрсийг дуудаж байлаа. Гэнэт эргэж хараад шивэгнэн өгүүлсэн нь:

    -Алга... тэд алга... нэг нь ч алга...

    Нүдэнд нь нулимс гүйлгэнэжээ. Кавтаразе ч тэсэхээ больж уйлан цээжинд нь наалдав.

    Сталины уярч байсан царай гэнэт зэвүүн болж, өргөн хамар, гялайх шар нүдээ ойртуулангаа Кавтаразег цааш түлхээд:

    -Тэд байхгүй. Хэн ч байхгүй. Бүгдээрээ Кобаг алах гэсэн! Чадаагүй – Коба харин бүгдийг нь алсан, муусайн янхан царайлсан шаарнууд!

    Тэгээд тэрээр жимээр орон ширүүн алхалж, замаас нь зайлж амжаагүй бие хамгаалагчийг өшиглөж орхив.

    Сталин дахиж найзыгаа зусландаа уриагүй, гэхдээ огт гар хүрээгүй юм.

    Кавтаразе 1971 онд 86 насандаа өөд болжээ.


“ШИНЭ ХҮН”-ИЙ ХӨРӨГ  


Ежовын хавтаст хэрэгт Сталины хамтран зүтгэгчдээс түүнд бичсэн захидлыг ч хавсаргаж. Өөрийг нь хэрхэн хайрлаж хүндэтгэж байсны баталгаа болгож хадгалдаг байсан бололтой. Үнэндээ орон даяар энэхүү “гайхамшигт коммунист”-ыг шагшин дуулдаг байлаа. Хавтаст хэрэгт хасагийн шүлэгч Жамбулын бичсэн “Ежов батыр” гэсэн найраг ч байна. “Ежовын хатуу гар” гэсэн зүйрлэл дуунд гарч, сонинд дурдагдана...

    Микояны хэлсэн үгэнд: “Нөхөр Сталинаас байнга суралцсан, суралцсаар ч байгаа нөхөр Ежовын сталинч ажлын арга барилаас суралцагтүн!”. Энэхүү намуухан дуутай, модны тайрдас шиг намхан “батыр” намын болон төрийн олон зэрэг дэв албан тушаалтай: Аюулгүй байдлын ерөнхий комиссар, ТХ-ы нарийн бичгийн дарга, Намын хянан шалгахын дарга, харин ямар ч сургууль соёл дүүргээгүй, өчүүхэн боловсролтой нэгэн.

    Ежовын хавтаст хэргээс: “Н.И.Ежовыг 1939 оны IV сарын 10-нд баривчилж НКВД-ийн онцгой хорих Сухановт хатуу хяналттайгаар хорив” (Ежов өөрийн золиоснуудыг тамалдаг байсан хамгийн аймаар гяндан).

    1940 оны II сарын 1-нд гаргасан ялын төлөвлөгөөнөөс: “Ежов нь польш, германы тагнуулуулын сүлжээтэй холбогдож СССР-т дайсагнадаг Польш, Герман, Англи, Японы даалгавараар НКВД дахь хуйвалдааны бүлэглэлийг толгойлж байв”.

    Ежов өөрийн золиосондоо хаягладаг байсан тагнуулын сүлжээ гэгчээр эзэн нь өөрийг нь харамгүй “шагнаад” наргиантай зангаа дахин харуулав.

    Аймшигт алуурчны хэрэглэх дуртай байсан “Жолоодогчийн эсрэг хуйвалдаан” хаягыг өөрт нь эргүүлж наахаа бас мартсангүй: “Ежов болон түүний хамтрагчид 1938 оны XI сарын 7-нд төрийн эргэлт хийхээр зэхэж байв”.

    Ежов энэ бүхнийг бүгдийг нь хүлээсэн юм. Харин шүүх хуралд мэдэгдэхдээ: “Би ерөөсөө хүнийхээ хувьд эрүү шүүлт дааддаггүй нэгэн. Тийм учраас хаа хамаагүй юм биччихсэн... Намайг хамгийн муухай хатуугаар тамалсан”.

    Ийнхүү мань зандалч бусдад тулгадаг байсан болгоноо өөрөө амсчээ.

    Гэхдээ яллага дотор огт эсэргүүцэлгүй хүлээсэн зүйл анги ч байна: “Өөрийн албан тушаалаа ашиглаж эмэгтэй болон эрэгтэй хүмүүстэй хурьцал үйлдэж байсан. 1938 оны 10 билүү 11 сард өөрийнхөө гэрт доод ажилтныхаа эхнэртэй хурьцсан, тэр хүүхний нөхөртэй би банди шуумрын холбоотой байдаг...” Ёс суртахуунт нийгмийн гол хамгаалагч ингэж мэдүүлсэн байна даа!


    Үргэлжийн цуст аллага Ежовын сулхан ухааныг бүр ч мангартуулжээ - хавьтсан харсан болгоноо хардаж, сүүлдээ эхнэрээ сэжиглээд баривчлахаар зэхэж байлаа. Хавтаст хэрэгт эхнэрийнх нь захиа байна: “Коля минь, чи миний бүхий л амьдралыг эргээд шалга л даа, чамаасаа гуйя. Эсэргүү гэж сэжиглэгдэж байгаадаа би үнэхээр гомдоод байна”... Эцэст нь Ежов эхнэрээ люминалаар хордуулж алжээ.

    Молотовын “хатуу чанга, даруу ажилтан” гэж нэрлэсэн хүн ийм л амьтан байж.

    Төгсгөл ирлээ – “1940.III.2-ны Дээд шүүхийн цэргийн коллегийн хаалттай хуралдааны протокол”. Тэнд Ежовын эв дүй муутай хөөрхийлөлтэй ярианы тэмдэглэл үлдэж: “Би нийтдээ 14 000 чекистийг цэвэрлэсэн. Энд миний гол буруу бол тэднийг арай цөөдүүлсэн. Миний үүрэг бол ийм байсан, аль нэг хэлтсийн даргад нь баривчлагдагчийг байцаах үүрэг би өгнө, харин дотроо бодохдоо: өнөөдөр чи байцаа, маргааш өөрийг чинь баривчлана. Миний эргэн тойронд ардын дайсан байсан... нуль дайснууд...”

    Хүчирхэг Ежовт “удирдамж өгөгч” нь хэн бэ гэдгийг таахад ядаж цөхөх юмгүй. Ингэхээр тааламжгүй хүмүүсийг хордуулдаг байсан тухай яриа ч ор үндэсгүй биш бололтой. Бүгдийг нь Сталин удирдаж байлаа.


    Николай Ежов бол сталинч удирдагчийн... хөрөг юм. Чуевын тэмдэглэж авсан Молотовын яриаг уншиж байхдаа ч, Молотовтой нэг удаа уулзсанаа эргэж дурсахдаа ч надад нэг бодол төрдөг юм: ганц болгоомжгүй үг унагадаггүй, нэг ч гүн гүнзгий ажиглалт хэлдэггүй ямар болгоомжтой хашир бурхи вэ... Молотов ч, Ежов ч, бусад нь ч хүүхэлдэй тоглуулагчийн гар дахь нэг муу хүүхэлдэй л юм. Тэд өөрсдийн үүргээ биелүүлж дуусмагц Сталин ганц утас татан тайзнаас зайлуулаад л бас нэг тиймэрхүү хүүхэлдэй шинээр авчирч тавина. Тэр үед ихэд тархсан нэг онигоо цаг үеэ сайн илэрхийлж байв: “Сталин бол мундаг химич. Тэр ямар ч төрийн суут зүтгэлтнийг баас болгон хувиргаж чадна, ямар ч баасыг төрийн суут зүтгэлтэн болгож бас чадна”.

    Ежов эцсийн үгээ хэлж гуйсан нь: “Нэрийг чинь бахархан дуудсаар үхэх болно гэж Сталинд дамжуулаарай”.

    Гэвч энэ нь тус болсонгүй ээ. Хавтаст хэрэгт тэмдэглэсэн нь: “Николай Иванович Ежовын буудан алах ялыг 1940 оны II сарын 4-ний өдөр Москва хотод гүйцэтгэв”.


    Одоо Сталин аллагын мэсээ нөгөө тийш нь харуулав. Хэрэв урьд нь НКВД намыг устгаж байсан бол, одоо түүний шинээр зохион байгуулсан нам Ежовын зандалчдыг устгаж гарлаа. НКВД-ийн ажиллагааг намаас хянах тухай ТХ-ы тогтоол гарав. Намын комиссууд НКВД-ийн хосыг шахаж, өчигдрийн зандалчдын толгой бөндгөсхийнэ. Хядлагын төгсгөл цусан намагт явагдав. Айдсаар хучигдсан байдалтай. Сталин түүдгээ арчлан ноцоосоор...